| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | Нууцлалын зэрэг Нууцад хамаар |
| Дугаар | 2022/ШЦТ/136 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/136
2022 03 01 2022/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н овогт Г-ын Г-д холбогдох эрүүгийн 22100 0000 0149 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Г.Г нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Энхжин шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Н овогт Г-ын Г /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 105 дугаар байрны 104 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.А-ын баруун чих хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Г.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би гаднаас Одбаяр гэх дүүтэйгээ гэртээ ирсэн. Тэгээд Одбаярын эхнэр Мөнхзул болон манай эхнэр Алтанзул нар пиво уусан. Би мөн адил нэг пиво уугаад унтаад өгсөн. Намайг унтаж байхад миний толгой дээр юм унахаар нь уурлаад, эхнэрийнхээ чих рүү цохиж хэнгэргийг нь хагалсан. Хохирогч бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Би эмчилгээний зардалд 118.000 төгрөг, мөн Гэмтлийн эмнэлгийн хажуу талд байрлах эмнэлэгт зураг авахуулсан 230.000 төгрөгийг тус тус төлсөн. Би өөртөө дүгнэлт хийсэн, цаашид ийм асуудал гаргахгүй.“ гэсэн мэдүүлэг,
Гурав: Эрүүгийн 22100 0000 0149 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.А-ын хохирогчоор өгсөн:
“...Би Г.Г гэх залуутай 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр танилцаад, найзалж нөхөрлөн үерхэж эхэлсэн. 2019 оны 5 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд айлын хашаанд гэр барьж хамт амьдарч эхэлсэн юм. Анх хамт амьдарч эхэлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хардалт болон бусад гэр бүлийн асуудлаас болж Г.Г нь удаа дараа надад гар хүрч, зодож байсан. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр анх намайг зодохоор нь би салахаар шийдэж, хөдөө байх гэртээ явсан. Тэр үед араас ярьж уучлалт гуйгаад эргэн нийлсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, 2021 онд 2 удаа тус тус зодож цохисон ба энэ асуудлаар хуулийн байгууллагаар арга хэмжээ авахуулсан. Сүүлд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 105 дугаар байрны 104 тоотод Г.Гийн хамаатны дүүгийн гэрт амьдарч байсан юм. Орой би Г.Гийн хамаатны дүү н.Одбаярын эхнэр н.Мөнхзулын хамт 3 ширхэг 0.5 литрийн савалгаатай пиво уусан. Тэгээд байж байхад н.Мөнхзулын нөхөр яриад “одоо очиж байна, дуудлагаар 2.5 литрийн савалгаатай пиво 2 ширхэг авчих” гэхээр нь авсан. Удалгүй н.Одбаяр, Г.Г хоёр ирээд уусан. Ингээд сууж байхад н.Одбаяр бид хоёр маргалдаад, би өрөө рүүгээ орсон ...би Г.Гд “өөрсдийн гэсэн гэр оронгүй болохоор хүссэнээрээ байж болохгүй, ерөөсөө явлаа” гээд эд зүйлээ авч байхад тооны машин Г.Гийн толгойн дагз хэсэг рүү уначихсан. Тэгэхэд Г.Г уурлаад босож ирснээ миний баруун чихний ар хэсэгт маш хүчтэй нэг удаа цохисон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08-09, 11 дэх тал),
2. ШШҮХ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1722 тоот:
1. Э.А-ын биед баруун чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийг үйлчлэлээр 2021 оны 12 дугаар сарын 10-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 24-25 дахь тал),
3. “ЭМЖЖ”, “Med trauma” эмнэлгийн дүрс оношлогооны шинжилгээний хариу баримт (хэргийн 26, 34-35, 36-37 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн:
“...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, өөрийн хийсэн үйлдлээ буруу гэдгийг ухаарч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 47 дахь тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Унжавын мэдүүлэг (хэргийн 21 дэх тал), Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 40 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 43 дахь тал), Г.Гөөс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 56 дахь тал) баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Э.А- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 56 дахь тал) 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Г.Гд хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон байх тул прокуророос эрүүгийн 22100 0000 0149 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 105 дугаар байрны 104 тоотод хамтран амьдрагч Э.А-тай “зүгээр унтуулж амраасангүй” гэж маргалдан Э.А-ын баруун чих рүү гараараа нэг удаа цохиж, биед нь “...баруун чихний хэнгэрэг хальсны цооролт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- хохирогч Э.А-ын: “...Би Г.Г гэх залуутай 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр танилцаад, найзалж нөхөрлөн үерхэж эхэлсэн. 2019 оны 5 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд айлын хашаанд гэр барьж хамт амьдарч эхэлсэн юм. Анх хамт амьдарч эхэлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хардалт болон бусад гэр бүлийн асуудлаас болж Г.Г нь удаа дараа надад гар хүрч, зодож байсан. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр анх намайг зодохоор нь би салахаар шийдэж, хөдөө байх гэртээ явсан. Тэр үед араас ярьж уучлалт гуйгаад эргэн нийлсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, 2021 онд 2 удаа тус тус зодож цохисон ба энэ асуудлаар хуулийн байгууллагаар арга хэмжээ авахуулсан. Сүүлд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 105 дугаар байрны 104 тоотод Г.Гийн хамаатны дүүгийн гэрт амьдарч байсан юм. Орой би Г.Гийн хамаатны дүү н.Одбаярын эхнэр н.Мөнхзулын хамт 3 ширхэг 0.5 литрийн савалгаатай пиво уусан. Тэгээд байж байхад н.Мөнхзулын нөхөр яриад “одоо очиж байна, дуудлагаар 2.5 литрийн савалгаатай пиво 2 ширхэг авчих” гэхээр нь авсан. Удалгүй н.Одбаяр, Г.Г хоёр ирээд уусан. Ингээд сууж байхад н.Одбаяр бид хоёр маргалдаад, би өрөө рүүгээ орсон ...би Г.Гд “өөрсдийн гэсэн гэр оронгүй болохоор хүссэнээрээ байж болохгүй, ерөөсөө явлаа” гээд эд зүйлээ авч байхад тооны машин Г.Гийн толгойн дагз хэсэг рүү уначихсан. Тэгэхэд Г.Г уурлаад босож ирснээ миний баруун чихний ар хэсэгт маш хүчтэй нэг удаа цохисон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08-09, 11 дэх тал),
- ШШҮХ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1722 тоот:
1. Э.А-ын биед баруун чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийг үйлчлэлээр 2021 оны 12 дугаар сарын 10-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 24-25 дахь тал),
- “ЭМЖЖ”, “Med trauma” эмнэлгийн дүрс оношлогооны шинжилгээний хариу баримт (хэргийн 26, 34-35, 36-37 дахь тал) болон шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 47 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хохирогч Э.А-ын биед учирсан “баруун чихний хэнгэрэг хальсны цооролт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Г нь түүний баруун чихний ар хэсэгт гараараа цохисон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 105 дугаар байрны 104 тоотод хамтран амьдрагч Э.А-тай “зүгээр унтуулж амраасангүй” гэж маргалдан Э.А-ын баруун чих рүү гараараа нэг удаа цохиж, биед нь “...баруун чихний хэнгэрэг хальсны цооролт” гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Э.А-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 43 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н овогт Г-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гд 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД