Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 201/МА2017/00032

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй,

“Д” их сургуульд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 138/ШШ2017/00776 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Н.Д-ийн нэхэмжлэлтэй, “Д” Их сургуульд холбогдох тус сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны албаны ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Д” Их сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны албаны ажилтнаар 2016 оны 3 сарын 14-ний өдрөөс эхлэн ажилласан. Би хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг зохих журмын дагуу алдаа зөрчилгүй хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 3 сарын 07-ны өдрийн Б/22 дугаар захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдан ажилгүй болсон. Уг тушаалд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.1/Г/, албан тушаалаа хувийн ашиг олох хэрэгсэл болгон гадаад оюутнаас мөнгө авахыг завдсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан, оюутны өргөдлийг үндэслэн 2017 оны 3 сарын 9-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Дорнод Их сургуулийн багш, бага анги, багш англи хэлний 3 дугаар дамжаанд БНХАУ-аас суралцаж буй 11 оюутан багшлах дадлагаа өөрийн нутагтаа хийх болсонтой холбогдуулан визны сунгалтын материалыг бүрдүүлэх шаардлагатай болсон. 11 оюутныг Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн “Улаан тууз” эмнэлэгт 2017 оны 2 сарын 20-ны өдөр шинжилгээ өгүүлсэн. Их эмч П.Оюумаа 2017 оны 2 сарын 22-ны өдөр шинжилгээний хариуг өгөхдөө 10 оюутны шинжилгээ сөрөг, 1 оюутны шинжилгээ эерэг гарсан учир тус оюутантай уулзаж эмчлүүлэхийг надад зөвлөсөн. Эмчийн зөвлөсний дагуу шинжилгээний хариу эерэг гарсан оюутантай ганцаарчлан уулзаж хариуг хэлэхэд их хүндээр хүлээж авсан. Тухайн үед би оюутныг “Засгийн газар хоорондын гэрээгээр ирчихээд ийм асуудал гаргалаа, эмчлүүлэхгүй бол виз сунгагдахгүй юм байна” гэж зэмлэсэн. Гэтэл Дорнод Их сургуулиас ирүүлсэн тайлбартаа “...багш Д нь гадаад оюутан Сурнаагаас бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг эрүүл гаргана гэж амлалт өгч түүнээс шан харамж буюу 1000 юань, хүүхэддээ хувцас нэхсэн болох нь гадаад оюутны өргөдөл, гомдлоор тогтоогдсон” гэж бичжээ. Би оюутантай өвчнийг хэрхэн эмчлүүлэх тухай ярилцсан. Миний хувьд шинжилгээний хариуг зүгээр гаргуулж өгнө гэж хэлээгүй, надад тийм чадал, боломж ч байхгүй. Гадаад оюутны бичсэн гэх өргөдөл нь хуулийн үндэслэлгүй, тогтоогдоогүй, улмаар хүний үгийг сонсохгүй, хэлний үл ойлголцлоос болсон гэдгийг анхаарч үзээгүй. Би энэ өргөдлийг гадаад оюутан бичсэн гэдэгт эргэлздэг. Энэ бичгийн хэв бол манай сургуулийн бичиг хэргийн ажилтны хэв хэмээн үзэж байна. Манай сургууль хятад хэлний багш, орчуулагч бэлтгэдэг сургалтын байгууллага учраас өөрийн гараар нь өөрийнх нь хэлээр бичүүлж, орчуулагчаар орчуулж үнэн зөв бичсэнийг нь баталгаажуулах байсан гэж үзэж байна. Сургуулийн захирал тухайн үед юу болсныг надаас асуулгүй, тайлбарлах боломж олгохгүйгээр шууд ажлаас халсанд гомдолтой байна. Би тушаалаа 2017 оны 3 сарын 13-ны өдөр авсан. 3 сарын 9-ний өдөр сургуулийн захиргаанд өргөдөл өгөхдөө оюутны өргөдлийг үндэслэн халж байгаа гэдгийг мэдсэн байсан. Би сургуулийн нэр хүндийг бодоод яаран шүүхэд хандаагүй, учир нь олдох байх, гаргасан тушаалаа өөрчлөх байх гэж итгээд сургуулийн захиргаанд өргөдөл өгсөн.  Миний хувьд 2013 оны 1-р сард Улаанбаатар хотын Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасагт нурууны хагалгаа хийлгэж хяналтанд байдаг. 2017 оны 4 сарын 5-ны өдөр өвчтөн илгээх 13А маягтаар Улаанбаатар хот явсан. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн боловч хэвтэж чадаагүй. Шаардлагатай шинжилгээнүүдийг өгч гадуур эмчилгээ хийлгэсэн. Энэ үед хотоос ирж сургуулийн захиргаа өргөдлийн хариу өгөөгүй учир Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд 4 сарын 17-нд өргөдөл өгсөн. Тэгээд хотод эмчлүүлж байгаад 4 сарын 26-ны өдөр ирсэн. 5 сарын 1-ний өдөр Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн асуудлыг шийдэж өгнө үү. Ажлаас үндэслэлгүй халсан тул хуучин ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч И.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай сургуульд суралцдаг өвөр монгол оюутан Сурнаа нь 2017 оны 3-р сард захирал Янжмаад хандан “Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны ажилтан багш Д нь надаас мөнгө болон хүүхдүүддээ хувцас нэхээд хэцүү байна” гэж гомдол мэдүүлсэн. Энэхүү гомдлын дагуу Сурнаагаас лавлахад бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөхөд минийх сөрөг гэж гарсан, Д багш шинжилгээний сөрөг гэсэн хариуг эерэг болгоно, тиймээс 1000 юань хэрэгтэй, эмчид нь өгнө гэснийг захиралд хэлсэн, өглөө нь захирал уруу орох гэхэд Д багш “захиралд намайг ойлгоогүй, тэгж хэлээгүй гээд хэлчих, би юу ч мэдээгүй шүү...” гэж хэлсэн байдаг. Багш Д нь гадаад оюутан Сурнаагаас бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг эрүүл гаргана гэж амлалт өгч түүнээс шан харамж буюу 1000 юань, хүүхэддээ хувцас нэхсэн болох нь гадаад оюутны өргөдөл, гомдлоор тогтоогдсон. ...Д-ийн дээрх үйлдэл нь манай сургуулийн нэр төрд маш ноцтой хохирол учруулсан явдал болсон бөгөөд энэ асуудлыг захиргааны зөвлөлөөр хэлэлцэн хөдөлмөрийн гэрээний 4.2.Г-д заасан “Албан тушаалаа хувийн ашиг олох хэрэгсэл болгох...” гэсэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах шийдвэр гаргасан. Ажлаас халсан шийдвэрийг Д-д 2017 оны 3 сарын 7-ны өдөр танилцуулсан. Д багшид манай сургуульд ажиллаж сурдаг бүх гадаад багш, оюутны бичиг баримт байдаг учир ажил хүлээлцэж дууссаны дараа 3 сарын 13-ны өдөр тушаалыг гардуулсан. Д-ийн шүүхэд хандан гаргасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн  хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажлаас халагдсан ажилтан энэ талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын дотор шүүхэд гаргах ёстой байдаг. Тэрээр тус заалтыг биелүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 138/ШШ2017/00776 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э овогт Н.Д-ийн нэхэмжлэлтэй “Д” Их Сургуульд холбогдох тус сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Д давж заалдах гомдолдоо: ...Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тухай өргөдлөө шүүхэд 2017 оны 5 сарын 3-нд өгсөн нь үнэн. Гэхдээ өргөдлөө хугацаа хоцруулсан байдлаа шалтгаантай гэж үзэж сэргээлгэх хүсэлтийг гаргасан. Гэтэл сэргээлгэх боломжгүй гэж үзсэн байна. Би сургуульдаа хандаж учир шалтгаанаа тайлбарлаж хятад оюутантай ярилцсан яриаг хэл яриа ойлголцоогүйгээс буруу ойлгож тайлбарласан байна. Үүнийг хянаж харгалзан үзээч гэсэн утгатай өргөдөл бичиж өгсөн. Түүний хариуг надад одоо ч өгөөгүй. Хэдийгээр тушаалын хуулбарыг надад өгсөн ч эргэн хянаж үзнэ гэж итгэж байсан. Сургуулийнхаа нэр хүнд, оюутны нэр хүнд, ажилтан миний ч нэр хүнд яригдах асуудал байсан. Захирал ер нь шүүхэд өглөө гэж дургүйцдэг, янз бүрээр хавчдаг болохоор дотооддоо шийдэх байх гэж найдаж ҮЭХороонд өгсөн юм. Тэнд шийдэж чадахгүй гэхээр нь аймгийн ҮЭЗөвлөлийн маргаан зохицуулах салбар зөвлөлд хандсан. Бас хамгийн гол шалтгаан бол миний бие өвддөг, нурууны гэмтэлтэй учир эмнэлэгт хяналтандаа үзүүлж эмчлүүлье гэж яваад эмчилгээний дундуур машинаар удаан явахыг хориглодог учир Улаанбаатараас ирж чадахгүй хугацаа алдсан байгаа. ...Ингээд ҮЭЗөвлөл манайд хамаарах хэрэг биш гэхээр нь шүүхэд өгсөн. Тэр оюутнаас мөнгө авах гэж шаардсан, ятгасан, захиралд өөрөөр хэл гэсэн асуудал огт байхгүй. ... Албан тушаалаа ашиг олох хэрэгсэл болгосон асуудал байхгүй. ...Миний өвчтэй, эмчилгээ хийлгэж хотод байсан, зардал мөнгөний боломжоос хамаарч эмчилгээгээ дуусгаж байж ирэхээс аргагүй байсан шалтгааныг харгалзан үзэж, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Дорнод аймаг дахь “Д” Их сургуульд холбогдуулан “эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны албаны ажилтнаар эгүүлэн тогтоолгох”- оор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэн талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Ажил олгогч Дорнод Их сургууль нь ажилтан Н.Д-тэй 2016 оны 12 сарын 09-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 11 дэх тал/

Ажил олгогч Дорнод Их сургуулийн захирлын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 /Г/, албан тушаалаа хувийн ашиг олох хэрэгсэл болгон гадаад оюутнаас мөнгө авахыг завдсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан, оюутны гаргасан өргөдлийг үндэслэн ажилтан Н.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 03 сарын 09-ний өдрөөс эхлэн цуцалсан байна. / хх-ийн 7 дахь тал /

Ажилтан Н.Д нь ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай  Б/22 дугаар тушаалыг 2017 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авсан, мөн Дорнод Их сургуулийн захиргаанд 2017 оны 03 сарын 09-ний өдөр өргөдөл гаргасан, 2017 оны 03 сарын 07-ны өдрийн тооцооны хуудсыг зохих албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж сургуулийн хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэж өгсөн, 2017 оны 03 сарын 10-ны өдөр ажил хүлээлцсэн тэмдэглэл үйлдсэн, 2017 оны 03 сарын 09-ний өдөр файлаар ажил хүлээлцсэн, 2017 оны 03 сарын 20-ны өдөр Дорнод Их сургуулийн захиргаанд “2017 оны 03 сарын 07-нд ажлаас чөлөөлөгдсөн тул ажилласан хугацааны амралтын мөнгийг олгоно уу“ гэсэн өргөдөл гаргасан зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. / хх-ийн 7, 10, 28-31, 32 дахь талууд /

Дээрх баримтуудаас үзэхэд ажилтан Н.Д нь ажлаас халагдсан тухайгаа мэдсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Д нь сургуулийн нэр хүндийг бодож сургуулийн захиргаанд халсан тушаалаа эргэж харах байх гэж бодож өргөдөл гаргаж өргөдлийн хариуг хүлээсэн. Өргөдлийн хариуг өгөөгүй учраас Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 2017 оны 04 сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан. Мөн энэ хугацаанд 2017 оны 04 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Энэ байдлуудыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь  нэхэмжлэгч ажлаас халагдсанаас хойш хэсэг хугацаанд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан нь тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн дээрх байдлыг хуульд заасан хугацаанд шүүхэд  нэхэмжлэл гаргах боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т:

“Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана“ гэсэн хуулийн заалтыг нэхэмжлэгч өөрөө хэрэгжүүлэх боломжтой байсан байна.

Иймд ажилтан Н.Д-ийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

 Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Н.Д-ийн “ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү “ гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 138/ШШ2017/00776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Н.Д нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧИД                                                             Д.БАЙГАЛМАА                                                                                                                                                       З.ЭНХЦЭЦЭГ