Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 943

 

 

     М.Э-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Э.Жаргал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1809022950591 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          ...... овгийн ................., 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., ...... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, .. дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;

            М.Э- нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Чандмань” нэртэй амралтын газрын орчим иргэн Б.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус, хэргийг тал бүрээс нь хянаж, хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...амралтын хойно байрлах зусланд Б.Н-г “согтуурхаж маргаан үүсгэж байна. Чи одоо яв” гэж хэлснээс үүдэн өөр хоорондоо маргалдаж, улмаар Б.Н-г зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдов” гэж тодорхойлохдоо “хохирогч Б.Н, гэрч Т.Ч, Н.Т нарын мэдүүлэг, М.Э-ы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон М.Э-ы буруутай үйлдлийн улмаас Б.Н-ийн биед “завьж, уруул язарсан шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл учирсныг тогтоосон ” ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №5886 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

а. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар “Шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн гаргасан тогтоол, захирамж байх ба өөр байгууллага, этгээдийн гомдол, хүсэлт шийдвэрээр энэ төрлийн шинжилгээ хийхийг хориглоно” гэж заасан. Гэтэл хохирогч нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн ба шинжилгээний төлбөр төлсөн баримт нь 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төлөгдсөн байхад “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гарсан байна. Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд байх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “... 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2 цаг 2 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэсэн байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч М.Э-ыг анхнаасаа гэм буруутайд тооцох нөхцөлийг бүрдүүлж, түүнийг гэм буруутай эсэх, цагаатгах нөхцөл байдал байгаа эсэх, хэргийн учир шалтгааны талаар бодитой дүгнэлт өгөөгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанаас харагдаж байна. Шүүх уг асуудлын талаар буюу хэргийн бодит болсон нөхцөл байдлын талаар үнэн зөв нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдийг үнэлэлгүй хэт яллах талыг баримталж дээр дурдсан нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байсаар байтал нягтлан шалгаагүйд гомдолтой байна.

б. Хохирогч Б.Н-ийн /хх 18/ “...Э гэх залуу намайг өөрийг нь хэлчихлээ гэж бодсон байх шууд босож ирээд намайг нүүрэн дундуур баруун гараараа нэг удаа цохиж түлхэж унагаасан юм. ...”, гэрч Н.Т-ын /хх 6/ “... Бид хэд юм яриад сууж байтал Н хот руу буцна гээд байхаар нь Э Н-г яв яв гэсэн чинь намайг хөөлөө гээд Н- уурлаад тэр 2 маргалдсан. Н- Э-ийг толгойн тус газар нь гараараа цохисон, яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. ...”, гэрч С.Ч-ийн /хх 4/ “... бид хэд байшингийн том өрөөнд юм яриад сууж байтал Н-, Э 2 хоорондоо маргалдсан. Тэгээд Н- эхлээд Э руу дайрч цохих гэж оролдсон чинь Э зүүн гараараа Н-г холдуулах гээд түлхэх үед Н- хойшоо унасан. ...” гэх мэдүүлэг, М.Э- яллагдагчаар /хх 8/ “... тэгээд маргалдаад байж байхад Н- намайг 3 удаа толгойн тус газар гараараа цохисон, мөн баруун хацар маажихаар нь зүүн гараараа түлхсэн чинь сандал дээгүүр даваад унасан. Түлхэх үед уруул нь цохигдсон байх. ...” гэх мэдүүлэг тус тус өгсөн байдаг. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан буюу цохисон хэмээн шууд дүгнэлт өгч шийтгэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь гэм буруугийн хэлбэр нь санаатай эсвэл болгоомжгүй хэлбэртэй байдаг ба яллагчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан дээрх заалтад хамаарахгүй нөхцөл байдал нь гэрчүүдийн мэдүүлэг хохирогчийн мэдүүлгийн зөрүүтэй байдал, хэргийн бодит нөхцөл байдал ямар байсан талаар тодруулалгүй хэт нэг талын буюу хохирогчийн анхны өгсөн мэдүүлгээр шүүгдэгч М.Э- хохирогч Б.Н-г цохисон байна хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.

Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгээс үзэхэд тухайн үед хохирогч, яллагдагч нар маргасан нь тодорхой байгаа ба хохирогч нь эхлээд яллагдагчийн биед халдсан нөхцөл байдал байсаар байтал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үүнийг авч хэлэлцээгүй /шүүх хуралдаан дээр яллагдагчийн хэлсэн хацар урагдсан/ бөгөөд энэ тухай гомдол санал гаргах хүсэлт гаргасан ч эргээд ярья гэж алга болсон байдаг. Хэрэв энэ тухай хүсэлтийг авч хэлэлцсэн бол тухайн хацар урагдсан гэх нотлох баримт нь 2018 оны 5 дугаар сарын 5-наас 6-ныг шилжих шөнө яллагдагч нь тухайн дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдсэн тэмдэглэлд эрүүлжүүлэгчийн биеийн байдлыг тодорхой тэмдэглэсэн байдаг ба үүнийг шалгаагүйгээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийтгэж байгаа нь хэт нэг талыг баримталсан шийдвэр болсон байна.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч М.Э- нь Б.Н-тай согтуурхаж маргаан үүсгэсэн байна. “Чи одоо яв” гэж хэлснээс нь үүдэн өөр хоорондоо маргалдаж, улмаар Б.Н-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв” гэсэн байдаг ба энэхүү дүгнэлтээ дараах байдлаар тайлбарладаг. Үүнд: “...М.Э-ы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.”, “аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хамаарах чухал нөхцөл бол зайлшгүй хамгаалалт хийхийг шаардсан, халдагч этгээдийн  зүгээс хүний амь нас, эрүүл мэндэд аюултайгаар нэн даруй хохирол учруулах шинжтэй үйлдэл эхэлсэн, үргэлжилж байгаа, төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн байх явдал юм” гэж үндэслэж байгаа нь Эрүүгийн хуулийн заалтыг хэт явцууруулан яллах талаар тайлбарлан, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, мэдүүлэгт няцаалт өгөх замаар шийтгэсэн болох нь харагдаж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч, яллагдагч, хохирогчийн мэдүүлгүүдээс үзэхэд тухайн үед Н-, Э нар нь маргалдсан ба Н-, Э-нд эхэлж гар хүрсэн байх /холбогдох нотлох баримтуудыг гаргуулаагүй, яллах талыг баримталж хавтаст хэргийн нотлох баримтуудыг цуглуулсан/ ба яллагдагч нь өөрийн эрүүл мэндээ хамгаалсан үйлдэл гаргасан байдаг. Энгийнээр тайлбарлавал яллагдагч Э нь өнөөдөр өөрийн нүүрэнд учирсан хумсны маажсан нөхцөл байдлыг цагдаад мэдэгдээгүй, гэмтлийн зэрэг тогтоогүйгээс зөвхөн хохирогчийг л цохисон гэх тайлбарыг үүсгээд байна.

Хэргийн бодит байдлаас үзэхэд, хохирогч Б.Н- нь шүүгдэгч М.Э- руу дайрсан талаар гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлгээр маргалдсан талаар дурдагддаг, мөн Э, Н-г согтуурхан дайрч цохиход өөрөөсөө холдуулах буюу тухайн нөхцөл байдал аргагүй хамгаалалт буюу үйлдэл нь үргэлжилж байх хугацаанд түлхсэн үйлдэл гаргасан болох нь харагддаг. Мөн энэ талаар нотлох баримтыг мөрдөн байцаагч нь цуглуулаагүй нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэх нөхцөл байдалд шүүхээс зөвхөн М.Э- эмэгтэй хүн цохиж, зодсон болгож дүгнэлт өгөхөд хүргэсэн байна.

М.Э- нь Б.Н-г цохиж зодоогүй, өөрөөсөө холдуулах гэж түлхсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлгээр маргалдсан зэрэг нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн М.Э-ы гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Э.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчмыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхойлоогүй, мөн Эрүүгийн  хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.3 дугаар зүйлд заасан аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүссэн байсныг шалгаагүй. Шүүгдэгч М.Э- өөрөө самардуулан гэмтсэн байдлын зургийг гар утсан дээрээ авсан байсан. Хохирогч эхэлж М.Э-д халдсан бөгөөд түүний үйлдэл дуусаагүй байхад шүүгдэгч өөрөөсөө холдуулсан нөхцөл байдал тогтоогдохоор байсан. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим зөрчигдсөн байна. Мөрдөн байцаагч “чи эмэгтэй хүн цохисон” гэдэг байдлаар хэрэгт хандсан. ... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “... хохирогч Э.Н-гийн зүй бус буруутай үйлдлээс энэ хэрэг үүсчээ. ...” хэмээн тодорхойлсон атлаа М.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Шүүх хэргийг тодорхойлсон нөхцөл байдал нь аргагүй хамгаалалтад тооцогдохоор байна. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-д заасан нотолбол зохих байдлыг харгалзаж үзэлгүй шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан. Шүүх хохирогчийн халдсан үйлдлийг тодорхойлчихоод хэрхэн, яаж халдсан гэдгийг тогтоогоогүй. Үүнийг аргагүй хамгаалалтад тооцох эсэх, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоогоогүй орхигдуулсан. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч М.Э- нь хохирогч Э.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж, улмаар түүний эрх, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хохирогч “... Маргалдаж байгаад босож ирээд намайг цохисон. Тэгээд би унасан. ...”, гэрч Ч  “... М.Э-, Н- нар маргалдсан. Н- нь М.Э- руу дайраад байхаар нь холдуулах гээд түлхсэн. ...” гэж мэдүүлэг өгсөн. Н.Т-, М.Э- нар нь мөн ийм утгатай мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Аргагүй хамгаалалтын талаар анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Тухайн үед хохирогч их согтолттой байсан, харин шүүгдэгч 1 шил архи задлаад 100 гр уусан гэж ярьдаг. Гэтэл шүүгдэгчийн аргагүй хамгаалалтад орсон шалтгаан нөхцөл нь тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл согтуу эмэгтэй хүн дайрхад босоод явах боломжтой байсан бөгөөд цохих, түлхэх гэх мэт үйлдэл хийх шаардлагагүй байсан. Эрүүл эрэгтэй хүн, согтуу эмэгтэй хүний өөдөөс заавал цохих нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл мөн үү, биш үү гэдэг, үнэхээр амь биед нь аюултай довтолгоо үргэлжилсэн эсэх нь тогтоогддоггүй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...”

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.Э- нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Т-” нэртэй амралтын газрын орчим иргэн Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Н- нь М.Э-ы үйлдлийн улмаас бие махбодид нь хэрхэн гэмтэл учирсан талаараа “... Э гэх залуу намайг өөрийг нь хэлчихлээ гэж бодсон байх шууд босож ирээд миний нүүрэн дундуур баруун гараараа нэг удаа цохиод түлхээд унагаасан. ...” /хх 18/ гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Н-гийн биед завьж, уруулд язарсан шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...” гэх 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5886 дугаартай дүгнэлтээр /хх 27/ нотлогдож байна.

Дээрх М.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокуророос М.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч М.Э-аас “... гэрч Н.Т-, С.Ч нарын мэдүүлгээр Б.Н- эхэлж над руу дайрсан, би аргагүй хамгаалалт хийж түүнийг түлхсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч Н.Т-, С.Ч нарын мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5886 дугаартай дүгнэлт болон хохирогч Б.Н-гийн мэдүүлгийг үгүйсгэж чадахгүй байх бөгөөд, гэрч Н.Т-, С.Ч нар нь шүүгдэгч М.Э-тай багын найз нөхдийн холбоотой ба тэд хувийн сонирхол гаргаж мэдүүлэг өгсөн байх үндэслэл бүхий байна гэж дүгнэв.

Хохирогч Б.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэдий ч М.Э-ы амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж болох довтолгоог хийсэн гэх хэргийн үйл баримт тогтоогдохгүй байх тул М.Э-ыг Б.Н-гийн довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй юм.  

            Түүнчлэн хохирогч Б.Н-гийн биед учирсан “... завьж, уруулд язарсан шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт гэмтэл нь...” шүүгдэгч М.Э-ы үйлдлийн улмаар учирсан, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч М.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулахдаа торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаар заагаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу байх тул энэ талаар нэмэлт заалт оруулав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э- нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг М.Э-д мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧИД                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                         Б.ЗОРИГ