Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/305

 

 

 

 

 

 

 

 

2022           03          24                                 2022/ШЦТ/305

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: М.Отгонбаатар нар оролцсон эрүүгийн 2209000000101 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт бутлуурчин ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 14 дүгээр гудамжны 354 тоотод оршин суух хаягтай,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 хоногийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт О.Б /регистрийн дугаар:/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Холливүүд” баарны үүдэнд хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Холливууд баарнаас гараад Сугар даргыг хайгаад явсан. Буцаад ирэхэд манай ажлын Сувд гэх эмэгтэйг Б алгадаж байхаар нь би нэг удаа цохисон....” гэв.

Эрүүгийн 2209000000101 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 17- 19 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5, 32 дугаар хуудас/,

Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №809 дугаартай дүгнэлт:

    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Холливүүд” баарны үүдэнд хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Б-гийн “...2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холливууд баарны гадаа зогсож байхад баарнаас Б гарч ирээд миний урдуур гарахдаа баруун гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохичхоод яваад өгсөн. Миний хувьд Багахүүтэй маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Н “...2021 оны 10 дугаар сарын 15-ны шөнө өөрийн найз болох Б-г холливүүд баарны гадна талаас авч гэр лүү нь хүргэх гээд очсон байсан. Тэгээд Б-гийн ажлын хүмүүс баарнаас гарч ирээд зогсож байхад баарнаас гэнэт нэг залуу гарч ирээд ямар ч шалтгаангүй Б-г нүүр лүү нь шууд цохисон. Тэгэхэд Б-гийн амнаас цус гараад байхаар нь цусыг нь арчиж өгсөн. ...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Намжилцэрэнгийн “...Б-г “чи муу шоронгийн хулгайч гэх мэтээр доромжлоод байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь Буурлаад баруун гараараа нэг удаа нүүр хавьд нь алгадсан.  Нэг л удаа алдгасан. Хэрвээ цохисон бол Б бүр их гэмтэх байсан. Тэгэхээр нь Багаа боль боль гээд хүчээр аваад машиндаа суулгасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Сувдын “...Б-гийн найз нь надаас салгаад цаашаа явж байхад Бнь Намжилцэрэнгийн машинаас бууж ирээд Б-д хандаж эмэгтэй хүнийг гомдоолоо гэсэн үү гээд очоод Б-г 1 удаа алгадах шиг болсон. Тэгээд л би машиндаа суугаад харьсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №809 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Холливүүд” баарны үүдэнд хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал О.Б нь хохирогчийн нүүр рүү цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Б.Б-гийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Б нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний баримтыг гаргаж ирүүлээгүй тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой  эмчилгээний зардлаа цаашид  нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Боржигон овогт О.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.  Шүүгдэгч О.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН