| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02384/И |
| Дугаар | 102/ШШ2017/02286 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02286
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/02286 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 15 дугаар байр, 19 тоотод оршин суух, Монгол овогт Чадраабалын Олзбаатар /РД:чн37011531/-ын
хэлмэгдэгч Т.Даржаагийн цагаатгалын нөхөх олговорыг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Олзбаатар, прокурор О.Ням-Очир, нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Олзбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Олзбаатар миний нагац ах болох Түмэнбаярын Даржаа нь 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Онцгой бүрэн эрхэт комиссын 21 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад 1941 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 7 дугаар хурлын тогтоолоор байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Даржааг хэрэгт холбогдолгүй болгон сулласан байна. Иймд зээ дүү Ч.Олзбаатар миний биед олгогдох нөхөн олговорыг олгож өгнө үү гэжээ.
Прокурор шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Даржаа нь хэлмэгдсэн бөгөөд цагаатгагдсан нь тогтоогдож байна. 2017 оны 4 дүгээр сарын сониноор зарлуулсан байна. 30 хоногийн дотор нөхөх олговрын талаар маргасан этгээд гараагүй байх тул Ч.Олзбаатарт Т.Даржаагийн нөхөх олговрыг олгох нь зүйтэй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Олзбаатар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Т.Даржаагийн нөхөх олговор гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Төв аймгийн Баян-Өлзийт сумын 7 дугаар багийн харъяат Т.Даржаа нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн ба 1941 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай Коммиссын 7 дугаар хурлын тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүнийг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02/1247 дугаар лавлагаагаар нотлогдож байна.
Чадраабалын Олзбаатар нь Түмэнбаярын Даржаагийн зээ дүү болохыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00416 дугаар шийдвэрээр тогтоосон байна.
Ч.Олзбаатар нь 2017 оны 4 дүгээр сард “Зууны мэдээ” сонинд нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад өөрийн нэрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэглэгчийн зээ дүү гэж нийтэд зарлуулсан ба ийнхүү зарлагдсанаас хойш 1 сарын дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Т.Даржаагийн нөхөх олговрыг нэхэмжлэхээр шүүхэд хандсан байна.
Ч.Олзбаатар нь улс төрийн хилс хэрэгт цагаатгагдсан Т.Даржаагийн нөхөх олговорыг авах эрхтэй болох нь дээр баримтуудаар нотлогдож байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Т.Даржаагийн нөхөх олговорт 500,000 төгрөгийг Ч.Олзбаатарт олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүргийн төрийн сангаас 500,000 төгрөгийг гаргуулан Ч.Олзбаатарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ