Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ, Кёкүшюү таур 305 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Наос Ворлд” ХХК-ийн хүсэлттэй,

Х.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “Наос Ворлд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Хосбазарын Эрдэнэбаяр нь нэхэмжлэгч компанитай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Олон улсын тээвэрлэлтийн зардал төлөх зээлийн гэрээ байгуулж нэг сарын хугацаанд 500 ам.доллар нэхэмжлэгч талд төлөх үүрэг хүлээсэн билээ. Манай компани нь олон улсын тээвэр зуучын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч Хосбазарын Эрдэнэбаяр олон удаа 500 ам.доллар төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан боловч одоо хүртэл төлөөгүй төдийгүй бидний зүгээс түүний уулзахаар бидэнд өгсөн утасаар холбоо барьж уулзах гэж оролдсон боловч утасны дугаараа сольж хаяг нь тодорхойгүй байгаа билээ. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Хосбазарын Эрдэнэбаяр нь манай компанид 500 ам.доллар  буюу 1,176,690 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй. Иймд Хосбазарын Эрдэнэбаярын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч “Наос Ворлд” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч “Наос Ворлд” ХХК нь “Х.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 1,176,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Х.Эрдэнэбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь  2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Хосбаярын Эрдэнэбар /РД:ЧБ71032972/  байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Баяраагийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч “Наос Ворлд” ХХК-ийн “Х.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                                           ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Наос Ворлд” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хосбаярын Эрдэнэбар /РД:ЧБ71032972/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Хосбаярын Эрдэнэбар /РД:ЧБ71032972/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

  

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА