Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1963

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/01963

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

      Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: ...................... тоотод оршин суух, Д.Сын /РД: ............../ нэхэмжлэлтэй

 Хариуцагч: .....................тоотод оршин суух, О.Аэд /РД: .................../ холбогдох

 21.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С,

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг,       

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.С миний бие О.Аэд холбогдуулан 21.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба уг үнийн дүнг багасган дараах байдлаар тодруулсан.

О.А нь тухайн үед манай хорооны нийгмийн ажилтан байсан ба би түүнд хүсэлтийнх нь дагуу 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. Энэ зээлийн хүүг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл тооцсон ба үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 700.000 төгрөг, нийт 1.700.000 төгрөг болсон. Үүнээс 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 110.000 төгрөгийг хасахад энэ зээлийн төлбөрт 1.590.000 төгрөг өгөхөөр байгаа.

Мөн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Хугацаагүй зээлсэн ба үүн дээр өмнө авсан 500.000 төгрөгийг нь нэмээд нийт 1.500.000 төгрөгийг зээлсэнээ баталгаажуулсан. Үүнийг О.А өөрөө хүлээн зөвшөөрсөн. О.А нөхрийнхөө дансаар 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр өөрөө 1.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг төлсөн. Үүгээр 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа.

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр мөн л 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. Энэ гэрээний дагуу үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 17 сарын хүү 1.700.000 төгрөг, бүгд 2.700.000 төгрөг төлөх ёстой.

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үеийн ханшаар 4.000.000 төгрөг буюу 2010 ам долларыг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөнгөө төлж дуустал сар бүрийн 23-ны дотор хүүгээ төлөх тохиролцоотой байсан. Мөнгө өгөх өдөр ам доллар ямар ханштай байна тэр ханшаар бодож мөнгийг төлөхөөр тохирсон. 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар ам долларын ханш 2.471 төгрөг байгаа. 2.010 ам доллар *2.471 төгрөг=4.966.710 төгрөг. 4.966.710 төгрөг*10 хувь=496.671 төгрөг. 496.671 төгрөг бол 1 сарын хүү бөгөөд 11 сарын хүү 5.463.381 төгрөг болж байна. Энэ гэрээний дагуу үндсэн зээл 4.966.710 төгрөг, хүү 5.463.381 төгрөг, нийт 10.430.091 төгрөг авна.

О.Аийн төлөх мөнгө 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн гэрээний дагуу 1.590.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу 2.700.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний дагуу 10.430.091 төгрөг болж байгаа.

Харин 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Д.С нь Ч.Мтэй байгуулсан тул уг гэрээний үүргийн биелэлт 6.279.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Тусдаа Ч.Мт холбогдуулан нэхэмжлэл гаргана.

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч О.Аэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Ч.Мт холбогдох 6.279.909 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татан авсан. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч О.Аээс нийт 14.720.091 төгрөг нэхэмжилж байна. 500.000 төгрөг нь тооцооллын алдаа байх гэв.

 

 Хариуцагч О.А шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч О.А нь нэхэмжлэгч Д.Саас 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөг зээлсэн. 2015 онд 500.000 төгрөг мөн зээлсэн бөгөөд уг мөнгийг яг хэдийд авсанаа сайн санахгүй байгаа. Үүнийг баталгаажуулаад 1.500.000 төгрөг зээлсэн талаар баримт үйлдсэн.

Нэхэмжлэгч Д.Ст 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 110.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг түүний Төрийн банк дахь дансанд, мөн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 120.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг Хаан банк дахь дансанд нь шилжүүлсэн. Энэ талаар сая нэхэмжлэгч тал сая хэллээ. О.Аийн нэхэмжлэгч Д.Ст хүлээлгэн өгсөн мөнгөний дүнгийн талаар маргаан алга.

 Хариуцагч О.А нь нэхэмжлэгч Д.Сийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэнзэнгийн С гэх хүнээс О.А нь зээл авч зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд Чойжамцын М нь Д.Саас зээл авахад тодорхойлолт гарган өгч эднийг хооронд нь танилцуулж байсан. Хариуцагч О.Аийн тухайд нэхэмжлэгч Д.Ст төлөх төлбөр байхгүй болно гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь О.Аэд холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 6, 2015 оны 8 дугаар сарын 24, 2015 оны 11 дүгээр сарын 23, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрүүдийн зээлийн гэрээний үүрэгт нийт 21.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан болно.

2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг хариуцагч О.Атэй бус Ч.Мтэй байгуулсан тул уг гэрээний үүргийн биелэлт 6.279.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, хариуцагч О.Аээс зээлийн гэрээний үүрэгт 14.720.091 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

/2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн гэрээний үүрэгт 1.590.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үүрэгт 2.700.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний үүрэгт 10.430.091 төгрөг, нийт 14.720.091 төгрөг/

 

Д.С нь О.Атэй харилцан тохиролцож, О.Аэд 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, буцаан төлөх хугацааг тохиролгүй зээлсэн, мөн түүнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, буцаан төлөх хугацааг тохиролгүй зээлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөгтэй тэнцэх 2.010 ам долларыг сарын 10 хувийн хүүтэй, мөнгө өгөх өдөр ам долларын тухайн үеийн төгрөгийн ханшаар тооцож буцаан төлөх хугацааг тохиролгүй зээлсэн гэжээ.

/ХХ-ийн 5-7, 8, 71-72 дугаар тал/

 

Хариуцагч О.А нь нэхэмжлэгч Д.Саас 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөг зээлсэн талаараа маргахгүй байгаа ба гагцхүү уг мөнгийг төлсөн хэмээн тайлбарласан болно.

 

Хариуцагч О.А нь 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэгч Д.Саас 1.000.000 төгрөг зээлэн авсан тухай баримт үйлдэн “мөнгийг сарын 10 хувийн хүүтэй, төлж дуусах хүртэл сар бүрийн 6-ны өдөр хүү төлнө, утасны дугаараа сольвол хэлнэ” гэж тусган гарын үсгээ зуран утасны дугаар 89012190  гэжээ.

/ХХ-ийн 7 дугаар тал/

 

Мөн тэрээр нэхэмжлэгч Д.Саас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэн төлж дуусах хүртэл хүү төлнө, утасны дугаараа сольвол мэдэгдэнэ гэж баримт үйлдэн гарын үсгээ зуран утасны дугаар 89012190 гэжээ.

/ХХ-ийн 6 дугаар тал

 

Хариуцагч О.А нь нэхэмжлэгч Д.Саас 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөгтэй тэнцэх 2.010 ам долларыг сарын 10 хувийн хүүтэй зээлэн, мөнгө төлөх өдрийн ханшаар тооцож төлж дуусах хүртэл хүү төлнө, утасны дугаараа сольвол мэдэгдэнэ, утасны дугаар 89012190 хэмээн баримт үйлджээ.

/ХХ-ийн 9, 71-72 дугаар тал/

 

Хариуцагч О.А нь мөн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нийт 1.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, төлөх хугацааг тохиролгүй зээлсэн нь хэргийн 5 дугаар талд авагдсан мөнгө зээлсэн баримтаар тогтоогдсон ба тэрээр 2015 онд нэхэмжлэгчээс 500.000 төгрөг зээлсэн талаараа маргаагүй ба энэ талаар  шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.

2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг төлсөн тул 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч О.Аэд түүний хүсэлтийн дагуу удаа дараа мөнгө зээлсэн нь О.Аийн дээрхи нөхцлөөр зээл авч байгаа талаараа бичиж өгсөн баримт бичиг, талуудын тайлбараар тогтоогдсон ба баримтууд дахь гарын үсэг О.Аийн гарын үсэг мөн эсэх талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зээлдүүлэгч Д.С, зээлдэгч О.А нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн ба талууд уг баримт бичигт хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.С нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Голомт банк дахь данснаасаа 2.010 ам доллар авсан гэх ба хариуцагч О.А нь 2.010 ам доллар зээлсэн талаараа баримт үйлдсэн тул түүний Голомт банкнаас 2.010 ам доллар авсан гэх баримт төдийлөн ач холбогдолгүй.

 

Нэхэмжлэгч Д.С нь 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 700.000 төгрөг, нийт 1.700.000 төгрөг болсон, үүнээс 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өгсөн 110.000 төгрөгийг хассан, одоо уг зээлийн төлбөр 1.590.000 төгрөг,

-2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 17 сарын хүү 1.700.000 төгрөг, бүгд 2.700.000 төгрөг,

-2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний үүрэгт 2.010 ам доллар буюу 4.966.710 төгрөг, 11 сарын хүү 5.463.381 төгрөг, бүгд 10.430.091 төгрөг, нийт 14.720.091 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”,

282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”,

283 дугаар зүйлийн 283.1-т “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч О.А нь нэхэмжлэгч Д.Ст 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 110.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 120.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар хэн аль нь маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 49-52, 64-66 дугаар тал/

 

Хариуцагч О.А нь нэхэмжлэгч Д.Саас мөнгө зээлээгүй, бусдад мөнгө зээлэхэд зуучилсан гэх боловч энэ нь нотлогдоогүй бөгөөд уг тайлбар нь түүний мөнгө зээлсэн талаараа үйлдсэн баримтууд, зээлийн төлбөр төлж байсан баримтуудаар няцаагдаж байх ба тэрээр дээр дурьдсан зээлийн гэрээ хэлцлүүдээр тохирсоны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Д.С түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Дээрх гэрээ бүрт мөнгө төлж дуусах хүртэл сар бүрийн хүүгээ төлөх талаар тусгасан ба үүнийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу үгийн шууд утгаар нь тайлбарлавал гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь зээл бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд хүү тооцох эрхийг зээлдүүлэгчид олгосон гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээнд зээлийн хугацааг тохиролцоогүй бол зээлдэгчийн зээлээ буцаан төлөх үүрэг нь зээлдүүлэгч түүнээс зээлээ төлөхийг шаардахаас хамааралтай ба зээлдүүлэгч гэрээг хэзээ ч цуцлах эрхтэй бөгөөд ийнхүү зээлээ төлөхийг зээлдэгч О.Аээс шаардахад тэрээр зээлийг төлөөгүй ажээ.

 

Хариуцагч О.Аийн гүйцэтгэх ёстой үүрэг 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн гэрээ ёсоор:

-Үндсэн зээл 1.000.000 төгрөг,

-зээлийн хүү 700.000 төгрөг, /7 сар/ нийт 1.700.000 төгрөг,

-1.700.000 төгрөг-110.000 төгрөг= 1.590.000 төгрөг,

 

-2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ ёсоор:

-үндсэн зээл 1.000.000 төгрөг,

-хүү 1.700.000 төгрөг /2015.08.24-2017.02.02-ныг хүртэл 17 сар/ 

-бүгд 2.700.000 төгрөг,

 

-2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ ёсоор:

-Үндсэн зээл 2.010 ам доллар* 2471 төгрөг=4.966.710 төгрөг,

-4.966.710 төгрөг*10 хувь=496.671 төгрөг /1 сарын хүү/

-хүү 5.463.381 төгрөг /11 сарын хүү/

-бүгд 10.430.091 төгрөг,

Нийт 14.720.091 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч О.Аийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр түүнд өгсөн 100.000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаагүй байх тул уг мөнгийг 14.720.091 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Мөн тэрээр анх шүүхэд О.Аэд холбогдуулан 21.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан үүнээс 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг Ч.Мтэй байгуулсан хэмээн уг гэрээний үүргийн биелэлт 6.279.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Ч.Мт холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэлээр татан авч, хариуцагч О.Аээс зээлийн гэрээний үүрэгт 14.720.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба 21.500.000-6.279.909=15.220.091 төгрөг болж байх бөгөөд 500.000 төгрөгийг тооцооллын алдаа хэмээн нэхэмжлэгч тайлбарласан тул уг мөнгийг буюу 500.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч О.Аээс 14.620.091 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.С нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2.471 төгрөгөөр тооцсон болно.

/ХХ-ийн 63 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283  дугаар зүйлийн 283.1-т зааснаар хариуцагч О.Аээс 14.620.091 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Д.С нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 6.279.909 төгрөг гаргуулах тухай шаардлагаа Ч.Мт холбогдуулан гаргах үндэслэлээр татан авсан болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Аээс 231.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.САРАНГҮН