| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02077/И |
| Дугаар | 2149 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49-13 тоотод оршин суух, Боржигон овогт Жигмэддоржийн Гэрэлтбаатар /РД:ХА56122995/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 57-53 тоот хаягт оршин суух, Чойжилжавын Гомбосүрэн /РД:ЕЮ44060117/-д холбогдох
3,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 тонн-ын контейнар 1 ширхэг, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 20 тонн-ын контейнар1 ширхэгийг, 1,500,000 төгрөгийг хамт гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Гэрэлтбаатар, хариуцагч Ч.Гомбосүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Гэрэлтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Гэрэлтбаатар миний бие 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр М.Бямбабаатараас 20 ба 40 тонны контейнар худалдаж авсан бөгөөд тухайн үед байрлуулах газар байхгүйн улмаас дараа очиж авахаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт, Цагдаа толгойн баруун талд байх М.Бямбабаатарын эзэмшлийн хашаанд үлдээсэн. Уг худалдаж авсан контейнараа авах гээд ирэхэд М.Бямбабаатар нь хашаагаа “Бумба гранд инженеринг” ХХК-д худалдсан байсан. Учир байдлаа хэлж контейнараа авах гээд 2 удаа очиход манаач Ганболд захирал Ч.Гомбосүрэн битгий өг гэсэн, орж ирсэн хүнийг буудна гээд өгөхгүй байна. Захирал Ч.Гомбосүрэнтэй уулзахад би чиний контейнарыг өгөхгүй, барьцаалж байна. Би М.Бямбабаатараас блокны үйлдвэрийн схем зураг авах ёстой, тэрийг чи авч өг гээд өгөхгүй байна. М.Бямбабаатар уг блокны үйлдвэр хашаагаа зарахаас өмнө би контейнарыг худалдаж авсан. Энэ хүнтэй садан төрөл, танилын ямар ч холбоогүй. Миний бие уг контейнаруудаа авахаар 2 удаа машин хөлсөлж очсон болон бусад зардалд 1,500,000 төгрөгний зардал гарсан. Иймд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 тонн-ын контейнар 1 ширхэг, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 20 тонн-ын контейнар1 ширхэгийг, 1,500,000 төгрөгийг хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Гомбосүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Гэрэлтбаатар гэж хүнийг би огт танихгүй. Би энэ хүнтэй ямар нэгэн өр төлбөр, өглөг авлага байхгүй. Ямар учраас надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. “Эм Жи Эм Эм” ХХК нь өөрийн өмчлөлийн цемент зуурах HLS-90 маркийн тоног төхөөрөмжийг емкос бусад зүйлийн хамт болон 380 кв цахилгаан шийдэл зэргийг “Бумба гранд инженеринг” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр худалдсан байдаг. “Эм Жи Эм Эм” ХХК нь 2 контейнарыг барьцаанд үлдээгээд 3 жил сураггүй алга болсон. Тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авсан “Бумба гранд инженеринг” ХХК-д үйлдвэрлэлийн схем зураглал, техникийн паспортыг өгөөгүйгээс уг тоног төхөөрөмжийг ажиллуулж чадахгүй 20 гаран сая төгрөгийн алдагдалд орж байгаа тул М.Бямбабаатар гэж этгээдтэй худалдах гэрээний тооцоо бүрэн дуусаагүй байхад М.Бямбабаатар нь барьцаанд үлдээсэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нэгээхэн хэсэг болох 2 ширхэг контейнарыг бусдад шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. М.Бямбабаатар, Ж.Гэрэлтбаатар нарын хооронд 2 контейнар худалдаж авсан гэрээ гэж байгаа боловч үүнийг бодитоор хийгдсэн гэх үндэслэлгүй байна. Хэрвээ Ж.Гэрэлтбаатар гэж хүн контейнарын асуудлаа нэхэмжлэх гэж байгаа бол хариуцагчаа зөв тогтоох шаардлагатай. Иймд “Эм Жи Эм Эм” ХХК, “Бумба гранд инженеринг” ХХК-иудын хоорондох худалдаж авах гэрээний хооронд эд зүйлсийн маргаантай, бүрэн шийдвэрлээгүй байхад ямар ч хамааралгүй иргэн надаас 2 ширхэг контейнар болон 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Гэрэлтбаатар нь хариуцагч Ч.Гомбосүрэнд холбогдуулан 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 тонн-ын контейнар 1 ширхэг, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 20 тонн-ын контейнар1 ширхэгийг, 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Гэрэлтбаатар нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Бямбабаатараас 40 тонн-ын контейнар 1 ширхэгийг, 20 тонн-ын контейнар 1 ширхэгийг тус тус худалдан авч, тухайн үед хадгалах газар байхгүй байсан тул М.Бямбабаатарын “Эм Жи Эм Эм” ХХК-ийн хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт, Цагдаа толгойн баруун талд байрлах хашаанд үлдээгээд явсан. Ингээд дараа нь уг контейнаруудаа авахаар очиход иргэн Ч.Гомбосүрэн өгөхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Ж.Гэрэлтбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.Бямбабаатартай байгуулсан “контейнар худалдах, худалдан авах” гэрээг нотлох баримтаар өгсөн байх ба уг гэрээний дагуу 2 ширхэг контейнарыг өмчлөх эрх өөрт нь шилжсэн гэж тайлбарлаж байх ба өөрийнх нь өмчлөлийн 2 ширхэг контейнарыг иргэн Ч.Гомбосүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт, Цагдаа толгойн баруун талд байрлах хашаанд маргааны зүйл болох 2 ширхэг контейнар байгаа эсэх, уг хашаанд үйл ажиллагаа явуулдаг цементны үйлдвэрийг “Эм Жи Эм Эм” ХХК-иас “Бумба гранд инженеринг” ХХК нь худалдан авсан, одоо уг хашаа “Бумба гранд инженеринг” ХХК-ийн эзэмшилд байгаа гэдэг дээр талууд маргахгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл маргааны зүйл болох 2 ширхэг контейнар нь иргэн Ч.Гомбосүрэнгийн эзэмшилд биш, харин “Бумба гранд инженеринг” ХХК-ийн эзэмшилд байна гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Ч.Гомбосүрэн нь маргааны зүйл болох 2 ширхэг контейнарыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж, нэхэмжлэгч Ж.Гэрэлбаатарын өмчлөх эрхийг зөрчсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Гомбосүрэнгээс 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 тонн-ын контейнар 1 ширхэг, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 20 тонн-ын контейнар1 ширхэгийг, 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгч Ж.Гэрэлбаатарт байхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Гомбосүрэнгээс 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 тонн-ын контейнар 1 ширхэг, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 20 тонн-ын контейнар1 ширхэгийг, 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Гэрэлтбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Гомбосүрэнгээс 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 тонн-ын контейнар 1 ширхэг, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 20 тонн-ын контейнар1 ширхэгийг, 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Гэрэлтбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Гэрэлтбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА