Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

 

 

 

 

    2022            02           23                                         2022/ШЦТ/122                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Г.О, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын О-т холбогдох эрүүгийн 20100 1674 0536 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто угаалгын газарт ажилладаг гэх, ам бүл 1, ганцаараа амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосныг биеэр эдэлж байгаад 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 435.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын О /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.О нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Виктория таун хотхонд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ж.Л-тай уулзахдаа “гар утсаа өгчих, фейсбүүк ороод байж байя” гэж хуурч, Самсунг А51 маркийн гар утсыг авч, бусдад 759.200 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдарч байсан иргэн Л.Б-аас “утсаа өгч байгаач, найзтайгаа уулзаад ирье” гэж хуурч, Самсунг А10 Эс загварын гар утсыг нь авч залилан бусдад 368.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийн талаар нэмж гаргах мэдүүлэг, тайлбар байхгүй. Лувсанямбуу бид хоёр найз нөхдийн харилцаатай. Би түүнээс “утсаа түр өгч бай” гэж хэлээд Samsung А10 маркийн гар утсыг нь авч, ломбарданд тавьчихсан. Тэгээд утсыг нь буцааж өгсөн байгаа. Харин Б-тай хамт амьдарч байсан. Түүний утсыг аваад бас ломбардад тавьсан байхаа, санахгүй байна. Хохирлыг төлөөгүй байгаа, гэхдээ гараад төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ийм хэрэг үйлдсэн нь миний буруу. Цаашдаа ажил хөдөлмөр эрхлээд зөв амьдарна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 20100 1674 0536 дугаартай хэргээс:

 

1. Эд зүйл хураан авч, хохирогч Ж.Л-д Samsung A51 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 18-19 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Л-гийн хохирогчоор өгсөн:

“...Би хувиараа барилгад гадна пассатны ажил хийдэг ба 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Викториа Таун хотхоны гадна пассатны ажил хийж эхэлсэн. Манай багын найз болох О нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед миний Лувсаа.Ж.Б гэсэн фейсбүүк хаяг руу “би Улаанбаатар луу очиж байна, танай ажил хаана байдаг вэ” гэхээр нь “Нисэхийн тойргийн Тэс петролиум колонкийн эсрэг талд байрлах Викториа таунд хүрээд ир” гэж хэлсэн. Маргааш нь 18 цаг 50 минутын үед ажил дээрээ байхад О ганцаараа ирсэн юм. Бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад би “30 минутын дараа буулаа, барилгын 2 давхарт байгаа хувцасны өрөөнд ороод амраад байж байгаарай” гэхэд “би фейсбүүк ороод байж байя, гар утсаа өгчих” гээд миний Самсунг А51 маркийн гар утсыг аваад үлдсэн. Би пассатны лифтэнд гараад ажлаа хийж байхад О барилгыг тойроод явж байхаар нь “хаашаа явж байгаа юм бэ” гэхэд “дэлгүүр ороод нэгж аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд 5 минутын дараа дэлгүүрээс гараад хувцас солих өрөө рүү явж байснаа барилга руу орохгүйгээр булан тойроод алга болсон. Би утсаар яриад явж байгаа байх гэж бодоод тухайн өдрийн ажлаа дуусгаад, Оыг барилгын ойролцоо хайгаад олоогүй. Тэгээд хамт ажилладаг Бямбажаргал гэх залуугийн утсыг аваад өөрийн 80591216, 99404371 дугаар луу залгахад холбогдохгүй байсан.

Би гар утсаа 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Мобикомоос лизингээр 949.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би гар утсаа 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эвдрэл гэмтэлгүйгээр буцааж авсан, одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 21-22 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би “Далай хүү” төвийн түрээсийн байранд Баттулга, О хоёртой хамт байдаг юм. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед бид гурав ажлаасаа ирээд байж байхад О надад “утсаа өгч байгаач” гэж аваад фейсбүүк ороод чат бичиж байсан. Тэгээд 21 цагийн үед О “ах би гараад найзтайгаа уулзчихаад ирье” гээд миний утсыг аваад гарсан ба тэр оройдоо ирээгүй. 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би Отай утсаар ярихад “би одоо очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө залгахад утсаа авахгүй байж байгаад унтраачихсан. Samsung A10s загварын гар утсыг Мобикомоос 699.000 төгрөгөөр авч байсан, шинэ утас байгаа юм. Би гомдолтой байна, гар утсаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 194 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Нарангаравын гэрчээр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би нөхөр Батзоригийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Өргөө кинотеатрын зүүн урд талд байрлах гар утасны худалдааны төвийн 7 дугаартай лангуун дээрээс Самсунг А51 маркийн 352349117163753, 352320117163751 имей дугаартай гар утсыг 670.000 төгрөгөөр худалдаж аваад, мобикомын 99909950 гэсэн дугаарыг хийж ашигласан .” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 25-26 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баттулгын гэрчээр өгсөн:

“...Би Б- ахтай хамт ажиллаад, “Далай хүү” төвийн түрээсийн байранд О, Б- ах бид гурав хамт байрладаг юм. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бид гурав ажлаасаа ирээд унтсан. Маргааш нь сэрэхэд Б- ах “утсыг нь О түр аваад гарсан” гэж хэлээд залгахад утсаа авахгүй байсан ба дараа нь ярихад “одоо очиж байна” гэж хэлсэн. Сүүлдээ блок хийгээд алга болсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 198 дахь тал),

 

6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ХУ2-20-570 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung A51 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 759.200 /долоон зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Ж.Л-гийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 34-35 дахь тал),

 

7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД2-20-625 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung A10s маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 368.100 /гурван зуун жаран найман мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Л.Б-ын эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 204-205 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 148, 214 дэх тал, 2-р хавтас 19 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 137, 152, 236 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 153, 228-229 дэх тал), Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд (хэргийн 1-р хавтас 156-159, 163-166 дахь тал, 2-р хавтас 21-24 дэх тал), засрал хүмүүжлийн талаарх болон суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримт (хэргийн 1-р хавтас 160-161 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.О-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.О нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Виктория таун хотхонд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ж.Л-тай уулзахдаа “гар утсаа өгчих, фейсбүүк ороод байж байя” гэж Samsung А51 маркийн гар утсыг, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдарч байсан иргэн Л.Б-аас “утсаа өгч байгаач, найзтайгаа уулзаад ирье” гэж хэлэн Samsung А10s загварын гар утсыг тус тус авч, улмаар буцааж өгөлгүй авч яван бусдад зарж борлуулж, мөнгийг өөртөө захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Г.О нь хоёр удаагийн үйлдлээр иргэн Ж.Л-, Л.Б- нараас “утсаа өгч байгаач” гэж Samsung А51, Samsung А10s маркийн гар утаснуудыг авч буцааж өгөлгүй явсан үйлдэл нь “хуурч, ... эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.О-ыг хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Л-гийн эд хөрөнгөд 759.200 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон ба Samsung A51 маркийн гар утсыг хураан авч, хохирогч Ж.Л-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 18-19 дэх тал)-ээр тогтоогдсон байх тул хор уршиг арилсан байна.

Харин хэргийн хохирогч Л.Б-ын эд хөрөнгөд учирсан 368.100 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Оаас 368.100 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Б-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.         

 

Шүүгдэгч Г.О нь урьд:

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, биеэр эдэлж байгаад 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 153, 228-229 дэх тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хэргийн 1-р хавтас 156-159, 163-166 дахь тал, 2-р хавтас 21-24 дэх тал), засрал хүмүүжлийн талаарх болон суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хэргийн 1-р хавтас 160-161 дэх тал) зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халж, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Г.О-т Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Г.Оын цагдан хоригдсон 11 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 165.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 435.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байх ба шийтгэх тогтоол нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч гүйцэтгэх бичиг баримт бичигдэж Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдээгүй үндэслэлээр түүнд оногдуулсан торгох ял биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна.

 

Шүүх, шүүгдэгч Г.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн журмын дагуу түүнд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх буюу Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 435 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 435.000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.О нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд хэрэг шийдвэрлэсэн энэ өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр нийт 126 /нэг зуун хорин зургаа/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан “Шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан цагдан хоригдсон нэг хоногийг ..., нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...тооцож эдлэх ялаас хасна” гэсэн журмын дагуу Г.Оын цагдан хоригдсон нийт 126 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн түүнд энэ тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Г.О нь эдэлсэнд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна (хэргийн 1-р хавтас 151 дэх тал, 2-р хавтас 11 дэх тал).

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн гэмт хэргийг хамааруулахаар хуульчилсан.

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, мөн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр залилах гэмт хэрэг үйлдсэн байх боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулсан бол зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан ба нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөлд хамруулах талаар тусгагдаагүй болно.

 

Хэрэгт Г.О-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Л-д хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Түүнчлэн прокуророос хэргийг шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт тус тус заасан шүүхийн харьяалал зөрчсөн нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн яллах болон өмгөөлөх талууд шүүхийн харьяаллын асуудлаар маргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэсэн журмын дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Г-ын О-т холбогдох эрүүгийн 20100 1674 0536 дугаартай хэргийг тус шүүх эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ын О-ыг хуурч, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-т 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.О-ын цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн хасаж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Г.О нь эдэлсэнд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.О-т өмнөх буюу Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 435 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 435.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Г.Оаас 368.100 /гурван зуун жаран найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, РД:, Б овогт Л-ийн Б-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт Г.О-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Л-д хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД