Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0186

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-н давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчийн 2013 оны 9 сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар манай компанид нийт 68474200 төгрөгийн албан татвар, торгууль ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 263987 тоот актыг хэвээр үлдээх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нар нь тус 263987 тоот актын илэрсэн зөрчлийн жагсаалт хэсэгтээ: 1. Хий бичилттэй НӨАТ-ын падаан ашиглан НӨАТ ногдох орлогоо бууруулсан, 2. ААНОАТ-ын тайлант орлого дутуу тусгасан, 3. НӨАТ-ын тайланд орлого дутуу тусгасан гэх нийт 474 646 400 төгрөгийн нөхөн татвар, 18 734 000 төгрөгийн хүү, нийт 68 474 200 төгрөгийн татвар төлүүлэхээр заасан байна.

1. С ХХК нь 2012 оны 10 сарын 30-ны өдөр Д ХХК-иас бараа материал худалдан авч 012340416 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 22 727 300 төгрөгийн падааныг хүлээн авч улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдан авалт хэсэгт тусгасан болно.Тухайн үед падааны дугаар, компанийн нэрийг оруулан зохих журмын дагуу шивэн тайлангаа илгээсэн бөгөөд холбогдох татварын хэлтэс Татварын Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 46.4 заасны дагуу хяналт шалгалтыг хийн ямар нэгэн зөрчилтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй болно.

Гэтэл татварын байцаагч нар ийнхүү дараа нь хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулж тайландаа тусгасан гэж үзэж нөхөн татвар ногдуулсныг Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах комисс үндэслэл бүхий хэмээн дүгнэлт хийхдээ “Д” ХХК-ийн захирал албан тушаалтай Т.Н-н мөрдөн байцаах ажиллагаанд сэжигтнээр өгсөн байцаалтыг хөтөлбөргүй нотлох баримт хэмээн үнэлж “С” ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй.

С ХХК нь Д ХХК-аас бараа материал худалдан авахдаа гэрээ хэлцэл байгуулаагүй, худалдан авсан бараа материалын нэр төрөл тодорхойгүй хэмээн дүгнэхдээ худалдан авалт бодитоор хийсэн байх, мөн худалдан авсан бараа материалын үнийн дүн чухал болохоос нэр төрөл чухал биш бөгөөд аливаа бараа материалыг заавал гэрээ хэлцэл хийсний дараа худалдан авдаг юм шиг буруу ташаа ойлгож буруутгасан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл “Д” ХХК  нь ч тухайн сарынхаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа борлуулалт хийсэн гэж тусгасан байх бөгөөд Татварын байцаагч нар ийнхүү зохих журмын дагуу тус падааныг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан хуурамч болохыг тогтоолгоогүй, хуурамч болох нь ”С” ХХК-тай холбогдох эсэх талаар дүгнэлт хийгээгүй байж, тухайн падааныг хуурамч гэж үзэж нөхөн татвар ногдуулсан.

2. Мөн “С” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай компани бөгөөд ийнхүү
тус үүсгэн байгуулагч болох М.Ц миний бие компанийнхаа захирлын
ажлыг өөрөө гүйцэтгэдэг болно. “С” ХХК нь БГД-ийн 6-р хороо, 10-р хорооллын Бэгдү хотхонд 15 айлын орон сууцны захиалагчаар ажилласан бөгөөд ийнхүү тус 15 айлын орон сууцны барилга ашиглалтад орох үед өөрийн болон нөхрийн ар гэрийнхэнд тодорхой метр квадрат байруудыг тухайн үеийн өртгөөр нь тооцон өгсөн болно. Тухайлбал:

Нөхөр Э.Г-н эмээ болох Б-н Ц-Д 35 м.кв талбай бүхий 1 өрөө байр, нөхөр Э.Г-н дүү болох Э.О-д 45.7 м.кв талбай бүхий 2 өрөө байр, өөрийн ээж болох Х.Э-д 61 м.кв талбай бүхий 3 өрөө байр, Өөрийн ах болох М.Ц-д 46.5 м.кв талбай бүхий 2 өрөө байр, мөн өөрөө нөхөр Э.Г-ын хамт 155 м.кв талбай бүхий 5 өрөө байрыг тус тус өөрсдийн гэр бүлдээ авсан болно.

Өөрөөр хэлбэл нийт 1.384 м.кв талбайтай 15 айлын орон сууц нь 618 476 600 төгрөгийн өртөгтэйгөөр боссон бөгөөд 1м.кв нь 449,050 төгрөгийн өртөгтэй болно.

“С” ХХК-ийн захирал М.Ц миний бие өөрийн болон нөхрийн аав ээж, ах дүү нарт дээрх орон сууцуудыг зах зээлийн өртгөөр нь тооцон шилжүүлсэн бөгөөд тухайн барилгыг баригдахад зориулж дээрх хүмүүсээс шилжүүлсэн орон сууцны өртөгтэй дүйцэхүйц мөнгийг өмнө нь “С” ХХК нь зээлж авч байсан нь тус компанийн холбогдох тайлан балансад тусгагдсан болно.

Өөрөөр хэлбэл “С” ХХК нь уг 263987 тоот актад заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээрх хүмүүст зах зээлийн үнээр зарж борлуулан ашиг олоогүй учир Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан "үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний зориулалтын орлого" олсон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Учир нь тус Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Энэ хуулийн 8.1.1-т заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно" гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 14.4-т "Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан үеэс зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно" гэж тус тус заасан байна.

Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 7.5 дахь заалтыг “С” ХХК нь зөрчиж хамаарал бүхий этгээдүүдэд орон сууцыг өөрийн өртгөөр нь зарсан нь буруу, хууль зөрчсөн хэмээн дүгнэхдээ нэгд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хоёрт өмчлөгчийн эрхэнд хөндлөнгөөс халдаж, эрхийг нь үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

Тиймээс ийнхүү Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нарын 2013 оны 9 дүгээр сар 19-ны өдрийн 263987 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй “С” ХХК-ийн Татвар ногдуулалт төлөлтийн байдалд Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Х.Б, З.Ц нар 2008 оны 5 дугаар сарын 12 өдрөөс 2013 оныг дуусах хүртэлх баримтад иж бүрэн шалгалт хийсэн.

Шалгалтаар Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн мэдээлэл /2013 оны 04 дүгээр сарын 15-ны 26/898 тоот албан бичигт/-д “Д” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30 өдөр 012340416 тоот Нэмэгдсэн өртгийн падаанд 22727300 төгрөгийг хий бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан.

“С” ХХК нь 2011 онд 535165700 төгрөгийн борлуулалтын орлоготой, 2012 онд 73278800 төгрөгийн орлоготой нийт 609044500 төгрөгийн орлогыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж татвар ногдуулан төлсөн байна.

Тус компанитай холбоотой мэдээллийг Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1235 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд 15 байрыг нийт 865680000 төгрөгөөр худалдан борлуулсан гэрээ ирүүлсэн. Уг мэдээллийг үндэслэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан борлуулалтын орлого 227188700 төгрөгийн дутуу, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 224730300 төгрөгийн орлого дутуу нь шалгалтаар нотлогдсон тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл "8.1 Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1 Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого" гэсэн заалтыг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл "Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ" 7.1.1 "Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 74.1 74.2 74.3-т заасны дагуу нөхөн татвар, алданги, торгууль нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйл, 17.2, 17.1.1, 17.1.2-д заасны дагуу нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан болно” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар ”С” ХХК-д 68,474.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг 23,282.3 мянган төгрөгөөр бууруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “... “С” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай компани бөгөөд ийнхүү тус үүсгэн байгуулагч болох М.Ц миний бие компанийнхаа захирлын ажлыг өөрөө гүйцэтгэдэг болно. Улмаар манай “С” ХХК нь Улаанбаатар хот, БГД-ийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын “Бэгдү” хотхонд 15 айлын орон сууцны захиалагчаар ажилласан бөгөөд ийнхүү тус 15 айлын орон сууцны барилга маань ашиглалтанд орох үед өөрийн болон нөхрийн ар гэрийнхэнд тодорхой метр квадрат байруудыг тухайн үеийн өртгөөр нь тооцож өгсөн болно.

Нөхөр Э.Г-н эмээ болох Б-н Ц 35 м.кв бүхий 1 өрөө байр, дүү Э.О 45.7 м.кв талбай бүхий 2 өрөө байр, өөрийн ээж болох Х.Э 61 мкв бүхий 3 өрөө байр, ах М.Ц 46.5 мкв талбай бүхий 2 өрөө байр, мөн өөрөө нөхөр Э.Г-н хамт 155 мкв талбай бүхий 5 өрөө байрыг тус тус өөрсдийн гэр бүлдээ авсан болно.

Өөрөөр хэлбэл нийт 1384 м.кв талбайтай 15 айлын орон сууц нь 618 476 600 төгрөгийн өртөгтэйгөөр боссон бөгөөд 1 м.кв байр 449 050 төгрөгийн өртөгтэй болно.

“С” ХХК-ийн захирал М.Ц миний бие өөрийн болон нөхрийн аав, ээж, ах дүү нарт дээрх орон сууцуудыг зах зээлийн өртгөөр нь тооцон шилжүүлсэн бөгөөд тухайн барилгыг баригдахад зориулж дээрх хүмүүсээс шилжүүлсэн орон сууцын өртөгтэй дүйцэхүйц мөнгийг өмнө нь “С” ХХК нь зээлж авсан нь тус компанийн холбогдох тайлан балансд тусгагдсан болно.

Тиймээс “С” ХХК нь уг 263987 тоот актанд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээрх хүмүүст зах зээлийн үнээр зарж борлуулан ашиг олоогүй учир Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого” олсон гэж үзэх боломжгүй.

Учир нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “энэ хуулийн 8.1.1-т заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж тус тус заасан байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 7.5 дахь заалтыг “С” ХХК нь зөрчиж хамаарал бүхий этгээдүүдэд орон сууцг өөрийн өртгөөр зарсан нь буруу, хууль зөрчсөн хэмээн дүгнэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, өмчлөгчийн эрхэнд хөндлөнгөөс халдаж, эрхийг нь үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

Тиймээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нарын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актыг хүчингүй болгох нь үндэслэлтэй юм. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасан үүргийн дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актаар тогтоогдсон зөрчил тус бүрийн улмаас зөрчигдсөн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. “Д” ХХК-аас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 012340416 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 22,727.3 мянган төгрөгийн падаан хий бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн тухайд:

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын 22,727.3 мянган төгрөгийн падаан хий бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Учир нь “С” ХХК-д “Д” ХХК-аас бараа материал нийлүүлсэн эсэхийг нотлох гэрээ, хэлцэл болон гүйлгээ гарсаныг нотлох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтууд байхгүй байхад шүүх “Д” ХХК-ийн “Кассын орлогын ордер”, 0012340416 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэргийг санхүүгийн анхан шатны баримт гэж үзэж, дээрх зөрчилтэй холбоотойгоор актаар тогтоогдсон төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.1.6 /баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 /Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй/ дахь хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно/, 7.6 /Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна/, 7.7 /анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно/-д падааны үнэн зөв эсэхийг бэлтгэн нийлүүлэгч буюу худалдан авагч болон худалдагч хариуцахаар, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/, 18.1.3 /анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй/-д заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй “С” ХХК-д хариуцлага ногдуулсныг буруутгах боломжгүй. Иймд анхан шатны шүүх энэ зөрчилд холбогдуулан актаар тогтоосон төлбөрөөс бууруулж шийдвэрлэсэн нь буруу байх тул зохих өөрчлөлт оруулав.

            2. 2012 онд 227.188.7 мянган төгрөгийн орон сууц борлуулсан орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын  орлого”-д албан татвар ногдохоор заасан.

Нэхэмжлэгч “С” ХХК нь 2012 онд орон сууц борлуулсны орлогоо 621.480.3 мянган төгрөгөөр тайлагнасан байх ба Баянгол дүүргийн Татварын хэлтэст ирүүлсэн тус дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2013 оны 09 дүгээр сарынн 02-ны өдрийн 1235 дугаар албан бичигт хавсаргасан Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалтад 15 байрыг нийт 865.680.0 мянган төгрөгөөр борлуулсан талаарх тус компанийн захирал М.Ц-н гарын үсэгтэй баримтаас үзэхэд тайланд тусгасан борлуулалтын орлогоос 227.188.7 мянган төгрөгөөр дутуу тайлагнасан болох нь тогтоогдсон байна.                                                                                           Нэхэмжлэгчээс зарим байрыг өөрийн хамаарал бүхий хүмүүст зах зээлийн өртөгөөр нь тооцон шилжүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиалан бариулсан орон сууцыг бусдад худалдсан орлого буюу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гэрээнд заасан үнээр татвар ногдох орлогыг тодорхойлох ёстой гэж үзсэн татварын улсын байцаагчийн энэ зөрчилд тавьсан акт хуульд нийцсэн байна.

 Анхан шатны шүүх маргаан бүхий актаар тогтоогдсон зөрчилд хариуцлага ногдуулсныг хуульд зааснаар өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь зөв байх тул нэг дэх зөрчилтэй холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3,17 дугаар зүйлийн 17.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар “С” ХХК-д 68,474.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг 21.009.6 мянган төгрөгөөр бууруулсугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ