Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 63

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД: 0-463/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Тармацаг овогт Бямбажавын Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030686 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-13 насны 3  хүүхдийн  хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт Дэнжийн 8 дугаар гудамжны 79 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тармацаг овогт Бямбажавын Эрдэнэбаяр /РД: НЛ89052179/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өлзийт хорооллын Дэнжийн 8-79 тоотод иргэн Х.Батсайхантай “...танай хүү манай хүүгийн малгайг өмсөөгүй бол шороонд булаатай байх байсан ...яахаараа ингэж хэлдэг юм” гэж маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, биеийн баруун талын 7, зүүн талын 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний дээд, дотор зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт, алимны доргилт, хамрын нурууны зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн зулгаралт үүсгэн хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр: “...2016 оны 5 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын Дэнжийн 8-79 тоотод өөрийн гэртээ байхад Х.Батсайхан найз маань надаас 1 литр бензин авах гээд хөдөө адуунаасаа ирлээ гээд ирэхээр нь би надад бензин байхгүй гэсэн. Би хоёр хүний морь уяж байгаа, гайгүй хоёр босстой болоод цалин хөлстэй болсон гээд хэлсэн чинь чи миний морийг яагаад уяахгүй байгаа юм бэ, баячуудад долигнолоо, би чамд өгсөн бүх юмаа авмаар байна, чи миний морийг уяахгүй юм бол би хэзээ ч дахиж морь уяахгүй гэхээр нь би өгсөн юмаа ав ав,  удахгүй 10-аад хоногийн дараа би хөдөө гарна, тэр үед нь чи тайлаад авчихгүй юу гэсэн чинь Батсайхан уурлаад уяатай байсан морийг тавьж хөөгөөд, хашаа, шургааг бүгдийг нь мулт татаад байсан. Тэр үед манай хүү гэрийн хаяанд гараад тоглож байсан. Ноднин жил би хүүхэддээ Батсайханы хүүхдийн каскыг авч өмсүүлээд Баянцогт сумын наадамд уралдахад манай хүүхэд мориноосоо унасан юм. Тэгэхэд каск үнэхээр хэрэгтэй, хүүхдийн аминд ордог юм байна гэж хэлж байсан. Тэгсэн Батсайхан танай хүүхэд манай хүүхдийн каскыг өмсөөгүй бол өдийд шороонд булаатай хэвтэх байсан юм гэж хэлэхэд нь би уурлаад чи адилхан нялх нойтон хүүхэдтэй байж яахаараа миний хүүхдийг тэгж хэлдэг юм бэ гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би Батсайханы нүүр рүү нь нэг цохиод, унахаар нь нуруу, дал хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, тухайн үед ийм асуудал болсон, Батсайхантай уулзаж уучлал гуйсан, хохиролд 2 сая төгрөг төлсөн, дахиж ийм хэрэг хийхгүй, ар гэрийнхэнийгээ зовоохгүй байж чадна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Х.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Өлзийт хороолол руу найз Эрдэнэбаяртай уулзахаар явсан. Өлзийт Дэнжийн 8 дугаар гудамжны 79 тоотод байрлах Эрдэнэбаярын гэрт нь очиход Эрдэнэбаяр гэртээ хоёр хүнтэй 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Би гэрт ороод сууж байтал Эрдэнэбаяр нөгөө архинаасаа 1 хундага хийж өгсөн. ...Тэр үед найз Эрдэнэбаяр нилээн халчихсан байсан. Би Эрдэнэбаяртай морь уях талаар ярьж байсан. Би намар Эрдэнэбаярт соёолон үрээгээ өгсөн ба оронд нь надад унагалах гүү өгнө гэж байсан. Тэр гүүгээ нэхсэн чинь Эрдэнэбаяр чи надаас юу авдаг юм бэ, би чиний морийг 2 жил уясан, надад хөлс өгөөгүй гэсэн. Би чи юу яриад байгаа юм бэ, чамд чадах чинээгээрээ туслаж байсан гээд бид хоёр маргалдсан. Би чамаас авах ёстой юмаа авна гээд Хуягаа ахын гэрээс гараад Эрдэнэбаярын хашаанд очоод гэрийнх нь зүүн талд барьсан хашаанаас өөрийн өгсөн шургаагаа тайлж байхад Эрдэнэбаяр араас хүрч ирсэн. ...Эрдэнэбаяр миний араас ирээд чи муу баас яахаараа адууны хашаа тайлаад байгаа юм бэ гээд миний дотуур өмссөн юүдэнтэй цамцны малгайгаар миний нүүрийг бүтээгээд доош нь дараад нүүр лүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ...Би доош суугаад дөрөв хөллөөд нүүрээ хамгаалаад байж байхад миний хоёр талын хавирга, дал орчим олон удаа өшиглөсөн. Би зугтаагаад мотоцикл руугаа гүйсэн. Мотоциклоо дийлэхгүй хажуу тийш унахад Эрдэнэбаяр гүйж ирээд миний цээжин хэсэгт дөрвөн удаа дэвсэлсэн. ...Миний баруун нүдний ухархайн яс цөмөрсөн, хамар далийсан, цээжний баруун талын 1 ширхэг, зүүн талын 1 ширхэг хавирга хугарсан, өвчүүний бүдэрхий мултарсан. Баруун талын шилбэ хавдсан, баруун талын шуу хавдсан байсан. Би нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт нүдний ухархайн хананы хугарлыг янзлуулах хагалгаанд орсон. ...Би эмчилгээний зардал гэж Эрдэнэбаяраас 1,300,000 төгрөг авсан. ...Миний биеийн байдал дээрдэхгүй байгаа 3 сарын дараа 1 дүгээр эмнэлгийн Чих, хамар хоолойн мэс заслын тасагт хамрын хагалгаанд орох шаардлагатай болсон тул уг хагалгааны зардал болох 700,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Уг зардлыг төлөх юм бол гомдол санал байхгүй...” /хх-ийн 11-12, 13/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Өлзийт хороололд байрлах гэртээ байж байхад өдөр 15 цагийн орчим манай найз Х.Батсайхан манай гэрт мотоциклтой ирсэн. ...Тухайн үед манай гэрт манай найзууд Тулгаа, Цэнгээ нар морь сунгаж ирээд 0,5 граммын Улаанбаатар архи 1 шилийг задлаад ууж байсан. ...Архи ууж байхад манай найз Батсайхан чи миний морийг уяж өгөхгүй байж хүний морь уяж өглөө гээд уурлаад уйлаад байсан. Тэгэхээр нь би Батсайханд би чиний морийг 2 жил цалин мөнгөгүй уяж өгсөн шүү дээ, одоо цалинтай хүний морь уямаар байна гэж хэлсэн чинь Батсайхан чи муу баячуудад долигноод байхдаа яадаг юм гэхээр нь би Батсайханыг чи айлын хашаан дотор юу яриад байгаа юм зүгээр эндээс яв гээд явуулсан. ...Батсайхан манай хашаанд уяатай байсан морьдыг тавьж хөөгөөд явуулчихсан, адууны хашааг буулгасан байсан. Тэгэхээр нь Батсайхаан чи яаж байна гэсэн чинь би чамд өгсөн бүх юмаа авна гэсэн. Авах юмаа ав ав, хэд хоноод хөдөө гарна, тэгэхээр ав гэсэн чинь Батсайхан яг одоо авна гээд байсан. Тэр үед манай хүү Түвшинбаяр гэрээс гараад ирсэн чинь Батсайхан танай хүү манай хүүгийн хамгаалалтын малгайг өмсөөгүй байсан бол өдийд шороонд булаатай байх байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд чи адилхан хүүхэдтэй хүн байж миний нялх хүүхдийг яахлаараа ингэж хэлдэг юм гэж хэлээд барьж аваад нүүрэн тус газар нь зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь Батсайхан газар шургааг модон дээр хажуугаараа унасан. ...Би маргаан болсны маргааш өдөр нь Батсайхантай уулзаж уучлалт гуйсан би бүх эмчилгээний зардлыг нь бүгдийг гаргасан. ...Би архи уусан байсан гэхдээ би юу болсныг санаж байгаа...” /хх-ийн / гэсэн мэдүүлгүүд,

 

-  Хохирогч Х.Батсайханы Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн № 6519 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Батсайханы биед  баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 7, зүүн 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний дээд, дотор зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт, алимны доргилт, хамрын нурууны зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт, 

 - Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 35/,

-Тодорхойлолт / хх-ийн 36/,

-Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Оюунчулуун /хх-ийн 14/, Б.Энхзаяа /хх-ийн 15/ нарын мэдүүлгүүд болон бусад баримтууд /хх-ийн 38-44/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 47-50/ зэрэг болно.

  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өлзийт хорооллын Дэнжийн 8 дугаар гудамжны 79 тоотод иргэн Х.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, биеийн баруун талын 7, зүүн талын 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний дээд, дотор зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт, алимны доргилт, хамрын нурууны зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн зулгаралт үүсгэн хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч Х.Батсайханы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6519 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Батсайханд хүндэвтэр гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд нийт  2,000,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Х.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би эмчилгээний зардал гэж Эрдэнэбаяраас 1,300,000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргаж өгсөн “...Ханхүү овогтой Батсайхан миний бие ...Бямбажав овогтой Эрдэнэбаярт зодуулж 1,300,000 төгрөг бэлэн авч, 2016 оны 10 сард дахин хагалгаанд орох 700,000 төгрөг авч эмчилгээний зардлыг бүрэн төлсөн тул гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт, “Хаан” банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэбаярт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 201626030686 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тармацаг овогт Бямбажавын Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Тармацаг овогт Бямбажавын Эрдэнэбаярт 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 201626030686 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярт оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эрдэнэбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР