| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2022/0060/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/60 |
| Огноо | 2022-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2215002560045 дугаартай, 163/2022/0060/Э индекстэй хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-гийн Н, Булган аймгийн Булган суманд 1983 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ... газар оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 39 настай, эмэгтэй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн Долоон худаг гэх газарт иргэн Б.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н-н өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002560045 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн Долоон худаг гэх газарт иргэн Б.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н-н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Б.С-н өгсөн: Нөхөртэйгөө маргалдаад байж байтал Нарантуяа гэдэг байхаа Нараа нь гэнэтхэн хажуугаас орж ирээд миний үснээс зулгаагаад гэрээс аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа гараад байж байтал миний нүүр хэсэг рүү гараараа нэлээн олон удаа цохисон. Гэрт ороод *******аас машины түлхүүр өгчих гэсэн чинь өгөөгүй, өгөхгүй болохоор нь *******ын халаасанд түлхүүрээ хайж байсан чинь Нараа гэх эмэгтэй нь дахин орж ирээд миний үснээс зулгааж үс тасалсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 35 дахь тал/,
2. Гэрч П.*******ын өгсөн: *******ын эхнэр ******* нь явъя архи дарс уугаад байна гэж уурлаад бид нарын ууж байсан архийг хувцасны шкаф дээр авч тавьсан чинь ******* айлд хэрүүл маргаан хийгээд яах вэ гэж хэлсэн... ******* нь манай эхнэрийн давсаг тус газарт хөлөөрөө өшиглөж манай эхнэрийг үсэдсэн чинь манай эхнэр мөн хамт үсдэлцээд гэрээс гарсан. Тэгээд гадна юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
3. Гэрч Х.*******ийн өгсөн: ******* хутга авах гэж дайрахаар нь ******* хорьсон. Хутга өгөхгүй хориод байхад хохирогч гээд байгаа хүүхэн *******ийн үснээс зулгаалцаад гараад явсан. Тэгээд гараад явахад ямар үйл явдал болсныг мэдэхгүй байна, эргээд ороход нь баруун талын байх сайн санахгүй байна нүд хөхөрсөн, үс нь сэгсийсэн ороод ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
4. Гэрч Ц.*******ийн өгсөн: *******ын туслах малчин гэх залуугаас бусад нь архинаас уугаад юм яриад байж байтал ******* арслангийн эхнэр нь чи хот руу машин бариад явах гэж байж архи уулаа гээд нөхрөө загнаад байсан. Тэгээд эхнэр нь ******* арслангаас машиных нь түлхүүрийг нь авах гээд ******* түлхүүрээ өгөхгүй байж байтал ******* арслангийн эхнэр нь түмпэнтэй мах гаргасан сэрээг түмпэн дотроос аваад ******* арслангийн нүүр лүү нь аваад шидсэн. Тэгээд ******* арслангийн нүүрнээс цус шүүрээд байгаа харагдсан. ... ******* арслангийн эхнэр хутга аваад дайрах үед нь *******ын эхнэр өгөхгүй гээд бие биеийнхээ үснээс зулгаалцаад гэрээс гарсан.... Орж ирэхдээ тэр хоёрын үс нь арзайсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дахь тал/,
5. Гэрч А.*******ын өгсөн: ******* надад хандаж ээжийн бие муу, яаралтай хот орох ёстой байхад архи ууж болохгүй гэж надтай маргалдсан. Бид хоёр маргалдаж байхад ******* нь чи манай гэрт хэрүүл хийлээ гэж хэлээд гэнэт манай эхнэр *******ийн үснээс нь зулгаагаад чирээд гарсан. Тухайн үед ******* ах эхнэртээ уурлаад чи айлын эхнэрийг яаж байгаа юм бэ гээд гарах гэхээр нь би болиулаад эмэгтэй хүний асуудалд битгий оролц гээд гэрээс нь гаргаагүй байж байхад манай эхнэр ******* гаднаас үс нь сэгсийж 2 нүд нь хавдсан байдалтай орж ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
6. Гэрч Б.*******ийн өгсөн: ...Нэг мэдсэн Нараа гэх эмэгтэй ******* нар хоорондоо маргалдсан байдалтай дуу нь чангарчихсан байсан. Намайг харахад хоёр хүүхний үс арзайчихсан хэрэлдээд байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10530 дугаартай: Б.С-н биед баруун зүүн нүдний зовхи, баруун зүүн хацар, баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
8. Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: Би *******т хандаж одоо арай дэндэж байгаа юм биш үү гэж хэлэхэд ******* намайг түлхсэн, тэгэхээр нь би анх ямар гэрт орж ирлээ, одоо ямар болгоод байна гэж хэлээд бид хоёр үсдэлцээд гэрээс гарсан. Гадаа гарангуутаа би *******т хандаж үснээс тавиач гэж хэлэхэд үсийг маань ******* тавихгүй байсан. Тэгээд би *******ийн гарыг үснээсээ салгуулахдаа гараараа *******ийн нүүр лүү хүрсэн. Ингэхдээ би *******т гэмтэл учруулсан байх гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-147 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, гэрч П.*******, Х.*******э, Ц.*******, А.*******, Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Нарангэрлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн Долоон худаг гэх газарт иргэн Б.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхи, баруун зүүн хацар, баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Н-н гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Н-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Шүүгдэгч Б.Н гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөр нэхэмжилж хэрэгт баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч 5.000.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Н-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 149-154 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн засаг даргын тодорхойлолт, Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн засаг даргын жилийн эцсийн малын тооллогын тодорхойлолт зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Н нь ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ... гэх газарт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/16 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Н-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хугарсан хоолны төмөр халбага, хохирогч Б.С-н өмсөж явсан гэх Nike нэртэй подволк тус бүр 1 ширхгийг устгаж, хар өнгийн хос гутал, саарал өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн юүдэнтэй цамц тус бүр 1 ширхэгийг хохирогч Б.*******т буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугарсан хоолны төмөр халбага 1 ширхэг, Б.С-н өмсөж явсан гэх Nike нэртэй подволкыг устгах, хар өнгийн хос гутал, саарал өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ