Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 944

 

 

     С.Б-д холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                         прокурор Д.Агар,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Б-д холбогдох эрүүгийн 1811020780678 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          ... овгийн С.Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ...., ..................... тоотод оршин суух, /РД: ................/;

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан; 

          С.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лупус” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас иргэн О.С-ын “Самсунг галакси эс-6”, “Айфон-5”, “Эл жи Жи-4” загварын гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 514.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Б-ы цагдан хоригдсон 23 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшин ухаарч, ойлгож байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Намайг анхан шатны шүүхээс оршин суух тодорхой хаяггүй, батлан даалтад авах хүнгүй гээд 8 сарын  хорих ял эдлүүлэхээр шийдсэн юм. Миний бие эрхэм шүүгч та нарын итгэлийг алдахгүй, ажил төрөл хийж, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Иймд миний 8 сарын хорих ялыг тэнсэн болгож өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч С.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 8 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.             

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. С.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

С.Б-д холбогдох хэргийг прокурор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэснийг ноцтой зөрчсөн байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл С.Б-д холбогдох хэргийг прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх 69/ гаргаж, шүүгдэгчид оногдуулах ялын талаар санал гаргаж танилцуулахгүйгээр зөвхөн яллах дүгнэлтийн хавсралтад ялын талаар дурьдсан нь дээрх хуулийн заалтыг хангасан гэж үзэх үндэслэл болохгүй ба энэ тохиолдолд прокурор яллагдагчтай ял тохиролцоогүй гэж үзнэ. 

Прокурор оногдуулах ялын талаар шүүгдэгчид танилцуулаагүй байхад шүүх шүүгдэгч С.Б-д 8 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэснийг мөн зөрчжээ.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар яллагдагч нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, мөн хэсгийн 4.4 дэх заалтад заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч С.Б-ы гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдлийн талаар бичихдээ “... илээр авч ...” гэж өөр гэмт хэргийн шинжээр бичсэнийг анхан шатны шүүх засаж, нууц аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул дахин хэлэлцэхдээ анхаарах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 621 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн урьчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч С.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧИД                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                Б.ЗОРИГ