Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 

 

       2022          03           28                                        2022/ШЦТ/217                              

                                                                                                                    

                                                                                                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С-ын Б-д холбогдох эрүүгийн 22100 0000 0077 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/, хохирогч Б.С, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал газар зүйн менежмент мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-д далд уурхайн техник үйлчилгээний хэлтсийн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт С-ын Б /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн гадаа Б.С-ыг зодож, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Би хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргах зүйл байхгүй.

Хохирогчоос нэхэмжилж байгаа лазер эмчилгээний төлбөр нь зах зээлийн ханшаас өндөр үнэтэй байгааг сайшаахгүй байна. Гэхдээ цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлээд нэхэмжилбэл, шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлнө.

Би хэрэг гарсны дараа “хохирогчийг дагуулж яваад хөмсөгний сорвийг арилгуулж, эмчилгээ хийлгэж өгье” гэж хэлсэн. Гэтэл эхнэр нь “хөмсөг суулгуулна, сорвитой боллоо, лент наагаад авахад хөмсөг нь унасан байна” гэж хэлсэн. Сорви арилахгүй байх тохиолдол байдаг. Хохирогч ирээдүйд ямар хэмжээний хохирол нэхэмжлэхийг би хэлж мэдэхгүй байна. Сорви арилгах лазер эмчилгээ хамгийн үнэтэй нь нэг удаагийнх нь 80.000 төгрөг байдаг гэж байсан, гэтэл хохирогч нэг удаагийн оролт нь 400.000 төгрөгийн үнэтэй эмчилгээнд 5 удаа орно гэж хэлж байна. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна.гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Наадам центрийн тэнд байх пабад анх Атэй маргалдсан. А бид хоёр лифтэнд суугаад явж байтал намайг А цохисон юм. Би Аийг “явуулахгүй” гээд зууралдаад байж байтал Батзолбоо цаанаас гарч ирээд “наадахаа зүгээр явуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батзолбоод “чамтай юм ярих юм байхгүй” гэж хэлэхэд “чи яагаад надтай юм ярьдаггүй юм” гэж хэлээд намайг 2 удаа цохисон. Ингээд миний хөмсөг задарсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал 400.000 төгрөг гарсныг Батзолбоо нөхөн төлсөн байгаа. Цаашид хөмсөгний гоо сайхны лазер эмчилгээ хийлгэх ба нэг удаагийн оролт нь 400.000 төгрөгийн үнэтэй, 3-5 удаа орж байж сорви нь арилна гэж хэлсэн. Тийм болохоор цаашид гарах эмчилгээний зардалд 2.0-3.0 сая төгрөг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 0000 0077 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг гарсан өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хаан тауэрын хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол  (хэргийн 12, 14-18 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-ын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө манай Оюу толгой ХХК-ийн шинэ жил болоод Блью скай зочид буудлын урд талын ISS тауэрт архи уусан. Тухайн үед ойролцоогоор 80 гаруй ажилчид байсан. Ингээд хамт олны хамтаар Наадам центрийн караокед шөнийн 01 цагийн үед орсон.

...Нэг мэдэхэд Батбямба ах ажлын хүнтэй маргалдаад байхаар нь би очоод “юу болоод байгаа” талаар асуухад А нь “чамд хамаагүй” гээд есөн шидээр хэлээд, бид хоёрыг жолооч болохоор нь дээрэлхээд маргалдсан. Тэгээд явах гээд лифтэнд суухад ...намайг лифт рүү түлхэхээр нь “чи яахаараа намайг түлхдэг юм бэ” гээд намайг заамдаж түлхээд, лифт дотор 2-3 удаа нүүр лүү гараараа цохисон.

Энэ үед Батбямба ах бид хоёрыг салгаад, доор буугаад байж байхад Аийг түүний найз Батзолбоо авч явах гээд ирсэн байхад нь би очоод “яагаад намайг зодож байгаа юм бэ” гээд таксинд суулгахгүй хориход Батзолбоо бууж ирээд “чи зайл, яв л даа” гээд ...дайраад нүүр лүү хэд хэдэн удаа цохиод, татаж унагаад шилэн хүзүүн дээр дарахад би замын боржур мөргөж унахдаа зүүн талын хөмсөг сэтэрсэн.  

...Одоогийн байдлаар эмнэлэгт үзүүлсэн, бензин шатахууны зардалд 458.249 төгрөг гарсан, баримт нь надад байна. Үүн дээр миний зүүн талын хөмсөг язарсан сорви одоо ч арилаагүй байгаа тул энэхүү сорвийг лазер эмчилгээгээр арилгамаар байна. Гэхдээ хэдэн төгрөгийн зардал гарахыг хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23, 25-26, 28 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бат-Оргилын гэрчээр өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө манай байгууллагын шинэ жил болсон. ISS тауэрт арга хэмжээ болоод тус газраас 23 цаг өнгөрч байхад гарсан. Үлдсэн хэдэн ажилчдын хамт Наадам центр доторх караокед суусан. 17 орчим ажилчид хамт сууж уусан. Сайнбаяр, бид хоёр тамхины цэг дээр зогсож байхад “уугаад сууж байхад А надад чи ажил дээрээ томроод байдаг шүү, хүнлэг харьц гэсэн утгатай зүйл хэлсэн” гэж хэлсэн. Ингээд тус газраас манай хэд түрүүлээд гарсан ба би хойноос нь гараад очиход замын эсрэг талд хэрүүл маргаан болоод, явган хүний замын Хаан банк талд нэг хүн хэвтэж байсан бөгөөд 2 залуу өшиглөж байх шиг харагдсан. Тэгээд би зам гараад яваад очтол нөгөө 2 нөхөр машинд суугаад явсан. Сайнбаярын толгойноос цус гарсан байхаар нь “юу болов” гэж асуухад “Аийн найзууд зодчихлоо” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 31 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Аийн гэрчээр өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг Аюут тауэрт Оюу толгой ХХК-ийн үйлчилгээний хэлтсийн шинэ жил болсон. Тэндээсээ гараад Энхтайваны гүүрний урд талын Наадам центрийн 4 давхарт 00 цагийн үед ажлын хүмүүстэй хамт орж үйлчлүүлж байх явцад Батбямба ах, Сайнбаяр хоёр намайг заналхийлж “чи их овоо бацаан, хоёулаа учирна” гэх мэтчилэн зүйл яриад байхаар нь дарга надад “согтуу хүмүүсийн үг шүү, битгий юм бодоорой” гэж хэлсэн. Тэгээд би юм бодоогүй, архи согтууруулах ундаа нэмж хэрэглэхгүй байж байгаад холуур харилцахгүй явж байсан. Над руу Сайнбаяр нь үг хаяад сүрдүүлээд байсан бөгөөд шөнө 02 цаг өнгөрч байхад тарах болоод би гараад лифтний үүдэнд зогсож байхад Сайнбаяр таарснаа намайг зуурч татаад, шанаа руу цохихоор нь би барилцаад лифт дотор дээрээс нь дараад “чи намайг дийлэхгүй, согтуу байна аа, боль” гэж хандыг нь дарах гэж үг хэллэг хэлсэн. Тэгээд тайвшрахгүй болохоор нь гарч байгаад “хоёулаа тухтай зодолдъё” гэж хэлээд Сайнбаярыг хэн нэг нь аваад явчих байх гэж бодоод гадаа гарахад араас Сайнбаяр гарч ирээд “хувцсаа тайл, одоо үзье” гээд дайраад байхаар нь “би чамтай зодолдохгүй” гээд хоёр гараа сугандаа шургуулаад “одоо хоёулаа болъё, харь” гээд аль болох тайвшруулах гэж оролдсон.

Тэгэхэд намайг шанаа руу цохиод барьж авахаар нь өөдөөс нь ямар нэг үйлдэл хийгээгүй, эвлэрээд явахаар болоод “хувцсаа өмс” гээд Наадам центрийн үүд рүү оруулаад гадаа зогсож байхад Батзолбоо такситай ирээд “за явцгаая” гэхээр нь “чи юу хийж явж байгаа юм бэ” гэж асуухад “та хэдийг хүргэж өгөхөөр ирлээ” гэхээр нь “за тэгвэл явцгаая” гээд таксинд суугаад яг хөдөлж байхад Сайнбаяр хойд хаалга онгойлгоод намайг татахаар нь “яасан бэ хөгшөөн” гэхэд “миний гар утас алга болчихлоо” гэсэн. Тэгээд “утас чинь алга болсон бол одоо хүмүүс тарахаас өмнө, албан газар хаахаас өмнө утсаа хурдан олж ав аа” гэхэд “чи миний утсыг авсан, та нар бүгдээрээ хулгайчууд” гээд зүй бус хараалын үг урсгаад байхаар нь “намайг нэгжиж үз” гээд нэгжүүлж байхад Батзолбоо машинаар гарч ирээд “чи яагаад энэ хүнийг нэгжээд байгаа юм бэ, ямар учраас хулгайч гэж доромжлоод байгаа юм бэ, чи утсыг нь авсан юм уу” гэж асуухаар нь би “аваагүй” гэж хэлэхэд Сайнбаярыг “чи хүн битгий гүтгээд бай, одоо яв” гээд байж байтал Батбямба ах хажууд ирсэн Сайнбаярыгаа хөхүүлэн дэмжээд “наадуул чинь авсан” гэхэд Сайнбаяр Батзолбоог барьж аваад зууралдахаар нь би салгаад “одоо боль, битгий маргалд” гэхэд хойноос Сайнбаяр “муу сайн хулгайч нар, ална даа та нарыг” гэхэд Батзолбоо уурлаад “та нар яагаад байгаа юм бэ, би таны насыг чинь хүндэлж байгаа шүү” гэж хэлэхээр нь тэвэрсэн чигээрээ таксинд суулгаад явсан.

Гадаа Сайнбаяртай зодолдсон зүйл байхгүй. Харин надтай “зодолдъё” гээд заамдаж нэг цохиход нь ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй. Би Батзолбоог “боль” гээд урдаас нь хязгаарлаад зогсож байхад зөрөөд Сайнбаярыг цохихоор нь салгасан. Хаана нь яаж цохисныг хараагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 37-38 дахь тал),

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1289 дугаартай:

1. Б.Сын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 41-42 дахь тал),

6. Хохирогч Б.С нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 55, 57-58 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Бгийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би Б.Сыг цохисон нь үнэн. Би хэрэг болсон өдрийн маргааш нь, мөн хэд хоногийн дараа очиж түүнтэй уулзсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 51 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 65 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 68-70 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 72 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 73 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 75 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Бгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн гадаа Б.Стай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагаасан, Б.С нь газар унахдаа замын боржур мөргөж, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Б.С (хэргийн 22-23, 25-26, 28 дахь тал), гэрч Б.Бат-Оргил (хэргийн 18 дахь тал), гэрч А.А (хэргийн 37-38 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1289 дугаартай:

1. Б.Сын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 41-42 дахь тал),

- хохирогч Б.С нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 55, 57-58 дахь тал) болон шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 51 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Сын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Б түүний нүүр лүү гараараа цохисноос газар унахдаа замын боржур мөргөснөөс үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Бгийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Сын биед учирсан “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх, ...үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Б.С нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал 400.000 төгрөг гарсныг Батзолбоо нөхөн төлсөн байгаа. Цаашид хөмсөгний гоо сайхны лазер эмчилгээ хийлгэх ба нэг удаагийн оролт нь 400.000 төгрөгийн үнэтэй, 3-5 удаа орж байж сорив арилна гэж хэлсэн, тиймээс цаашид гарах эмчилгээний зардалд 2.0-3.0 сая төгрөг нэхэмжилж байна, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхгүй.”хэмээн мэдүүлж, хохирол нөхөн төлүүлэх шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хохирогчоос гаргасан хөмсөгний сорви арилгуулах лазер эмчилгээний зардал нь 2-3 сая орчим төгрөг болох тул уг мөнгийг цаашид хийгдэх эмчилгээний зардалд тооцож нэхэмжилнэ гэх хэдий ч энэхүү эмчилгээг хохирогч бодитоор хийлгээгүй байгаа тухай тэрээр шүүх хуралдаанд мэдүүлсэн учир /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ “бодитоор гарсан зайлшгүй зардал” гэж шүүх урьдчилсан дүгнэлт хийж хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. 

 

Иймд дээрх шаардлагыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч нь эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Б.Ст 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчийн хувьд энэ тогтоолоор гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 65 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 68-70 дахь тал) тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шүүх, шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ш овогт С-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Б нь хохирогч Б.Сын баримттай нэхэмжилсэн 458.249 /дөрвөн зуун тавин найман мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийг нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД