Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0217

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“З” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, .... нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэртэй, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б би өөрт олгогдсон бүрэн эрхийг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: “З” ХХК нь 2015 оны 4 дүгээр сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон болохыг тогтоож, 2013 оны 8 сарын 14-ны өдөр дуусгавар болсон Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сэргээж, тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай” хэмээн өөрчилж байсан билээ. Хариуцагчаас нотлох баримтаар гаргуулсан Ашигт малтмалын даргын 2012 оны 01 сарын 30-ны өдрийн 69 дүгээр “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” тушаалтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр дүгээр “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” тушаалын Нэгд: “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн эзэмшлийн талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болгох буюу тусгай зөвшөөрлийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласантай холбоотойгоор шүүхийн журмаар болон холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн тохиолдолд, төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах эрх, үүргийг зогсоосон үеэс эрхийг сэргээх хүртэлх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.7 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн нийт хүчин төгөлдөр байх хугацаанаас хасаж, тусгай зөвшөөрлийн бүртгэлийг хөтөлсүгэй” хэмээн заасан байна. Нэхэмжлэгч “З” ХХК нь “О” ХХК-иас Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, мэдээлэл худалдах, худалдан авах тухай” 64 тоот гэрээ байгуулан Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасны дагуу Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах тухай хүсэлтээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан юм. Гэтэл Кадастрын хэлтсээс манай өргөдлийг бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн хүлээн авахаас татгалзсан тул нэмэлт баримт материалыг бүрдүүлэн дахин хүсэлтээ өгөхөд 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосон гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас мөн татгалзсан болно. “З” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дээрх хууль бус эс үйлдэхүйг эс зөвшөөрч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэрээрээ “З” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн гаргасан ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

Ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч-д хандан “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 тоот шийдвэрээр “З” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн “З” ХХК-ны нэр дээр шилжүүлэх шийдвэр гарсан бөгөөд шилжүүлээгүй байх хугацаанд уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусаж байгаа тул шилжүүлэх болон сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх” талаар хүсэлт гаргасан. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6-4716 тоот албан бичгээр “...7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олгосон байх бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа дуусгавар болсон ба дээрх тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр “О” ХХК бүртгэгдсэн. Иймд “З” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн “О” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүйг энэхүү албан бичгээр уламжилъя” гэх хариуг ирүүлсэн болно. Дээрх шийдвэрийг нь эс зөвшөөрч шат, шатны байгууллагад хүсэлт, гомдлоо гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авахаар хүсэлт гаргасныг “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, тусгай зөвшөөрөл нь “О” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна” гэх үндэслэл зааж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр өнөөдрийг хүрсэн юм. Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай" тушаалын нэгд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх асуудлаар шүүхэд маргаантай байсан нийт хугацааг буюу тусгай зөвшөөрлийг хууль бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан үеэс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 258 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг хүртэлх хугацааг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанаас хасаж тооцон бүртгэл хийх ёстой байтал Ашигт малтмалын газар нь энэхүү хугацааг хасаж тооцолгүй “Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа нь 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болсон” хэмээн уг тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзаж буй үйл ажиллагаа нь хууль, Ашигт малтмалын газрын даргын тушаалыг зөрчсөн гэх үндэслэлтэй. Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж тооцон бүртгэл хийх ёстой байсан боловч уг журмыг хэрэглэлгүй “З” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж тооцон уг тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмалын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““З” ХХК-ийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан “Ашигт малтмалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон болохыг тогтоож, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сэргээж, тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсарган өгөхөөр хуульчилсан байна. Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн шилжүүлэг хариуцсан мэргэжилтэн “З” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул өргөдөл гаргасан этгээдээс “О” ХХК-ийн захирал Мөнхбатад тусгай зөвшөөрөл шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл эсвэл тус компанийн захирал мөн гэсэн тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн хавсралтын хөдөлгөөнийг нөхөн бичүүлэх, “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг сунгуулж авчрахыг хүсэн, өргөдлийг хүлээн авалгүйгээр буцаасан байна. “О” ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байсан ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд “О” ХХК, “З” ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж ирүүлээгүй байна. Иймд Ашигт малтмалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас тусгай зөвшөөрөл шилжээгүй, дуусгавар болсон гэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр: Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах “Ж” нэртэй 17930.77 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх “А” ХХК-д 2004 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр олгосон байна. “О” ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байсан ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах харилцааг зохицуулдаг. Гурав: Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд “О” ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байсан ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байх тул уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлэх боломжгүй юм. Иймд “Засаг чандмань”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 49 дүгээр зүйлд заасныг баримтлан 7226Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээж, “З” ХХК-ын нэр дээр шилжүүлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            Анхан шатны шүүх “З” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон болохыг тогтоож, 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу сэргээж, тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, Ашигт малтмалын газарт холбогдуулан захиргааны хэрэг[1] үүсгэжээ.  

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр “З” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн гаргасан ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. Шүүхээс шилжүүлэхийг даалгасан ч шилжүүлэн бүртгэж өгөхгүй байна” гэж тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж тооцон бүртгэл хийх ёстой байсан боловч уг журмыг хэрэглэлгүй “З” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоох мөн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж тооцон уг тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалган шийдвэрлэж өгнө үү” гэж өөрчилжээ.

Шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-д гардуулан өгсөн байх бөгөөд уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан тайлбар, нотлох баримт аваагүйгээс гадна уг өөрчилсөн шаардлагыг бус, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, ингэж шийдвэрлэхдээ хариуцагч биш этгээд болох Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаа зөв тодорхойлоогүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг хариуцагчаар татан оролцуулаагүй байхад хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан үйл баримттай холбогдуулан хариуцагчийг зөв тодорхойлуулах, эсхүл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсний үндсэн хэргийг шийдвэрлэх байсан байна.  

Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж тооцох, маргаан бүхий тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэх нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр шийдвэрлэгддэг, түүний бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Хэдийгээр нэхэмжлэгч Ашигт малтмалын газрыг хариуцагчаар тодорхойлсон ч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ тус газрын Кадастрын хэлтсийн бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” журамд заасан шүүхэд маргаантай байсан хугацааг хасаж тооцох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэх зэрэг нь Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр шийдвэрлэгддэг, бие даан шийдвэр гаргадаг, шүүхэд бие даан хариуцагчаар оролцдог захиргааны байгууллага, албан тушаалтан этгээд байх тул уг этгээдийг шүүх хариуцагчаар оролцуулалгүйгээр түүнд даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-т зааснаар шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ байгаа эсэхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д зааснаар тодруулж, хариуцагчийг зөв тодорхойлуулж, мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байх тул шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүхэд анх гаргасан шаардлагуудын алиныг нь дэмжиж буйг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан шүүхэд маргаантай байх хугацааны талаарх холбогдох нотлох баримт цуглуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй байх нэг нөхцөл болохыг,  мөн шүүхийн шийдвэрийн огноог “2016 оны 12 сарын 16 өдөр”[2] гэж, шүүх хуралдааны тэмдэглэлийн огноог “2014 оны 11 сарын 24”[3] гэж буруу бичсэнийг тус тус анхаарах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

[1] Хэргийн 73 дахь тал

[2] Хэргийн 190 дэх тал

[3] Хэргийн 165 дахь тал