Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

   2022          02           11                                    2022/ШЦТ/68                             

                                                                                                                     

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Ш-ын Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С овогт А-ийн Б нарт холбогдох эрүүгийн 21100 0000 1230 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Одонтуяа, хохирогч/шүүгдэгч А.Б, хохирогч/шүүгдэгч Ш.Л нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Хүннү 2222 барилгын гадна фассатын  гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овгийн А-ийн Б /РД:/,

 

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, барилга дээр гагнуурчин ажил хийдэг гэх, ам бүл 1, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн 2009 оны 12 сарын 18-ны өдрийн 45А шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 2009 оны 07 сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 9 сарын хугацаагаар хорих ял тогтоосныг биеэр эдэлж дууссан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Ш-ын Л /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

1. Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжны 15 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой Ш.Л, Ш.С нарыг шалтгаангүйгээр цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2. Шүүгдэгч Ш.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжны 15 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар А.Б-той харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Ш.Л, А.Б нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч А.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч Ш.Л, Ш.С нарын биед би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй. Хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хэрэг болох үед би бага зэргийн согтолттой байсан юм. Бид нар хоорондоо маргалдаад, энэ асуудал үүссэн. Хялбаршуулсан байдлаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,

- мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: “Гэмт хэрэг гарсан өдрийг санахгүй байна. Би гадуур явж байгаад гэртээ буцаж ирж найзуудтайгаа дарс уусан. Тухайн үед бага зэрэг согтсон байсан. Эхнэрээ өмөөрсний улмаас хадам ахтайгаа муудалцаж, харилцан зодоон болсон. Эхнэр надад “Л ах загнаад байна” гэхэд нь би Л ах дээр орж “яах гэж жаахан дүүгээ ингэж байдаг юм” гэж маргалдсан. Тухайн үед болсон зүйлийг нарийн санахгүй байна. Нэлээн их зүйл болсон учраас санахгүй байна. Л ахыг цохисон зүйл байгаа. Надад гомдол,санал, нэхэмжилсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Ш.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би хэргийн үйл баримт болоод гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээ дэмжиж байна.“ гэсэн мэдүүлэг,

- мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: “...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. “Гэрт хүргээд өгөөч” гэхэд “үгүй” гэснээс болж А.Бтой бага зэрэг маргалдсан. Одоо гомдол санал байхгүй. Миний ажил төрөл хэвийн үргэлжилж байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 21100 0000 1230 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Л-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын 17-15 тоотод байх С гэдэг эгчийнхээ гэрт ирсэн. Эгчийг гэртээ байхгүй байхаар нь найз Нарантөгсийн хамт “Хараа” нэртэй 0.75 литрийн архи аваад, хуваагаад ууж байхад манай эгч С гэртээ ирсэн.

Тэгээд бид хоёр “Сэнгүр” нэртэй 2 литрийн пиво авч өгснөөс 2-3 аяга уусан. Удалгүй манай найз Нарантөгс гэртээ хариад, эгч С бид хоёр гэртээ байж байхад манай хамгийн бага дүү Отгонцэцэгийн дүү Б гаднаас орж ирсэн.

...Тэгснээ шууд “та нар даврах болоогүй шүү, чи надад муу машин өгснөө юу гэж бодоод байгаа юм” гээд миний зүүн нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь эсэргүүцээд Бг би хэд хэдэн удаа цохисон ба хаана нь цохисныг санахгүй байна. Б гэрээс гараад нэг залуу дуудаж оруулж ирээд, миний толгой руу гараараа цохиод байхаар нь би доошоо болоход гурилын модон элдүүр барьчихсан, миний толгой руу цохиод байсан. Тухайн үед манай эгч С намайг хамгаалах гээд урдуур ороход хүзүүнээс нь боогоод “муу янхан” гээд орилоод байсан.

Тэгээд миний хамраас цус гараад байж байхад Б яваад өгөхөөр нь цагдаад дуудлага өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17, 18 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.С-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гадуур явж байгаад Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын 17-615 тоотод байх гэртээ ирэхэд манай дүү Л, найз Төгсөөгийн хамт манай гэрт архи уугаад сууж байсан. Би гэртээ орохдоо 2 литрийн Сэнгүр нэртэй пиво авч орсон ба дүү Лд пиво өгсөн. Бид гурав пивоо уугаад сууж байхад Төгсөө гэртээ харьсан.

Ингээд байж байхад манай хамгийн бага охин дүү Отгонцэцэгийн нөхөр Б орж ирээд шууд манай дүү Лгийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Дүү Л биеэ хамгаалаад буцаагаад гараараа Бг цохих шиг болсон. Тэгэхэд Б гурилын элдүүрээр Лгийн толгой руу цохиод байхаар нь би салгах гээд дундуур ороход миний хоолойг гараараа боогоод “янхан минь” гээд байсан. ...Б гэрээс гарахдаа миний зүүн талын ташаа руу хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд хашаанаас гараад явсан. Миний баруун талын хүзүү зулгарчихсан, зүүн талын ташаа өвчтэй, явж чадахгүй байна. ...Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22, 23 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Бийн хохирогчоор өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гадуур эхнэр Отгонцэцэгтэй хамт явж байхад манай эхнэрийн ах Л утсаар яриад “яг одоо намайг ирж аваад гэрт хүргээд өгөөдөх” гэхээр нь би “ээжийнх рүү явж байна, амжихгүй” гэж хэлэхэд урдаас орилоод байхаар утсаа тасалчихсан. ...Тэгээд эхнэр, бид хоёр Л ахыг авахаар С эгчийн гэрт ирээд ороход бүгд архи уусан байдалтай унтаж байхаар нь Л ахыг сэрээгээд “босоорой, явъя” гэхэд “чи надтай яаж харьцаад байгаа юм бэ” гээд босож ирээд заамдаад авахаар нь би гарыг нь барихад намайг мөргөөд, заамдсан гараа тавихгүй байхаар нь цааш түлхээд хойшоо болсон.

Тэгэхэд С эгч босож ирээд намайг алгадаад, үсдээд байсан. Ингээд бид гурав ноцолдоод байж байхад манай дүү Бямбасүрэн гаднаас орж ирээд Л ахын гарыг надаас тавиулаад цааш нь түлхэхэд газар унаад босохдоо гурилын элдүүр аваад ...миний гарыг цохисон. ...Тэгээд эхнэр, дүү, бид гурав хадам ээжийнд очоод байж байхад Л ах араас ирээд намайг барьж аваад үсдээд доош нь дараад цохиод байсан, би хаашаа хэдэн удаа цохисныг хараагүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26-27, 28 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Отгонцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр Б-ийн хамт гадуур явж байхад Л ах залгаад “ахыгаа гэрт хүргээд өг” гэхээр нь би “амжихгүй, хадмын гэрт явж байна” гэсэн. ...Тэгээд байж байхад Л ахын эхнэр залгаад “ах чинь согтуу байгаа юм байна, очоод аваад ирээч” гэхээр нь Б- бид хоёр С эгчийн гэрт очоод, “явъя” гэхэд Л ах босож ирээд “чи яасан том болчихсон юм бэ” гээд манай нөхөр Б-ийг заамдаж аваад, толгойгоороо манай нөхрийн хамар луу мөргөсөн юм.

Тэгэхэд манай нөхөр ахыг хойш нь түлхэхэд газар унаад босож ирээд, Б-той барьцалдаж авсан. Энэ үед С эгч ирээд “манай дүүг яах гээд байгаа юм бэ” гээд байшингийн буланд ноцолдоод, хоорондоо салахгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30-31 дэх тал),

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11593 дугаартай:

1. А.Б-ийн биед тархи доргилт, зүүн чамархай, баруун шилбэ, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун шилбэ, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 49-50 дахь тал),

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11610 дугаартай:

1. Ш.С-ын биед зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 55-56 дахь тал),

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11609 дугаартай:

1. Ш.Л-ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чамархай, зүүн хацар, хамар, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2022.11.19-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 61-62 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Л-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би Б-той маргалдаад түүний толгой, нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон, гэхдээ яг хаана хэдэн удаа цохисноо санахгүй байна. Би гэм буруу дээр маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 114-115 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ш.Рэнцэнпүрэв (хэргийн 36 дахь тал), гэрч Ш.Бүжинлхам (хэргийн 42-43 дахь тал) нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 65 дахь тал), Хан-Уул дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 86 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 98 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 127 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 45А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 133-137 дахь тал), шүүгдэгч Ш.Лгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 143 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Намайг цохиж зодоод байхаар нь уурандаа Лгийн нүүр лүү 2-3 удаа цохисон. С эгч Л бид хоёрыг зодолдож байхад дундуур орж ирээд надад цохиулсан.

Тухайн үед бужигнаад юу болоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. ...Би гэм буруу дээр маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 108-109 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Л (хэргийн 40 дэх тал), гэрч Ж.Алтангэрэл (хэргийн 46 дахь тал) нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 67 дахь тал), Баянзүрх дүүргийн 27-р хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 89 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 90 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 128 дахь тал), шүүгдэгч А.Боос өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 142 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч А.Б, Ш.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, мөн хэргийн хохирогч нар нь гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, нэр бүхий шүүгдэгч нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 142-143 дахь тал) 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 170 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар А.Б, Ш.Л нарт холбогдох эрүүгийн 21100 0000 1230 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Б, Ш.Л нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжны 15 тоотод үл ялих зүйлээр шалтаглан Ш.Лтэй маргаан үүсгэж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт нь гараараа болон гурилын элдүүр модоор цохих зэргээр зодож цохисны улмаас Л.Лгийн биед “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чамархай, зүүн хацар, хамар, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Мөн тухайн газарт, тухайн цаг хугацаанд маргааныг таслан зогсоож, салгах гэж тэдний дундуур нь орсон Ш.Сын хоолойг нь боож түлхэх, зүүн ташаа хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь “зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад нь цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Ш.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжны 15 тоотод А.Бтой маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг заамдан, гараараа цохих зэргээр зодож, А.Бийн биед “тархи доргилт, зүүн чамархай, баруун шилбэ, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Ш.Лгийн: “...Б гаднаас орж ирсэн. ...Тэгснээ шууд “та нар даврах болоогүй шүү, чи надад муу машин өгснөө юу гэж бодоод байгаа юм” гээд миний зүүн нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь эсэргүүцээд Бг би хэд хэдэн удаа цохисон ба хаана нь цохисныг санахгүй байна. Б гэрээс гараад нэг залуу дуудаж оруулж ирээд миний толгой руу гараараа цохиод байхаар нь би доошоо болоход гурилын модон элдүүр барьчихсан, миний толгой руу цохиод байсан. Тухайн үед манай эгч С намайг хамгаалах гээд урдуур ороход хүзүүнээс нь боогоод “муу янхан” гээд орилоод байсан. Тэгээд миний хамраас цус гараад байж байхад Б яваад өгөхөөр нь цагдаад дуудлага өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17, 18 дахь тал),

- хохирогч Ш.Сын: “...манай хамгийн бага охин дүү Отгонцэцэгийн нөхөр Б орж ирээд шууд манай дүү Лгийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Дүү Л биеэ хамгаалаад буцаагаад гараараа Бг цохих шиг болсон. Тэгэхэд Б гурилын элдүүрээр Лгийн толгой руу цохиод байхаар нь би салгах гээд дундуур ороход миний хоолойг гараараа боогоод “янхан минь” гээд байсан. ...Б гэрээс гарахдаа миний зүүн талын ташаа руу хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд хашаанаас гараад явсан. Миний баруун талын хүзүү зулгарчихсан, зүүн талын ташаа өвчтэй, явж чадахгүй байна. ...Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22, 23 дахь тал),

- хохирогч А.Бийн: “...Тэгээд эхнэр, бид хоёр Л ахыг авахаар С эгчийн гэрт ирээд ороход бүгд архи уусан байдалтай унтаж байхаар нь Л ахыг сэрээгээд “босоорой, явъя” гэхэд “чи надтай яаж харьцаад байгаа юм бэ” гээд босож ирээд заамдаад авахаар нь би гарыг нь барихад намайг мөргөөд, заамдсан гараа тавихгүй байхаар нь цааш түлхээд хойшоо болсон. Тэгэхэд С эгч босож ирээд намайг алгадаад, үсдээд байсан. Ингээд бид гурав ноцолдоод байж байхад манай дүү Бямбасүрэн гаднаас орж ирээд Л ахын гарыг надаас тавиулаад цааш нь түлхэхэд газар унаад босохдоо гурилын элдүүр аваад ...миний гарыг цохисон. ...Тэгээд эхнэр, дүү бид гурав хадам ээжийнд очоод байж байхад Л ах араас ирээд намайг барьж аваад үсдээд доош нь дараад цохиод байсан, би хашаа хэдэн удаа цохисныг хараагүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26-27, 28 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11593 дугаартай:

1. А.Бийн биед тархи доргилт, зүүн чамархай, баруун шилбэ, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун шилбэ, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 49-50 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11610 дугаартай:

1. Ш.Сын биед зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 55-56 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11609 дугаартай:

1. Ш.Лгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чамархай, зүүн хацар, хамар, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2022.11.19-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 61-62 дахь тал),

- гэрч Ш.Отгонцэцэгийн мэдүүлэг (хэргийн 30-31 дэх тал) болон шүүгдэгч А.Б, Ш.Л нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 108-109, 114-115 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч А.Бийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжны 15 тоотод үл ялих зүйлээр шалтаглан Ш.Лтэй маргаан үүсгэж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт нь гараараа болон гурилын элдүүр модоор цохих зэргээр зодож цохисны улмаас Л.Лгийн биед “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чамархай, зүүн хацар, хамар, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Мөн тухайн газарт, тухайн цаг хугацаанд маргааныг таслан зогсоож, салгах гэж дундуур нь орсон х гэж тэдний маргааныг таслан зогсоож салгах гэж дундуур нь орсон Ш.Сын хоолойг нь боож түлхэх, зүүн ташаа хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь “зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад нь цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Ш.Лгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар гудамжны 15 тоотод А.Бтой маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг заамдан, гараараа цохих зэргээр зодож, А.Бийн биед “тархи доргилт, зүүн чамархай, баруун шилбэ, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Ш.Лгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд нь тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч Ш.Л, А.Б нар нь тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ш.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч А.Б, Ш.Л, Ш.С нарын эрүүл мэндэд тус тус учирсан хөнгөн хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч А.Б, Ш.Л, Ш.С нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо тус тус илэрхийлсэн (хэргийн 18, 23, 28, 118 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 67 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ш.Лгийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 2009 оны 12 сарын 18-ны өдрийн 45А шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 2009 оны 07 сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 9 сарын хугацаагаар хорих ял тогтоосныг биеэр эдэлж дууссан нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 сарын 18-ны өдрийн 45А дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон байна. (хэргийн 65, 133-139 дүгээр тал)

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Ш.Лгийн урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг шүүх түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдалд тооцон үзэхгүй юм.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх, шүүгдэгч А.Б, Ш.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч нарын хувийн байдал болон нэр бүхий хохирогч А.Б, Ш.Л, Ш.С нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.  

 

Энэ хэрэгт А.Б, Ш.Л нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Б, Ш.Л, Ш.С нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                          ТОГТООХ нь:

 

1. М овогт Ш-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- С овогт А-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Лг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар  А.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б, Ш.Л нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт А.Б, Ш.Л нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Б, Ш.Л, Ш.С нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б, Ш.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД