Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            03           01                                      2022/ШЦТ/132                               

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Т-т холбогдох эрүүгийн 21100 0000 0948 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/, шүүгдэгч А.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга С.Хонгорзул шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын засал чимэглэлийн бригадад ажилладаг гэх, ам бүл 2, эхийн хамт амьдрах, хххх оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт А-ийн Т /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Арцат апартмент төслийн А7 блок байранд байрлаж байсан “Си эйч инженеринг” ХХК-ийн ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Ц.Ч-ын эзэмшлийн Делл брендийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаасаа бууж байхад ар гэрээс ээжийн бие муудаад эм тариагүй байгаа талаар сонссон. Надад гар утас байгаагүй болохоор доошоо буугаад хүн байна уу гэж шалгасан. Тухайн үед би хэдэн цаг болж байгааг асуух гэсэн юм. Гадаа бүрэнхий болсон байсан. Доошоо буугаад хоёр давхрын өрөөнүүдээр ороод явж байгаад 5 дугаар өрөө рүү ороход хүн байхгүй, ширээн дээр зөөврийн компьютер байхаар нь аваад гарсан. Тэгээд зөөврийн компьютерийг аваад байрлаж байгаа айл руугаа очсон ба “компьютерийг олсон” гэж хэлсэн. Мөн “энэ компьютерийг яаж зарах вэ, надад зараад өгөөч, эм тарианы мөнгө олох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд зарсан мөнгөөрөө ээждээ эм тариаг нь авч өгсөн.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 0000 0948 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ч-ын хохирогчоор өгсөн:

“...Би “Си Эйч Инженеринг” ХХК-д захирал ажилтай. Манай байгууллага Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцат Апартмент 2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 8 блоктой хотхоны А7 блокыг хариуцаж гүйцэтгэж байгаа юм. Манай байгууллагын оффис нь А7 блокны баруун орцны 2 дугаар давхарт байрладаг. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд манай үндсэн барилгын гараашийн дээврийн бетон цутгалтын ажил явж байсан ба би түр хугацаагаар гадагш гарсан. ...Би гадаа бетон цутгалтандаа хяналт тавьж ажиллаж байгаад шөнө 03 цагийн орчимд халуун юм уух гээд оффистоо ороход цоожгүй байсан. Тэгэхээр нь инженерүүд маань цоожлоогүй явчихаж гэж бодоод халуун юм уугаад гарахдаа цоожлоод гарсан. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 06 цагийн орчимд ажил дуусаад би оффистоо оролгүйгээр шууд гэртээ харьсан. Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ ирээд нөүтбүүкээ ашиглах гэхэд байхгүй байсан. Инженерүүдээсээ лавлаж асуугаад, ...хайгаад олдохгүй болохоор нь камер шүүхэд манай гүйцэтгэгч, туслах ажилчин бололтой саарал үүргэвчтэй, хар өнгийн хувцастай, үсээ боочихсон 18-21 орчим насны эрэгтэй хүүхэд хаалга, хаалга татаж үзэж байгаад манай оффисын өрөө рүү ороод эргээд гарч ирээд, хажуу талын хаалга руу ороод эргэж гарч ирээд шууд гараад явсан. Камерийн бичлэгт миний нөүтбүүкний цүнхний оосор харагддаг.

Би Dell i5 11th generation, 15.6 инчийн зөөврийн компьютерийг 2017 оны 7 дугаар сарын эхээр Япон Улсаас шинээр авч байсан, монгол мөнгөөр 3.000.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан байх. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй нөүтбүүк байсан, хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хулгайлсан хүн надад яг адилхан үзүүлэлттэй нөүтбүүк худалдан авч өгч, миний хохирлыг барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 06-07, 40 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Чангасын гэрчээр өгсөн:

“...Би хувиараа барилгын бригадад ажилладаг бөгөөд манай бригадад ажилладаг Төрбаатар гэх дүү надтай цуг амьдардаг юм. Төрбаатарын гэр нь Эмээлтэд байдаг болохоор Улаанбаатар хотод ажил хийх үед наашаа цаашаа явахад хүндрэлтэй байдаг тул манай гэрт манай гэр бүлийн гишүүн шиг л байдаг. Төрбаатар бид хоёр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Арцат апартамент 2 гэх барилгын шалны паркет шахах ажилд цуг ажиллаж байгаа юм. Би 2021 оны 9 дүгээр сарын 24-ний гэртээ хүүхдүүдээ харж амарсан, харин Төрбаатар орой 23 цагийн үед ажлаа тараад ирсэн. Гаднаас орж ирэхдээ нэг цагаан өнгийн нөүтбүүктэй орж ирсэн ба түүнийгээ ажлаас гарч явж байгаад замын хажуугаас олсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод үзэхэд дотор нь барилгын файлууд байхаар нь “чи барилгаас хулгай хийчихсэн юм биш биз дээ” гэхэд “үгүй ээ ахаа, би замын хажуугаас олсон юм” гэж дахин дахин лавлаж асуухад “үгүй, олсон” гээд байсан. Тэгээд тэр өдөр нь “гэртээ компьютертэй юм чинь зарчихъя” гэж хоёулаа ярьж байгаад маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би тэр нөүтбүүкийг нь авч гараад “Компьютер ланд” гэх газар очиж, хүмүүсээс асууж явж байгаад нэг компьютер авах гэж байсан 30 орчим насны, дундаж нуруутай, бор царайтай, эрэгтэй хүнд 800.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 09-10 дахь тал),

 

3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-21-606 дугаартай:

“...Үнэлэгдэж буй Dell i5 11th generation, 15.6 инчийн зөөврийн компьютер нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэж тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 45-46 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Т-ын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би ...хувиараа бригадаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Гарден сити хотхонд паркетан шал шахах ажил хийдэг юм. Тэгээд бидний хийсэн ажлыг барилгын инженерүүд үзэхгүй, хүлээж авахгүй байсан учраас 10 гаруй хоног цалингүй ажилласан. Манай ээжийн бие тааруу байсан, мөн мөнгөгүй болохоор ажиллаж байсан барилганыхаа 2 давхарын 4 дүгээр өрөөнд байсан цүнхтэй эд зүйлсийг хулгайлчихсан. Өрөөнөөс гараад эд зүйлсийг харахад нөүтбүүк, 2 ширхэг хулгана, 1 ширхэг маус пад, 500 гб-ын багтаамжтай зөөврийн хард диск, гар утасны цэнэглэгч байсан. ...Тэгээд зөөврийн компьютерийг Чангас ахад өгөөд заруулчихсан. ...Би хууль бусаар авсан эд зүйлсээ Ц.Ч ахад эргүүлэн өгч, хохирлыг нь барагдуулж уучлалт гуйсан байгаа. Би тухайн үед зайлшгүй мөнгөний хэрэг гараад буруу зүйл хийсэн. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12, 36-37 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 24 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 28 дахь тал), гэрч Д.А-гийн мэдүүлэг (хэргийн 42 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 51 дэх тал), суралцагчийн хувийн хэрэг болон суурь боловсролын гэрчилгээ, (хэргийн 69, 73-78 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Т-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Арцат апартмент төслийн А7 блок байранд байрлаж байсан “Си эйч инженеринг” ХХК-ийн ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Ц.Ч-ын эзэмшлийн Делл брендийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Ц.Ч-ын: “...Би “Си Эйч Инженеринг” ХХК-д захирал ажилтай. Манай байгууллага Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцат Апартмент 2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 8 блоктой хотхоны А7 блокыг хариуцаж гүйцэтгэж байгаа юм. Манай байгууллагын оффис нь А7 блокны баруун орцны 2 дугаар давхарт байрладаг. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд манай үндсэн барилгын гараашийн дээврийн бетон цутгалтын ажил явж байсан ба би түр хугацаагаар гадагш гарсан. ...Би гадаа бетон цутгалтандаа хяналт тавьж ажиллаж байгаад шөнө 03 цагийн орчимд халуун юм уух гээд оффистоо ороход цоожгүй байсан. Тэгэхээр нь инженерүүд маань цоожлоогүй явчихаж гэж бодоод халуун юм уугаад гарахдаа цоожлоод гарсан. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 06 цагийн орчимд ажил дуусаад би оффистоо оролгүйгээр шууд гэртээ харьсан. Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ ирээд нөүтбүүкээ ашиглах гэхэд байхгүй байсан. Инженерүүдээсээ лавлаж асуугаад, ...хайгаад олдохгүй болохоор нь камер шүүхэд манай гүйцэтгэгч, туслах ажилчин бололтой саарал үүргэвчтэй, хар өнгийн хувцастай, үсээ боочихсон 18-21 орчим насны эрэгтэй хүүхэд хаалга, хаалга татаж үзэж байгаад манай оффисын өрөө рүү ороод эргээд гарч ирээд, хажуу талын хаалга руу ороод эргэж гарч ирээд шууд гараад явсан. Камерийн бичлэгт миний нөүтбүүкний цүнхний оосор харагддаг.

Би Dell i5 11th generation, 15.6 инчийн зөөврийн компьютерийг 2017 оны 7 дугаар сарын эхээр Япон Улсаас шинээр авч байсан, монгол мөнгөөр 3.000.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан байх. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй нөүтбүүк байсан, хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хулгайлсан хүн надад яг адилхан үзүүлэлттэй нөүтбүүк худалдан авч өгч, миний хохирлыг барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 06-07, 40 дэх тал),

- гэрч С.Чангасын: “...Би хувиараа барилгын бригадад ажилладаг бөгөөд манай бригадад ажилладаг Төрбаатар гэх дүү надтай цуг амьдардаг юм. Төрбаатарын гэр нь Эмээлтэд байдаг болохоор Улаанбаатар хотод ажил хийх үед наашаа цаашаа явахад хүндрэлтэй байдаг тул манай гэрт манай гэр бүлийн гишүүн шиг л байдаг. Төрбаатар бид хоёр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Арцат апартамент 2 гэх барилгын шалны паркет шахах ажилд цуг ажиллаж байгаа юм. Би 2021 оны 9 дүгээр сарын 24-ний гэртээ хүүхдүүдээ харж амарсан, харин Төрбаатар орой 23 цагийн үед ажлаа тараад ирсэн. Гаднаас орж ирэхдээ нэг цагаан өнгийн нөүтбүүктэй орж ирсэн ба түүнийгээ ажлаас гарч явж байгаад замын хажуугаас олсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод үзэхэд дотор нь барилгын файлууд байхаар нь “чи барилгаас хулгай хийчихсэн юм биш биз дээ” гэхэд “үгүй ээ ахаа, би замын хажуугаас олсон юм” гэж дахин дахин лавлаж асуухад “үгүй, олсон” гээд байсан. Тэгээд тэр өдөр нь “гэртээ компьютертэй юм чинь зарчихъя” гэж хоёулаа ярьж байгаад маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би тэр нөүтбүүкийг нь авч гараад “Компьютер ланд” гэх газар очиж, хүмүүсээс асууж явж байгаад нэг компьютер авах гэж байсан 30 орчим насны, дундаж нуруутай, бор царайтай, эрэгтэй хүнд 800.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 09-10 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-21-606 дугаартай:

“...Үнэлэгдэж буй Dell i5 11th generation, 15.6 инчийн зөөврийн компьютер нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэж тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 45-46 дахь тал) болон шүүгдэгч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 12, 36-37 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч А.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Арцат апартмент төслийн А7 блок байранд байрлаж байсан “Си эйч инженеринг” ХХК-ийн ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Ц.Ч-ын эзэмшлийн Делл брендийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад худалдан борлуулж, өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

 

Хэргийн шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Тын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Тыг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Шүүгдэгч А.Тын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ч-ын эд хөрөнгөд хэрэгт нийт 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-21-606 дугаартай (хэргийн 45-46 дахь тал) хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хохирогч Ц.Ч-, шүүгдэгч А.Т нарын мэдүүлэг баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Хохирогч Ц.Ч- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс ижил төрлийн зөөврийн компьютерийг биет байдлаар хүлээж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн (хэргийн 40 дэх тал) мэдүүлэг баримттай тул шүүгдэгч А.Тын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 51 дэх тал) тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгч А.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг нээлтэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно. 

 

Энэ хэрэгт А.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ч- нь “хохирол төлбөр биет байдлаар нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч А.Тын өмгөөлөгчөөс гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, шүүгдэгчийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж үгүйсгэгдэнэ, цаг хэд болж байгааг асуух ажлын өрөөнд гэж орсон, гарах үед нүдэнд харагдсан эд зүйлийг авч гарсан байгаа, ажиллаж байгаа газрын өрөөнд орохын тулд хэн нэгэн хүнээс зөвшөөрөл авах, хууль бус арга хэрэглэх шаардлага үүсэхгүй гэх зэрэг үндэслэл зааж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт, санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Б овогт А-ийн Т-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Т-т 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Энэ хэрэгт А.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ч- нь “хохирол төлбөр биет байдлаар нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД