| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0118/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/114 |
| Огноо | 2022-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/114
2022 02 22 2022/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У овогт Ч-ын А, Х овогт Д-ийн Ж нарт холбогдох эрүүгийн 22100 0000 0089 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Отгонтөгс, хохирогч/шүүгдэгч Ч.А, Д.Ж нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт Ч-ын А /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Д-ийн Ж- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Корперейт зочид буудалд Д.Ж-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Корперейт зочид буудалд Ч.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Ч.А, Д.Ж нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Бид хоёр хоорондоо эвлэрсэн, хэвийн харилцаатай байгаа.” гэсэн мэдүүлэг,
- мөн хохирогчоор өгсөн: “...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялиг зүйлээр шалтаглан хоорондоо зодолдсон. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Д.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“..Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд энэ талаар нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээ дэмжиж байна.“ гэсэн мэдүүлэг,
- мөн хохирогчоор өгсөн: “...Хохирогчийн хувьд надад гомдол санал байхгүй, эмчилгээ хийлгээгүй. Энгийн явцаар эдгэрчихсэн учир цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Гурав: Эрүүгийн 22100 0000 0089 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.А-ын хохирогчоор өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амд байрлах Корперейт зочид буудалд зөөгч ажилтай бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай ажлынхан шинэ жилээ тэмдэглэсэн. Гэтэл зөөгч ажилтай Ч.А нь ажлын талаар яриад, бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би түрүүлж Ч.А-ын өмсөж байсан хувцасных нь захнаас заамдаж аваад зүүн гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Ч.А зөрүүлээд миний зүүн нүдний дээд зовхи орчимд нэг удаа цохихоор нь би дахин нүүрэн тус газар цохих үед хүмүүс бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Өөр зодоон цохион болоогүй. ...Миний хувьд санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ж-ийн хохирогчоор өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амд байрлах Корперейт зочид буудалд хамгаалагч ажилтай бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай ажлынхан шинэ жилээ тэмдэглэсэн. Тэгээд хамгаалагч ажилтай Д.Ж ахтай хамт гадаа гараад тамхилж байхдаа ажлын талаар ярьж “би их ажил хийдэг, чи бага ажил хийдэг” гэснээс болж хоорондоо маргалдсан. Тэгэхэд Д.Ж ах түрүүлж миний өмсөж байсан хувцасны захнаас заамдаж аваад зүүн гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний зүүн нүдний дээд зовхи орчимд нэг удаа цохисон. Ингэхэд Д.Ж ах дахин миний нүүрэн тус газар цохих үед хүмүүс бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. ...Миний хувьд санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цагаадайн гэрчээр өгсөн:
“...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Би тэр өдрөө амраад, гэртээ шинэ он гаргачихаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний 00 цаг 30 минутад ажил дээрээ очиход зөөрч Ч.А, хамгаалагч Д.Ж, мөн бармен н.Дүүрэнбаяр нар байж байсан. Бид хэд хамт олноороо сууж юм ярилцангаа бага зэрэг архи, согтууруулах ундаа уусан юм. Шөнө 03 цагийн үед би бие засах газар орчихоод ирэх хооронд Ч.А, Д.Ж нар бие биенийхээ хувцасны захнаас зуурчихсан зогсож байсан. Би тэдэн дээр очоод “баярын өдөр ингэх хэрэггүй” гээд салгасан ч тэр хоёр дахин маргалдаад, босож ирээд бие биенийхээ нүүр лүү ээлжлэн цохилцоод байсан. Бие биенийхээ хувцасны захыг татаж боогоод байсан юм. ...Тухайн үед тэднийг салгаж холдуулах гэж дундуур нь орсон ч дийлэхгүй байсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1549 дугаартай:
1. Ч.А-ын биед баруун зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1547 дугаартай:
1. Д.Жгийн зүүн зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 29-30 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.А-ын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед Д.Ж ах бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бие биенээ буруу ойлгож, дээрх зодоон маргаан болсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 51 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 43 дахь тал), шүүгдэгч Ч.Аас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 58 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ж-ийн яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед Ч.А бид хоёр архи ууж, согтолттой байх үедээ гадаа үүдний орчимд тамхи татаж зогсож байгаад ажлын талаар ярьж маргалдаж зодолдсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 46 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 42 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 67 дахь тал), шүүгдэгч Д.Жгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 57 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ч.А, Д.Ж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчийн хувьд гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тэдгээр нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 57-58 дахь тал) 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, тэд нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ч.А, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 22100 0000 0089 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.А, Д.Ж нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
1. Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Корперейт зочид буудалд Д.Жтэй үл ялиг зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “...баруун зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Корперейт зочид буудалд Ч.Атай үл ялиг зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “...зүүн зовхинд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч Ч.А-ын: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амд байрлах Корперейт зочид буудалд зөөгч ажилтай бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай ажлынхан шинэ жилээ тэмдэглэсэн. Гэтэл зөөгч ажилтай Ч.А нь ажлын талаар яриад, бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би түрүүлж Ч.А-ын өмсөж байсан хувцасных нь захнаас заамдаж аваад зүүн гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Ч.А зөрүүлээд миний зүүн нүдний дээд зовхи орчимд нэг удаа цохихоор нь би дахин нүүрэн тус газар цохих үед хүмүүс бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Өөр зодоон цохион болоогүй. ...Миний хувьд санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),
- хохирогч Д.Жгийн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амд байрлах Корперейт зочид буудалд хамгаалагч ажилтай бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай ажлынхан шинэ жилээ тэмдэглэсэн. Тэгээд хамгаалагч ажилтай Д.Ж ахтай хамт гадаа гараад тамхилж байхдаа ажлын талаар ярьж “би их ажил хийдэг, чи бага ажил хийдэг” гэснээс болж хоорондоо маргалдсан. Тэгэхэд Д.Ж ах түрүүлж миний өмсөж байсан хувцасны захнаас заамдаж аваад зүүн гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний зүүн нүдний дээд зовхи орчимд нэг удаа цохисон. Ингэхэд Д.Ж ах дахин миний нүүрэн тус газар цохих үед хүмүүс бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. ...Миний хувьд санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11 дэх тал),
- гэрч Б.Цагаадайн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Би тэр өдрөө амраад, гэртээ шинэ он гаргачихаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний 00 цаг 30 минутад ажил дээрээ очиход зөөрч Ч.А, хамгаалагч Д.Ж, мөн бармен н.Дүүрэнбаяр нар байж байсан. Бид хэд хамт олноороо сууж юм ярилцангаа бага зэрэг архи, согтууруулах ундаа уусан юм. Шөнө 03 цагийн үед би бие засах газар орчихоод ирэх хооронд Ч.А, Д.Ж нар бие биенийхээ хувцасны захнаас зуурчихсан зогсож байсан. Би тэдэн дээр очоод “баярын өдөр ингэх хэрэггүй” гээд салгасан ч тэр хоёр дахин маргалдаад, босож ирээд бие биенийхээ нүүр лүү ээлжлэн цохилцоод байсан. Бие биенийхээ хувцасны захыг татаж боогоод байсан юм. ...Тухайн үед тэднийг салгаж холдуулах гэж дундуур нь орсон ч дийлэхгүй байсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1549 дугаартай:
1. Ч.А-ын биед баруун зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1547 дугаартай:
1. Д.Жгийн зүүн зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 29-30 дахь тал),
- шүүгдэгч Ч.А, Д.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 46, 48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Ч.А, Д.Ж нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нар нь гараараа цохиж зодсоноос үүссэн ба нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.А, Д.Ж нарын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч нар нь тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ч.А, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч Ч.А, Д.Ж нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хэргийн хохирогч нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн (хэргийн 11, 14 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) баримттай байна.
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.А, Д.Ж нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 42, 43 дахь талд тус тус авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.
Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, шүүгдэгч Ч.А, Д.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч нарын хувийн байдал болон нэр бүхий хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт Ч.А, Д.Ж нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.А, Д.Ж нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. У овогт Ч-ын А, Х овогт Д-ийн Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А, Д.Ж нарыг тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.А, Д.Ж нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ч.А, Д.Ж нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.А, Д.Ж нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.А, Д.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД