Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Базарханд |
Хэргийн индекс | 187/2022/0111/Э |
Дугаар | 2022/ШЦТ/86 |
Огноо | 2022-02-12 |
Зүйл хэсэг | 10.6.1., |
Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/86
2022 02 15 2022/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж-ын А-д холбогдох эрүүгийн 21100 1784 1202 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ж.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Санк” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Ж-ын А- /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ж.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн зориулалттай баригдаж байгаа барилга дээр “Санк” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажил болох өндрийн ажилд мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан, нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай 3-аас доошгүй зэрэгтэй хүнээр өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж, уг шаардлагыг хангаагүй ажилтан Э.Гөөр барилгын 3 давхарт тагтны хажуу хананд хэв хашмал угсрах ажил үүрэг гүйцэтгүүлэх явцад Э.Г нь унаж, биедээ гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтний хавсарсан хүнд гэмтэл авч нас барсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 264 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 заалт болон мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Ж.Ад холбогдох эрүүгийн 21100 1784 1202 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааг даруй буюу боломжит богино хугацаанд үргэлжлүүлэн явуулахаар тогтож шийдвэрлэснийг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Надад гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би “Санк” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай. Амь хохирогч манай байгууллагад мужаанаар ажиллаад 6-7 хонож байсан.
Хэрэг учрал болдог өдөр би хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаанд гарын үсэг зуруулсан. Амь хохирогчийн ар гэрт одоогийн байдлаар 41.000.000 төгрөг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 95.000.000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээнд заасан графикийн дагуу цаашид төлж барагдуулна. Би одоо ажлаа хийж байгаа, сард 1.500.000 төгрөгийн цалинтай. ” гэсэн мэдүүлэг,
Гурав: Эрүүгийн 21100 1784 1202 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Zaisan Square төвийн хажууд баригдаж буй барилгад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 09-12 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өын хохирогчоор өгсөн:
“...Талийгаач Э.Г бид хоёр 2015 онд танилцаж, 2016 онд гэр бүл болсон бөгөөд албан ёсны гэр бүлийн баталгаатай. Бид хоёр дундаасаа 3 настай охинтой байгаа юм. Манай нөхөр хувиараа барилгын ажил хийдэг байсан. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө ажилдаа явна гээд гарсан, тэгээд 14 цаг 45 минутын орчим утсаар аавыг хүргэж өгөх талаар ярихад “ажилтай байна” гэж байсан. Удалгүй дахин яриад “хайр нь өндрөөс дүүжлэгдээд юм хийж байна” гэсэн.
15 цаг 59 минутын үед “Гантөгс өндрөөс уначихлаа, 2 давхраас унасан. Чи Гэмтлийн эмнэлэг рүү яаралтай хүрээд ир” гэхээр нь очиход түргэний машин ирээгүй байсан ба 16 цаг 30 минутын үед түргэний машин ирэхэд Гантөгс ухаангүй, толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд эмнэлгийн өрөө рүү ороод 20-30 орчим минут болоод “нас барчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Чинбатын гэрчээр өгсөн:
“...Би өөрийн найз Э.Гтэй хамт Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан скүэрийн хажуу барилга дээр мужаанаар цагийн ажил хийж байсан юм. Бид нар албан ёсны ажилчид биш бөгөөд ажлаа гүйцэтгээд мөнгөө авдаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр талийгаач Э.Г бид хоёр 3 давхрын зүүн талын тагтны хажуу хана хэсэгт хэв хашмал угсарч байх явцад Э.Г гэнэт доош унаж гэмтсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт дээр очиж үзүүлж байх үедээ нас барсан.
Талийгаач хамгаалалтын хувцас, бүс, малгай зэргийг өмсөөд дэгээ төмрөө углаад, бэхэлгээгээ хийгээд өөрөө биеэр шалгаад, надаас хэв хашмал авах гээд тонгойх үед гэнэт доош унасан. Би хамгийн түрүүнд очиж хамгаалалтын бүсийг тайлж үзэхэд тасарсан зүйл байгаагүй. Миний бодлоор талийгаач хамгаалалтын дэгээ түгжээг сайн үзэлгүй бэхэлсэн байх гэж бодож байна.
...“Санк” ХХК-аас аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг бөгөөд өнөөдөр өглөө гарын үсэг зуруулсан байгаа. Өглөө намайг ирэхэд талийгаачид зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30-31 дэх тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Ишдоржийн гэрчээр өгсөн:
“...Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан скүэрийн зүүн талд баригдаж байгаа орон сууцны хашаан дотор цэвэрлэгээ хийгээд явж байхад барилгын зүүн тал руу хүмүүс гүйлдээд байхаар нь дараад очиход нэг эрэгтэй хүн газар унасан бололтой, хажуу талаараа хараад амьсгаадаад хэвтэж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ өргөөд, хавтан дээр хэвтүүлсэн. Миний 89895083 дугаарын утаснаас түргэн дуудлага өгсөн. Ингээд 20 орчим минутын дараа түргэний машин ирэхээр нь гэмтсэн хүнийг машинд нь оруулж өгсөн. Бид нар өглөө ажилдаа ирээд ажлаа эхлэх үед ХАБ-ын ажилтан зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулдаг.” гэсэн мэдүүлэг (хэргийн 33 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мөнхбатын гэрчээр өгсөн:
“...Манай “Санк” ХХК нь 2010 оноос хойш барилга угсралтын ажлыг 16 давхар хүртэл барих зөвшөөрөлтэй ажил хийж байгаа. Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн барилга дээр 2021 оны 7 дугаар сарын дундуур “Ирксиб строй” ХХК-аас 16 давхар хүртэл барилгын угсралтын ажлыг авч гүйцэтгэж байгаа.
Манай гэр бүлийн хүн Ж.А нь барилгын хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер, мөн талбай дээр даамлаар ажилладаг юм. Э.Г нь манай барилга дээр 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 4 хоног ажилласан гэж манай ажилчид надад хэлсэн юм. Тэгээд барилга дээр мужаанаар ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цагаар ажиллаж байсан. Э.Г нь барилгын гадна талын хэв хашмал угсарч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 36-37 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Гантуяагийн гэрчээр өгсөн:
“...”Ирксиб строй” ХХК нь аялал жуулчлалын зориулалттай 1.5 га газрыг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан скүар төвийн зүүн талд авсан бөгөөд уг газар дээр үйлчилгээний төвийн зориулалттай 16 давхар барилгын ажлыг эхлүүлэхээр болж, ерөнхий гүйцэтгэгч компаниар “Санк” ХХК-тай гэрээ хийж, барилгын ажлыг 2021 оны 6-7 дугаар сарын үед эхлүүлсэн.
2021 оны 9-р сарын 17-ны өдөр барилгын ажил 2 давхрын цутгалт аваад хэв хашмал хуулах ажиллагаа явж байсан. Гүйцэтгэгч “Санк” ХХК-ийн ажилтан хэв хашмал хуулах явцад осолд орсон гэж мэдэгдсэн. Манайх компани захиалагч учир гүйцэтгэгч компани нь ямар ажилтан авч ажиллуулж байгаа талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 49-50 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бямба-Эрдэнийн гэрчээр өгсөн:
“...Талийгаач Э.Г нь ажил хийхээр манай компани дээр ирж уулзахаар нь би ажлын талбай хийх ажлыг харуулаад, хэдэн төгрөгөөр ажиллах талаар ярилцсан. Захирал Мөнхбат, Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Алтантуяа бид гурав ярилцаад Гантөгсийг ажиллуулахаар болоод амаар тохиролцсон. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө Хөдөлмөр аюулгүй байдлын инженер Алтантуяа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд, хүмүүсийг ажилд гаргасан ба миний бие барилгын талбайн ерөнхий явцыг хариуцан ажиллаж байхад осол болсон.
Тухайн өдөр Алтантуяа бид хоёр хоёулаа барилгын талбай дээр байсан. ...Барилгын талбай дээр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, Э.Г нь хамгаалалтын бүс, хувцас, багаж хэрэгсэлтэй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 56-57 дахь тал),
8. ШШҮХ-ийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1949 тоот актын:
ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОШ:
1. Өндрөөс уналт: Гавал, тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтний битүү гэмтэл: Гавлын баруун зулай, баруун чамархай, суурь ясны хугарал. Их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, суурь хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, гүүр хэсгийн эдийн цус харвалт. Өнчин тархины цус харвалт. Бага тархины аалзан хальсан доорх цус харвалт. Баруун 8, зүүн 6-р хавирганы хугарал. Баруун уушгины эдийн няцрал, цус хуралт. Голтын цус хуралт. Баруун, зүүн бөөрний өөхөн эд, бөөрний хальсны цус хуралт. Баруун зулайн хуйханд шарх. Баруун чихний дэлбэн, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, хамар, баруун хацар, дээд уруул, доод уруул, эрүү, хүзүү, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, нуруу, баруун өвдөгт зулгаралт.
3. Элэг өөхлөлт.
ДҮГНЭЛТ:
1.4.5. Талийгаачийн биед гавал, тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтний битүү гэмтэл: Гавлын баруун зулай, баруун чамархай, суурь ясны хугарал. Их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, суурь хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, гүүр хэсгийн эдийн цус харвалт. Өнчин тархины цус харвалт. Бага тархины аалзан хальсан доорх цус харвалт. Баруун 8, зүүн 6-р хавирганы хугарал. Баруун уушгины эдийн няцрал, цус хуралт. Голтын цус хуралт. Баруун, зүүн бөөрний өөхөн эд, бөөрний хальсны цус хуралт. Баруун зулайн хуйханд шарх. Баруун чихний дэлбэн, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, хамар, баруун хацар, дээд уруул, доод уруул, эрүү, хүзүү, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, нуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Талийгаач нь элэг өөхлөлттэй байжээ.
6. Талийгаачийн цус, шээс, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй болно.
7. Эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул дээрх асуултад хариулах боломжгүй байна.
8. Талийгаач нь дээрх гавал, тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
9. Талийгаачид 2021.09.17-ны өдрийн 21:35 цагийн үед цогцосны анхны үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байжээ.
10. Талийгаач нь АВО системээр B (III) бүлгийн цустай.
11. Талийгаач нь 174 см урттай байжээ.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 61-66, 67-68 дахь тал),
9. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ХАБ-24/21 дугаартай дүгнэлтэд:
Асуулт 1. Амь хохирогч Э.Г нь хэв хашмал угсрах ажил хийж байх үедээ унаж гэмтэж нас барсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх:,
Хариулт-1. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн Нэг. Нийтлэг үндэслэл: 1.2. /Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдөнө./ гэж заасан байна.
Энэхүү дүрмийн 1.7. /Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ./ гэж заасан байна.
Иймд ажил гүйцэтгүүлэгч “Санк” ХХК-д барилга дээр гадна хана хэв хашмал угсрах ажил гүйцэтгэж байсан Э.Г нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:/ 2.1.1. /ажлын байрандаа ажил гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно.
Асуулт-2. Хэрэв осол мөн бол хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ямар дүрэм журам зөрчигдсөн болох:,
Хариурт-2. Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санк” ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын 3 дугаар давхарт ажил үүрэг гүйцэтгэж байсан Э.Г /эрэгтэй, 33 настай/ нь унаж нас барсан гэх хэрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18-р зүйлийн 18.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.1. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.5. /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/-д заасан нийтлэг үүрэг болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.13 /Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана. Ийм нэмэгдэл шаардлага тавигдах ажил мэргэжлийн жагсаалт, барилга угсралтын ажлын нэр төрлийг хавсралт Ж-д заасан үлгэрчилсэн жагсаалтыг /өндрийн ажил/ үндэслэн боловсруулж, байгууллага аж ахуйн нэгж батлан мөрдөнө. Энэхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажлыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ./,
мөн 4.14. /... нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй, 18-аас дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө/ гэж заасан шаардлагыг хангуулаагүй байна.
Асуулт-3. Уг осол ямар шалтгаан нөхцөлийн улмаас болсон байсан бэ:,
Хариулт-3. “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.10. /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд: ...1.3 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд хамаарна/, мөн дүрмийн 6.2.16. /1.3м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2 м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино/, 6.2.16 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэх боломжгүй үед хамгаалалтын бүсийг ашиглан ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө./ гэж тогтоосон байх бөгөөд энэ тохиолдолд хохирогч Э.Г нь өндөрт угсралтын ажил үүрэг гүйцэтгэхдээ өндрийн хамгаалалтын бүс хэрэглэх явцад хамгаалалтын бүсний холбогч уяа нь дэгээнээс мултарсан /тасарсан/-ы улмаас осолд хүргэсэн байна.
“Санк” ХХК-ийн “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.13. /Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана. Ийм нэмэгдэл шаардлага тавигдах ажил мэргэжлийн жагсаалт, барилга угсралтын ажлын нэр төрлийг хавсралт Ж-д заасан үлгэрчилсэн жагсаалтыг /өндрийн ажил/ үндэслэн боловсруулж, байгууллага, аж ахуйн нэгж батлан мөрдөнө. Энэхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажлыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ./, мөн 4.14. /...нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй, 18-аас дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө/ гэж заасан шаардлагыг хохирогч Э.Г хангах эсэх /барилгын мэргэжлийн үнэмлэхтэй эсэх, өндөрт ажиллах дадлага туршлага эзэмшсэн байдал/ талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Асуулт-4. Амь хохирогчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх:,
Хариулт-4. “Санк” ХХК-ийн ХАБ-ын инженер Ж.А нь MNS 4969:2000 стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасны дагуу 2021 оны 9-р сарын 12, 15, 16, 17-ны өдрүүдэд ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нэр бүхий ажилчдад болон хохирогч Э.Г-д аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. /хавтаст хэрэгт 4 хуудас баримт/
Асуулт-5. Амь хохирогчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэн хариуцаж, ямар байдлаар өгөх вэ:,
Хариулт-5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.2. /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./ гэж заасны дагуу “Санк” ХХК-ийн захирал С.Мөнхбатын 2021 оны 7-р сарын 20-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр Ж.Аг томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд Ж.А нь “Форумланд” ХХК-ийн сургалтын төвд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-нд суралцаж 20170459 дугаартай сертификат авч мэргэшсэн байна.
“Санк” ХХК-ийн ХАБ-ын инженер Ж.А нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.11.2. /Тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон ажилтан нь урьд өмнө нь мэргэжлээрээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж байгаагүй бол ажилд авсан өдрөөс хойш сарын дотор, салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын үндсэн дээр, MNS 4969:2000-ыг баримтлан сургалтад хамруулбал зохино/ гэж заасан болон MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө/-уудын дагуу ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудад өдөр тутамд өгөх, түүний биелэлтэд хяналт тавих, хариуцан ажиллах үүрэгтэй.
Асуулт-6. Амь хохирогчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлээр хангагдсан эсэх, Амт хохирогч хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсөж ажилласан эсэх:,
Хариулт-6. Хөдөлмөрийн аюулгүй бадал, эрүүл ахуйн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1. /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөрүгй хангах үүрэгтэй/, 15.3. /Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ/, 15.4. /Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй./ гэж заасан үүрэгтэй болно.
Амь хохирогч нь ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл олгосон эсэх /каск, өндрийн хамгаалалтын бүс/ хүлээн авсан гарын үсэг бүхий баримт материал, хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт /гэрэл зураг №8/ болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч Э.Г нь хамгаалах хэрэгсэл /өндрийн хамгаалалтын бүс/ тухайн үед хэрэглэж байсан байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18-р зүйлийн 18.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна. 18.2.5. /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ гэж заасан үүрэгтэй байна.
Асуулт-7. Осол нь ямар ажилтан, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон байна вэ:,
Хариулт-7. “Санк” ХХК-ийн ХАБ-ын инженер Ж.А нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.13. /Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана. Ийм нэмэгдэл шаардлага тавигдах ажил мэргэжлийн жагсаалт, барилга угсралтын ажлын нэр төрлийг хавсралт Ж-д заасан үлгэрчилсэн жагсаалтыг /өндрийн ажил/ үндэслэн боловсруулж, байгууллага, аж ахуйн нэгж батлан мөрдөнө. Энэхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажлыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ./, мөн 4.14. /... нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй, 18-аас дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө/ гэж заасан шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй байна.
Амь хохирогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18-р зүйлийн 18.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахи нийтлэг үүрэгтэй байна. 18.2.5. /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ гэж заасны дагуу хувь хүнд зориулсан өндрөөс унахаас хамгаалах хэрэгсэл /хамгаалалтын бүс/-ийг зориулалтаар нь хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.
Өндрийн хамгаалалтын бүс хувийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байсан эсэхийг Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгож дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ.” гэсэн дүгнэлт (хэргийн 97-100 дахь тал),
10. “Санк” ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер томилох тухай” А/03 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ баримтууд (хэргийн 127, 128-130, 131-134 дэх тал),
11. “Ирксиб строй” ХХК болон “Санк” ХХК нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан, 02/21 дугаартай “Барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ” (хэргийн 140-149 дэх тал),
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Агийн яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би “Санк” ХХК-д 2011 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр 2021 оны 7 дугаар сараас хойш ажиллаж байна.
2021 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө би Э.Гөд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд гарсан ба талбайн инженер Бямба-Эрдэнэ хийх ажлын чиглэл өгсөн.
...Талийгаачийн ар гэрийн хүмүүстэй уулзаж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний графикийн дагуу хохирол төлөөд явж байгаа бөгөөд эхний ээлжид 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 157-158 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 163 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 172 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 179 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Агийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний төвийн зориулалттай баригдаж байгаа барилга дээр “Санк” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажил болох өндрийн ажилд мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан, нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай 3-аас доошгүй зэрэгтэй хүнээр өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчиж, уг шаардлагыг ханаагүй ажилтан Э.Гөөр барилгын 3 давхарт тагтны хажуу хананд хэв хашмал угсрах ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас ажилтан Э.Г нь барилга дээрээс унаж, биедээ “...гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтний битүү гэмтэл: Гавлын баруун зулай, баруун чамархай, суурь ясны хугарал. Их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, суурь хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, гүүр хэсгийн эдийн цус харвалт. Өнчин тархины цус харвалт. Бага тархины аалзан хальсан доорх цус харвалт. Баруун 8, зүүн 6-р хавирганы хугарал. Баруун уушгины эдийн няцрал, цус хуралт. Голтын цус хуралт. Баруун, зүүн бөөрний өөхөн эд, бөөрний хальсны цус хуралт. Баруун зулайн хуйханд шарх. Баруун чихний дэлбэн, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, хамар, баруун хацар, дээд уруул, доод уруул, эрүү, хүзүү, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, нуруу, баруун өвдөгт зулгаралт.” бүхий амьдрах боломжгүй хүнд гэмтэл авсан, уг хавсарсан хүнд гэмтлийн улмаас Э.Г нь нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч Ж.А нь “Санк” ХХК-ийн ХАБ-ын инженерийн хувьд “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.11.2. /Тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон ажилтан нь урьд өмнө нь мэргэжлээрээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж байгаагүй бол ажилд авсан өдрөөс хойш сарын дотор, салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын үндсэн дээр, MNS 4969:2000-ыг баримтлан сургалтад хамруулбал зохино/ гэж заасан болон MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө/-уудын дагуу ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудад өдөр тутамд өгөх, түүний биелэлтэд хяналт тавих, хариуцан ажиллах үүрэгтэй бөгөөд хэргийн нөхцөлд шүүгдэгч нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.13. /Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана. Ийм нэмэгдэл шаардлага тавигдах ажил мэргэжлийн жагсаалт, барилга угсралтын ажлын нэр төрлийг хавсралт Ж-д заасан үлгэрчилсэн жагсаалтыг /өндрийн ажил/ үндэслэн боловсруулж, байгууллага, аж ахуйн нэгж батлан мөрдөнө. Энэхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажлыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ./, мөн 4.14. /... нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй, 18-аас дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө/ гэж заасан шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.А нь хэргийн үйл баримт болон гэм бурууд маргаагүй, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үссэн хор уршгийн нөхөн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг талуудын тохиролцсон “Эвлэрлийн гэрээ”-нд заасан хугацаанд нөхөн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ж.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Ж.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өд гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон 41.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 95.000.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нөхөн төлж барагдуулахаар хуваарь тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өтай “Эвлэрлийн гэрээ”-г 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан (хэргийн 195-196, 200, 228 дахь тал) баримттай байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 95.000.000 /ерэн таван сая/ төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч, хохирогч, шүүгдэгч нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийн шүүгдэгч Ж.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 179 дүгээр талд авагдсан ба энэ нь түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Ж.А нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Ж.Аг 02 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар тэнсэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар Ж.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт Ж.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Ж-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Ж.Аг 02 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар Ж.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ж.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ж.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өд 41.000.000 /дөчин нэгэн сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, нэхэмжлэлээс үлдэх 95.000.000 /ерөн таван сая/ төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөх үүрэг хүлээж, талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталсугай.
6. Энэ хэрэгт Ж.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД