Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

      2022          02           22                                      2022/ШЦТ/116                              

                                                                                                                    

                                                                                                                      

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Г-ын Т-т холбогдох эрүүгийн 22100 0052 0059 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогч Д.М, хохирогчийн өмгөөлөгч Ц.Сайнбат, шүүгдэгч Г.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Г-ийн М- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB city зочид буудалд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.М-тай “ямар онгироо хүүхэн бэ” гэж маргалдан, нүүр лүү нь цохиж, биед нь “...хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2021 оны 12 дугаар 11-ний шөнө М, Нямдолгор, Батсайхан бид дөрөв “Юи Би сити” зочид буудалд орсон. Тэгээд гаднаас 1 шил архи оруулж ирээд уусан юм. Тэгээд би явах гэтэл Нямдолгор намайг явуулаагүй. М намайг явах гэлээ гээд надтай маргалдаад миний толгой руу хүрээд байхаар нь “чи битгий давраад бай” гээд түлхсэн. Удалгүй би хагас цагийн гараад, шөнө 04 цагт гэртээ ирсэн.

Хохирогчид учирсан гэмтэл нь түүнийг түлхсэнээс учирсан гэж бодож байна. Хохирол төлбөрийг баримтаар гарсан хэмжээгээр нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

1. Хохирогч Д.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2021 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 02-03 цагийн үед “UB city” нэртэй буудалд орсон ба Батсайхан гаднаас архи пиво оруулж ирсэн. Тэгээд бид нар ороод хагас цаг болж байхад Төгөлдөр “энэ муу хоёр онгироо охидууд байгаа биз дээ” гээд байхаар нь “түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ” гэхэд намайг шууд цохичихсон. Би хэсэг зуур ухаан балартсан байсан. Би цагдаа дуудах гэсэн болов утсаа хайгаад олоогүй. Батсайхан, Төгөлдөр 2 хэргийг нуух гэж утсыг маань нуучихсан байх.

Би Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байгаад ирсэн ба тэнд байхдаа хамрын мэс засал хийлгэж байсан юм. Одоо хамрын дотор талын имплант нь гэмтэлтэй байгаа. Би хагалгаанд орсон эмнэлэгтэй ярихад “өөрөө ирж үзүүлэх шаардлагатай” гэж хэлсэн. Мөн “мэс засал дахин хийлгэх 2-3 дахин их зардлаар хийлгэнэ” гэж хэлсэн. Миний гоо сайханд халдсан учир надад сэтгэл зүйн хувьд хэцүү байна. Одоо хүртэл хавдар нь буугаагүй байгаа.

Би Монголд хамрын хагалгаа хийдэг эмнэлэгт очиход “бид нар энэ технологиор хагалгаа хийж чадахгүй” гэсэн хариулт өгсөн учир Солонгост хийлгэхээр бодож байна. Мөн ийм хэрэг асуудал болоогүй бол би эмнэлэг гэж явахгүй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахгүй байх байсан. 20200 оны 5 дугаар сарын 30-ны өдөр явахаар онгоцны тийз захиалсан байгаа. Одоогийн байдлаар эмнэлэгтээ очиж үзүүлээгүй болохоор ямар хэмжээний зардал гарахыг мэдэхгүй байна. Би хагалгааны төлбөр, онгоцны зардал буюу нийт Би 22.211.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Төгөлдөр надтай 2 хоногийн өмнө надтай холбоотой бариад, 256.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22100 0052 0059 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мгийн хохирогчоор өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 11-ний орой би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “UB city зочид буудлын 602 тоот өрөөнд найз Нямдолгор, Батсайхан, Төгөлдөр нартай хамт пиво уугаад байж байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад санагдаж байна, би Нямдолгортой юм яриад сууж байхад Төгөлдөр гэнэт “ямар онгироо хүүхэн бэ” гээд миний нүүр лүү гараараа цохисон ба надтай зууралдаад миний гарыг чанга базаад байсан. Тэгээд зугтаагаад гараад явчихсан юм. Батсайхан нь надаас Төгөлдөрийн өмнөөс уучлалт гуйгаад байсан ба Нямдолгор бид хоёр цагдаа дуудах гэхэд Батсайхан бид хоёрын гар утсыг авчихаад өгөхгүй байсан юм. Тэгж байхад ашгүй хажуу өрөөний хоёр хүүхэд орж ирээд намайг зодуулсан зураг, бичлэгийг хийгээд, Батсайханы ярьсан яриаг бичлэгэнд буулгаад авчихсан байсан. Би унтаад өглөө сэрэхэд миний хамар аймар хөндүүр болчихсон, цус гарчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

Би Төгөлдөр гэх залуугаас 2020 онд байр худалдаж авч байсан. Тэгээд намайг Монголд 2021 оны 7 дугаар сард ирснээс хойш “хамт хоол идье, юу хийж байна, юу байна” гэх мэтээр тайван байлгадаггүй байсан. Тэгээд ганц хоёр удаа уулзаад бид хоёр найзууд болсон юм.

Миний хамар хугарчихсан байгаа, би 2019 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад байхдаа имплант хийлгэж байсан болохоор одоо Монголд эмчлүүлэхээс айж байна.

...Би хугарсан хамраа янзлуулаагүй байгаа, гэхдээ одоогийн байдлаар эмчилгээнд 750.000 төгрөгийн зардал гарсан. Төгөлдөр над луу залгаж, хохирол төлөхөө илэрхийлсэн, гэхдээ төлөөгүй байгаа ба би нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа хэлээгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 10-11, 12-13, 19-20 дахь тал),  

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Батсайханы гэрчээр өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын эхээр байх, өдрийг нь сайн санахгүй байна. Би найз Төгөлдөр, түүний хоёр эмэгтэй найз нарын хамт Хан-Уул дүүргийн 2-р дугаар хороо, UB city нэртэй зочид буудлын 603 тоотод пиво уугаад байж байсан. Тэгэхэд М, Төгөлдөр хоёр юм ярьж байснаа М гэнэт орон дээр уначихсан. Төгөлдөр түүнийг түлхсэн үү, цохисон уу мэдэхгүй, намайг нэг харахад л М орон дээр унаж байсан. Тэгээд Мгийн хамраас цус гараад, хамраа дарж “намайг цохичихлоо” гэж хэлсэн ба энэ үед Төгөлдөр гараад явчихсан юм. Би сууж байгаад араас нь гарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 35-36 дахь тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 393 дугаартай:

1. Д.Мгийн биед хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 41-42 дахь тал),

 

4. Хохирогч Д.М нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 93-101 дэх тал),

 

5. Хохиролд 256.000 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт (хэргийн 119 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Тийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ тухайн үед тэр эмэгтэй намайг тэгж хорьж цагдаад явуулахгүй гээгүй бол би мөрөөрөө хариад амрах байсан юм. Хохирогч намайг явуулахгүй гээд зөрүүдлээд байхаар нь түлхэхэд уначихсан юм. Би хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 57-58 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 124 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 66 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 120 дахь тал), шүүгдэгч Г.Төөс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хэргийн 83 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба Г.Т нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 83 дахь) 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар прокуророос Г.Тт холбогдох эрүүгийн 22100 0052 0059 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Тийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB city зочид буудалд Д.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, “ямар онгироо хүүхэн бэ” гэж нүүр лүү нь цохиж, биед нь “...хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Д.Мгийн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний орой би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, UB city зочид буудлын 602 тоот өрөөнд найз Нямдолгор, Батсайхан, Төгөлдөр нартай хамт пиво уугаад байж байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад санагдаж байна, би Нямдолгортой юм яриад сууж байхад Төгөлдөр гэнэт “ямар онгироо хүүхэн бэ” гээд миний нүүр лүү гараараа цохисон ба надтай зууралдаад миний гарыг чанга базаад байсан. Тэгээд зугтаагаад гараад явчихсан юм. Батсайхан нь надаас Төгөлдөрийн өмнөөс уучлалт гуйгаад байсан ба Нямдолгор бид хоёр цагдаа дуудах гэхэд Батсайхан бид хоёрын гар утсыг авчихаад өгөхгүй байсан юм. Тэгж байхад ашгүй хажуу өрөөний хоёр хүүхэд орж ирээд намайг зодуулсан зураг, бичлэгийг хийгээд, Батсайханы ярьсан яриаг бичлэгэнд буулгаад авчихсан байсан. Би унтаад өглөө сэрэхэд миний хамар аймар хөндүүр болчихсон, цус гарчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

Би Төгөлдөр гэх залуугаас 2020 онд байр худалдаж авч байсан. Тэгээд намайг Монголд 2021 оны 7 дугаар сард ирснээс хойш “хамт хоол идье, юу хийж байна, юу байна” гэх мэтээр тайван байлгадаггүй. Ганц хоёр удаа уулзаад бид хоёр найзууд болсон юм.

Миний хамар хугарчихсан байгаа, би 2019 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад байхдаа имплант хийлгэж байсан болохоор одоо Монголд эмчлүүлэхээс айж байна.

...Би хугарсан хамраа янзлуулаагүй байгаа, гэхдээ одоогийн байдлаар эмчилгээнд 750.000 төгрөгийн зардал гарсан. Төгөлдөр над луу залгаж, хохирол төлөхөө илэрхийлсэн, гэхдээ төлөөгүй байгаа ба би нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа хэлээгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 10-11, 12-13, 19-20 дахь тал),

- гэрч С.Батсайханы: “...2021 оны 12 дугаар сарын эхээр байх, өдрийг нь сайн санахгүй байна. Би найз Төгөлдөр, түүний хоёр эмэгтэй найз нарын хамт Хан-Уул дүүргийн 2-р дугаар хороо, UB city нэртэй зочид буудлын 603 тоотод пиво уугаад байж байсан. Тэгэхэд М, Төгөлдөр хоёр юм ярьж байснаа М гэнэт орон дээр уначихсан. Төгөлдөр түүнийг түлхсэн үү, цохисон уу мэдэхгүй, намайг нэг харахад л М орон дээр унаж байсан. Тэгээд Мгийн хамраас цус гараад, хамраа дарж “намайг цохичихлоо” гэж хэлсэн ба энэ үед Төгөлдөр гараад явчихсан юм. Би сууж байгаад араас нь гарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 35-36 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 393 дугаартай:

1. Д.Мгийн биед хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 41-42 дахь тал),

- хохирогч Д.М нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 93-101 дэх тал),

- шүүгдэгч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 57-58х, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Д.Мгийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Т түүний нүүр лүү гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Тийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Д.Мгийн биед учирсан “...хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх, ...үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Д.М нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...компьютер томографын зураг авахуулсан 130.000 төгрөг, толгой бариулсан 46.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 40.000 төгрөг, Солонгос Улсад хийлгэх хагалгааны төлбөр 19.280.000 төгрөг, баримт бичиг орчуулсан орчуулгын төлбөрийн 40.000 төгрөг, нислэгийн тийз 1.675.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 22.211.000 төгрөг нэхэмжилж байна.” хэмээн (хэргийн 92-101 дэх тал) мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Т нь 256.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна.

 

Хохирогчоос бодитой гарсан эмчилгээний зардлын баримтыг хэргийн 93-95 дугаар талд хавсарган бэхжүүлснийг шүүх нэг бүрчлэн судлахад 256.000 төгрөг болж байна. Үүнд: хохирогчийн толгойн КТГ-ийн шинжилгээний 130.000 төгрөг, “Бест массаж” центерт толгой бариулсан 46.000 төгрөг, “Принцесс” эмнэлэгт үзүүлсэн үзлэг оношилгооны 40.000 төгрөг, мөн орчуулгын 40.000 төгрөгтус тус орж тооцогдоно.  

 

Хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд тэрээр Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

 

Нөгөөтэйгүүр өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй үндэслэлээр өмгөөллийн зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй. 

 

Хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардлын 20.955.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөртэй хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлав.

Иймд шүүгдэгчийн хувьд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 66 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт Г.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Г-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Тт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогчоос нэхэмжилсэн 22.211.000 /хоёр зуун хорин хоёр сая хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөгөөс баримттай гарсан зардлын 256.000 /хоёр зуун тавин зургаан мянга/ төгрөгийг Г.Т нь хохирогч Д.Мд нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Мгийн нэхэмжлэлээс цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Г.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД