| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02149/И |
| Дугаар | 2147 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2147
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол 24/3-11 тоот хаягт оршин суух, Үхэр цагаан овогт Балгансүрэнгийн Банзрагч /РД:ИД78040632/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 21-12 тоотод оршин суух, Хар ямаат овогт Батбуянгийн Батжаргал /РД:ЧН76071000/-д холбогдох,
62,253,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Банзрагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Банзрагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Банзрагч би Б.Батжаргалтай 2016 оны 8 дүгээр сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Батжаргал нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Дээрх хугацаанд цувуулан 3 сарын хүүтэй тэнцэх мөнгө 4,200,000 төгрөгөөс өөр ямар нэгэн төлбөр төлөөгүй болно. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцвол 117 хоногийн алданги буюу 20,475,000 төгрөг болж байгаа хэдий ч холбогдох хуульд заасны дагуу үндсэн зээлийн 50 хувь болох 17,500,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 209 хоногийн хүү болох 9,753,667 төгрөг, үндсэн зээл 35,000,000 төгрөг нийт 62,253,667 төгрөгийг хариуцагч Б.Батжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.Банзрагч нь хариуцагч Б.Батжаргалаас 62,253,667 нэхэмжилснээс 9,100,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 53,153,667 төгрөгийг хариуцагч Б.Батжаргал төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 12,553,667 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Банзрагч нь хариуцагч Б.Батжаргалд холбогдуулан 62,253,667 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Б.Банзрагч нь хариуцагч Б.Батжаргалаас 62,253,667 нэхэмжилснээс 9,100,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 53,153,667 төгрөгийг хариуцагч Б.Батжаргал төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 12,553,667 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 469,218 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Банзрагч нь хариуцагч Б.Батжаргалаас 62,253,667 нэхэмжилснээс 9,100,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 53,153,667 төгрөгийг хариуцагч Б.Батжаргал төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 12,553,667 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469,218 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 423,720 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Банзрагчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА