Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

    2022            02           11                                         2022/ШЦТ/70                                 

                                                                                                                  

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт О-ийн Б-д холбогдох эрүүгийн 21100 2049 0063 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, “Хөгжил Трейд” ХХК-д машинист ажил эрхэлдэг, ам бүл 8, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт О-ийн Б /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хотхонд хохирогч М.О-гийн гээсэн 534.700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51 загварын утсыг дүү О.М нь олж авсан байхад өөрийн захиран зарцуулах эрхгүй бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                      

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би тухайн гар утсыг авахдаа бусдын эд хөрөнгө гэдгийг ойлгож мэдэж байсан. Тэгээд гар утсыг нь биет байдлаар хохирогчид буцааж өгсөн. Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Би ажил хөдөлмөр эрхэлдэг, сард 1.000.000 төгрөгийн орлоготой. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 2049 0063 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.О-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа хорооллын хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхдээ салхилуулсан. Би утсаа зүүн талынхаа халаасанд хийсэн. Тэгээд утсаараа ярих гэхэд утас байхгүй байсан юм. Би хүүхдээ тэврээд явж байхдаа хүүхэдтэй эгчтэй зөрсөн, өөр хүн байгаагүй. Тэгээд өөрийн 99070301, 99340361 дугаар луу залгахад эхлээд дуудаж байснаа дараа нь холбогдох боломжгүй болчихоор нь цагдаагийн байгууллагад хандсан.

Миний гар утас Самсунг А51 загварын хөх өнгийн, гадна талдаа улаан өнгийн гэртэй байсан. Би гар утсаа 2021 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн худалдааны төвөөс 950.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Имей код нь 350678890532723, 357510190532728. ...Миний утсыг олж өгсөнд баярлалаа, утсаа таньж байна. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 10-11 дэх тал),

 

2. Иргэний нэхэмжлэгч М.Цэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Надад ажлын шаардлагаар өөрийн Iphone загварын гар утсаа Samsung загварын гар утсаар солих шаардлага гарсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 2-6 тоот гэртээ фейсбүүкээ Iphone 8 загварын гар утсыг Samsung загварын гар утсаар солино гэсэн зар оруулахад Билгүүн гэх хаягаас “Samsumg A51 загварын гар утас байна гэсэн чат” ирсэн. Тэр өдрийн 23 цагийн үед утсаа солихоор болоод Гандангийн хойд талын автобусны буудал дээр би эхнэрийн хамт очиход 95227315 дугаарын утаснаас яриад, нэг залуу миний машинд суусан юм. Тэгээд утсаа үзэж хараад, хоорондоо “өгсөн авсандаа өлзийтэй” гээд солилцоод явсан.

Удаагүй цагдаагийн газраас залгахаар нь ирсэн юм. ...Би өөрийн гар утсаа олж авмаар байна, энэ утас хүнийх гэдгийг мэдээгүй болохоор гомдолтой байна.

Миний Iphone-8 загварын гар утсаа олж авмаар байна. Би 2021 оны 3 дугаар сард 500.000  төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ мөнгөө болон утсаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13, 20-22 дахь тал),

 

3. Иргэний нэхэмжлэгч С.Цэндбаярын бичгээр гаргасан “...Миний бие иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, нийт 500.000 төгрөгөөр хохирсон. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирлоо барагдуулж авсан учир надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт (хэргийн 73 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Билгүүний гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөө байдаг ажлаасаа гэртээ ирсэн. Тэгээд фейсбүүк ороход “Самсунг А51 загварын гар утас 350.000 төгрөгөөр зарна” гэсэн зар байхаар нь асуухад “асуудалгүй утас байгаа” гэсэн. Тэгэхээр нь Чингэлтэй дүүргийн 7 буудал гэх газар цагаан өнгийн Camry загварын автомашин дотор уулзахад машин дотор ээж, хүү хоёр байсан юм.

Зарах гэж байгаа утсыг нь үзэж хараад авахаар болоод 350.000 төгрөгийг шилжүүлээд авсан. Би тэр утсыг ашиглаж байгаад 2021 оны 10 дугаар сард Гандангийн тэнд нэг залуутай Iphone загварын гар утсаар сольсон юм. Тэгээд удаагүй байж байхад цагдаагийн байгууллагаас залгаад дуудсан. Iphone загварын гар утсыг саяхан өөр хүнд зарчихсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 15 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхбатын гэрчээр өгсөн:

“...2021 оны хэдэн сарын хэдэнд гэдгийг санахгүй байна. манай ээж надад “манай ажлын хүн Самсунг А51 загварын гар утас зарна гэнэ, чи авах юм уу” гэхээр нь би үзэж хараад 150.000 төгрөгөөр Булгантамир гэх хүнээс авсан.

Мөнгийг нь өөрийн данснаас шилжүүлэн өгсөн. Тэгээд удаагүй тэр утсыг Чингэлтэй дүүргийн 7 буудал гэх газарт ээж, охин хоёрт 350.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд байж байхад удаагүй цагдаагийн газраас залгасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17 дахь тал),

 

6. Эд зүйл түр хураан авч, хохирогч М.О-д “Самсунг А51” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 23-24 дэх тал),

 

7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ХУ2-21-559 дугаартай:

 “...үнэлэгдэж буй Samsung A51 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 534.700 /таван зуун гучин дөрөв мянга долоон зуу/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 46-47 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй О.М-ийн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1043-40 тоотоос ах Баттөгөлдөрийн хамт гарсан. Ах АТМ явсан ба би тоглоомын талбайд тоглож байгаад гулсуурын хажуу талаас улаан өнгийн гэртэй гар утас байхаар нь аваад харахад 4-5 камертай, том хэмжээтэй гар утас байсан. Тэр утсыг би халаасандаа хийгээд 16 цаг хүртэл тоглож байгаад гэртээ орсон юм. Би олсон гар утсыг мартаад, орой ахдаа үзүүлэхэд “ахдаа өгчих, надад байж байг” гээд авсан. Тэгээд тэр утсыг ах яасныг бол мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 69 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өглөө ажилдаа яваад орой 20 цаг болж байхад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 1043-40 тоот гэртээ ирэхэд манай дүү Маргад-Эрдэнэ “агаа би гаднаас тоглож байгаад ийм гар утас болсон” гэж надад гар утас үзүүлэхээр нь харахад Самсунг А51 загварын, улаан өнгийн гэртэй гар утас байсан. Би тухайн гар утсыг асаагаад үзэхэд код нэхэж байсан. Тэгээд Буянт-Ухаа 2 хорооллын группт утсаа хаясан хүн юм бичих байх гэж бодсон.

7 хоногийн дараа эзэн нь сураглахгүй байхаар нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлын газрын эгч Энхжаргал гэх хүний хүүхдэд 150.000 төгрөгөөр зарчихсан. Гар утсаа хураалгасан гэх Цэндбаяр гэх залуугийн хохирлыг би бүрэн барагдуулж өгнө.” гэсэн мэдүүлэг (хэргийн 67 дахь тал) баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 56 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 99 дэх тал), шүүгдэгч О.Бас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар (хэргийн 79 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хөрөнгө үнэлгээний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн үнэлгээчин гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 79 дэх тал) 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар О.Бд холбогдох эрүүгийн 21100 2049 0063 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хотхоны тоглоомын талбайд иргэн М.О-гийн гээсэн 534.700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51 загварын утсыг түүний насанд хүрээгүй дүү О.М нь олж авсныг өөртөө шилжүүлэн авч, улмаар 150.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж мөнгийг нь ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч М.О- (хэргийн 10-11 дэх тал), иргэний нэхэмжлэгч  М.Цэндбаяр (хэргийн 13, 20-22 дахь тал), гэрч Б.Билгүүн (хэргийн 15 дахь тал), гэрч Б.Мөнхбат (хэргийн 17 дахь тал), насанд хүрээгүй гэрч О.М (хэргийн 69 дэх тал) нарын мэдүүлэг,

- Эд зүйл түр хураан авч, хохирогч М.О-д “Самсунг А51” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 23-24 дэх тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ХУ2-21-559 дугаартай:

 “...үнэлэгдэж буй Samsung A51 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 534.700 /таван зуун гучин дөрөв мянга долоон зуу/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 46-47 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч С.Цэндбаярын бичгээр гаргасан: “...Миний бие иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, нийт 500.000 төгрөгөөр хохирсон. 2022 оны 1 сарын 21-ны өдөр хохирлоо барагдуулж авсан учир надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт (хэргийн 73 дахь тал)

- шүүгдэгч О.Батбулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 67 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэж ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө,...бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хотхоны тоглоомын талбай орчимд иргэн М.О-гийн гээсэн Самсунг А-51 загварын, 534.700 төгрөгийн үнэ бүхий гар утсыг түүний насанд хүрээгүй дүү О.М нь олж авсныг өөртөө шилжүүлэн авч, улмаар уг утас нь бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулж, ашигласан үйлдэл нь “ гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчлан тогтоосон.

 

Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ХУ2-21-559 дугаартай дүгнэлтээр хохирогч М.О-гийн гээгдүүлсэн “Самсунг А51” маркийн гар утсыг хэрэг гарсан тухайн цаг үеийн зах зээлийн хандлагын аргаар үнэлж, үнийг 534.700 /таван зуун гучин дөрөв мянга долоон зуу/ төгрөг гэж тогтоосон /хэргийн 46-47х/ ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Шүүгдэгч О.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч М.О-гийн алдагдсан гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан, мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлт (хэргийн 71, 73 дахь тал), Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 23-24 дэх тал) баримтуудаар тус тус нологдсон.

    

Хан-Уул дүүргийн прокуророос О.Б-ын дээрх гэмт үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна. 

 

Иймд шүүгдэгч О.Б-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.       

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.О-, иргэний нэхэмжлэгч М.Цэндбаяр нарт учирсан хохирол, хор уршиг биет байдлаар болон мөнгөөр тус тус нөхөн төлөгдсөн болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон      

                                                         ТОГТООХ нь:

 

1. Б овогт О-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр сайн дураараа биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.О, иргэний нэхэмжлэгч М.Цэндбаяр нар нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг  тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД