Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

     2022         02           11                                       2022/ШЦТ/71                                 

 

 

                                                                                                                     

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л овогт Б-ийн Н-т холбогдох эрүүгийн 21100 2278 0091 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд туслах тогооч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Б-ийн Н /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын талбайд байрлах ажилчдын хувцас солих өрөөнөөс Д.О-ын банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, картнаас 400.500 төгрөгийг уншуулан авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:            

1. Шүүгдэгч Б.Н-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчид хохирлыг бүрэн төлсөн. Би тухайн компанид ажиллах хугацаандаа нэг ч удаа цалин аваагүй. Тэгээд эд зүйлээ авахаар нөхрийн хамт очиход тэнд байсан хүмүүс архидаж байгаад цагдаад баригдаж явсан байсан ба манаачаас өөр хүн байхгүй байсан. Намайг хувцасны өрөөнд ороход хэтэвч байсныг нь авсан. О бид нарт картаа өгч дэлгүүр лүү архинд явуулдаг байсан учраас картынх нь нууц кодыг мэддэг байсан. Тэгээд картнаас авсан мөнгийг байрны түрээс, ломбардад барьцаанд тавьсан байсан эд зүйлийг авахад зарцуулсан. Надад гэм буруу дээр маргах зүйл байхгүй.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 2278 0091 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны хажууд баригдаж байгаа барилга дээр өөрийн түрүүвчээ куртикний халаасанд хийсэн байсан. Тэгээд би ажлаа хийж байхад Мөөгий, Нараа гэх хоёр хүн орж ирээд хөнжил, эд зүйлээ авсан. Тэгээд ажил дээрээ байж байхад миний утсанд 400.000 төгрөгийн зарлага гарсан талаар мессеж ирэхээр нь би гайхаад харахад миний Хаан банкны картаас мөнгө авсан байсан. Би куртикний халаасаа шалгахад түрүүвч алга болсон байсан ба би Хаан банк руу залгаж лавлахад “таны картыг Хас банкны АТМ-д уншуулсан байна” гэж хэлсэн.

...Надад учирсан хохирол буюу 400.500 төгрөгийг Наранбилэг бэлнээр өгсөн тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан банкны карт, Төрийн банкны карт, автобусны карт зэргийг буцааж өгсөн. ...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14, 15 дахь тал),

 

2. Д.О-ын эзэмшлийн Хаан банкин дахь 5030хххх33 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 32 дахь тал),

 

3. “Хас” банкны хяналтын камерын бичлэгт үзлэг тэмдэглэл, СD 1 ширхгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол баримт /хэргийн 24-25х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би өөрийн хийсэн хэрэгт маш их харамсаж байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр буюу ажлын газраасаа хөнжил, хувцас, эд зүйлээ авахаар нөхрийн хамт очсон юм. Тэгээд ажилчдын гэрт ганцаараа байх үедээ Оын түрүүвч, картыг авсан бөгөөд Хаан банкны картыг нь Хас банкны АТМ-д уншуулан 400.000 төгрөгийг авсан юм. Тэгэхэд шимтгэл гэж 500 төгрөг хасагдсан байгаа.

Би энэ талаар нөхөртөө хэлээгүй бөгөөд мөнгийг өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 39-41 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 44 дэх тал) Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 45 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт (хэргийн 51 дэх тал) гаргаснаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч хангасан, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, (хэргийн 56-58 дахь тал) эрүүгийн 21100 2278 0091 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Нийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын талбайд байрлах ажилчдын хувцас солих өрөөнөөс Д.О-ын Хаан банкны карттай хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар картаас нь 400.000 төгрөгийг уншуулан авч, Д.О-ад 400.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын талбайд байрлах ажилчдын хувцас солих өрөөнөөс Д.О-ын Хаан банкны карттай хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар картаас нь 400.000 төгрөгийг уншуулан авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн, хувийн хэрэглээндээ ашиглаж захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Б.Н нь шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ын эд хөрөнгөд нийт 400.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогчийн Хаан банкин дахь 5030хххх33 тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15:29 цагт 400.000 төгрөг зарлага гарсан талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 32х/ баримтаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч Д.О- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад учирсан хохирол буюу 400.500 төгрөгийг Наранбилэг бэлнээр өгсөн тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.

Мөн миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан банкны карт, Төрийн банкны карт, автобусны карт зэргийг буцааж өгсөн.” гэж мэдүүлсэн (хэргийн 15 дахь тал) байх тул гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулах төлбөр хохиролгүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн (хэргийн 47 дахь тал) баримттай байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн болон хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Д.О- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Б.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.О- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

                                                    ТОГТООХ нь:

 

1. Л овогт Б-ийн Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-т 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.О- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД