| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0044/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/96 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/96
2022 02 16 2022/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Д.Нямдэлэг, шүүгдэгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О-ын Т-д холбогдох эрүүгийн 21100 0000 1129 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт О-ын Т- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Режис плайс цамхагийн 807 тоотод үйл ажиллагаа явуулдаг Хаппи фловерс ХХК-ийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж компанийн өмнөөс асрагчийн төлбөр шилжүүл гэж н.Бгаас 1.430.000 төгрөг, М.Э-аас 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн 5011446821 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч О.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч О.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би “Хаппи фловерс” ХХК-д гэмт хэрэг гарахаас өмнө ажилладаг байсан. Хамт ажилладаг байсан хүн “буцаж ажиллаач” гэхээр нь би ажилдаа ороод 5 хоног болж байсан юм. Тухайн үед захирал “айлуудаас төлбөр ав” гэсэн чиглэл өгөхөөр нь 2 айлын төлбөрийг нь өөрийнхөө дансаар авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед өөрийн данс руу шилжүүлэн авсан мөнгийг үрээд дуусгасан.
Хохирлын мөнгийг Э.У- захирлын данс руу 2021 оны 12 дугаар сарын дундуур шилжүүлж, бүрэн төлсөн байгаа. Одоо би хүнсний үйлдвэрт нягтлан бодогч хийж байгаа, сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг.” гэсэн мэдүүлэг,
Гурав: Эрүүгийн 21100 0000 1129 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хаппи фловерс” ХХК-ийн төлөөлөгч Э.У-ийн хохирогчоор өгсөн:
“...Би хүүхэд асрах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг удирддаг юм. 2020 оны 02 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл манай компанид ажиллаж байсан Отгонбатын Түшээ гэх залуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай компанид харилцааны менежерээр дахин ажилд орсон юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өглөө ажил дээр ирээд О.Т манай харилцагч М.Э-аас 2.000.000 төгрөг, н.Б гэх хүнээс 1.430.000 төгрөгийг тус тус өөрийнхөө дансаар үйлчилгээний хөлс гэж авсан болохыг мэдсэн. Тэгээд тэр даруйд нь хүний нөөцийн менежерээр яриулахад “14 цагт очно” гэж чат бичсэн байсан боловч ирээгүй. Манай ажлын 95955535 дугаарын утаснаас үйлчлүүлэгч нар луу залгаж “төлбөрөө шилжүүл” гэж нэхээд авсан байна лээ. Уг нь бол харилцагч нар компанийн дансанд мөнгөө шилжүүлдэг юм. Шинэ харилцагч нар мөнгө нэхэнгүүт нь хийчихсэн гэж хэлсэн. Манай компанид 3.430.000 төгрөгийн хохирол учраад байна.
...О.Т нь дээрх мөнгийн бүрэн буцааж өгсөн тул одоо гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 09-10, 59 дэх тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Э-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж “Хаппи фловерс” ХХК-аас хүүхэд асрагч авч ажиллуулж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн 9595 дугаараас над руу залгаад “хүүхэд асрагчийн цалингаа өгөөрэй” гэхээр нь “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр танай 9595-тай дугаараас нэг залуу залгаад хүүхэд асрагчийн мөнгө шилжүүлээрэй гээд нэхээд байхаар нь би 5011446821 дугаарын О.Т гэсэн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхэд удалгүй тус компанийн захирал Э.У- гэх хүн залгаад “Манайд 2 өдөр ажилласан залуу байсан юм. Өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлж аваад ажлаасаа гараад алга болсон байна” гэж хэлсэн.
Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 57 минутанд Хаан банкны 5011446821 гэсэн данс руу Худалдаа хөгжлийн банкны 418007361 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийг “Намуун орхоны цалин” гэсэн утгатай шилжүүлсэн. Надад санал хүсэлт байхгүй. Би хүүхэд асрагчийн цалингаа л өгсөн юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),
3. Шүүгдэгч О.Тгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5011хххх21 дугаартай Депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 22-23 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Тгийн яллагдагчаар өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын намайг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.
“Хаппи фловерс” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сард ажилд ороод 2021 оны 4 дүгээр сард гарсан. Тус компани нь хүүхэд хардаг, зуучилж өгдөг байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус газарт ажиллаж байгаа гэж хэлж, нэр бүхий 2 хүнээс 3.430.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5011446821 тоот дансаар авсан. ...Учруулсан хохирлыг барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 39-40 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Отгонбатын мэдүүлэг (хэргийн 16-17 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 44 дэх тал), бакалаврын дипломын хуулбар (хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 47 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Тгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч О.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Режис плайс цамхагийн 807 тоотод үйл ажиллагаа явуулдаг Хаппи фловерс ХХК-ийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа “асрагчийн төлбөр шилжүүл” гэж н.Б, М.Э- нарт хүүхдийн асрагчийн цалин төлж байна гэж ойлгуулан, н.Бгаас 1.430.000 төгрөг, М.Э-аас 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн 5011446821 дугаартай дансаар шилжүүлэн өөртөө авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- хохирогч Э.У-ийн: “...Би хүүхэд асрах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг удирддаг юм. 2020 оны 02 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл манай компанид ажиллаж байсан Отгонбатын Түшээ гэх залуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай компанид харилцааны менежерээр дахин ажилд орсон юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өглөө ажил дээр ирээд О.Т манай харилцагч М.Э-аас 2.000.000 төгрөг, н.Б гэх хүнээс 1.430.000 төгрөгийг тус тус өөрийнхөө дансаар үйлчилгээний хөлс гэж авсан болохыг мэдсэн. Тэгээд тэр даруйд нь хүний нөөцийн менежерээр яриулахад “14 цагт очно” гэж чат бичсэн байсан боловч ирээгүй. Манай ажлын 95955535 дугаарын утаснаас үйлчлүүлэгч нар луу залгаж “төлбөрөө шилжүүл” гэж нэхээд авсан байна лээ. Уг нь бол харилцагч нар компанийн дансанд мөнгөө шилжүүлдэг юм. Шинэ харилцагч нар мөнгө нэхэнгүүт нь хийчихсэн гэж хэлсэн. Манай компанид 3.430.000 төгрөгийн хохирол учраад байна.
...О.Т нь дээрх мөнгийн бүрэн буцааж өгсөн тул одоо гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 09-10, 59 дэх тал),
- хохирогч М.Э-ын: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж “Хаппи фловерс” ХХК-аас хүүхэд асрагч авч ажиллуулж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн 9595 дугаараас над руу залгаад “хүүхэд асрагчийн цалингаа өгөөрэй” гэхээр нь “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр танай 9595-тай дугаараас нэг залуу залгаад хүүхэд асрагчийн мөнгө шилжүүлээрэй гээд нэхээд байхаар нь би 5011446821 дугаарын О.Т гэсэн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхэд удалгүй тус компанийн захирал Э.У- гэх хүн залгаад “Манайд 2 өдөр ажилласан залуу байсан юм. Өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлж аваад ажлаасаа гараад алга болсон байна” гэж хэлсэн.
Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 57 минутанд Хаан банкны 5011446821 гэсэн данс руу Худалдаа хөгжлийн банкны 418007361 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийг “Намуун орхоны цалин” гэсэн утгатай шилжүүлсэн. Надад санал хүсэлт байхгүй. Би хүүхэд асрагчийн цалингаа л өгсөн юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),
- шүүгдэгч О.Тгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5011хххх21 дугаартай Депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 22-23 дахь тал) болон шүүгдэгч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 39-40 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч О.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Режис плайс цамхагийн 807 тоотод үйл ажиллагаа явуулдаг Хаппи фловерс ХХК-ийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа “асрагчийн төлбөр шилжүүл” гэж н.Б, М.Э- нарт хүүхдийн асрагчийн цалин төлж байна гэж ойлгуулан, н.Бгаас 1.430.000 төгрөг, М.Э-аас 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн 5011446821 дугаартай дансаар шилжүүлэн өөртөө авч, хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Тг хуурч, ... зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэхүү гэмт хэргийн улмаас “Хаппи Фловерс” ХХК-ийн эд хөрөнгөд 3.430.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь “Хаппи Фловерс” ХХК-ийн төлөөлөгч, хохирогч Э.У-ийн “...О.Т нь дээрх мөнгийн бүрэн буцааж өгсөн тул одоо гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 59 дэх тал), Депозит дансны хуулга (хэргийн 74 дэх тал) баримтуудаар тус тус нотлогдсон байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 47 дахь тал) тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч О.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт О.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт О-ын Т-г хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд О.Т нь 3.430.000 /гурван сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг “Хаппи фловерс” ХХК-ийн төлөөлөгч, хохирогч Э.У-т нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт О.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД