Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 201/МА2017/00033

 

Ч.Э-ны нэхэмжлэлтэй

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 138/ШШ2017/00804 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Ч.Э-ны нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 2017 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 оны 9 сарын 11-ний өдөр төрсөн. Одоо 55 настай. Улсад 20 гаруй жил ажилласан бөгөөд 18 жил нь тракторын жолоочоор ажилласан. Тиймээс хөдөлмөрийн хүнд нөхцлөөр 55 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримт маань шатаж үрэгдсэн тул архивын баримт болон бусад нотлох баримтыг үндэслэн ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Би 13 настайдаа буюу 1975 оны 8 сарын 23-ны өдрөөс эхлэн Баян-Уул сумын Ононгийн сангийн аж ахуйн даргын 179 дүгээр тушаалаар ажилчнаар орсон. Ингээд ажиллаж байх хугацаандаа 16 нас хүрч мэргэжлийн сургуульд явах болж 1978 оны 10 сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-д суралцан тракторчин мэргэжил эзэмшээд сумандаа очиж ажилласан. Ононгийн сангийн аж ахуйн даргын 1979 оны 4 сарын 10-ны өдрийн 34 дүгээр тушаалаар ачигчаар ажилд орсон. 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн тракторчнаар ажиллаж эхэлсэн. 1982 онд цэргийн алба хаах болсон тул 1982 оны 7 сарын 24-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. 1985 оны 5 сарын 14-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Ононгийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 сарын 22-ны өдрийн 119 дүгээр тушаалаар тракторчнаар ажиллахаар болсон. 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс Баян-Уул сумын Ононгийн сангийн аж ахуй хувьчлагдан “Ундарга” ББХКомпаний мэдэлд шилжин тракторчнаар ажиллах болж сангийн аж ахуйн даргын 10 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. “Ундарга” ББХК нь 2002 оны 2 сарын 18-ны өдөр татан буугдсан. Татан буугдахаас өмнө Компанийн тухай хуулийн дагуу 1996 оны 4 сарын 25-ны өдрөөс “Гулдааш” ХХКомпани болж нэрээ өөрчилж байсан. Би 2002 он хүртэл буюу татан буугдах хүртэл тракторын жолоочоор ажилласан. Гэхдээ компани маань бидний нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй байсан. Манай гэрт 1996 онд цахилгааны холболтоос болж гал гарсны улмаас миний бүх зүйл шатсан. Миний ажилласан байдалтай холбогдуулан гаргах хувийн бичиг баримт байхгүй байгаа юм. Иймд Ч.Эрдэнэчулуун намайг Баян-Уул сумын Ононгийн сангийн аж ахуйд 1975 оны 8 сарын 23-ны өдрөөс 1978 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1979 оны 3 сарын 26-ны өдрөөс 1979 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 сарын 24-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1986 оны 12 сарын 22-ны өдрөөс 1992 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс 1996 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл “Ундарга” ББХКомпанид тракторчнаар, 1996 оны 4 сарын 25-ны өдрөөс 2002 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл “Гулдааш” ХХкомпанид тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 138/ШШ2017/00804 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Ч.Э-ныг Дорнод аймгийн Баян-Уул сумын Ононгийн сангийн аж ахуйд 1975 оны 8 сарын 23-ны өдрөөс 1978 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1979 оны 3 сарын 26-ны өдрөөс 1979 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 сарын 24-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1986 оны 12 сарын 22-ны өдрөөс 1992 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс 1996 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл “Ундарга” ББХКомпанид тракторчнаар, 1996 оны 4 сарын 25-ны өдрөөс 2002 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл “Гулдааш” ХХКомпанид тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Хангагдаагүй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй өмгөөлөгчийн хамт гомдол гаргаж байна. Би шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт байгаа 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс 1996 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл “Ундарга” ББХКомпанид тракторчнаар, 1996 оны 4 сарын 25-ны өдрөөс 2002 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл “Гулдааш” ХХКомпанид тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. ...Би хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажил хөдөлмөр олон жил эрхлээд өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлаасаа болж тэтгэврээ тогтоолгох насандаа тогтоолгож чадахгүй хохирч байна. Шүүхэд би нотлох баримт гаргаж өгсөн. Гэхдээ “Гулдааш” ХХК-д холбогдох баримт дутуу байж болно. Харин “Ундарга” ББХК-д ажиллаж байсан болохыг нотолж чадсан гэж үздэг бөгөөд харин шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг хангалтгүй үнэлжээ гэж гомдол гаргаж байна. Шүүхээс үндэслэх хэсэгтээ гэрч Д.Бадамсэд, С.Лувсандорж, А.Эрдэнэбаатар нарын мэдүүлгийг үнэлсэн, батлагдаж байна гэдэг утгаар үнэлсэн. Гэвч нэг шийдвэр дотроо тэдгээр гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй байдлаа дурдсан. Энэ нь нотлох баримтыг үнэлэхдээ шүүх өөрийн дотоод итгэл, үйл явцыг тогтоох, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэх зэрэгт ямар ч анхааралгүй хандаж байна гэж үзэхээр байна. ...Тухайн үед нэгдэл сангийн аж ахуй тарж бутарч байсан. Тэгээд “Ундарга” ББХК-д хуваарилагдан орсон ба энэ байдал нь САА-н даргын тушаалаар батлагдсан. Тэгээд “Ундарга” ББХК татан буугдах хүртэл ажилласан. Хувийн аж ахуй дөнгөж байгуулагдаад ажиллахдаа адилхан тракторын жолооч мэргэжилтэй арай бичиг үсэг тайлагдсан нэгнээ л даргаар тавьж, зөвхөн ажил хийхдээ бид хэний ч дор оролгүй хийж байсан болохоос бичиг цаасны ажил дараа хожим хэрэгтэй гэдгээ анхаараагүй. Дарга нь баримтаа яаж хөтөлж, хаана хадгалж хаашаа тушаасан болохыг би мэдэхгүй. Аймгийн архив, сумын архивт ч байхгүй. Надад байсан хөдөлмөрийн дэвтэр, баярын бичиг, зураг гэхчилэн тогтоох боломжтой баримтууд галд шатаж устсан болохыг би холбогдох төрийн байгууллагаас гаргуулан хэргийн материалд хавсаргуулсан. Хамт ажиллаж байсан миний ижил олон хүмүүс ижилхэн баримттай ажилласан байдлаа тогтоолгон тэтгэвэртээ гараад байна. ...Ажилласан байдлаа төрийн хуулийн дагуу авчихлаа гээд миний бодит байдал дээр тракторчнаар ажилласан байдал маань тогтоох боломжгүй гэж орхигдох ёсгүй. ... Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлэн, цаг үеийн нөхцөл байдлыг, хамгийн гол нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр хараад, шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Э нь “ ажиллаж байсан байдал тогтоолгох “ тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Э нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Ононгийн сангийн аж ахуйд 1975 оны 08 сарын 23-наас 1978 оны 10 сарын 15 хүртэл ажилчнаар, 1979 оны 03 сарын 26-наас 1979 оны 07 сарын 01 хүртэл ачигчаар, 1979 оны 07 сарын 01-нээс 1982 оны 07 сарын 24 хүртэл тракторчнаар, 1986 оны 12 сарын 22-ноос 1992 оны 02 сарын 01 хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалттай нийцсэн байна. 

            Нэхэмжлэгч Ч.Э-ны 1992 оны 02 сарын 01-нээс 1996 оны 04 сарын 25 хүртэл “Ундарга“ ББХКомпанид тракторчнаар, 1996 оны 04 сарын 25-наас 2002 оны 02 сарын 18 хүртэл “Гулдааш“ ХХКомпанид тракторчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүйгээс гадна Монгол Улсын Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2017 оны 03 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ч.Э-ны 1992 оны 03 сараас 2000 оны 12 сарыг дуусталх хугацааны 8 жил 10 сарыг улсад ажилласнаар нөхөн тооцсон байна. /хх-ийн 5 дахь тал/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нэхэмжлэгч Ч.Э-ны 1992 оны 02 сарын 01-ний өдрөөс 2002 оны 02 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд тракторчнаар ажилласан байдал нь гэрч А.Эрдэнэбаатар, С.Лувсандорж, Д.Бадамсэд нарын мэдүүлэг болон Дорнод аймгийн Баян-Уул сумын Ононгийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 02 сарын 10-ны өдрийн 10 дугаар тушаалаар тогтоогдож байна гэж тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй  бөгөөд шүүх дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Эрдэнэчулууны 1992 оны 02 сарын 01-ний өдрөөс 2002 оны 02 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд тракторчнаар /хэвийн бус нөхцөл/ ажиллаж байсан  байдлыг тогтоох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм.  /хх-ийн 22, 29-30, 31-32, 41 дэх талууд/

 Иймд нэхэмжлэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 138/ШШ2017/00804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

          

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

          ШҮҮГЧИД                                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                         З.ЭНХЦЭЦЭГ