Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, БСБ Мегастор их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг, “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн хүсэлттэй,

           Б.Хосбаярыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “БСБ финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БСБ Финанс ББСБ нь иргэн Боржигон овогт Баттөрийн Хосбаяр /УШ90010455/-т 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/191 тоот барьцаат зээлийн гэрээгээр 2,499,700 төгрөгийн зээлийг сарын 3,6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар олгосон. Гэтэл зээлдэгч Б.Хосбаяр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлээ төлөхгүй байгаа ба одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хосбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь “Б.Хосбаярыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 1,497,918.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Б.Хосбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ-4/191 тоот зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хариуцагч нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 21-19 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2017/02953 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. 

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хосбаярын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн  “Б.Хосбаярыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Баттөрийн Хосбаяр /РД:УШ90010455/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Боржигон овогт Баттөрийн Хосбаяр /РД:УШ90010455/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА