Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            03           01                                      2022/ШЦТ/135                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Г-ийн С-ад холбогдох эрүүгийн 22030 0016 0088 дугаартай дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Дэлгэрмаа /томилолтоор/, шүүгдэгч Г.С нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Энхжин шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвд лангуун дээр туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ийн С /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны 16 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас баруун тийш Яармаг явах уулын замд Toyota Prius-40 маркийн 83-09 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан заалтыг зөрчсөнөөс Toyota Prius-20 маркийн 41-81 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, явган зорчигч Ж.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Г.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С-ын өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж гаргах тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокуророос санал болгосн ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хэрэг осол болох үед би эрүүл байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Цаашид анхаарал болгоомжтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22030 0016 0088 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 05-11х, 14-15 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 16 цаг 20 минутын орчимд найз Лодонжавын хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явах гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн уулзвараас баруун тийш Яармаг руу явах уулын замд, зам дагуу такси барихаар зүүнээс баруун тийш зорчих хэсгийн хойд талд төмөр хашлаганы урд гараа өргөөд зогсож байхад хоёр эгнээ замын эсрэг урсгалд буюу Яармаг талаас буюу баруунаас зүүн тийш явж байсан Т.Приус 40 маркийн тээврийн хэрэгсэл буцаж эргэхдээ зүүнээс баруун чиглэлд замын хойд эгнээгээр зорчиж явсан Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөсөн ба уг мөргөлтөөс болж Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл замын хойд хэсэг рүү шахагдаж, улмаар замын хойд талд буюу хашлаганы урд зогсож байсан Лодонжав бид хоёрыг баруун хэсгээрээ шахаж мөргөсөн. Бид хоёр хоёулаа мөргүүлээд хашлага давж унасан. Ослын улмаас миний баруун хөлийн шилбэ дунд хэсгээр, зүүн талын хавирга хугарч, зүүн хөлийн шилбэний ар булчин маханд гэмтэл учирсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Лын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 16 цаг 20 минутын орчимд найз Банзрагчийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явах гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн уулзвараас баруун тийш Яармаг руу явах уулын замд, зам дагуу такси барихаар зүүнээс баруун тийш зорчих хэсгийн хойд талд төмөр хашлаганы урд гараа өргөөд зогсож байхад хоёр эгнээ замын эсрэг урсгалд буюу Яармаг талаас буюу баруунаас зүүн тийш явж байсан Т.Приус 40 маркийн тээврийн хэрэгсэл буцаж эргэхдээ зүүнээс баруун чиглэлд замын хойд эгнээгээр зорчиж явсан Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөсөн ба уг мөргөлтөөс болж Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл замын хойд хэсэг рүү шахагдаж, улмаар замын хойд талд буюу хашлаганы урд зогсож байсан Лодонжав бид хоёрыг баруун хэсгээрээ шахаж мөргөсөн. Бид хоёр хоёулаа мөргүүлээд хашлага давж унасан. Ослын улмаас миний бөруун хөлний өвдөг болон түүнээс дээш аарцаг хүртэл хөндүүр байгаа. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн хугарал байгаагүй, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гийн гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Э.Энхбаатар хамт Т.Приус 20 маркийн 41-81 СҮА улсын дугаартай машиныг жолоодоод, би ээж Д.Оюуны хамт хойд суудалд, аав Д.Боргил жолоочийн хажуу талын суудалд суугаад ...гэр лүүгээ буюу Хан-Уул дүүргийн нутаг Био комбинат орох гээд Маршалын гүүрээр гараад зүүн гар тийш эргээд Зайсангийн уулзвараар чигээрээ уулын зам руу гараад явж байхад гэнэт нэг машин буцаж эргэх гэж байсан бололтой манай машины зүүн хажуу тал руу мөргөсөн. Ингэхэд манай машин хальтираад такси барих гээд замын урд талд зам дээр зогсож байсан хоёр хүнийг мөргөөд зогссон. ...Үнэлгээгээр машинд 1.740.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Үүнийг буруутай жолооч болох Г.С нь дансаар 1.730.000 төгрөг, бэлнээр 10.000 төгрөг тус тус өгч бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Оюуны гэрчээр өгсөн:

“...2021 оны 12 дугар сарын 10-ны өдөр нөхөр Боргил, охин Ганчимэг, хүргэн хүү Энхбаатар нарын хамт манай нөхрийг эмнэлэгт үзүүлчихээд буцаад хүргэнийхээ гэрт харих гээд уулын замаар зүүнээсээ баруун тийш явж байсан. Тухайн үед манай нөхрийн эзэмшлийн Т.Приус 20 маркийн 41-81 СҮА улсын дугаартай машиныг хүргэн хүү Энхбаатар жолоодоод, манай нөхөр Боргил жолоочийн эсрэг талын суудалд, охин бид хоёр хойд талд сууж явсан. Би машины хойд талд сууж явсан болохоор юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд машины урд талаас өөр нэг машин ирж мөргөөд зогссон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энхбаатарын гэрчээр өгсөн:

“...2021 оны 12 дугаар 10-ны өдөр би хадам аав Боргилын эзэмшлийн 41-81 СҮА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд хадам аав Боргил суугаад, арын суудалд хадам ээж Оюун, манай эхнэр Ганчимэг нар суугаад явж байсан. Тухайн үед уулын замаар явж байсан бөгөөд зам түгжрэлгүй, цас ороод хальтиргаатай байсан, мөн би хажуудаа өвчтэй хүн суулгаад явж байсан болохоор 30 орчим километр цагийн хурдтай явж байсан. тэгэхэд эсрэг урсгалд түгжрээд зогсож байсан цагаан өнгийн Приус 41 маркийн машин гэнэт миний явж байсан урсгал руу ороод ирсэн. Би харангуутаа тоормоз гишгэж, замын баруун гар тал руу шахсан боловч миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн ба би мөргүүлсэн эрчиндээ замын хажуу талд зогсож байсан хоёр хүүхдийг мөргөсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38 дахь тал),

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 477 дугаартай:

1. Ж.Б-ийн биед баруун шилбэний тахилзуур яс болон зүүн 1-р хавирганы далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 57-58 дахь тал),

 

8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 910 дугаартай:

“...T.Prius 40 маркийн автомашины ослоос гарсан засвар үйлчилгээний шууд зардал 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/, шууд бус зардал 20.000 /хорин мянга/ төгрөг, нийт хохирлын дүн 1.930.000 /нэг сая есөн зуун гучин мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 70-71 дэх тал),

 

9. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 889 дугаартай:

“...T.Prius 20 маркийн автомашины ослоос гарсан засвар үйлчилгээний шууд зардал 1.070.000 /нэг сая далан мянга/, шууд бус зардал 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг, нийт хохирлын дүн 1.740.000 /нэг сая долоон зуун дөчин мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 76-77 дахь тал),

 

10. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай:

1. Т.Приус маркийн 83-09 УБД улсын дугаартай автомашины жолооч Г.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Т.Приус 20 марзийн 41-81 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Явган зорчигч Ж.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 99-100 дахь тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мөнхтогтохын иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Бидний зүгээс нэхэмжлэх зүйл мөн байхгүй. Фидукцийн гэрээгээр тухайн автомашинд учирсан эвдрэл гэмтлийг Г.С өөрөө хариуцна, бусдад учруулсан хохирлыг Г.С хариуцах юм. Хэрвээ хуулийн дагуу хохирол төлбөр төлөхөөр бол татгалзах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 144, 146 дахь тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Сын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 114 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Дэлгэржаргалын мэдүүлэг (хэргийн 48 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 115 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 116 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 117 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 119 дэх тал), шүүгдэгч Г.Саас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 153 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсан ба Г.Саас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 153 дахь тал) 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг Г.Сад танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн 22030 0016 0088 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Сын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

 

Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны 16 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас баруун тийш Яармаг явах уулын замд Toyota Prius-40 маркийн 83-09 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заасан заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius-20 маркийн 41-81 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, энэ ослын улмаас Toyota Prius-20 маркийн 41-81 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган зорчигч Ж.Б-, Н.Л нарыг шахаж мөргөн, Ж.Б-ийн эрүүл мэндэд нь “...баруун шилбэний тахилзуур яс болон зүүн 1-р хавирганы далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

 

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанАвто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Шүүгдэгч Г.С нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ж.Б-ийн эмчилгээний зардал болон бусад зардалд 1.861.120 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Лт 280.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Гт 1.740.000 төгрөг тус тус нөхөн төлсөн нь хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 141 дэх тал) баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ж.Б- нь цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 115 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.  

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт Г.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Б-, иргэний нэхэмжлэгч Н.Л, Б.Г нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-ад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Г.С нь 1.861.120 төгрөгийг хохирогч Ж.Б-ид нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний болон бусад зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Г.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Б, иргэний нэхэмжлэгч Н.Л, Б.Г нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        С.БАЗАРХАНД