Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1019

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

яллагдагч Ө.О, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,

хохирогч Ө.М, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2454 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ө.От холбогдох 1803005120298 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан овгийн Ө-н О, 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ____________ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

Ө.О нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 18.45 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын хойд замд “Тоёота Премио” загварын   67-70УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн Ө.Мгийн жолоодож явсан “Кауо-Т2” загварын 37-45УБ улсын дугаартай мотоциклийг мөргөснөөс Ө.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Ө.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Яллагдагч Ө.О, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нар Замын Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Содномдоржийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргасан мөрдөгчийн магадлагааг үл зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргаж байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилон  мөрдөгчийн магадлагааг үндэслэлтэй эсэх талаар дүгнэлтийг гарган ирүүлэх,

мөн шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч Ц.Батбаяр нь “Хан-Өндөр” ХХК-ийн үүдэнд камерын бичлэг байсан, мөн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хан-Өндөр” ХХК-ийн үүдэнд хяналтын камертай байсан талаар тэмдэглэгдсэн байхад түүнийг эд мөрийн баримтаар тооцож, камерийн бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй байх тул нөхөн үзлэг хийлгэх талаар хүсэлтийг гаргаж байх тул хүсэлтийг хүлээн авч уг хяналтын камерт хэрэг учрал болсон бичлэг байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийх гэсэн үндэслэлээр Ө.От холбогдох 1803005120298 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Ө.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ө.М, гэрч А.Алтантогос нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэж байна.

Ө.От холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Замын Цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Содномдорж нь Цагдаагийн байгууллагад 17 жил, Замын цагдаагийн албанд 5 жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэсэн заалтын дагуу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 103 дугаартай Мөрдөгчийн магадлагаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй гаргасан болно.

Шинжээчийн дүгнэлт гаргуулж байгаагүй байхад өмгөөлөгчийн хүсэлтээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох боломжгүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 20, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх заалтуудтай нийцэхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүдэд “Хан-Өндөр” дэлгүүрийн гаднах хяналтын камерыг дурдан, гэрэл зургийг авсан байгаа. Энэхүү гэрэл зургийг харвал камер зам тээврийн осол гаргасан газраас өөр зүгт харсан байгаа нь тод харагдаж байгаа бөгөөд энэхүү шалтгааны улмаас камерын бичлэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй болно.

Дээрх зам тээврийн осол, хэрэг 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу дөрвөн сарын өмнө гарсан байгаа нь тухайн өдрийн бичлэгийг нөхөж үзэх, харах боломжит хугацаа нэгэнт өнгөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн 2454 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч Ө.О тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Хохирогч Ө.М тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Яллагдагч Ө.Оийн өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Учир нь мотоциклийн жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоох ёстой. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Мөн жолооч хэрвээ бага оврын тээврийн хэрэгсэлтэй явж байгаа бол том оврын тээврийн хэрэгслийн ардаас цагаан өнгийн “Тоёота Премио” загварын автомашиныг харахгүй байх боломжгүй. Цаг хугацааны хувьд ч гэсэн үзэгдэх орчин чөлөөтэй буюу харагдах орчин хязгаарлагдаагүй орчин байсан. Мотоциклийн ард шүүгдэгч Ө.Оийн таньдаг хүн явж байсан гэж ярьдаг. Тухайн гэрч гэх хүн мөрдөгч байцаалтын шатанд асуугдаагүй.

Хан-Өндөр дэлгүүрийн камерийн бичлэгийг заавал авах шаардлагатай. Тухайн камерийн бичлэгээр мотоциклийн жолооч үнэхээр 1 дүгээр эгнээгээр зорчиж яваад мөргөсөн юм уу, эсхүл 2 дугаар эгнээнээс сүлжиж гараад очоод мөргөсөн юм уу гэдгийг тогтоох шаардлагатай. Мөн “Тоёота Премио” загварын автомашин тухайн эгнээнд хэдэн хувь нь нэвтэрсэн байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дугаар зүйлд зааснаар чиг өөрчлөхдөө бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэдэг. Гэхдээ тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөд уулзварт нэвтэрч аюулгүй байдлыг хангаад хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх нь жолоочийн үүрэг байдаг. Тэгэхээр Ө.О нь энэ үүргээ хангалттай биелүүлсэн байсан. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж мотоциклийн жолоочийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоолгох саналтай байна.” гэв.

Хохирогч Ө.Мгийн өмгөөлөгч Г.Минжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг шүүхэд шилжихээс өмнө хэргийн материалтай танилцана гэдэг нь мөрдөгчийн магадлагаатай танилцсан гэсэн үг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Ц.Батбаяр нь осол гарсан хэргийн газрын үзлэгийг зургийг харахад эхний машинаас зөвшөөрөл авч орсны дараа урд хэсгээр анхны мөргөлтийн цэг орж ирсэн. Түүнээс биш зөвхөн арын хаалгыг мөргөөгүй. Тэгэхээр “Тоёота Премио” загварын автомашин нь эхний эгнээг нэвтрээд дараагийн эгнээнд явж байсан мотоциклийг харахгүйгээр мотоциклийн явж байсан эгнээнд нэвтэрч осол гарсан. Тийм учраас эгнээнд нэвтэрсэн байхад ардаас ирж мөргөсөн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хэрэг үүссэнээс хойш хэдэн сарын дараа, шүүхэд хэрэг шилжих үед эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ байгуулж хэргийг мөрдөн байцаалтад буцаана гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн хохирогч группэд орох гэж байгаа бөгөөд группийн хурал нь зарлагдах гээд явж байгаа. Хохирогч өөрөө ажил төрөл хийдэг. Шүүгдэгчийн зүгээс хохирлыг өнөөдрийн байдлаар огт төлөөгүй. Хохирогчийн хувьд банкны зээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хохирогчийн амьдрал, сэтгэл санааны хохирол болон бусад бодит хохирол учирсан байхад шүүгдэгчийн зүгээс бидэнтэй хохирлын талаар огт хэлэлцэх санаа, бодол байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийн дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2454 дүгээр шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай асуудлаар мөрдөгчийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт гаргах, эдгээр нь тодорхойгүй бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл дүгнэлт эргэлзээтэй бол шүүх нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр даалгах зэрэг ажиллагааг талуудын хүсэлтээр шүүхийн шатанд гаргаж болох талаар, мөн шинжээчээс мэдүүлэг авах ажиллагааг хэрхэн явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.8, 27.11, 35.21 дүгээр зүйлүүдэд тодорхой заасан байх тул яллагдагч Ө.От холбогдох эрүүгийн хэрэгт дахин шинжээч томилох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд дахин хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй ажээ.

Иймд анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоох, хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ө.От холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2454 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ө.От холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл Ө.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ