Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 13-294 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35/В-29 тоотод оршин суух, Боржгин овогт Мэндбаярын Өлзийцэцэг /РД:НЗ86021068/-ийн хүсэлттэй,

У.Жамъяндоржийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч М.Өлзийцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Өлзийцэцэг миний бие Ц.Жамъяндоржид холбогдуулан Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл У.Жамъяндоржийг нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. У.Жамъяндорж нь хаана оршин суугаа, ямар утасны дугаартай байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул түүнийг эрэн сурважилж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч М.Өлзийцэцэг нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Жамъяндоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч М.Өлзийцэцэг нь “У.Жамъяндоржийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

У.Жамъяндорж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь №0173224 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Хиа лам овогт Уламбаярын Жамъяндорж /РД:НЗ86012075/ нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Төв аймгийн Баянцагаан, 1 дүгээр баг, Өлзийт хаягт оршин суудаггүй болох нь  Төв аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 20-ны  өдрийн 151/ШЗ2016/01269 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Жамъяндоржийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч М.Өлзийцэцэгийн “У.Жамъяндоржийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                                             ТОГТООХ нь:                                                                                                      

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М.Өлзийцэцэгийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хиа лам овогт Уламбаярын Жамъяндорж /РД:НЗ86012075/-ийг эрэн сурвалжилсугай.

             2. Хиа лам овогт Уламбаярын Жамъяндорж /РД:НЗ86012075/-ийг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

  

  

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА