Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0315/Э |
Дугаар | 2022/ШЦТ/343 |
Огноо | 2022-03-31 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/343
2022 03 31 2022/ШЦТ/343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,
Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар нар оролцсон эрүүгийн 2209003220398 дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, багш мэргэжилтэй, МУБИС-д мэргэжилтнээр ажилдаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 72-207 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шивээ овогтой Б.О, /РД: /
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “The bull” ресторанд үйлчлүүлж байсан хохирогч Б.Л нь 00 өрөөнд ороод гарахдаа өөрийн өмчлөлийн “Самсунг Эс-21” загварын гар утсаа гээснийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшин 2.159.920 төгрөгийн хохирол учруулсан гээгдэл эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй”...гэв.
Эрүүгийн 2209003220398 тоот хэргээс:
Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн СБ1-22-119 дугаартай “Самсунг Эс-21 загварын гар утас 2.159.920 төгрөг” гэх дүгнэлт / хх-ийн 25-26 дугаар хуудас /
“Юнител” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05-01/1409 тоот албан бичиг /хх-н 35/
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас /
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-45 дугаар хуудас /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “The bull” ресторанд үйлчлүүлж байсан хохирогч Б.Л нь 00 өрөөнд ороод гарахдаа өөрийн өмчлөлийн “Самсунг Эс-21” загварын гар утсаа гээснийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшин 2.159.920 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Б.Л-ийн гэрчээр өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “The bull”нэртэй рестораны ариун цэврийн өрөөнд “Самсунг 321” загварын утсаа мартаад гараад явсан гарч явснаас хойш ойролцоогоор 30 минутын дараа буцаад ариун цэврийн өрөө рүү ороход миний утас байхгүй байсан. “The bull” рестораны зохион байгуулагч ажилтанд хандаж камерын бичлэг шүүлгэсэн. Камерын бичлэгт намайг гарснаас хойш 20 минутын дараа хоёр эмэгтэй ариун цэврийн өрөөнд орсон байсан. Тэр хоёр эмэгтэй ариун цэврийн өрөө орчоод шууд гараад явсан байсан. Нэг шар өнгийн куртиктэй эмэгтэй нь миний утастай адилхан хар саатай өнгийн гэртэй нэг утсыг өмдний хойд талын халаасандаа хийж байх шиг байсан” гэх мэдүүлэг,
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн СБ1-22-119 дугаартай “Самсунг Эс-21 загварын гар утас 2.159.920 төгрөг” гэх дүгнэлт,
“Юнител” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05-01/1409 тоот албан бичиг,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.О-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.159.920 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.О-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогч Б.Л-гийн 2.159.920 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-21 загварын гар утсыг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж. шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шивээ овогтой Б.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН