Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1997

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 3-9 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Өлзийбаярын Боргио /РД:ХБ66120877/-гийн хүсэлттэй,

Б.Сугарнямыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ө.Боргио шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Боргио миний бие 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Сугарнямтай зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй, 0,5 хувиар алданги тооцож, хувийн хэрэгцээнд зээлдүүлсэн. Б.Сугарням тухайн хаяг нь дээрээ байхгүй, утасгүй, одоог хүртэл олдохгүй байх тул Б.Сугарнямыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Ө.Боргио нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сугарнямыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Ө.Боргио нь “Б.Сугарнямыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 5,078,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Б.Сугарням нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргаж байсан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Боржигон овогт Бямбаагийн Сугарням /РД:ОЙ75061734/ нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 38/А-306 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/07659 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сугарнямын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Ө.Боргиогийн “Б.Сугарнямыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                                             ТОГТООХ нь:                                                                                                      

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ө.Боргиогийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Бямбаагийн Сугарням /РД:ОЙ75061734/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Боржигон овогт Бямбаагийн Сугарням /РД:ОЙ75061734/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

  

                                       ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА