Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          02           23                                      2022/ШЦТ/123                              

                                                                                                                    

                                                                                                                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С-ын Б-ид холбогдох эрүүгийн 21100 1861 1070 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, хохирогч Б.С, шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт С-ын Б /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-р хорооллын автобусны буудлын орчим архидан согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Б.С-гийн нүүрэн тус газарт цохиж, биед нь “...хамар ясны хугарал, зовхи, хацар, шанаа, хамарт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би тухайн өдөр нэг мэдэхэд согтуу, машинд жолооны арын суудалд сууж байсан. Хохирогчийг бол танихгүй. Намайг хохирогчтой маргалдаад нэг удаа алгадсан гэж хэлсэн. Би болсон асуудлыг, мөн хэр зэргийн согтолттой байсан талаар сайн санахгүй байгаа. Гэм буруугийн тал дээр маргахгүй, одоогоор хохирол төлбөр төлөөгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр ээжийн гэр лүү алхаж явахад замд энэ ах 2 эмэгтэйтэй хамт согтуу байсан. Би ээждээ цүнх аваачиж өгөх гээд явж байсан юм. Тэгээд хажуугаар нь гарахдаа гараа саваад намайг цохисон. Тэгэхэд хажууд нь байсан 2 эмэгтэй энэ хүний 2 талаас нь сугадаад яваад өгсөн. Намайг цохисноос миний хамар хугарсан. Эмчилгээний зардалд гарсан төлбөр болох 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөрөөр гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 1861 1070 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-гийн хохирогчоор өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 29-ний 15-16 цагийн үед санагдаж байна, манай ээж намайг “цүнх аваад ир” гэхээр нь гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр үйлчилгээний төвийн автобусны буудлын тэрүүгээр ээжийнхээ гэр лүү алхаж явахад замд архи уусан эрэгтэй, эмэгтэй хүмүүс байж байсан. Би тэдний хажуугаар зөрөөд явах гэхэд 50 гаран насны, өндөр эрэгтэй хүн миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хүмүүс тараад явцгаасан ба би ээжийнхээ гэрт очиход миний хамар хавдаад хөхрөөд эхэлсэн. Би өөрийн эрэгтэй дүү Батбаярын хамт Гэмтлийн эмнэлэгт ирж томографын зураг авахуулсан. Энэ үед манай хамтран амьдрагч намайг цохисон хүнийг олоод цагдаад хүлээлгэж өгсөн байсан. ...Маргааш нь би Ёнсой эмнэлэгт очиж хамраа тэгшлүүлсэн.

...Би гомдолтой байна. Эмчилгээний мөнгө, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулсан тохиолдолд надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Энхболдын гэрчээр өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед ажилдаа яваад ажил дээрээ байж байхад 16 цагийн үед манай эхнэр Саруулзаяа над руу танихгүй залгаад “дэлгүүр лүү явж байхад согтуу эрэгтэй хүн цохичихлоо” гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6а байрны 310 тоот гэртээ ирэхэд Саруулзаяа Гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан. Би Саруулзаяатай яриад “ямар хүн байсан бэ” гэхэд “өндөр хүн байсан” гэхээр нь би 19 дүгээр үйлчилгээний төвийн буудал дээр очиход 2-3 хүн архи ууж байхаар нь “энд юу болсон бэ, манай эхнэрийг хүн цохисон байна” гэхэд нэг нь “танай эхнэр байсан юм уу, энүүгээр архи ууж явдаг Б нэг эмэгтэйг цохичихоод Нутгийн буян хорооллын тийшээ зугтаачихсан, өндөр нуруутай, ногоон өнгийн куртиктэй явж байгаа” гэж надад зүсийг нь хэлсэн. Би гэртээ ирж хоол хийж идчихээд, орой гараад 19 дүгээр үйлчилгээний төвийн автобусны хавьцаа нөгөө хүнийг хараад байж байхад “тэр булангаас гараад ирлээ” гэж өдөр надад зүсийг нь хэлж өгсөн залуу хэлсэн. Тэгээд би 19 цагийн үед цагдаад дуудлага өгчихөөд ...цагдаад бариад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9393 дугаартай:

1. Б.С-гийн биед хамар ясны хугарал, зовхи, хацар, шанаа, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),

 

4. Хохирогч Б.С нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 30-35 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би орон гэргүй тэнэмэл амьдралтай. Би хийсэн хэрэгтээ харамсаж байгаа бөгөөд согтуу үедээ хүний биед гэмтэл учруулсан байна. Одоогоор би ажилгүй болохоор хохирлыг барагдуулж чадахгүй байгаа юм, удахгүй ажил олж хийгээд хохирлыг бүрэн барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 41-42 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 49 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын автобусны буудлын орчим архидан согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Б.Сгийн нүүрэн тус газарт цохиж, биед нь “...хамар ясны хугарал, зовхи, хацар, шанаа, хамарт цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Б.Сгийн: “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний 15-16 цагийн үед санагдаж байна, манай ээж намайг “цүнх аваад ир” гэхээр нь гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр үйлчилгээний төвийн автобусны буудлын тэрүүгээр ээжийнхээ гэр лүү алхаж явахад замд архи уусан эрэгтэй, эмэгтэй хүмүүс байж байсан. Би тэдний хажуугаар зөрөөд явах гэхэд 50 гаран насны, өндөр эрэгтэй хүн миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хүмүүс тараад явцгаасан ба би ээжийнхээ гэрт очиход миний хамар хавдаад хөхрөөд эхэлсэн. Би өөрийн эрэгтэй дүү Батбаярын хамт Гэмтлийн эмнэлэгт ирж томографын зураг авахуулсан. Энэ үед манай хамтран амьдрагч намайг цохисон хүнийг олоод цагдаад хүлээлгэн өгсөн байсан. ...Маргааш нь би Ёнсой эмнэлэгт очиж хамраа тэгшлүүлсэн.

...Би гомдолтой байна. Эмчилгээний мөнгө, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулсан тохиолдолд надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),

- гэрч Ц.Энхболдын: “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед ажилдаа яваад ажил дээрээ байж байхад 16 цагийн үед манай эхнэр Саруулзаяа над руу танихгүй залгаад “дэлгүүр лүү явж байхад согтуу эрэгтэй хүн цохичихлоо” гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6а байрны 310 тоот гэртээ ирэхэд Саруулзаяа Гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан. Би Саруулзаяатай яриад “ямар хүн байсан бэ” гэхэд “өндөр хүн байсан” гэхээр нь би 19 дүгээр үйлчилгээний төвийн буудал дээр очиход 2-3 хүн архи ууж байхаар нь “энд юу болсон бэ, манай эхнэрийг хүн цохисон байна” гэхэд нэг нь “танай эхнэр байсан юм уу, энүүгээр архи ууж явдаг Б нэг эмэгтэйг цохичихоод Нутгийн буян хорооллын тийшээ зугтаачихсан, өндөр нуруутай, ногоон өнгийн куртиктэй явж байгаа” гэж надад зүсийг нь хэлсэн. Би гэртээ ирж хоол хийж идчихээд орой гараад 19 дүгээр үйлчилгээний төвийн автобусны хавьцаа нөгөө хүнийг хараад байж байхад “тэр булангаас гараад ирлээ” гэж өдөр надад зүсийг нь хэлж өгсөн залуу хэлсэн. Тэгээд би 19 цагийн үед цагдаад дуудлага өгчихөөд ...цагдаад бариад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9393 дугаартай:

1. Б.Сгийн биед хамар ясны хугарал, зовхи, хацар, шанаа, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),

- хохирогч Б.С нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 30-35 дахь тал) болон шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 41-42 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хамар ясны хугарал, зовхи, хацар, шанаа, хамарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Б түүний нүүр лүү гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Бийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

Хэргийн шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Сгийн биед учирсан “...хамар ясны хугарал, зовхи, хацар, шанаа, хамарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх, ...үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Энэ хэргийн хохирогч Б.С нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээний мөнгө, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна.” хэмээн (хэргийн 13-14 дэх тал) мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хохирогчоос бодитой гарсан эмчилгээний зардлын баримтыг хэргийн 24, 34-35 дугаар хавсарган бэхжүүлснийг шүүх нэг бүрчлэн судлахад 358.000 төгрөг болж байх тул хохирогч Б.Сд нөхөн төлөгдөх хохирол, хор уршгийн баримттай дүн эмчилгээний зардлын 358.000 төгрөгийг шүүгдэгч С.Баас гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардлын 642.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.С нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөртэй хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 84 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч С.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан С.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. М овогт С-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бид 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Баас 358.000 /гурван зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 24-52 тоотод оршин суух, РД:ШВ80092701, Торгууд овогт Буянхишигийн Саруулзаяад олгон, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөртэй хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД