Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-нд холбогдох эрүүгийн 1915000930185 дугаартай, 163/2022/0051/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын Б, Улаанбаатар хотод 1961 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, .... оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, зам, тээврийн хөгжлийн яамны салбарын тэргүүний ажилтан, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 586 дугаартай Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тогтоолд тусгагдсан Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой Ланд Крузер-200 загварын ***улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-гийн нэр дээр шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 1915000930185 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 586 дугаартай Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тогтоолд тусгагдсан Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой 2014-2015 онд Уньт-Тариалан чиглэлийн 88 километр зам барих ажлын гүйцэтгэгч Эйч Кэ Би Интернэшнл Холдинг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшилд ашиглаж байсан, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр импортоор Монгол Улсад орж ирсэн ...  арлын дугаартай Ланд Крузер-200 загварын ***улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-гийн нэр дээр шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ны өгсөн: Би Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар 2012 оноос томилогдон ажилласан. Хамгийн анхны ажил Уньт, Тариалан чиглэлийн 88 километр зам барих ажлыг хийсэн. Тухайн замын арчлалтын ажлыг “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компани 3 жилийн хугацаанд хийх ёстой байсан боловч 100 хувийн гадны хөрөнгө оруулалттай компани тул өөрсдөө тухайн ажлыг хийх боломжгүй байна, “Булган АЗЗА” зам арчлалтын компаниар зам арчлалтын ажлыг хийлгэх хүсэлтэй байна гэж ажил хүлээлцэх хурал дээр хэлж байсан. Компанийн захирлын хувьд би “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанид та нар тэгвэл ашиглах боломжтой техник үлдээчих гэсэн саналыг тавьсан. ...Тээврийн хэрэгслийг манай байгууллагад шилжүүлэх төрийн өмчийн хорооны тогтоол гарсан боловч аймгийн 80 жил гээд манай компани хэд хэдэн замын ажил хийж гүйцэтгэж байсан тул машиныг тухайн үедээ хүлээж авах боломж байгаагүй. Ингээд 2015 оны 9-10 сарын үеэр Зам тээврийн хөгжлийн яаман дээр явж байгаад нөгөө машин юу болсон талаар асуухад одоо хүлээгээд авчих гээд Зам, тээврийн яамны грашаас машиныг би өөрөө хүлээж авсан. Энэ дээр Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нэг ч хүн ирээгүй, нэг ч хүн оролцоогүй. Зам, тээврийн хөгжлийн яамны тухайн чиглэлийн замын ажлыг хариуцаж байсан Баясгалан гэж хүн тухайн машиныг хүлээлцсэн. Машиныг Булганд авчирснаас хойш эмнэлгийн дундуур явж байгаа замын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөх гэж ажилласаар байгаад зав олдоогүй. Дараа нь машины асуудлаар Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай харилцах гэж нэлээн олон удаа оролдсон. Тухайн компанийн захирал замаа хүлээлгэж өгөөд нутаг буцсан байсан тул компанийг хариуцаж ажиллаад шийдвэр гаргах хүн байхгүй байсан. Орчуулагчтай нь харилцахад шийдвэр гаргах хүн байгаагүй тул юу ч хийж чадаагүй өнгөрсөн. Ингээд өөрийн ерөнхий нягтлан бодогчдоо чи утсаар ярьж байгаад машиныг шилжүүлж авна шүү гэж хэлсэн. Хэдийгээр Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан ч өөр байгууллагын өмчлөлд тухайн машин байсан тул “Булган АЗЗА” төрийн өмчит компанийн нэр дээр тухайн тээврийн хэрэгслийг бүртгэж авч чадахгүй байсан. Энэ хугацаанд машиныг манай “Булган АЗЗА”-ийн ажилчид болон инженер техникийн ажилчид бүгд хэрэглэж байсан. Би өөрөө хувийн машинтай байсан болохоор онцын шаардлагагүй үед унадаггүй, Зам, тээврийн хөгжлийн яам орох болон замын үзлэг хийх үед унаж хэрэглээд явж байсан. Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2018 оны эхээр тухайн машиныг миний нэр дээр шилжүүлэх итгэмжлэлтэй бичиг ирсэн. Яагаад ийм бичиг ирснийг би мэдээгүй. Ингээд би нягтлантайгаа уулзаад өчнөөн хөөцөлдөхөд ийм бичиг ирлээ, чи үүнийг нэг тодруулаад машиныг компанийнхаа нэр дээр шилжүүлэх арга хэмжээ аваарай гэж хэлсэн. Би “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ямар ч хүнтэй харьцаагүй, тэдний компаниас нэг ч хүн танихгүй. Ингээд нягтлантайгаа ярилцаад өчнөөн олон удаа хөөцөлдсөн юм чинь боломж байгаа дээр нь шилжүүлээд авчихвал яасан юм гээд өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай харьцах гэсэн боловч харьцаж чадаагүй. Тэгээд ирсэн бичгийн хугацаа дуусах гээд байна яах уу гэхээр нь тэгвэл миний нэр дээр шилжүүлчих гээд шилжүүлээд, дараа нь өөрийнхөө нэрээс компани руу шилжүүлэх юм бол ашиг сонирхлын зөрчил болох байх гээд өөр хүний нэр дээрээс компанийн нэр лүү шилжүүлэх нь зүйтэй байх гэж нягтлантайгаа ярилцсан. Ингээд Улаанбаатар хотод байдаг, урьдын танил, өмнө нь замын ажлаар харилцаж байсан залуу руу яриад чи Улаанбаатар хотод байгаа бол миний итгэмжлэлээр машин өөрийнхөө нэр дээр шилжүүлээд аваадхаач, дараа нь би компанийнхаа нэр дээр шилжүүлж авах гэсэн юм гэж ярьсан. Ингээд нэр шилжсэн юм чинь компанийнхаа нэр дээр шилжүүлэхэд асуудалгүй юм байна гээд тухайн үед энэ асуудлыг орхисон. Энэ үед манай “Булган АЗЗА” компанийн ажилчид дээрх машинаар замын шалгалтаар явж байхдаа нэлээн хэдэн удаа торгуулсан байсан тул “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас та нар машины нэрээ шилжүүлээгүйн улмаас манай нэр дээр торгууль гараад байна гэж Өвөр монгол орчуулагч залуу ярьсан. Ингээд торгууль гарсан учир машиныг унаж болохгүй юм байна гээд Улаанбаатар хотод тавиад Улаанбаатараас ирээд удаагүй байж байтал намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Би ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ гээд машины асуудлыг хойш тавиад шүүхээр явсан. Шүүхээр яваад шүүхийн шийдвэр миний талд гарч би ажлаа хүлээж авсан ба ажлаа хүлээж авангуутаа Булган аймгийн Замын цагдаагийн харьяа журмын хашаанд 8 сар орчим байсан машиныг прокуророос зөвшөөрлийг авч, гаргаж “Булган АЗЗА” -ийн нэр дээр шилжүүлж авсан. 2018 онд миний ажлыг авсан ******* захирал хууль хяналтын байгууллагад хандсан тул 2 жил шахуу энэ хэрэгт шалгагдсан ба ингэж шалгагдах хугацаандаа прокуророос 2 удаа танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд аймгийн ерөнхий прокуророос дуудсаны дагуу очиж уулзахад энэ хэргийг ингээд бүр мөсөн хаасан гэж хэлж байсан. Захиргааны зөрчлийн хувьд байгууллага удирдаж байсан хүн төрийн өмчид хайнга хандсан, нягтлан бодогч анхан шатны бүртгэл маягтыг дутуу бүртгэсэн гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэгт захиргааны хариуцлага тооцуулаарай гэсэн прокурорын тогтоолыг гардуулж өгсөн... гэх мэдүүлэг, 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.*******гийн өгсөн: 2016-2019 оны 5 сар хүртэл “Булган АЗЗА” төрийн өмчит компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. ******* захирлаар ажиллаж байсан. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 2015 оны сүүлээр Төрийн өмчийн хорооны тогтоолоор балансаас балансад шилжиж ирсэн. Уньт тариалан чиглэлийн замын ажлын төслийг гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэрэглэж байсан машиныг манай компанийн балансад ирж байгаа Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан гэж дарга хэлсэн. Уг тээврийн хэрэгсэл нь “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэр дээр бүртгэлтэй үндсэн хөрөнгө байсан. “Булган Азза”-ийн нэр дээр шилжүүлж авахаар асуухад “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг хэрэгтэй гэсэн. Тэрний дагуу компанийг олох гэж 2 жил гаран араас нь хөөцөлдөхөд албан тоот гаргаж өгөх боломжгүй гээд машиныг өөрийн нэр дээрээ авч чадаагүй. “Булган АЗЗА” төрийн өмчит компани болохоор тухайн машиныг төрийн өмч болгоно гэсэн үг. Хувийн компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг төрийн өмчид бүртгэх юм бол хөрөнгийн маргаан үүсэх магадлалтай юм шиг санагдсан. Бичиг баримт зөрчилтэй, санхүүгийн анхан шатны баримт бүрдээгүй тул хүлээж авах боломжгүй байсан. Тээврийн хэрэгслийг “Булган АЗЗА”-ийн албан хэрэгцээнд ашиглаж байсан. Захирал өөрөө хувьдаа завшсан зүйл байхгүй. Компанийн зохих албан тушаалтнуудад “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас дээрх тээврийн хэрэгслийг ирсэн гэж хэлж байсан. Бүх ажилчдад хурал дээр танилцуулга хийгдэж байсан. Одоо уг тээврийн хэрэгслийг “Булган АЗЗА”-ийн захирлын албан хэрэгцээнд ашиглаж байгаа. Миний сая өгсөн мэдүүлэг үнэн зөв. Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөх үед гарын үсэг зурахдаа яаруу байдлаар гарын үсэг зурсан. Байгууллагадаа тээврийн хэрэгслийг шилжүүлж авах талаар хөөцөлдөхийг захирал шаардаад би албан үүргийн дагуу нэлээн хөөцөлдсөн. Холбогдсон хүн албан тоот гаргаж өгөх боломжгүй гэсэн. Захирлыг өөрийн нэр дээр шилжүүлж авсныг мэдээгүй, тэр талаар надад яг юу гэж ярьсныг санахгүй байна гэх мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.*******ийн өгсөн : 2005 оноос хойш ажиллаж байгаа. Би ээлжийн амралттай гээд амарч байсан учир уг төслөөс хүлээж авах эд зүйлийг хүлээж аваагүй. Ажилдаа ороод *******аас авсан. Намайг ажилдаа ороход ямар ч тээврийн хэрэгсэл хүлээж аваагүй байсан. Манай компанийн машин гэдгийг 2018 онд мэдсэн. Тэрнээс өмнө манай компанийн ажилчид ашиглаж үйлчилгээнд явж, инженер, техникийн ажилчид унадаг байсан.  Захирал мөн унадаг байсан. Одоо манай захирал тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа.  Би авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө яарч байсан болохоор шууд гарын үсэг зурсан. Би машиныг түрээсэлдэг талаар хэлээгүй. ******* захирал машины талаар гэрч болох юм байна гэж надад хэлсэн. Тухайн үед би аж ахуйн няраваар ажиллаж байсан. 2016 онд Ланд-200 г ажилчид ашиглаад байхаар нь ******* захирлыг өөрийнхөө машиныг ашиглуулж байгаа юм байна гэж бодсон.  

Манай компанид үйлчилгээний 2 машин, 1 бонго пронтер, LХ-470 байсан.  LХ-470 нь эвдрээд Ланд-200-г захирал унадаг байсан. ******* даргыг ирэхэд л Ланд-200 г байгууллагын машин гэдгийг ойлгосон. Тэр үед ******* захирлаас асуусан нэр шилжих боломжгүй байгаа нэрээ шилжүүлээд бүртгэлд оруулна гэсэн. Машин ирсэн цагаасаа манай компанийн үйлчилгээнд хангалттай явдаг байсан гэх мэдүүлэг,

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компаниас төрийн өмчийн хорооны 2015 оны 585 дугаар тогтоолоор манай байгууллага руу балансаас балансад шилжүүлсэн ***улсын дугаартай Ланд-200 загварын тээврийн хэрэгсэл нь манай байгууллагад одоо ашиглагдахгүй байна шалгаж өгнө үү... гэх тэмдэглэл, /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,

         5. Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 585 дугаартай тогтоолд Зам тээврийн яамны харьяа Уньт тариалан чиглэлийн 88 км авто замын төслийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэгдүгээр хавсралтад заасан 298.000.000 төгрөгийн автомашин ...хүснэгтийн 1-д Ландкруйзер ***дугаартай 2011 ашиглалтад орсон 46.5 сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй авто машиныг Булган авто зам засвар арчилгаа төрийн өмчит хувьцаат компанид гэсэн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,

         6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: ...Зам тээврийн хөгжлийн яамнаас хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд хохирол нөхөн төлөгдтөл хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж оролцоход ямар нэгэн татгалзах зүйл байхгүй, үүнтэй холбогдуулан нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, ...Булган АЗЗА-д учирсан ямар нэгэн хохирол байхгүй учир Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагад танилцуулсан. Тухайн хэрэгт ямарваа нэгэн нэхэмжлэх хохирол байхгүй, хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 75, 96 дахь тал/,

7. Гэрч Б.*******гийн өгсөн: ... 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн өмчийн хорооноос Уньт-Тариалан чиглэлийн замыг барих ажлын хэсэгт зөвлөх үйлчилгээнд ашиглагдаж байсан ***улсын дугаартай саарал өнгийн Ланд-200 маркийн автомашиныг балансаас манай байгууллага руу шилжүүлсэн тогтоол гарсан байсан. Энэ тээврийн хэрэгсэл нь одоо манай байгууллагын нэр дээр бүртгэл байхгүй эд хөрөнгөд бүртгэж авсан тухай ямар нэгэн бичиг баримт байхгүй одоо уг тээврийн хэрэгсэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.  ***улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг нь урьд өмнө буюу 2016-2017 онд манай байгууллагын дарга Б.Б унаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг түүнийх л юм байхдаа гэж боддог байсан. 2018 оны 8 дугаар сард Б.Б захирал ажлаа Б.******* захиралд хүлээлгэж өгсөн юм. Тэрнээс хойш уг тээврийн хэрэгслийг Б.Б дарга аваад явсан байх... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

8. Гэрч Ш.*******ийн өгсөн: ... Энэ тээврийн хэрэгсэл манай байгууллага дээр ашиглагдаж байсан манай байгууллагын дарга Б.Б унадаг байсан юм яг хэний эзэмшлийнх гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. 2018 онд манай байгууллагын даргаар ******* гэж хүн ирсэн тэгээд л тэр хүн ирсэн бичиг, тогтоол шийдвэрээ үзэж байгаад Б.Б-ны унаж байгаа ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл Уньтаас Тариалан чиглэлийн 88 километр замыг барих ажлын хэсэгт ашиглагдаж байсан тэнд бүртгэлтэй хөрөнгийг балансаас манай баланс руу шилжүүлсэн тогтоол гарсан байхад энэ машин манай хөрөнгөд бүртгэгдээгүй байгаа нь ямар учиртай юм бэ гэж хэлж байсан тэгэхээр нь энэ машин манай байгууллагын машин юм байна гэж бодсон. Тэрнээс өмнө би тэр тээврийн хэрэгслийг ******* даргын хувийн машин юм байна гэж бодож байсан. Манай байгууллага 2015 оны 11 дүгээр сарын үед Уньт-Тариалан чиглэлийн замын ажлыг хийж гүйцэтгэж байсан ажлын хэсгийн зарим хөрөнгө буюу 2 ширхэг байшин, ширээ сандал, лабораторийн тоног төхөөрөмж, хөргөгч зэрэг эд зүйлүүдийг *******, хуулийн зөвлөх хоёр хүлээн хүлээн авсан байсан. Би ээлжийн амралтаасаа орж ирээд тэр даруй байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэж авсан. Уг тээврийн хэрэгслийг манай байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Б хэрэглэж байгаа. Одоо яг хаана байгааг нь би сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

9. Гэрч Ц.*******ын өгсөн: ... 2016 оны эхэн үеэс эхэлж тухайн үед манай компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б нь ***улсын дугаартай саарал өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг унаж эхэлсэн байх би яг хугацааг нь сайн санахгүй байна. Би тэр тээврийн хэрэгслийг өөрийнх нь л тээврийн хэрэгсэл гэж боддог юм. 2018 оны 9 дүгээр сард манай байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Б нь ажлаа өгсөн юм. Тэгээд л тэр машинаа өөрөө аваад явсан байх даргыг ажлаа өгснөөс хойш уг тээврийн хэрэгсэл харагдахаа болсон юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

10. Гэрч Д.*******гийн өгсөн: ... Уньт-Тариалан чиглэлийн зам барих зөвлөх үйлчилгээнд ашиглагдаж байсан УНЛ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллага бол албан ёсоор хүлээж аваагүй....Тэрнээс хойш уг тээврийн уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллага дээр тогтвортой ашиглагдаагүй захирал Б.Б Улаанбаатар хот руу аваад явчихсан юм. Би захирлаа нөгөө тээврийн хэрэгслээ яах вэ өөрийн балансдаа бүртгэх юм уу гэж асуутал захирал Б.Б уг тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын нэр дээр байгаа шилжүүлье гэхээр нь нөгөө газраас нь албан тоот хэрэгтэй гээд нөгөө талын тоотон дээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнууд байхгүй байна гэж хэлж байсан. Би тэгэхээр нь өөрийн байгууллага дээр бүртгээгүй.... Уг тээврийн /29-89УНЛ маркийн Ланд-200 машин/ хэрэгслийг “НКВ” компаниас хүлээж авсан акт бичиг баримт байхгүй байсан болохоор нь би үндсэн хөрөнгөндөө бүртгэж аваагүй юм. Төрийн өмчийн хорооны тогтоолыг үндэслэж өөрийн хөрөнгөндөө бүртгэж авч болохгүй байсан юм....Надад хэзээ ямар байдлаар авчирсныгаа бол хэлээгүй надад хэлэхдээ манай байгууллагад ирэх ёстой тээврийн хэрэгсэл чинь энэ ш дээ би Улаанбаатараас унаад ирлээ гэж хэлж байсан юм. 2016 оны хавар авчирснаас хойш захирал өөрөө унаж байгаад нэг тийшээ аваад явчихсан энэ талаар асуухад би уг тээврийн хэрэгслийг нэр шилжээгүй болохоор унаж хэрэглэж болохгүй байна. Тийм болохоор би нэг газар тавьчихлаа гэж байсан юм.... Би Д гэх хүнийг танина. Тэрээр Улаанбаатар хотод хувийн замын компанитай юм манай захирлаар ажиллаж байсан Б.*******тай найз нөхдийн харилцаа холбоотой хүн байгаа юм.... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

11. Гэрч Б.*******ын өгсөн: ... Манай компанийн нэр дээр уг тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байсан бөгөөд энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад хуучин ажиллаж байсан Б.Б энэ талаар мэднэ, 2015 оны 11 дүгээр сард манай компаниас Төрийн өмчийн хорооны тогтоолын хавсралтад тусгагдсан эд зүйлүүдийг Эйч Кэ Би компанийн ажилтан алба хаагч нараас хүлээж авахад Ланд 200 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээж аваагүй байгаа юм. Хүлээж аваагүй боловч манай байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Б нь ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувьдаа унаж хэрэглэж байсан байгаа юм.... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

12. Гэрч Д.Б-гийн өгсөн: ... Би 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11-12 цагийн үед байхаа Улаанбаатар хот Их дэлгүүр дотор явж байхад ******* дугаар утас руу маань Б.Б ах ярьснаа надтай мэнд усаа мэдэлцсэн тэгснээ чи иргэний үнэмлэхтэйгээ явж байна уу гэхээр би иргэний үнэмлэхтэйгээ явж байна яасан бэ гэж асуусан чинь хятад компаниас байгууллагадаа машин авч байгаа юм аа энэ машиныг чиний нэр дээр шилжүүлж авчихаад буцаагаад байгууллагынхаа нэр лүү шилжүүлэн авна надад одоо байгууллагын тамга байхгүй байна гэж хэлсэн. Ингээд Б.Б ахын байгаа газар болох Циркийн арын авто зогсоол дээр очиж өөрийхөө иргэний үнэмлэхийг өгчихөөд явсан тэгээд тэр орой нь өөрийхөө иргэний үнэмлэхийг Б.Б ахаас авсан.... Би ***улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг ерөөсөө хараагүй. ...миний ******* дугаарын утас руу ярьснаа 47-45 улсын дугаартай машинаа холдуулаач ээ гражийн хаалга хаагаад тавьсан байна гэхээр нь ямар машин байна гэсэн чинь Ланд круйзер 200 маркийн машин гэж хэлэхээр нь надад тийм машин байхгүй гэж хэлээд утсаа салгаж байсан сүүлд нь санасан чинь Б.Б ахын миний нэр дээр шилжүүлсэн машин байна гэж мэдсэн түүний дараагаар хүмүүс над руу машинаа холдуул гэж ярихаар нь ******* ахын гэсэн дугаарыг нь хэлж байсан.... 2011 онд авто машин худалдан борлуулах ажил хийж байх үед Б.Б ахтай танилцсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-179 дэх тал/,

13. Гэрч Жан Хаораны өгсөн: ... Миний санаж байгаагаар Булган АЗЗА-ын жолооч нь гэх хүн ирээд манай даргын нэр дээр хүсэлт бичээд өгөөч гэхээр нь хүсэлт гаргаж өгсөн. Жолоочийн нэрийг нь мэдэхгүй байна. Яг үнэндээ би Булган Булган авто зам засвар арчилгааны даргыг нь хараачгүй, таньдаггүй. Булган АЗЗА Ланд круйзер маркийн машиныг шилжүүлсэн асуудлыг манай компанийн менежер ******* сайн мэдэх ёстой. Би *******ид замын ажил ашиглаж байсан машинуудыг холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгөх талаар үүрэг өгч байсан. Би 2015-2018 онд Монгол Улсад байнга байдаг байсан. Би Монголд байхгүй, олдохгүй байлаа гээд 2 жил гаран байхгүй байна гэж байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 115-118 дахь тал/,

14. Гэрч Т.*******ийн өгсөн:... Манай компанийн захирал Хятад улс Монгол улс руу ирэн очин байдаг. Би хэзээг нь сайн санахгүй байна. Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн жолооч нь гэх залуу ирж намайг Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирал гэх хүнтэй утсаар яриулсан. Захирал нь гэх хүн 29-89 улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн машиныг миний нэр дээр шилжүүлэх албан бичгийг танай компаниас бичээд өг би авч яваад машинаа шилжүүлж авъя гэхээр нь би компанийн нарийн бичгийн дарга Ариунгэрэлд Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн дарга нь ярьж байна, машин шилжүүлж өгөх бичиг гаргаж өгөөрэй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/,

15. Ланд круйзер 200 маркийн ...  арлын дугаартай мөнгөлөг саарал өнгийн 2010 онд үйлдвэрлэгдсэн сааран өнгийн машины өмчлөгчийн: 2015 оны 3 дугаар сарын 17-ноос 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд ЭЙЧ КЭ БИ интернэшнл Холдинг ХХК-д, 2018 оны 6 дугаар сарын 12-ноос 2018 оны 6 дугаар сарын 28-ны хооронд РД: ХГ дугаартай Базарсадын *******ы нэр дээр, 2018 оны 6 дугаар сарын 26-наас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл РД: дугаартай Дгийн нэр дээр, 2019 оны 7 дугаар сарын 01-нээс 2882191 дугаартай Булган АЗЗА ТӨХК-ний нэр дээр шилжсэн түүх /1 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал/,

16. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн Арлын ...  дугаартай Ланд круйзер 200 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: уг тээврийн хэрэгслийн салхины шил цонх бүрэн бүтэн, хаалга, копуд, арын хаалга хэвийн онгойдог бөгөөд урд хэсэгт 6х2 хэмжээтэй будаг нь хуурсан ямар нэг зүйлтэй шүргэлцсэн мэт байв... тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

17. Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн өмчлөлийн Ланд круйзер 200 автомашины элэгдлийн зардлын: анхны өртөг 93.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 46.500.000 төгрөг гэх тооцоо  /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/,

18. БАН ХАС хариуцлагатай хязгаарлагдмал компанийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/Э-0086 дугаартай: Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл 2011 онд 93.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын байдлаар 73.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 71.000.000 төгрөгийн дундаж ханштай байна гэх үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 45-50 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б-ны гэрчээр өгсөн: .... Би Д.Батзаяа гэх хүнийг одоогоос 2-3 жилийн өмнөөс таньж мэдэх болсон тэрээр, зам засварын компанитай, замтай холбоотой ажил хийдэг. Түүнтэй ажил хэргийн шугамаар холбоотой бусдаар бол найз нөхөд биш. Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь 28-59 БУА улсын дугаартай болж 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр манай байгууллага дээр шилжээд 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгууллагын орлогодоо авсан. Тухайн машин яагаад байгууллагын хөрөнгөд авч чадахгүй байсан юм бэ гэхээр Эйч Кэ Би интернешнл холдинг хариуцлагатай хязгаарлагдмал компанийн албан ёсны хүсэлт байхгүй учраас шилжүүлж чадахгүй байсан. Тэгээд тухайн компанийн Өвөрмонгол залуутай ярьж байгаад би өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгээд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Түүний дараагаар Д.Б-гийн нэр дээр шилжүүлээд Д.Батзаяагаас Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн нэр дээр шилжүүлэн авсан, одоо энэ машин ямар нэгэн асуудалгүй байгууллага дээр үйлчилгээнд явж байгаа... /1 дүгээр хавтаст хэргийн 159-162 дахь тал/  гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Б нь 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байхдаа  2014-2015 онд Уньт-Тариалан чиглэлийн 88 километр зам барих ажлын гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшилд ашиглаж байсан, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр импортоор Монгол Улсад орж ирсэн ...  арлын дугаартай Ланд Крузер-200 загварын ***улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 586 дугаартай Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тогтоолын дагуу Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой байтал 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-гийн нэр дээр шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосныг тус тус гэрчилж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн гэрч Д.Батзаяа, Б.*******, Ш.*******, Д.*******, Ц.*******, Б.*******, Т.*******, Жан Хаоран, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компаниас төрийн өмчийн хорооны 2015 оны 585 дугаар тогтоолоор манай байгууллага руу балансаас балансад шилжүүлсэн ***улсын дугаартай Ланд-200 загварын тээврийн хэрэгсэл нь манай байгууллагад одоо ашиглагдахгүй байна шалгаж өгнө үү... гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Зам тээврийн яамны харьяа Уньт тариалан чиглэлийн 88 км авто замын төслийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэгдүгээр хавсралтад заасан 298.000.000 төгрөгийн автомашин ...хүснэгтийн 1-д Ландкруйзер ***дугаартай 2011 ашиглалтад орсон 46.500.000 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй авто машиныг Булган авто зам засвар арчилгаа төрийн өмчит хувьцаат компанид гэсэн Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 585 дугаартай тогтоол,  Ланд круйзер 200 маркийн ...  арлын дугаартай мөнгөлөг саарал өнгийн 2010 онд үйлдвэрлэгдсэн сааран өнгийн машин 2015 оны 3 дугаар сарын 17-ноос 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 2018 оны 6 дугаар сарын 12-ноос 2018 оны 6 дугаар сарын 28-ны хооронд РД: ХГ дугаартай Базарсадын *******ы нэр дээр, 2018 оны 6 дугаар сарын 26-наас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл РД: дугаартай Дгийн нэр дээр, 2019 оны 7 дугаар сарын 01-нээс 2882191 дугаартай Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн нэр дээр шилжсэн өмчлөгчийн түүх, арлын ...  дугаартай Ланд круйзер 200 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил цонх бүрэн бүтэн, хаалга, копуд, арын хаалга хэвийн онгойдог бөгөөд урд хэсэгт 6х2 хэмжээтэй будаг нь хуурсан ямар нэг зүйлтэй шүргэлцсэн мэт байв... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, анхны өртөг 93.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 46.500.000 төгрөг гэх Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн өмчлөлийн Ланд круйзер 200 автомашины элэгдлийн зардлын тооцоо зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.*******, Ш.******* нарын мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй тухайлбал гэрч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “... Уньт-Тариалан чиглэлийн зам барих зөвлөх үйлчилгээнд ашиглагдаж байсан УНЛ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллага бол албан ёсоор хүлээж аваагүй. ...Тэрнээс хойш уг тээврийн уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллага дээр тогтвортой ашиглагдаагүй захирал Б.Б Улаанбаатар хот руу аваад явчихсан юм. Би захирлаа нөгөө тээврийн хэрэгслээ яах вэ өөрийн балансдаа бүртгэх юм уу гэж асуутал захирал Б.Б уг тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлье гэхээр нөгөө газраас нь албан тоот хэрэгтэй гээд нөгөө талын тоотон дээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнууд байхгүй байна гэж хэлж байсан. Би тэгэхээр нь өөрийн байгууллага дээр бүртгээгүй....” гэж мэдүүлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/ бол шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын асуусан: Бичиг баримтын зөрчлийн талаар мэдэж байсан уу?, Бичиг баримтын зөрчилтэй холбоотой ямар арга хэмжээ авсан бэ? Хавтаст хэрэгт авагдсан баримтаар машины талаар захирал та хоёр л мэдээд байсан юм шиг харагдаж байгаа. Доод албан тушаалтанд байгууллагын асуудлыг нэг бүрчлэн хэлэх боломж байдаг уу ? гэх асуултад “...Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн нэр дээр шилжүүлж авахаар асуухад “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Булган Азза төрийн өмчит хувьцаат компанийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг хэрэгтэй гэсэн. Тэрний дагуу компанийг олох гэж 2 жил гаран араас нь хөөцөлдөхөд албан тоот гаргаж өгөх боломжгүй гээд машиныг өөрийн байгууллагын нэр дээрээ авч чадаагүй. ...Тээврийн хэрэгслийг Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн албан хэрэгцээнд ашиглаж байсан. Захирал өөрөө хувьдаа завшсан зүйл байхгүй. Компанийн зохих албан тушаалтнуудад “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас дээрх тээврийн хэрэгслийг ирсэн гэж хэлж байсан. Бүх ажилчдад хурал дээр танилцуулга хийгдэж байсан...” гэж, гэрч Ш.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Энэ тээврийн хэрэгсэл манай байгууллага дээр ашиглагдаж, дарга Б.Б унадаг байсан юм яг хэний эзэмшлийнх гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. 2018 онд манай байгууллагын даргаар ******* гэж хүн ирсэн тэгээд л тэр хүн ирсэн бичиг, тогтоол шийдвэрээ үзэж байгаад Б.Б-ны унаж байгаа ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл Уньтаас Тариалан чиглэлийн 88 километр замыг барих ажлын хэсэгт ашиглагдаж байсан тэнд бүртгэлтэй хөрөнгийг балансаас манай баланс руу шилжүүлсэн тогтоол гарсан байхад энэ машин манай хөрөнгөд бүртгэгдээгүй байгаа нь ямар учиртай юм бэ гэж хэлж байсан тэгэхээр нь энэ машин манай байгууллагын машин юм байна гэж бодсон. Тэрнээс өмнө би тэр тээврийн хэрэгслийг ******* даргын хувийн машин юм байна гэж бодож байсан. ...Одоо яг хаана байгааг нь би сайн мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал/ бол шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн Тээврийн хэрэгслийн талаар юу гэж яригдсан бэ?, Байгууллагын машин гэж хэзээ мэдсэн бэ?, Ямар байдлаар ашиглагддаг бэ? гэсэн асуултад “...Манай компанийн ажилчид ашиглаж үйлчилгээнд явж инженер, техникийн ажилчид унадаг байсан. ******* даргыг 2018 онд ирэхэд л Ланд-200 загварын тээврийн хэрэгслийг байгууллагын машин гэдгийг ойлгосон. Тэр үед ******* захирлаас асуусан нэр шилжих боломжгүй байгаа нэрээ шилжүүлээд бүртгэлд оруулна гэсэн. Машин ирсэн цагаасаа манай компанийн үйлчилгээнд хангалттай явдаг байсан...” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт хийхэд Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх гэрч нарт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаснаар мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тогтворгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх үнэн зөв гэж үнэлээгүй болно.

 

“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” хамаарна гэж заасан ба Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт буюу 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын төрийн өмчийн хорооны 693 дугаартай тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай Булган авто зам засвар өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэргээс/1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/ үзэхэд Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ланд крузейр-200 загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах үедээ нийтийн албан тушаалтан байжээ. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдээгүй. 2015 оны 11-12 дугаар сард би Улаанбаатар хотод ажлаар явж байгаад тухайн тээврийн хэрэгслийг Зам тээврийн  хөгжлийн яамны грашаас төслийн удирдагч байсан Баясгалангаас хүлээж авч Булганд авчирсан. Компанийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэх ажлыг ерөнхий нягтлан Д.*******д даалгаж, байгууллагын хөрөнгөд бүртгэх ажлыг зохицуул гэж үүрэг өгсөн боловч “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх бүхий албан тушаалтнууд Монголд байхгүй, олдохгүй байсны улмаас нэр дээрээ шилжүүлж аваагүй. Тээврийн хэрэгслийг албаны хэрэгцээнд байгууллагын инженер техникийн ажилчид унаж байсан. 2018 оны хавар байх нэг өдөр “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлэх албан бичиг ирсэн. Яагаад тийм бичиг ирснийг мэдэхгүй. Ингээд би өөрийн нэр дээрээ шилжүүлж болохгүй тул компанийн нэр дээр шилжүүлэх бичиг хийлгүүлж авах гэтэл дахиад нөгөө хүмүүстэй холбоо тогтоож чадаагүй. Нягтлан Д.******* ирсэн бичгийн хугацаа дуусах гээд байна яах уу гэхээр нь тэгвэл миний нэр дээр шилжүүлчих гээд шилжүүлээд, дараа нь өөрийнхөө нэрээс компани руу шилжүүлэх юм бол ашиг сонирхлын зөрчил болох байх гээд өөр хүний нэр дээрээс компанийн нэр лүү шилжүүлэх нь зүйтэй гэж нягтлантайгаа ярилцсан. Тэгээд *******г Улаанбаатар хотод явж байхад нь энэ асуудлыг зохицуул гэсэн үүрэг өгөөд, таньдаг хүндээ хэлээд өөрийн нэр дээр шилжүүлж аваад 14 хоногийн дараа өөрийн танил Батзаяагийн нэр дээр шилжүүлсэн. Өөрийн нэр дээрээс байгууллагад шилжүүлбэл ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж бодсон. Би Батзаяатай уулзаагүй, утсаар яриад тэгээд нэр дээр нь шилжүүлсэн. Удалгүй намайг ажлаас үндэслэлгүй халсан тул би тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй. Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хувьд маргаантай байсан тул би тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод грашид тавьсан байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн бөгөөд энэ нь гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Захирал надад тээврийн хэрэгслийг хэзээ ямар байдлаар авчирсныгаа бол хэлээгүй. Манай байгууллагад ирэх ёстой тээврийн хэрэгсэл чинь энэ ш дээ гэж хэлж байсан юм. 2016 оны хавар авчирснаас хойш захирал өөрөө унаж байгаад нэг тийшээ аваад явчихсан энэ талаар асуухад тээврийн хэрэгсэл байгууллагын нэр дээр шилжээгүй болохоор унаж хэрэглэж болохгүй байна. Тийм болохоор би нэг газар тавьчихлаа гэж байсан юм. ... Захирлыг өөрийн нэр дээр шилжүүлж авсныг мэдээгүй, тэр талаар надад яг юу гэж ярьсныг санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Ш.*******ийн өгсөн “...тэр тээврийн хэрэгслийг ******* даргын хувийн тээврийн хэрэгсэл юм байна гэж бодож байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.*******гийн өгсөн ...Энэ тээврийн хэрэгсэл нь одоо манай байгууллагын нэр дээр бүртгэл байхгүй, эд хөрөнгөд бүртгэж авсан тухай ямар нэгэн баримт байхгүй, одоо уг тээврийн хэрэгсэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. 2018 оны 8 дугаар сард ******* захирал ажлаа өгсөн юм. Тэрнээс хойш уг тээврийн хэрэгслийг Б.Б захирал аваад явсан байх...” гэх мэдүүлэг, гэрч Ц.*******ын өгсөн “...Би тэр тээврийн хэрэгслийг даргын өөрийнх нь тээврийн хэрэгсэл гэж боддог юм. Даргыг ажлаа өгснөөс хойш уг тээврийн хэрэгсэл харагдахаа больсон юм...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-гийн өгсөн “...ингээд би ******* ахын байгаа газар болох Циркийн арын авто зогсоод дээр очиж, өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгчихөөд явсан. Тэгээд орой нь үнэмлэхээ Б.Б ахаас авсан. Миний нэр дээр шилжүүлсэн гэх тээврийн хэрэгслийг ерөөсөө хараагүй. ...хүмүүс над руу машинаа холдуул гэж ярихаар нь би ******* ахын гэсэн дугаарыг хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.*******ийн өгсөн “... Манай компанийн захирал Хятад улс Монгол улс руу ирэн очин байдаг. Би хэзээг нь сайн санахгүй байна. Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн жолооч нь гэх залуу ирж намайг Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирал гэх хүнтэй утсаар яриулсан. Захирал нь гэх хүн 29-89 улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн машиныг миний нэр дээр шилжүүлэх албан бичгийг танай компаниас бичээд өг би авч яваад машинаа шилжүүлж авъя гэхээр нь би компанийн нарийн бичгийн дарга Ариунгэрэлд Булган АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн дарга нь ярьж байна, машин шилжүүлж өгөх бичиг гаргаж өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Жан Хаораны өгсөн “... Миний санаж байгаагаар Булган АЗЗА-ын жолооч нь гэх хүн ирээд манай даргын нэр дээр хүсэлт бичээд өгөөч гэхээр нь хүсэлт гаргаж өгсөн. Жолоочийн нэрийг нь мэдэхгүй байна. Яг үнэндээ би Булган Булган авто зам засвар арчилгааны даргыг нь хараачгүй, таньдаггүй. Би 2015-2018 онд Монгол Улсад байнга байдаг байсан. Би Монголд байхгүй, олдохгүй байлаа гээд 2 жил гаран байхгүй байна гэж байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ганзоригийн өгсөн “...2015 оны 10 дугаар сард байх шиг санаж байна. Би ажилд ороод удаагүй Б.Б захирлын хамт Улаанбаатар хот явж машиныг авах гэж очсон. Тэгээд машинаа авах гэтэл машин хөдөө явчихсан, хоёр хоногийн дараа ирнэ гэхээр нь Б.Б захирал намайг үлдээгээд машин ирэхээр нь бүрэн бүтэн байдлыг нь сайн үзээд хүлээж аваад араас хүрээд ир гэсэн. Ланд круйзер-200 маркийн машиныг хүлээж авч байх үед шил цуурхай байхаар нь хүлээн авсан баримт дээр нь бичсэн чинь машин хүлээлгэн өгч байсан хүн нь шилний цуурхай дээр ямар айхтар юм бичдэг юм гэж байсан...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж няцаагдаж байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй ба бусад баримтаар давхар нотлогдож байж түүнийг шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ны гэмт хэрэг үйлдээгүй гэх дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийг ашигтайгаар шийдвэрлэж, гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү...” гэсэн бөгөөд гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд Б.Б-ны үйлдэл нь эргэлзээгүй тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4/08 дугаартай Хэрэг бүртгэлтийг хаасан хэргийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай прокурорын тогтоолын дагуу зөрчлийн хэрэгт шалгагдаж хариуцлага хүлээсэн гэх боловч 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 02/2020 дугаартай Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.Сайнзаяагийн зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол хэрэгт авагдсан байх тул прокурорын тогтоолын дагуу Б.Б зөрчлийн хэрэгт шалгагдаж арга хэмжээ авагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь төрийн өмчийн тогтоолоор өөрийн удирдаж буй байгууллагад балансаас балансад шилжин ирсэн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр болон бусад хувь хүмүүсийн нэр дээр шилжүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.*******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд Булган авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компани тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан авсан, иргэний нэхэмжлэгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил “...Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хуульд заасан торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ны хувийн байдлын хувьд ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 60 настай, биеийн эрүүл мэндийн хувьд зүрхний титэм судасны бөглөрөл өвчтэй, эмчийн хяналтад байдаг, цаашид Турк улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ялыг сонгон хэрэглэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ны нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 24 /хорин дөрөв/ сарын хугацаагаар тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б-нд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-нд урьд авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ