Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2215000000042 дугаартай, 163/2022/0061/Э индекстэй хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Б, Булган аймгийн  Дашинчилэн суманд 1977 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, ...гэх газар оршин суух бүртгэлтэй, малчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг 45 настай, эрэгтэй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Б.*******ын туслах малчнаар ажиллаж байхдаа Булган аймгийн Дашинчилэн сумын ... гэх газраас иргэн Б.*******ын хонин сүргээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 тооны эм хонь хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000042 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Б нь Б.*******ын туслах малчнаар ажиллаж байхдаа Булган аймгийн Дашинчилэн сумын ... гэх газраас иргэн Б.*******ын хонин сүргээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 тооны эм хонь хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ны өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2215000000042 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

Бямбасүрэнгийн *******аас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн .... гэх газарт Д.Б нь миний хонийг хулгайлсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Хохирогч Б.*******ын өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед танил Ч.Монгол, Д.Гансүх, Цэрэнпил нарын хамт Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс Доргонт 3 дугаар багт байдаг хөдөө гэр рүүгээ Хөтөлийн бууц даваад явж байтал шороон замын баруун талд хөлийг нь боосон байдалтай 2 хонь, 1 ямаа байсан. Ингээд би ойр орчмын хонинд явж байсан хүнээс асуутал манай сумын малчин Бүрнээ ах Э.******* сая хонио бөөгнүүлж байгаад энэ гурвын хөлийг нь боож орхиод урагшаагаа Дашинчилэн сум чиглэлд морьтойгоо яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд би ирэхийг нь нэлээн хүлээтэл ирээгүй. Ингээд би хамт явсан Монгол, Гансүх, Цэрэнпил ах нарыг үлдээгээд гэртээ харьтал манай гэрт манай малчин хийдэг ******* ирчихсэн байсан. Ингээд би ийм юм боллоо гэж аавдаа хэлээд *******ыг өөрийнхөө машинд суулгаад хүлээтэй хонь байгаа газар руу явсан. Би явах замдаа *******аас юу болсон талаар асуухад ******* би танай хониноос аваад *******ын хонинд хийчихсэн юм, тэгээд ******* бид хоёр зарах гэж байсан юм гэж хэлсэн... замын хажууд хүлчихсэн байсан 3 тооны богийн зөв буруу 2 чинь бахь имтэй хар хонь нь миний хонь, харин зөв чих нь хойно урдаасаа ухам имтэй төлөг нь *******ынх гэсэн. Харин улаан халзан ямаа нь хэнийх гэдгийг мэдэхгүй байна. Сүүлд ******* болохоор манайх гэж хэлж байна лээ.... 1 тооны хонио буцаагаад авчихсан одоо ямар нэг гомдол саналгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 12-13 дахь тал/,

Гэрч Г.*******ын өгсөн: Манай нөхөр Д.Б Б.*******ын хониноос урд нь хулгайлж авч байгаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 04-05-ны өдөр манай нөхөр Д.*******, Б.*******ын хониноос 1 тооны ямааг хулгайлаад сүүлд нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зам дээр уячихсан байж байгаад Б.*******д баригдсан юм  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

Гэрч Э.*******ын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарыг 06-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын төвд архи уугаад хоносон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт 3 дугаар багийн нутагт байрлах гэртээ очоод зүүн чих нь хойно, урдаасаа ухам эмтэй бор толгойтой эр төлөг, хоёр бил үү нэг чих нь цуулбар эмтэй хар хонь, зөв чих нь цуулбар эмтэй хар ямаа гурвыг  өөрийнхөө хониноос барьж аваад хөлүүдийг нь мяндсаар хүлээд тавьсан. Би энэ бог малуудыг  сумын төв рүү орж зараад мөнгийг нь хүнд өрөндөө  өгөх гэж байсан юм.... харин тэр хар хонийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Д.Б надад өрөндөө өгсөн юм, түүнээс хойш манай хонинд байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Гэрч П.Төрмөнхийн өгсөн: Манай хонь ямаанаас Э.*******ынд байхгүй. Тэр хүлсэн гэх халзан ямаа манай мал биш ээ. Би зургийг нь харсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 220051 дугаартай дүгнэлтээр 2 настай эм хонийг 150.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-53 дахь тал/,

 

Шүүгдэгч Д.Б-ны  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үдээс хойш 16 цагийн үед Б.*******ын хонийг хариулаад хужирт оруулаад явж байхад *******ын хонь гэрийнхээ баруун тал бэлчээд явж байсан. Би урьд нь *******т нэг хонь өгөх өртэй байсан. Тэгээд ойр хавьд хүн байхгүй болохоор нь *******ын хониноос нэг хар өнгөтэй хонийг нь *******ын хонинд нийлүүлчихээд *******ын хонийг хариулаад гэрийнхээ гадаа хотлуулаад амарсан. Тэгээд нөгөөдөр орой байх 17 цагийн үед ******* үхэр туугаад явж байхад нь таараад би *******т би танайхаас ард өмнө хэрэглэсэн нэг хонио *******ын хониноос нийлүүлчихсэн шүү гэж хэлэхэд ******* за за гэж хэлээд үхрээ туугаад явсан  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар Д.Б нь Булган аймгийн Дашинчилэн сумын ... гэх газарт өвөлжиж байсан малчин Б.*******ын туслах малчнаар ажиллаж байхдаа хонин сүргээс нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 тооны эм хонь хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.*******ын өгсөн ... би ийм юм боллоо гэж аавдаа хэлээд *******ыг өөрийнхөө машинд суулгаад хүлээтэй хонь байгаа газар руу явсан. Явах замдаа *******аас юу болсон талаар асуухад ******* би танай хониноос аваад *******ын хонинд хийчихсэн юм, тэгээд ******* бид хоёр зарах гэж байсан  юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, гэрч Г.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 04-05-ны өдөр манай нөхөр Д.*******, Б.*******ын хониноос 1 тооны ямааг хулгайлаад сүүлд нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зам дээр уячихсан байж байгаад Б.*******д баригдсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, гэрч Э.*******ын ... тэр хар хонийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Д.Б надад өрөндөө өгсөн юм /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд тэдгээрийг харьцуулан судалснаар шүүгдэгч Д.Б нь бусдын малыг хулгайлж, өрөндөө өгсөн үйлдэл, хохирогч Б.*******д 150.000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр батлагдсан шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгчийн бусдын малыг дур мэдэн авч өрөндөө өгсөн үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.*******д учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хавтаст хэргийн 13 дахь тал/ байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б-ныг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хавтаст хэргийн 87-93 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, дэлгэрэнгүй лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын бүртгэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б-ны хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 4/13 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б-ны үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд Д.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай. 

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ