Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1965

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

   Дугаар 101/ШШ2017/01965

Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух, Д.Н. /РД: ............/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ....................тоотод оршин суух, Н.Эд /РД:хххх/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат,         

           Хариуцагч Н.Э,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Нарантуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Д.Нарантуул нь тухайн үед хамт ажиллаж байсан Д.Энхтүвшингийн хүсэлтээр 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга байсан Н.Эд 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн.

            Н.Э зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд маш олон удаа нэхүүлж байж түүний төрсөн дүү Н.Нарантуяа эгчийн өмнөөс би мөнгийг нь өгье гээд 2015 оны 2 дугаар сард 1.000.000 төгрөгийг төлсөн ба үлдсэн мөнгийг нь 2016 оны 2 дугаар сар гэхэд өгнө гэсэн боловч өгөөгүй.

            Н.Ээс мөнгөө нэхэхээр өгдөггүй. Иймд Н.Ээс үндсэн зээл 1.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг 400.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Д.Нарантуул нь Н.Э надад холбогдуулан 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.Нарантуулаас хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Д.Нарантуулын гаргаж өгсөн миний түүнээс мөнгө зээлсэн гэх баримт хуурамч баримт байна. Би тухайн үед мөнгө зээлэхээр уг хүсэлтийг бичиж байсан ба уг баримт ажлын маань ширээний шургуулганд байсан. Д.Нарантуул ямар арга замаар уг мөнгө зээлсэн баримтыг олж авсаныг мэдэхгүй байна.

            2013 онд миний бие Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан ба тухайн үед Д.Нарантуул өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хүүхдээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарсан, амьдралынх нь түвшин доогуур, гэр оронгүй, гэр бүлийн хүчирхийлэлд автсан байдалтай байсан. Энэ хүнд яагаад ч ийм их хэмжээний мөнгө байхгүйг би ажлынхаа шугамаар мэдэж байна.

            Тухайн үед Д.Нарантуул нь орон гэргүй байсан учраас тамгын газраар хоноглон явж байхад нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гэр олгож, Улаан Загалмайн байгууллагаас тусламж хүртэл үзүүлж байсан.

            Яагаад намайг өөрөөс нь мөнгө зээлсэн гээд гүтгээд байгааг би бас тодорхой сайн мэдэж байна. Баянзүрх дүүргийн засаг дарга, дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа болон Н.Э бидний хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн Д.Пүрэвдаваагийн захиалгаар, Д.Пүрэвдаваа нь өөрийнхөө доор ажилладаг намын гишүүд болох тухайн хорооны засаг дарга Д.Энхтүвшин болон амьдралын түвшин доогуур амьдралтай Д.Нарантуулыг ашиглан миний нэр хүндийг гутаан доромжлох зорилготой, зохион байгуулалттай үйлдэл, гүтгэлэг гэж үзэж байна.

            Миний бие 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа үндэслэлгүй халагдсанаас хойш ажлын байрандаа буюу өрөөндөө орж чадаагүй бөгөөд өрөөнд маань байсан баримтыг авч надаас 1.400.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед надад ээжийн маань эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байсан нь үнэн.

            Д.Нарантуул нь 2015 оны 2 дугаар сард миний дүү Н.Нарантуяагаас миний нэрийг ашиглан айлгаж байгаад 1.000.000 төгрөг авсан байсан. Энэ үед би Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулан эмнэлэгт хэвтсэн байсан.

            Д.Нарантуулын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнээс мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нарантуул нь хариуцагч Н.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Нарантуул нь “Н.Э надаас 2.000.000 төгрөг зээлсэн. 1.000.000 төгрөгийг түүний дүү Н.Нарантуяа эгчийнхээ өмнөөс төлсөн. Одоо үндсэн зээл 1.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг 400.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг нэхэмжилнэ“,

Хариуцагч Н.Э нь ”Д.Нарантуулаас мөнгө зээлээгүй тул түүний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хариуцагч Н.Э нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэх хүсэлт бусдад гаргасан байх ба зээлийн буцаан төлөлтийг 1 сараас хуваан төлөх талаараа хүсэлтдээ тусгасан бөгөөд мөн өдөр нь зээлдүүлэгч гэх Д.Нарантуул нь Хаан банк дахь 5039336178 тоот данснаасаа 2.000.000 төгрөгийг зарлагдсан нь зохигчийн тайлбар, Н.Эрдэнийн мөнгө зээлэх тухай хүсэлт, Д.Нарантуулын Хаан банк дахь депозит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 3, 7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.

 

Хариуцагч Н.Эрдэнийн 2.000.000 төгрөг зээлж аваагүй гэх тайлбар нь түүний дүү Н.Нарантуяа 2015 оны 2 дугаар сард Н.Эрдэнийн зээлийн төлбөрт хэмээн 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Нарантуулд төлсөнөөр үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Д.Нарантуулаас 2.000.000 төгрөгийг аваагүй гэсэн хэдий боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ талаархи баримтаа ирүүлээгүй болно.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч Н.Э мөнгө зээлэх хүсэлтдээ 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэх хүсэлтэй байгаагаа тусгахад үүнийг нэхэмжлэгч Д.Нарантуул хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба гэрээний хугацаанд буюу 2 сарын хугацаанд гагцхүү 1 л удаа хүү тооцно.

 

Хариуцагч Н.Э нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөнгө зээлэх хүсэлт бичсэн талаараа маргаагүй бөгөөд тэрээр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, үүнээс хойш ажлынхаа өрөөнд нэвтэрч чадаагүй, уг мөнгө зээлэх хүсэлт ажлын өрөөнд хадгалагдаж байсан, мөнгө зээлэх хүсэлтийг Д.Нарантуул хууль бусаар олж авсан гэж тайлбарлалаа.

Н.Эрдэнийн мөнгө зээлэх хүсэлтийг Д.Нарантуул хууль бусаар олж авсан гэх тайлбар нь 2015 оны 2 дугаар сард Н.Эрдэнийн дүү Н.Нарантуяа түүний өмнөөс зээлийн төлбөрт 1.000.000 төгрөгийг Д.Нарантуулд өгснөөр үгүйсгэгдлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”,

232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заасан ба алданги нь үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлэлтийн үргэлжлэлд чиглэгдэж тогтоогдоно.

 

Нэхэмжлэгч Д.Нарантуул нь үндсэн зээл 1.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг 400.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг 400.000 төгрөг нь зээлийн хүү, эсхүл алданги эсэх нь тодорхой бус тул уг мөнгийг буюу 400.000 төгрөгийг хариуцагч Н.Ээс гаргуулах үндэслэлгүй бөгөөд үндсэн зээл 2.000.000 төгрөгийн үлдэх хэсэг болох 1.000.000 төгрөгийг хариуцагч Н.Ээс гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Нарантуул нь хариуцагч Н.Эд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг зээлсэн ба нэхэмжлэгч нь гэрээний хугацааг 2 сар хэмээн тодорхойлсон тул уг хугацаагаар гэрээний хугацааг тооцсон ба Иргэний Хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар уг гэрээний хугацаа 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дууссан гэж үзэхээр байна.

Иргэний Хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар шаардлага гаргах эрх бүхий тал хуулиар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх зэрэг тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба 2015 оны 2 дугаар сард Н.Эрдэнийн өмнөөс Н.Нарантуяа нь зээлийн төлбөрт 1.000.000 төгрөг өгснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ба нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Н.Ээс 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарантуулд олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон        

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Ээс 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарантуулд олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ээс 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарантуулд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.САРАНГҮН