Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Базарханд |
Хэргийн индекс | 187/2022/0076/Э |
Дугаар | 2022/ШЦТ/121 |
Огноо | 2022-02-23 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/121
2022 02 23 2022/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Б-д холбогдох эрүүгийн 21100 0535 0265 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөнгөн шонхор” ХХК-д хамгаалагч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Дархан-Уул аймгийн шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 36а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 123.3, 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өршөөлийн хуульд зааснаар өршөөн суллагдсан,
- Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Т-ын Б- /РД:хххх/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 9в тоот Н.Б-ын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 2.678.716 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би тэр айлын зүүн талын цонхоор нь ороод хулгай хийсэн. Эмэгтэй хүний мөнгөн бөгж, зүүлт гэх мэт зүйлийг аваад, гарахдаа цүнхтэй зөөврийн компьютерийг нь авсан. Тэгээд гарах гэхэд хүүхэд ороод ирэхээр нь “аавыгаа дуудчих” гэж гаргаад, өөрөө буцаад цонхоор гарсан. Тэгээд авсан зүйлүүдээ дэлгүүрийн үүдэнд хүнд зараад, мөнгийг нь өөртөө зарцуулаад дуусгасан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хохирол төлбөр төлөөгүй, манай ах төлнө гэж хэлсэн юм. Гэхдээ би өөрөө ажил хийж байгаад хохирлыг төлнө. Гэм буруу дээр маргахгүй, энэ хулгайн хэргийг би үйлдсэн.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 21100 0535 0265 дугаартай хэргээс:
1. Хулгай орсон гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 9 дүгээр байранд үзлэг хийсэн тухай 2020 оны 10 сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 04-13 дахь тал),
2. “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 9 дүгээр байрны хяналтын камерийн бичлэгт 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол (хэргийн 14-25, 26-28, 29-32, 33-34, 37 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ын хохирогчоор өгсөн:
“...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 9в тоотоос гараад ажилдаа явсан ба гэрт эхнэр, хүүхдүүд үлдсэн. Орой 17 цагийн үед гадуур явж байгаад, хүүхдүүдээ аваад 19 цаг 20 минутын үед буцаж ирсэн. Тэгэхэд манай том хүү Б.Мөнх-Амар гэрт түрүүлж орсноо эргэж гараад “гэрт хүн байх шиг байна” гэж хэлэхээр нь би гэрт ороход хүн байгаагүй ба эд зүйлсээ бүртгэхэд зөөврийн компьютер, эхнэрийн мөнгөн ээмэг, бөгж алга болсон байсан. Би цагдаад дуудлага өгөөд, байрныхаа камерийг үзэхэд үл таних масктай залуу вакум цонхоор ороод, хяналтын камерийг эргүүлж байгаа дүрс нь үлдсэн байсан.
Би “Asus rog strix hero” нэртэй нөүтбүүкийг 4.500.000 төгрөгөөр хүнээс худалдаж авч байсан. Одоо авсан үнээр нь үнэлж байна. Эхнэрийн алга болсон эд зүйлсийн үнийг бол мэдэхгүй байна. Алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 41-42 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.Мөнх-Амарын гэрчээр өгсөн:
“...Бид нар гэртээ ирэхэд дүү нар машинд унтаж байсан болохоор аав машинд үлдээд, би гэртээ түрүүлж орсон. Тэгээд гэрлээ асаахад том үүдний өрөөний голд үл таних, 50 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Би тэр хүнийг урьд өмнө харж байгаагүй, танихгүй хүн байсан. Тэр хүн надад “аавыгаа дуудаад ир” гэхээр нь би гэрээс гараад аавыг дуудаад буцаад ороод ирэхэд аль хэдийнээ гэрээс гараад явчихсан байсан. Тэр хүн ажлын хувцастай байсан ба гэрт гэрэл муутай байсан болохоор би сайн харж чадаагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 44 дэх тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Баярмаагийн гэрчээр өгсөн:
“...2021 оны 3 дугаар сарын 02-ны 16 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 9в тоот гэрээсээ 3 хүүхдийн хамт гарсан ба орой 19 цаг 45 минутын үед манай нөхөр хүүхдүүдээ аваад ирэхэд нь гэрт хулгай орсон байсныг би сүүлд мэдсэн. Хүүгийн Asus маркийн нөүтбүүк, миний Сваровски брендийн бөөрөнхий олон шигтгээтэй ээмэг 1 хос 114.000 төгрөгөөр захиалж авч байсан, шигтгээтэй цагираган ээмэг 1 хос 98.000 төгрөгөөр, хүзүүний гинж 130.000 төгрөгөөр тус тус авч байсан. Улаан өнгөтэй гинж, цагаан шигтгээтэй ээмэг 1 хос 250.000 төгрөгөөр, нарийн мөнгөн бөгж 80.000 төгрөгөөр, урт унждаг үндэсний хээтэй ээмэг 100.000 төгрөгөөр, хар бөөрөнхий кварц чулуун ээмэг 30.000 төгрөгөөр авч байсан эд зүйлс алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 47-48 дахь тал),
6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ХУ1-21-117 дугаартай:
“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.678.716 /хоёр сая зургаан зуун далан найман мянга долоон зуун арван зургаа/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Н.Б-ын гэрээс алдагдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 56-57 дахь тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 0994 дугаартай актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн “1.mp4”, “2.avi”, “4.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ, “3.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй.
2. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “а.MOV”, “b.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд ирүүлэн “1.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь IR гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээс, “4.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эрэгтэй хүн нь гэрлийн эсрэг чиглэлд юүдэнтэй малгай, маскаар нүүрээ халхалсан байх тул нүүр царайны төрхийг тодруулах боломжгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-03-02 19:53:18 секундэд цайвар өнгийн масктай, бараан өнгийн юүдэнтэй зузаан хүрэм, улаан өнгийн босоо захтай цамц, ногоон алаг өнгийн, хажуудаа халаастай өмд, савхин бээлий, пүүз гуталтай, үйл хөдлөлийн шинжээрээ эрэгтэй хүний нүүр царайны төрхийг боломжит хэмжээгээр тодруулав. Тодруулсан дүрс бичлэг, зургийг харьцуулах загварт ирүүлсэн А, В дугаартай дүрс бичлэг болон 1, 2, 3, 4, 5 дугаартай гэрэл зурагтай харьцуулах боломжгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн “2.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн хүний хийж буй үйл хөдлөлийн шинжүүд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “а.MOV”, “b.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн хүний хийж буй үйлдлүүдээс зөрүүтэй үйлдэл хийж байх тул харьцуулан шинжлэх боломжгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн “1.mp4”, “4.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн хүний явж буй алхаа, гишгэдэл, үйл хөдлөл нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “а.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн хүний явж буй хүний биеийн ерөнхий харьцаа алхах үйлдэл хийх үеийн баруун болон зүүн хөлийн тавилт, зүүн гарын савах үйлдэл, биеийн займчих хөдөлгөөн зэрэг шинжүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 66-77 дахь тал),
8. Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 3 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчим ажлаасаа тараад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Намуун төгөл хотхоны 9 дүгээр байрны хажуугаар өнгөрч байгаад тухайн байрны 2 давхарын айлын цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод ороход хяналтын камер байсан. Тэгэхээр нь буруу эргүүлж харуулаад дээгүүр нь даавууны өөдөс тавьсан юм. Тэгээд цаашаа яваад хүүхдийн өрөөнд байсан зөөврийн компьютерийг аваад, цаад талын унтлагын өрөөнөөс бөгж, ээмэг гэх мэтийн зүйлсийг авсан. Би гэрээс гарах гэж байхад нэг жоохон хүүхэд гэрийн хаалга онгойлгоод ороод ирэхээр нь “аавыгаа дуудчих” гэж хэлээд явуулсан ба тэр хойгуур нь өөрөө буцаад цонхоор авираад гарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 89 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 91 дэх тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хэргийн 92 дахь тал), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 93 дахь тал), Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоол (хэргийн 96-97, 98-99 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Бгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 9в тоот Н.Б-ын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Asus rog stric Hero” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, эмэгтэй мөнгөн ээмэг дөрвөн хос, мөнгөн бөгж нэг ширхэг, мөнгөн гинж нэг ширхэг зэрэг эд зүйлсийг нь авч, бусдад худалдаж мөнгийг нь авч ашиглах зэргээр өөрийн хэрэгцээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Тухайн хэрэгт хохирогч Н.Б-ын гэрээс алдагдсан эд зүйлсийн үнийг хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хараат бус мэргэшсэн үнэлгээчин зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлж, үнэлгээг нийт “2.678.716 төгрөг” гэж тогтоосон дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоон, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хохирлын хэмжээг тодорхойлсныг шүүх үндэслэл бүхий гэж үнэлсэн ба энэ нь гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 заалтад заасан “бага хэмжээний хохирол”-оос их, мөн зүйлийн 4.2 заалтад заасан “үлэмж хэмжээний хохирол”-оос бага хэмжээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.
Шүүгдэгч Т.Бгийн шууд санаатай, шунахай зорилгоор, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим иргэн Н.Б-ын амьдрах Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 9в тоот орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Asus rog stric Hero” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, эмэгтэй мөнгөн ээмэг дөрвөн хос, мөнгөн бөгж нэг ширхэг, мөнгөн гинж нэг ширхэг зэрэг эд зүйлсийг нь авч, бусдад худалдаж мөнгийг нь авч ашиглах зэргээр өөрийн хувийн хэрэгцээгээ ханган захиран зарцуулж, Н.Б-т нийт 2.678.716 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага хохирогч нь гаргах эрхтэй ба “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын алдагдсан “Asus rog stric Hero 2” 1 ширхэгийг 2.255.216 төгрөг, эмэгтэй хүний Сваровский брендийн бөөрөнхий хэлбэртэй, олон шигтгээтэй ээмэг нэг хосыг 98.000 төгрөг, Сваровский брендийн цагираган хэлбэртэй ээмэг нэг хосрыг 68.000 төгрөг, Сваровский брендийн гинжийг 65.000 төгрөг, Сваровский брендийн улаан шигтгээтэй зүүлт, цагаан шигтгээтэй ээмэг нэг хосыг 110.000 төгрөг, мөнгөн бөгжийг 27.500 төгрөг, үндэсний хээтэй унждаг мөнгөн ээмгийг 26.000 төгрөг, хар бөөрөнхий кварц чулуун ээмгийг 29.000 төгрөг, нийт дүнгээр 2.678.176 төгрөг гэж үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 56-57 дахь тал) хэрэгт авагдсан ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй байх тул хохирлын дүн 2.678.716 /хоёр сая зургаан зуун далан найман мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Бгаас гаргуулж, хохирогч Н.Б-т олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б нь урьд:
- Дархан-Уул аймгийн шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 36а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 123.3, 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өршөөлийн хуульд зааснаар өршөөн суллагдсан,
- Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн талаар таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоол /хэргийн 163-164х, 165-166х, 167-170х, 171-178х, 179-205х/ баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүнийн эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүгдэгч Т.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан санал дүгнэлтийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 129 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл яллагдагчаар нэг сар, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 129а дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл арван тав хоногийн хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн 2021 оны 12 сарын 08-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл тус тус яллагдагч, шүүгдэгчээр нийт 110 /нэг зуун арав/ хоног цагдан хоригдсоныг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй (хэргийн 131, 134-135 дахь тал).
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Т.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Т-ын Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Бд 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бгийн цагдан хоригдсон нийт 110 /нэг зуун арав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Т.Бгаас 2.678.716 /хоёр сая зургаан зуун далан найман мянга долоон зуун арван зургаа/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД:хххх/, Х овогт Н-ийн Б-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт Т.Б-гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД