Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

      2022          02           22                                      2022/ШЦТ/119                             

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ийн Б, У овогт А-ийн М нарт холбогдох эрүүгийн 21100 1934 1043 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Б-ийн Б /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Тесо” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт А-ийн М /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Магнолиа зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караоке цэнгээний газарт үйлчлүүлж, согтуурсан үедээ А.М-тэй маргалдаж, улмаар толгойгоороо нүүрэн тус хэсэгт мөргөх, гараараа цохих зэргээр зодож биед нь “...хамар ясны 2 хажуу ханын зөрүүгүй далд хугарал, хамарт цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч А.М нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Магнолиа зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караоке цэнгээний газарт үйлчлүүлж байсан Б.Б-тэй хохирогчийн зүй бус харилцааны улмаас маргалдаж, биед нь халдан “...зүүн чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Манай ажил орой тардаг учир би эхнэрээ ажилладаг газраас нь авах гээд орой 23 цагийн үед очоод залгахад “нэг өрөө дутуу байна, намайг орж ирээд хог асгаад өг” гэхээр нь би орсон. Би хогийг нь асгаад, “энэ өрөө яагаад гарахгүй байгаа юм бэ” гэхэд “өрөөний хүн нь уурлаад байна” гэсэн. Би очоод “манайх хааж байна” гэхэд дотор байсан эрэгтэй хүн уурлаж босож ирээд “зайл” гэсэн. Би “манайх 12 цагаас хаадаг юм аа” гэхэд босож ирээд уурласан. Би тухайн үед “уусан идсэнээ шингээ” гэж хэлж дуусаагүй байтал шууд мөргөөд доошоо тонгойтол дээрээс цохисон. Тэгээд манай эхнэр ороод ирсэн учир гараад байж байхад араас стакан бариад гараад ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг,

- мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: “...Би хамар луу мөргүүлсэн. Би эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн баримттай 408.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

2. Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Энэ хүмүүсийн мэдүүлэг бүгд худлаа, би зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудал өрөөнд болоогүй тейкэн дээр болсон. Тухайн байгууллага манай тооцоонд 40.000 төгрөг нэмж биччихсэн байхаар нь маргалдсан. Энэ маргаан А.Мийг орж ирэхээс өмнө болсон юм. Тэгээд би уурласан. гэсэн мэдүүлэг,

- мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр би Алтантуяатай өдөр уулзсан юм. Ажил ярих гэж хоолны газар ороод, хоол идээд доошоо караоке орсон. Тэгээд гарах шаардлага тавихаар нь гарах гээд тооцоо хартал 380.000 төгрөг болсон байсан. Гэтэл нэмээд 40.000 төгрөгийн тооцоо гараад ирсэн учир түүнээс болж маргалдсан. Мөнх-Эрдэнэ чихний ард тал руу цахилгаан бороохойгоор цохисон. 1.5 см хэрээтэй шалбарсан. Одоогоор нэхэмжилсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 1934 1043 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Мийн хохирогчоор өгсөн:

“...Манай эхнэр Б.Уртнасан нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Магнолиа зочид буудлын В1 давхарт байрлах караокед зөөгчөөр ажилладаг юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цаг өнгөрч байхад би ажлаасаа тараад, эхнэрээ авах гэж очоод эхнэр лүү залгахад “тарах болоогүй байна, нэг согтуу хүн агсан байна, зохицуулчихаад гарлаа” гэсэн. Тэгээд 10 минутын дараа дахин залгахад “нөгөө хүн гараагүй байна, одоо хаягдлуудаа хаячихаад гарлаа, чи ороод ир” гэхээр нь би орсон. Тэгээд би эхнэрээсээ “нөгөө хүн яагаад гарахгүй байгаа юм бэ” гэхэд “18 цагаас хойш сууж байгаа, 2 цагийн мөнгө төлсөн. Угаасаа тэгдэг хүн, орохоор хараагаад загнаад байдаг” гэж хэлсэн. Би тэр хүний байгаа өрөө рүү ороход нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн хэвтэж байсан ба эрэгтэй нь намайг харангуут шууд уурлаад “пизда минь хаалгаа хаагаач” гэхээр нь “00 цаг болж байна, тооцоогоо хийгээд гараарай” гэхэд “мөнгөгүй хүнийг чи яах уу, мөнгө өгөхгүй гэвэл чи яах уу” гээд байсан. Би “00 цаг өнгөрчихөөр цагдаа нар ирээд баримт бичиг хураагаад авчихдаг” гэхэд “чи намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд уурлаад босоод ирсэн. Тэгснээ “би Хан-Уул дүүргийн цагдааг баздаг юм” гээд намайг нүүр лүү түлхсэн. Би тэр хүнд “та уусан идсэнээ аятайхан шингээгээч” гэхэд инээж байснаа гэнэт намайг мөргөсөн. Миний хамарнаас цус гараад доошоо тонгойход миний нуруу, бөөр, толгойы ар хэсэг рүү гараараа цохисон ба энэ үед манай эхнэр Б.Уртнасан ороод ирчихсэн, нөгөө хүнийг надаас холдуулахад ширээ лүүгээ явж байхаар нь би барьж аваад, хана руу шахсан. Энэ үед нөгөө залуу дахин миний дух, хамар луу цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа хоёроос гурван удаа цохисон. Манай эхнэр орж ирж салгаад намайг өрөөнөөс аваад гарсан. Тэгээд би тейкний хажууд цусаа тогтоогоод зогсож байхад нөгөө залуу вискины стакан бариад өрөөнөөс гарч ирээд манай эхнэрийг болон тэнд ажилладаг хүмүүсийг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа ирээд тэр хүнийг хамт явж байсан эмэгтэйтэй аваад явсан ба би араас нь машинтайгаа очиход нөгөө хүнийг эрүүлжүүлэх байранд хонуулсан ба намайг маргааш ирж уулзаарай гэхээр нь би гэртээ харьсан. ...Би гомдолтой байна, эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Миний хамар хугарсан учир эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-30 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бийн хохирогчоор өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 09-ний 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Магнолиа нэртэй зочид буудалд байрлах караокед ажлын хамтрагч Алтантуяагийн хамт орсон. Бид хоёр нэг шил Жак нэртэй виски уусан юм. Тэгээд тус газар хаах болоод гарах үед тооцооноос болоод зөөгч эмэгтэйтэй маргалдсан. Учир нь тооцоон дээр 40.000 төгрөг илүү биччихсэн байсан юм. Тэгж байхад тэр эмэгтэйн нөхөр гэх сахалтай залуу савсагнаад, маргалдаад байхаар нь тэр залуугийн нүүр лүү нь мөргөсөн байж магадгүй. Би тухайн үед нэлээн уучихсан байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Тэгээд нэг мэдэхэд тэр залуу миний зүүн чихний ар хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулаад би ухаан алдаад унасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Уртнасангийн гэрчээр өгсөн:

“...Би Магнолиа зочид буудлын В1 давхарт байрлах караокед 2021 оны 02 дугаар сарын сүүлээр зөөгчөөр ажиллаж эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цаг өнгөрч байхад хааяа орж ирдэг залуу нэг эмэгтэйгийн хамт орж ирээд, 1 литрийн Жак виски, хоёр ундаа, хоёр ус захиалсан. ...22 цаг өнгөрөөд “аяга хагалчихлаа” гээд гараад ирэхээр нь өөр аяга өгөөд, “цаг дуусчихлаа сунгах уу” гэхэд “та нар надаас мөнгө саах гэлээ, хүнтэй ажил ярьж байхад” гээд уурлаад буцаад өрөө лүү орсон. 23 цагийн орчимд дахин гарч хоёр ундаа нэмж аваад буцаад өрөөндөө орсон. 23 цаг 10 минутын орчимд тэдний өрөөнд ороод “манайх хаалгаа барьж байна, өрөөгөө чөлөөлөөрэй” гэхэд ямар нэгэн юм хэлээгүй. ...Б гарч ирээд тооцоогоо хийсэн ба өрөөний төлбөр 80.000 төгрөгийг авах гэхэд “би цагийн чинь мөнгийг өгч чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна” гээд уурлаад “цагийн мөнгөнөөс бусад тооцоог ав” гээд тооцоогоо хийгээд гарах гэж байснаа буцаад өрөө лүүгээ яваад орчихсон. Энэ үед манай нөхөр А.М “гадаа ирчихлээ” гээд над руу залгасан. ...10 минутын дараа над руу дахин залгахаар нь би “нэг өрөөний хүмүүс гарахгүй байна” гэхэд орж ирээд, ...би хэлээд өгье гээд Бийн сууж байгаа өрөө рүү шагайгаад “өрөөгөө суллаарай, 00 цаг болж байна” гэхэд “тооцоогоо хийх мөнгө байхгүй шүү дээ, мөнгөгүй шоудаж байгаа хүнийг чи яах уу” гээд байсан. “Мөнгөгүй бол өрөөгөө суллаарай, албан байгууллага болохоор 00 цагаас хаалгаа барих ёстой” гэхэд “чи юм байгуулна гэж юу байдаг юм” гээд орилоод байсан. Тэгээд хаалга түлхэх шиг болохоор нь араас нь ороход Б манай нөхрийг заамдчихсан “чи яахын” гээд манай нөхрийг нэг удаа мөргөсөн. Манай нөхөр хамраа дараад доошоо суухад нуруу луу нь гараараа цохиод байхаар нь би голоор нь орж салгасан. ...Манай нөхөр Бийн нүүр лүү гараараа нэгээс хоёр удаа цохих шиг болохоор нь араас нь дагаад өрөөнөөс гаргасан ...удалгүй цагдаа ирээд Бийг аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 39-40 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Алтанцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Би Магнолиа зочид буудлын В1 давхарт байрлах караокед 2019 оноос хойш ажиллаж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Уртнасан бид хоёр зөөгчөөр ажиллаж байхад ...18 цаг 30 минутын үед Б гэж хүн нэг эмэгтэй дагуулчихсан орж ирээд нэг өрөөнд орсон. 23 цаг өнгөрч байхад Уртнасан надад “Б гэх хүнийг энэ ах их дээрэлхүү харьцаад, мөнгө байхгүй тооцоогоо яаж хийнэ” гээд ёожлоод байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ороод караокены төхөөрөмжийг цахилгааны эх үүсвэрээс салгасан. ...23 цаг 45 минутын орчимд Уртнасангийн нөхөр Мөнх-Эрдэнэ гаднаас ороод ирсэн. Уртнасан бид хоёр “энэ өрөөний хүн гарахгүй, шаардлага тавихаар өөдөөс тоглоод, мөнгөө төлөхгүй ёожлоод байна, бусад өрөөний хүмүүс гарч байна” гэж хэлсэн. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ “за би ороод хэлье” гээд Б тэдний өрөө лүү орсон. Удалгүй өрөөнд хүний дуу өндөрсөөд байхаар нь яваад орсон Мөнх-Эрдэнийн хамраас цус гарчихсан, элгээ дараад доошоо хараад суусан байсан. Тэнд байсан хүмүүс өрөөнөөс гарч байсан ба гараад цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45-46 дахь тал),

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9725 дугаартай:

1. Б.Бийн биед зүүн чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 56-57 дахь тал),

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9722 дугаартай:

1. А.Мийн биед хамар ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамарт цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 62-63 дахь тал),

 

7. Хохирогч А.М нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 57-62, 91-92, 100 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Мийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Б.Бийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Гэхдээ тэр хүн эхлээд намайг зодсон, би биеэ хамгаалах үүднээс учруулсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 73-74, 77 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 90 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 91 дэх тал), “Teso real estate ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт (хэргийн 109 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр тооцоон дээр 40.000 төгрөг илүү бичсэн байсан болохоор маргаан үүссэн. Тэгэхэд тэр эмэгтэйн нөхөр гэх сахалтай залуу савсагнаад байсан, миний санахын тэр залуутай маргалдсан, тэр үедээ мөргөсөн байж магадгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 85 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар баримт (хэргийн 134 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 135 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.М, Б.Б нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Магнолиа зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караоке цэнгээний газарт үйлчлүүлж, согтуурсан үедээ А.Мтэй төлбөр тооцооны улмаас маргалдаж, улмаар толгойгоороо нүүрэн тус хэсэгт мөргөх, гараараа цохих зэргээр зодож биед нь “...хамар ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамарт цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч А.М нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Магнолиа зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караоке цэнгээний газарт үйлчлүүлж байсан Б.Бтэй хохирогчийн зүй бус харилцааны улмаас маргалдаж, биед нь халдан “...зүүн чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч А.Мийн (хэргийн 28-30 дахь тал), хохирогч Б.Бийн (хэргийн 34-35 дахь тал), гэрч Б.Уртнасангийн (хэргийн 39-40 дэх тал), Б.Алтанцэцэгийн (хэргийн 45-46 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9725 дугаартай:

1. Б.Бийн биед зүүн чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 56-57 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9722 дугаартай:

1. А.Мийн биед хамар ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамарт цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 62-63 дахь тал),

- хохирогч А.М нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 57-62, 91-92, 100 дахь тал),

- шүүгдэгч А.М, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 73-74, 85 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.М, Б.Б нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нар нь мөргөх, гараараа цохиж зодох зэргээс үүссэн ба нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.М, Б.Б нарын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Иймд шүүгдэгч А.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч А.М, Б.Б нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч Б.Б нь хэрэгт гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан).

 

Хохирогч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ үйлчилгээний зардал төлбөрт 258.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б нөхөн төлсөн болно.

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.М, Б.Б нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 42, 43 дахь талд тус тус авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх, шүүгдэгч А.М, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал болон нэр бүхий хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зарчмыг үндэслэн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт А.М, Б.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                               

ТОГТООХ нь:

 

1. Д овогт Б-ийн Б, У овогт А-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Б.Б-ийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.М, Б.Б нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт А.М, Б.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД