Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00710

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт тус сумын 5 дугаар баг төвд оршин суух “Борх” овогт Бямбаа Дашням /ЧО-57030419/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Б.Дашням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дашням шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оноос 1986 он хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл зарим бичиг баримт зөрүүтэйн улмаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын /хуучнаар/ ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Дашням нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын /хуучнаар/ ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай “ ...1/... сургуулийн дуу хөгжмийн багшаар Б.Дашнямыг 1982 оны 9 дүгээр сарын 01-нээс томилон ажлуулсугай гэх “Ажилд томилох тухай” тушаал,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай “ ...1/... тус сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан Б.Дашнямыг 1986 оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн багшийн ажлаас хэлж сумын намын үүрийн мэдэлд шилжүүлсүгэй гэх “Б.Дашнямыг ажлаас халах тухай” тушаал,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай “ ...Бямбаа овогтой Дашням нь тус сургуульд 1982-1986 оны хичээлийн жилд дуу хөгжмийн багшаар 4 жил тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх “албан тоот,

 Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,

Гэрч С.Лхамсүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн. “…Б.Дашням нь 1982 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн сургуульд 1982 оноос 1986 оны оныг дуустал дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан” гэх,

Гэрч З.Дэлгэрмөрөнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн. “…Б.Дашням нь 1982 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн сургуульд 1982 оноос 1986 оны оныг дуустал дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан ” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Харин нэхэмжлэгч Б.Дашнямд холбогдох лавлагааг Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газраас гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3/251 дугаар “...тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын баримт шатаж сургуулийн тушаал, цалингийн материал архивт байхгүй тул 1982-1986 онуудад дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан Б.Дашнямд холбогдох оны архивын лавлагааг гаргаж өгөх боломжгүй ...” гэх албан бичиг,

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн  “....Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатсан....” гэх тодорхойлолтууд, фото зургийн хуулбар тус тус хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Борх” овогт Бямбаа Дашням /ЧО-57030419/-ийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын /хуучнаар/ ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дашнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ