Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 007/2015/0009/З |
Дугаар | 221/МА2016/0146 |
Огноо | 2016-03-02 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2016/0146
"С М" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч "С М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, гуравдагч этгээд "Х м т" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор "С М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/54 дүгээр Дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж, мөн дээрх захирамжаар явуулсан дуудлага худалдааны үндсэн дээр гаргасан Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/140 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үнэд төлсөн 2.8 тэрбум төгрөгийг буцаан олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг төлбөрийг буцаан олгохыг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны Дуудлага худалдаа зохион байгуулах тухай А/54 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1.1, Газрын тухай хуулийн 21.4.3, 33.1.2-т зааснаар, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар тогтоолд Ханги хилийн боомтын ойролцоо 279 га талбайг гаалийн хяналтын талбай, цогцолбор барих зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан бөгөөд А/54 дүгээр захирамжид зааснаар Ханги хилийн боомтын ойролцоо гаалийн хяналтын талбайн зориулалтаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах байсан. Үүний хүрээнд дуудлага худалдааг олон нийтэд зарлаж зохион байгуулахад нэхэмжлэгч тал дуудлага худалдаанд оролцож 2.8 тэрбум төгрөгийг дуудлага худалдааны үнэд төлсөн байдаг. Үүнээс үзэхэд 2.8 тэрбум төгрөг нь дуудлага худалдааны үнэд төлсөн төлбөр болохоос ямар нэгэн үйл ажиллагаа эсхүл хөрөнгө оруулалтаас үүссэн хохирол биш юм.
А/54 дүгээр захирамж нь хуулийн хүрээнд гарсан шийдвэр бөгөөд үүнийг үндэслэн А/120, А/140 дүгээр захирамжууд гарсан байдаг. Энэхүү мэдээллийг аймгийн газрын нэгдсэн санд байршуулсан бөгөөд Ханги хилийн боомтоос "С М" ХХК-д олгосон 279 га газар нь 412 метрийн орон зайд хилийн зурваст орж байгаа тул төрийн өмчид хамаарна. Үүнээс үзэхэд өөрийн эзэмшдэг газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжтой бөгөөд гагцхүү хил дамнасан туузан дамжуургын үйл ажиллагааг эрхлэх боломжгүй юм. Мөн дуудлага худалдаагаар авсан газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргасан байдаг.
... Газар эзэмшүүлэх захирамж болон гэрчилгээнд хоёр улсын хооронд нүүрс тээвэрлэх хил дамжсан туузан дамжуургын үйл ажиллагаа эрхлэх талаар огт тусгагдаагүй байдаг.
... Нэхэмжлэгчид Хатанбулаг сумын Засаг даргын А/120 дүгээр захирамжаар дуудлага худалдаагаар авсан 279 га газрыг эзэмшүүлж, түүний дараагаар нэхэмжлэгч компанийн хүсэлтээр тавь, тавин хувиар газрыг эзэмшүүлж өгнө үү гэсний дагуу судлан үзээд үүний хүрээнд 2011 оны А/140 дүгээр захирамж гарсан.
... Нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газарт албан ёсоор хандсан бөгөөд үүнээс үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 12-т заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
... Мөн аймгийн Засаг даргад хандсан албан бичигтээ газар эзэмших захирамжийг хэрэгжүүлэх боломжгүй болсон талаар мэдэгдсэн бөгөөд энэхүү албан бичигт үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын талаар тусгасан байдаг. Гэтэл уг үзэл баримтлал нь хүсэлт гаргахаас өмнө батлагдан гарсан байсан тул газар эзэмшихээс өмнө туузан дамжуургын зориулалтаар ашиглах боломжгүй гэдгийг мэдэж байсан.
... Хилийн боомтын тухай хууль 2014 онд батлагдсан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна. Аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байдаг учраас уг газар Ханги боомтоос 400 гаруй км-ийн зайтайгаар овоолсон цэгээс конвейр барих зориулалттайгаас гадна ажлын байр нэмэгдэнэ гэдэг утгаар оруулсан гэж байсан.
... Газрыг буцаан олгож өгье гэсэн хүсэлтийн дагуу төлбөрийг буцаан олгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул 2.8 тэрбум төгрөгийг буцаан өгөх боломжгүй. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: "С М" ХХК-иас Хатанбулаг сумын Засаг даргад хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/140 дүгээр захирамжаар анх дуудлага худалдаагаар олгосон 279 га газрыг "С М" ХХК болон Ханги-Мандал Транс ХХК тус бүрт 139.5 га болгон хуваан олгосон.
Ингээд захирамжаар олгосон зориулалтынхаа гаалийн хяналтын талбайн цогцолбор, хил дамнасан туузан дамнуурга барьж байгуулах болоход тухайн газарт боомтын ажиллагааны горимын талаар төрийн эрх бүхий дээд байгууллагаас шийдвэр гараагүй, эрх зүйн зохицуулалт хийгдээгүй гэсэн үндэслэлээр холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгохоос татгалзсаар өнөөдрийг хүрсэн.
Нэгэнтээ тухайн газрыг газар эзэмшүүлэх захирамжид заагдсан зориулалтаар эзэмшиж ашиглах боломжгүй нөхцөлд хүрээд байх тул газрыг буцаан олгож, дуудлага худалдаанд төлсөн мөнгөө эргүүлэн авахад бидний зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа ба шүүх хуралдаанд мөн дэмжиж байгаа.
Манай компанийн хувьд "С М" ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийгдэж, газрын тавин хувийг хөрөнгө оруулалтын баталгаа болгож холбогдох гэрээ байгуулагдсан байгаа. Үүний дагуу А/140 дүгээр захирамжийн дагуу зохих газрыг эзэмшиж байна. Иймд манай компани А/140 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг шаардлагыг дэмжиж байгаа, харин дуудлага худалдаанд оролцоогүй тул А/54 дүгээр захирамжтай холбогдуулан тухайлан хэлэх саналгүй байна гэжээ.
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч "С М" ХХК-ийн гаргасан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/54 дүгээр дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж, мөн дээрх захирамжаар явуулсан дуудлага худалдааны үндсэн дээр гаргасан Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/140 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үнэд төлсөн 2.8 тэрбум төгрөгийг буцаан олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг төлбөрийг буцаан олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй тухай: Манай компани Дорноговь аймгийн Ханги боомтын хилийн зурваст битүү туузан дамжуулагч системийн цогцолборыг гаалийн талбай, хилийн шалган нэвтрүүлэх гаалийн бүсэд барих хүсэлтээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад гаргасан. Улмаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар Дуудлага худалдаа зарласан бөгөөд манай компани дуудлага худалдаанд оролцож нийт 2 тэрбум 800 мянган төгрөг төлөн ялагч болсон.
Өөрөөр хэлбэл, Хангийн боомтод туузан дамжуурга буюу конвейрын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн, энэ зориулалтаар л газрыг эзэмших хүсэл зоригтой байсан.
Гэтэл Засаг дарга хилийн боомт, гаалийн зурвас бүхий газарт конвейрын зориулалттай газар эзэмшүүлэх боломжтой эсэхээ судлан үзээгүй, холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулга аваагүй тус зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж болох мэтээр дуудлага худалдаа зохион байгуулан, эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн байна.
Нэгэнт уг газрыг зориулалтаар нь эзэмших хууль эрх зүйн үндэслэлгүй бол тухайн газрыг дуудлага худалдаанд оруулсан, эзэмшүүлсэн захирамжууд нь бусдад газар эзэмших эрх үүсгэх зорилгодоо хүрэхгүй бөгөөд үүнийг зорилгодоо нийцээгүй захиргааны акт гэж үзэхээр байна.
Засаг даргын захирамж гарахдаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргасан газрыг хуулийн этгээдэд эзэмшүүлж байгаа мэт боловч бодит байдалд уг газрыг эзэмших, зориулалтын дагуу ашиглах ямар ч эрх зүйн боломжгүй, уг газрыг зориулалтаар нь эзэмших аваас Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болох нөхцөл байдалд хүрээд байна.
Бид газрыг ашиглаагүй ч хууль, гэрээг хүндэтгэн, газрын төлбөрийг орон нутгийн төсөвт төлж байсныг анхан шатны шүүх бидний эсрэг ашиглан, маргаан бүхий захирамжаар газрыг эзэмшиж байсан нь тогтоогдсон мэтээр дүгнэсэн нь хууль бус бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн компани 2 тэрбум 800 сая төгрөгийг эзэмшиж ашиглах боломжгүй газрын үнэд төлж, үүнийгээ буцаан авах ч боломжгүй хүнд байдалд ороод байхад тухайн орон нутгийн шүүх орон нутгийн төсвөөс тэр хэмжээний мөнгийг эгүүлэн гаргах боломжгүй хэмээн субьектив хандлагаар ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л давж заалдах гомдолдоо: Нэг. Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны А/54, А/120, А/140 дүгээр захирамжууд холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:
Анхан шатны шүүх маргааны зүйл, агуулгыг буруу тодорхойлж буюу Газрын тухай хуулиар зохицуулсан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх үйл явц, процессыг нэг бүрээр тоочиж Хатанбулаг сумын Засаг даргын гаргасан акт, үйл ажиллагаа хууль, журам холбогдох заалтуудад нийцсэн гэх маргааны агуулгад төдийлөн ач холбогдолгүй дүгнэлтүүдийг хийсэн байна. Тодруулбал, бид газар эзэмшүүлэх процесс буюу газар эзэмших хүсэлт гаргах, түүнийг газрын даамал бүртгэх, сумын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулах, улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумын Засаг дарга газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах, газар эзэмшүүлэх зэрэг үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж маргахаас илүүтэйгээр маргаан бүхий захиргааны актууд нь зорилгодоо нийцэхгүй, эрх зүйн үр дагавар бий болгохгүй байна хэмээн хүчингүй болгуулах талаар шаардлага тайлбар гаргасан. Гэтэл шүүгч маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэл, агуулгын хүрээнд дүгнэхгүйгээр зөвхөн газар эзэмшүүлэх процессын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг тойрч дүгнэснээс үзэхэд маргааны гол агуулга, утгыг ойлгоогүй, эсвэл зориуд дүгнээгүй гэж ойлгоход эрхгүй хүргэж байна.
Маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч болон манай байгууллагын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах субъектив эрхийг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогддог.
1. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны А/140 дүгээр захирамж, 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд гарын зориулалт нь гаалийн хяналтын талбайн цогцолбор, конвейрын зориулалт байдаг. Ханги боомтын хилийн зурваст битүү туузан дамжуулагч системийн цогцолборыг гаалийн талбай, хилийн шалган нэвтрүүлэх гаалийн бүсэд барих боломжгүй нь Гаалийн ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/4488 дугаар албан бичиг төрийн эрх барих дээд байгууллагаас боомтын ажиллагааны горимд өөрчлөлт оруулах тухай шийдвэр гараагүй, эрх зүйн зохицуулалт хийгдээгүй байхад дээрх байгууламжийг зориулалтаар зөвшөөрөх боломжгүй гэсэн албан бичгээр тогтоогддог. Ийнхүү бид гаалийн хяналтын талбайн цогцолбор, конвейрын зориулалтаар эзэмших, ашиглах боломжгүй болж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан эрх зөрчигдөж байна. Манай компани хил дамнасан туузан дамжуулагч системийг гаалийн хяналтын талбайн цогцолборын хамт барихад шаардагдах газрыг уг зориулалтаар эзэмших хүсэлтэй болохоо 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10/3 дугаар албан бичгээр хүргүүлж, энэ зориулалтаар эзэмшүүлэхээр сум, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Улмаар уг зориулалтаар эзэмшүүлэхээр дуудлага худалдаа зохион байгуулагдаж, дээрх зориулалт бүхий газрыг эзэмших сонирхол бүхий 11 аж ахуйн нэгж оролцож, дуудлага худалдааны үнэ 2.8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Хэрвээ хариуцагчийн тайлбарлаж байгаачлан маргаан бүхий газрыг зөвхөн гаалийн хяналтын талбай зориулалтаар эзэмшүүлэх байсан бол дуудлага худалдаанд оролцогчийн тоо, дуудлага худалдааны үнэ төдийлөн өсөхгүй байсан билээ. Түүнээс гадна маргаан бүхий газрыг бидэнд эзэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байсан газрын даамал н.Мэндбаяр, н.Анхбаяр нарын гэрчийн мэдүүлгээс харахад тэд газрыг хил дамнасан туузан дамжуулагчийн зориулалт-аар дуудлага худалдаа зохион байгуулагдаж энэ зориулалтаар эзэмшүүлсэн гэдгийг хэлж тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүх уг үйл баримтад үнэлэлт дүгнэлт байна.
Хоёр. Хариуцагчаас шийдвэр гаргахдаа тухайн зориулалтаар газрыг олгох эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг судлан үзэж, холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулаагүйгээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартаа барьж байгуулахаар төлөвлөж байсан барилга байгууламж нь...боомтын үйл ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудалд хамаарч энэ тохиолдолд тухайн асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэж байхаар зохицуулагдсан хэдий ч энэ нь Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ...газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах тухай харилцаанд шууд хамааралгүй ба өөрөөр хэлбэл Улсын Их Хурлаас тухайн асуудлаар хэрэгжүүлэх эрхийг сумын Засаг даргын зүгээс Газрын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн эрхтэй холбогдуулан буруутгах үндэслэлгүй байна... гэх хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэжээ.
Маргаан бүхий газрыг эзэмшүүлэх үед Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсан байсан бөгөөд үүнд 3.1.2.6-д хил дээр боомт нээх, хаах, боомтын ажиллагааны горимд өөрчлөлт оруулах асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ гэж зааснаар хил дээрх боомтын ажиллагаа, горимын талаарх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэхээр заасан. Улсын Их Хуралд боомтын горимд өөрчлөлт оруулах эрх олгосон нь сумын Засаг даргад эл асуудлаар эрх, үүрэг хэрэгжүүлэхийг хориглож байгаа гэсэн үг болно. Нийтийн эрх зүйн Зөвшөөрснөөс бусдыг хориглох үндсэн зарчмын хүрээнд өөрт олгогдоогүй эрх хэмжээ хэрэгжүүлж, зохих мэргэжлийн байгууллагаас тодруулга авахгүйгээр Улсын Их Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар газрын зориулалтыг тогтоож эзэмшүүлсэн нь хариуцагчийн зөрчил юм.
Мөн анхан шатны шүүх газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэр гаргаж буй Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж; байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн зохицуулалтын хүрээнд зөвхөн дээрх 2 нөхцөл байдлыг тодруулна, дээрх 2 нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд өөр бусад зүйлийг тодруулах үүрэг хүлээхгүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.
Зүй нь Засаг дарга хилийн боомт, гаалийн зурвас бүхий газарт гаалийн хяналтын талбайн цогцолбор, конвейрын зориулалттай газар эзэмшүүлэх боломжтой эсэхээ судлан үзэх, холбогдох мэргэжлийн байгууллага буюу хил хамгаалах газар, Гаалийн ерөнхий газар зэргээс тодруулсны үндсэн дээр тухайн зориулалтаар дуудлага худалдаа зохион байгуулах ёстой бөгөөд Газрын тухай хуульд зааснаар хууль тогтоомж зөрчихгүйгээр газрыг зориулалт, хугацаа, хэмжээгээр иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байна.
Түүнчлэн иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх үйл явц процесс нь нэг нь нөгөөг залгамжилсан, дэс дараалсан байдгийн хувьд дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж, газар эзэмшүүлэх захирамжийг салгаж тавих нь буруу гэж үзэж байна. Газар эзэмшүүлэх захирамж хүчингүй болсон тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулах захирамж мөн хүчингүй болох үндэслэлтэй юм. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д заасны дагуу Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Нэг. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Дуудлага худалдаа зохион байгуулах тухай А/54 дүгээр захирамжийн тухайд:
Нэхэмжлэгч "С М" ХХК-аас 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад тухайн сумын нутаг дэвсгэрт орших Ханги боомтод 279.9 га газар барилга байгууламж барих зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг гаргасан, сумын Засаг даргаас хүсэлтийг дэмжиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналыг хүргүүлснээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10/4 дүгээр тогтоолоор сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, тухайн газрыг Гаалийн баталгаат талбай, Гааль, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа явуулах ажлын байр болон ажиллагсдын байр, автозогсоол бүхий цогцолбор барих зориулалтаар, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Аймгийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 18 дугаар тогтоолоор Гаалийн хяналтын талбайн цогцолбор-ын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх газарт хамааруулжээ.
Улмаар Хатанбулаг сумын Засаг дарга Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээрх 2011 оны 18 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр А/54 дүгээр захирамж гарган дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар[1] тогтоогдсон бөгөөд маргаан бүхий уг А/54 дүгээр захирамжид Ханги хилийн боомтын ойролцоо 279 га газрыг Гаалийн хяналтын талбайн зориулалт-аар[2] эзэмшүүлэхээр баталсан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/-д заасанд нийцжээ.
Дээрх баримтуудаас харвал "С М" ХХК хэдийгээр өргөдөлдөө туузан дамжуулагч систем бүхий цогцолбор байгуулах тухай дурьдсан боловч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон мөн аймгийн Хатанбулаг сумын Засаг даргаас холбогдох шийдвэрүүдийг гаргахдаа конвейрын гэх зориулалтаар эзэмшүүлэх тухай тусгаагүй байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Ханги-ийн боомтын үйл ажиллагаа явагдаж байсан нь Улсын Их Хурал боомт нээх асуудлыг нэгэнт шийдвэрлэчихсэн, өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-ын 3.1.2.6-д хил дээр боомт нээх, хаах, боомтын ажиллагааны горимд өөрчлөлт оруулах асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэж байх бодлогын хүрээнд шийдвэрээ гаргасан байжээ. Хожим батлагдсан Хилийн боомтын тухай /2013оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д энэ талаар Боомт нээх, хаах, шинээр байгуулах, боомтын ажиллагааны горим тогтоох, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр тодорхой заажээ. Эндээс үзэхэд хариуцагч албан тушаалтнаас газрыг эзэмших, дуудлага худалдааг зарлан явуулах үед боомтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөс бус туузан дамжуургаар нүүрс экспортлох-ыг зөвшөөрсөн ямарваа нэг шийдвэр гараагүй байжээ.
Тиймээс Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2011 оны 18 дугаар тогтоол, Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны А/54 дүгээр захирамжийг Хангийн боомтод хил дамнасан туузан дамжуурга буюу конвейр байгуулах зориулалтаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх зорилгоор гаргасан гэж үзэх боломжгүй.
Харин гаалийн хяналтын талбайн зориулалт-аар газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож газар эзэмших эрхийг олж авсан, улмаар тухайн газартаа хил дамнасан туузан дамжуурга буюу конвейр байгуулах "С М" ХХК-ийн зорилго биелээгүй нь дээрх маргаан бүхий захиргааны актыг зорилгодоо нийцээгүй гэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
Хоёр. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120, 2011 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн А/140 дүгээр захирамжийн тухайд:
Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны А/54 дүгээр захирамжийн дагуу 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд "С М" ХХК ялагч болсноор мөн өдрөө Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-г байгуулсан, тохирсон хугацаандаа дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр Хатанбулаг сумын Засаг дарга гэрээгээр хүлээсэн үүрэг болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-д нийцүүлэн "С М" ХХК-д 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120 дугаар захирамжаар Ханги мандал боомтод 279 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д, улмаар газар эзэмшигчээс хүсэлт гаргасны дагуу 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А/140 дүгээр захирамжаар эзэмшил газраас нь 139.5 га газрыг эзэмших эрхийг "Х м т" ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлд нийцжээ.
Харин хариуцагч Хатанбулаг сумын Засаг дарга тухайн захирамжуудыг гаргахдаа дуудлага худалдаа явагдах үед болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд дурдагдаагүй конвейрын гэх зориулалтыг тусгасан нь буруу боловч энэ нь тухайн захирамжуудыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна. Учир нь уг захирамжуудад тухайн зориулалт туссанаар дуудлага худалдаа зарласан А/54 дүгээр захирамжийн хүрээнд үүссэн "С М" ХХК-ийн газар эзэмших эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаж дордуулаагүй, тухайн захирамжуудын улмаас нэхэмжлэлийг эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР