Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 4/Г-3 тоотод оршин суух, Сартуул овогт Лхагвасүрэнгийн Энхтуяа /РД:ХЕ58012864/-гийн хүсэлттэй,

Д.Төмөрбатыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Л.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Энхтуяа нь 2013 оны 06-р сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хороо Бугантын аманд байрлах өөрийн эзэмшлийн газар дээрээ 2 давхар амины орон сууцыг, гараашын хамтаар бариулахаар Д.Төмөрбаттай тохиролцон гэрээ байгуулсан юм. Д.Төмөрбат нь тус амины орон сууцыг, гараашын хамтаар түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгээр нийт 110,500,000 төгрөгийн төсвөөр 2013 оны 6 дугаар сараас 8 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө гэж амлаж ажлаа эхлүүлсэн тул нийт 89,000,000 төгрөгийг 5 удаагийн шилжүүлгээр Д.Төмөрбатад төлсөн. Гэтэл Д.Төмөрбат нь материалаа бүрэн авчихлаа, одоо санаа зоволтгүй ажлаа дуусгана гэж амлалт өгч байснаа 2 давхарын цутгалтаа ч бүрэн хийлгүй ажлаа зогсоосон. Энэ үеээс хойш Д.Төмөрбаттай олон удаа уулзсан бөгөөд уулзах болгонд таны мөнгийг би өөр зүйлд зарцуулчихсан юм, гэхдээ зарим материалаа аваад бэлдчихсэн, таны байрыг ямар ч байсан барьж өгнө жоохон хүлээчих гэдэг хариуг өгдөг байснаа сүүлийн 1 жилийн хугацаанд утсаа ч авахгүй зугатаах болсон бөгөөд, одоо тухайн үед буюу 4 жилийн өмнө цутгаж байсан 1 давхарын цутгалт нь захаасаа үйрч унан, сарайсан төмрийн хог болон үлдсэн байгаа юм. Тухайн үед Д.Төмөрбатаас авч байсан гэрийн хаягаар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Төмөрбат нь Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 29-45 тоот хаягтаа бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй тухай Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт гарсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 20-ны өдрийн 184/Ш32017/06621 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд дээрх иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэрэд овгийн Догсом овогтой Төмөрбат (РД:ЧМ68102315)-ыг /Утас:96006981/ эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Л.Энхтуяа нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Төмөрбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Л.Энхтуяа нь “Д.Төмөрбатыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор 89,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Д.Төмөрбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Хаан банкны орлогын баримт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Догсомын Төмөрбат /РД:ЧМ68102315/ нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 29-45 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 20-ны  өдрийн 184/ШЗ2016/06621 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Төмөрбатын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Б.Болдын “Э.Пүрэвийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                                                ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Л.Энхтуяагийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Догсомын Төмөрбат /РД:ЧМ68102315/-ийг эрэн сурвалжилсугай.

             2. Догсомын Төмөрбат /РД:ЧМ68102315/-ийг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан  дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

  

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА