Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Хасбаатарын 20 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг, “Мон Сант Алдар” ХЗХ-ны хүсэлттэй,

Ө.Мөнхтуулыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “Мон Сант Алдар” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ө.Мөнхтуул /РД:ЧР82071273/ нь “Мон Сант-Алдар” ХЗХ-ноос 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 09/29 тоот зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг 30 хоногт 3,30 хувийн урамшуулалт хүүтэй, 3,63 хувийн үндсэн хүүтэй ахуйн хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатай буюу 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ ХУД-ийн 8-р хороо, Сонсголонгын 5-255 тоотод оршин сууж “Түмэн тулгуур” ХХК-д ерөнхий менежер хийж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцрон төлж байгаад 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон.Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч “Мон Сант Алдар” ХЗХ нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Мөнхтуулыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч “Мон Сант Алдар” ХЗХ нь “Ө.Мөнхтуулыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Ө.Мөнхтуул нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Өлзийсайханы Мөнхтуул /РД:ЧР82071273/ нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 5-255 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын “бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Мөнхтуулын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч “Мон Сант Алдар” ХЗХ-ны “Ө.Мөнхтуулыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                                             ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Мон Сант Алдар” ХЗХ-ны хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өлзийсайханы Мөнхтуул /РД:ЧР82071273/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Өлзийсайханы Мөнхтуул /РД:ЧР82071273/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

  

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА