Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч А.Баясгалан,

хохирогч Д.Наранчимэг,

шүүгдэгч Г.Бямбасүрэн түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД-0216/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Гэлэгжамцын Бямбасүрэнд сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн  201626021336 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны  02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 53 настай, дээд боловсролтой, Хүнсний нийтийн хоолны технологич мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр хороолол 11 байрны 06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧБ63022206 регистрийн дугаартай, Боржигин овогт Гэлэгжамцын Бямбасүрэн.

 

Шүүгдэгч Г.Бямбасүрэн нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 67 дугаар байрны гадаа иргэн Д.Наранчимэгийг хамтран амьдрагч Ганхуягтай хардсаны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.Бямбасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр маргаан болоход Д.Наранчимэг өөрөө надад эхэлж гар хүрсэн. Д.Наранчимэг надаас үндэслэлгүйгээр 700,000 төгрөг нэхэмжилсэн. Тийм болохоор би өмгөөлөгч авч хэргийг шүүхээр шийдүүлэхийг хүссэн юм. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.Наранчимэг манай байраар байнга эргэлдээд байдаг. Д.Наранчимэгт хохирол учруулсан нь миний буруу. Би хоёр удаа Д.Наранчимэгийн нүүр рүү нь цохьсон. Гэхдээ санамсаргүйгээр цохьсон. Наранчимэгт учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байна гэв.

 

         Хохирогч Д.Наранчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагт 3 дугаар хороололд найзтайгаа уулзаад явж байхад Ганхуяг над руу залгасан. Намайг 67 дугаар байрны гадаа очиход Ганхуяг сууж байсан. Гэтэл Бямбасүрэн Ганхуягийн дэргэд нь “утсаа аваад ир” гээд зогсож байсан. Би буцаж явж байгаад эргээд харахад Бямбасүрэн байхгүй байсан. Бямбасүрэнг явчихлаа гэж бодсон чинь саравчин дотор нуугдсан байсан. Тэгээд Бямбасүрэн намайг зодсон. Өөрийн гар утсаар миний зургийг авах гэж байсан. Би гар утсаараа авсан зургийг нь устгах гэхэд чиний зургийг фейсбүүк-д тавина гээд утсаа халаасандаа хийсэн. Би Бямбасүрэнг түлхэж унагаагаагүй. Маргаан болсон газар замын хашлагагүй газар байсан. Бямбасүрэн намайг хоёр хацар дээр 5-6 удаа цохьсон. Чамайг хүний нүүр харахгүй болгоно гэсэн. Бямбасүрэнд цохиулсны улмаас миний нүүр сорвитой болсон. Энэ нь надад маш хэцүү байна. Намайг гурван сар тутам нүдний эмчийн хяналтанд бай гэж хэлсэн. Гэхдээ нэмж хохирол нэхэмжлэхгүйгээр энэ хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс : 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганхуягийн өгсөн:

“...Наранчимэг гэдэг хүнийг хэдэн жилийн өмнөөс танина, хааяа уулздаг, манай гэрээр ирдэг. Би аавыг нь дуудахаар очиж машин тэргийг нь засаж янзалж өгдөг байсан. Харин Бямбасүрэнтэй 2015 онд найзынхаа төрсөн өдрөөр амралтанд очихдоо танилцсан. Эхнэр нөхрийн харьцаатай байдаг болсон. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны орой би байрны урд талын гараажид байсан машинаа үзэж байгаад, нэг харахад Наранчимэг, Бямбасүрэн 2 зууралдаж байснаа Нараа, Бямбасүрэнг түлхсэн. Би гараажаа тойрч гүйгээд тэдэн рүү очиход хэрэлдэж байсан. Дахиж бие биенээ барьж авах гээд үс толгой нь сэгсийсэн л байсан. ... Бямбасүрэнтэй зууралдаж байгаад л Наранчимэгийн нүүр нь гэмтсэн байх. Нарааг Бямбасүрэн яг цохиж байхыг би хараагүй. ... 2016 оны 3 дугаар сарын 06-ны орой ... Бямбасүрэн, Наранчимэг 2 хэрэлдэн бие биенээ үсдэлцчихээд тавихгүй, охин цаанаас орж ирээд голоор нь орж салгасан ...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Зулаагийн өгсөн:

“... Манай аав Ганхуяг Наранчимэг гэдэг эмэгтэйтэй уулздаг гээд манай гэрээр орж гараад явдаг байснаа өнгөрсөн жил сураг чимээгүй болсон. 2016 оноос Бямбасүрэн гэдэг эмэгтэй манайхаар орж гардаг, аав хааяа гэр рүү нь очдог болсон. Одоо энэ 2 хүний хэн нь ч манайд амьдрахгүй байгаа. ... 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр /ажлын өдөр байсан/ намайг ажил дээр байхад Наранчимэг Бямбасүрэн 2 хэн хэн нь утсаар залгаад аавыг чинь цагдаа аваад явчихлаа, бид нар цагдаа руу явж байна гэсэн. Би ажил ихтэй байсан тул 20 цагийн үед байх Баянголын цагдаа дээр ирэхэд цагдаа нар аавыг гэр рүү явуулчихсан, Бямбасүрэн Наранчимэг 2 цагдаагийн үүдэнд зогсож байсан. ... Наранчимэг нүүрэндээ гэмтэлтэй, хэн хэнийх нь үс сэгсийсэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Өсөхбаярын өгсөн:

“... 2016 оны 4 дүгээр сарын 25-ны ... 17 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 67 дугаар байрны гадна зодоон болоод байна гэсэн дуудлага Тайшир 10-аас өгсний дагуу очсон. ... ирэх замдаа настай эмэгтэй нь туранхай бор царайтай эмэгтэйгээ чам шиг муу арчаагүй юм хүний нөхөртэй явалдана гэх мэтээр хэл үгээр дайраад, нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Сүхбаатарын өгсөн:

“ ... Дуудлага өгсөн эмэгтэй нь шар царайтай эмэгтэйг “чам шиг нөрхийнхөө толгойг залгичихаад нөхөр эргүүлэхгүй” гэж хэлэхэд эгч эмэгтэй уурлаад дуудлага өгсөн эмэгтэйгийн нүүрэнд 2-3 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5789 дугаар:

1. Наранчимэгийн биед тархи доргилт, 2 зовхи, 2 хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хацарт зулгаралт, дух, зүүн шилбэ, дээд уруулын дотор салстад цус хуралт , 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар  эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн акт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

- Хохирогч Д.Наранчимэгийн гэмтлийн дараах үеийн гэрэл зургууд /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Наранчимэгийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 30, 55-56 дугаар хуудас/,

         - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- Хоногийн бодит дуудлага мэдээллийн бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Бямбасүрэн нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 67 дугаар байрны гадаа иргэн Д.Наранчимэгийг хамтран амьдрагч Ганхуягтай хардсаны улмаас зодож, бие махбодид нь  тархи доргилт, 2 зовхи, 2 хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хацарт зулгаралт, дух, зүүн шилбэ, дээд уруулын дотор салстад цус хуралт , 1-р шүдний сулрал  бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Бямбасүрэнгийн “...Д.Наранчимэгт хохирол учруулсан нь миний буруу. Би хоёр удаа Д.Наранчимэгийн нүүр рүү нь цохьсон. Гэхдээ санамсаргүйгээр цохьсон. Наранчимэгт учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байна ...” гэх,

хохирогч Д.Наранчимэгийн “...Бямбасүрэн намайг хоёр хацар дээр 5-6 удаа цохьсон. Чамайг хүний нүүр харахгүй болгоно гэсэн. Бямбасүрэнд цохиулсны улмаас миний нүүр сорвитой болсон. Энэ нь надад маш хэцүү байна. Намайг гурван сар тутам нүдний эмчийн хяналтанд бай гэж хэлсэн. Гэхдээ нэмж хохирол нэхэмжлэхгүйгээр энэ хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна ...” гэх мэдүүлгүүд,

гэрч Д.Өсөхбаярын өгсөн “... ирэх замдаа настай эмэгтэй нь туранхай бор царайтай эмэгтэйгээ чам шиг муу арчаагүй юм хүний нөхөртэй явалдана гэх мэтээр хэл үгээр дайраад, нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохисон ...” гэх, 

гэрч Б.Сүхбаатарын өгсөн “... Дуудлага өгсөн эмэгтэй нь шар царайтай эмэгтэйг “чам шиг нөрхийнхөө толгойг залгичихаад нөхөр эргүүлэхгүй” гэж хэлэхэд эгч эмэгтэй уурлаад дуудлага өгсөн эмэгтэйгийн нүүрэнд 2-3 удаа цохисон ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5789 дугаар акт, хоногийн бодит дуудлага мэдээллийн бүртгэлийн хуулбар, хохирогч Д.Наранчимэгийн гэмтлийн дараах үеийн гэрэл зургууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Бямбасүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Бямбасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч  Д.Наранчимэг нь шүүгдэгч Г.Бямбасүрэнгээс эмчилгээний зардалд 300,000 төгрөг авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Гэлэгжамцын Бямбасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Бямбасүрэнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар  Г.Бямбасүрэн нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар  сольж болохыг дурдсугай.

 

4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Бямбасүрэн цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Д.Наранчимэг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Бямбасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бямбасүрэнд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ