Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Д.Очирхуяг, түүний өмгөөлөгч Т.Чинбат /ҮД-0948/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Дагвадоржийн Очирхуягт холбогдох эрүүгийн 201626021187 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их Байгаль Баялаг” ХХК-д засал чимэглэлч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 32 брак байрны 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 25 тоотод амьдардаг гэх, ял шийтгэлгүй, ЧС77101879 дугаарын регистртэй, Сартуул овогт Дагвадоржийн Очирхуяг. 

 

Шүүгдэгч Д.Очирхуяг нь давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир хорооллын урд талын авто машины зогсоолд байсан иргэн М.Лувсангийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 21-85 УНҮ улсын дугаартай машины хаалганы цонхыг хагалан нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, урп копуд, баруун урд их гэрэл зэргийн хулгайлж 850,000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна байсан иргэн Б.Амуударийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 28-34 УБҮ улсын дугаартай автомашины хаалганы цонхыг хагалан нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 2 ширхэг толийг хулгайлж 300,000 төгрөгийн хохирол, нийт 1.150.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Очирхуяг мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Орчлон хорооллын урдаас приус-20 маркийн автомашины урд нэг их гэрэл, копуд хоёрыг аваад, гэр рүүгээ явсан. Гэртээ очоод авсан гэрлээ тавчихаад, өглөө нь ажилдаа явсан. Орой нь ажлаа тарж ирээд “цайз захын” хажууд байсан авто кузов засвар нэртэй газар өгсөн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөний 01 цагийн үед ажлаа тараад, гэр рүүгээ харих замдаа хорооллын эцэс дээр буугаад, замын урд талаас приус-20 маркийн автомашины 2 ширхэг толыг нь аваад гэр лүүгээ явсан. Тэгээд өглөө нь ажил руугаа явж байгаад Номин худалдааны төвийн өмнөөс цагдаад баригдсан. Би автомашины цонхыг хагалж ороод, отверкоор толийг тайлж авсан. Би байрны түрээсийн төлбөрөө төлөх гэж хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Амуударийн өгсөн:

“… 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн 28-34 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота пруис 20 маркийн автомашинтайгаа гадуур ажилтай явж байгаад өөрийнхөө гэрийнхээ гадаа болох 12-р байрны ертөнцийн зүгээр урд талд нь тавиад 23 цагийн үед гэртээ орсон. Ингээд өглөө нь 7 цаг 30 минутын үед гэрийнхээ цонхоор машинаа хартал машины 2 ширхэг толь байхгүй болсон байхаар нь гадаа гараад хартал машины зүүн хойд талын цонх хагарсан байдалтай, 2 толыг нь суурьтай нь дотор талаас нь боолтоор нь тайлсан байсан. Өөр алдагдсан эд зүйл байгаагүй. Толио буцаагаад авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Машиныхаа хагарсан шилийг даатгалаа дуудаад янзлуулсан учир хагарсан шилээ үнэлүүлэхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 129-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Лувсангийн өгсөн:

“... 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө 7 цагийн үед гэрээсээ гараад машинаа харсан чинь жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг хагалаад, урд копуд болон жолоочийн талын 1 ширхэг гэрлийг хулгайч авсан байсан. Уг хэргийн газар цагдаа нар үзлэг хийж байгаад миний машины ойролцоо байсан улаан өнгийн иштэй отверкийг хурааж авсан. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Да хүрээ техникийн зах дээр явж байсан чинь миний машинаас алдагдсан 1 ширхэг их гэрлийг нэг эрэгтэй хүн барьчихсан явж байсан. Тэр залуу цагдаа нарт хүнээс уг гэрлийг копудтай нь худалдаж авсан гэж хэлсэн байна ээ. Би эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Мөнхсүлд гэдэг хүнээс өөрийн машины копуд, урд их гэрэл хоёроо аваад, машиндаа тавьчихсан байгаа. Одоо би машины арын хаалганы шилний 50,000 төгрөг, мөн хаалганы дотор талын хавтасны төлбөр 50,000 төгрөг нийтдээ 100,000 төгрөг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн өгсөн:

“... Би Цайз захын тэнд байрлалтай Маахуур  толгойн тэнд байдаг веьтнам засварт машинаа янзлуулах гээд өгсөн байсан ба тэнд нэг залуу пруис автомашины копуд их гэрэл барьчихсан, би завсарын газар ажилладаг хүн байгаа юм, үүнийг хямдхан зарна гэж хэлээд явж байхаар нь ... 220,000 төгрөг л байна гэхэд за ав даа гээд л өгсөн. Тэгээд би копудыг нь машиндаа тавьчихсан байж байсан. Харин гэрэл нь таарахгүй болохоор нь техникийн зах руу очиж солиулах гээд очтол Мөнхсүлд гээд цагдаа бариад авахаар нь би үүнийг худалдаж авсан гээд нөгөө надад зарсан хүний тухай яриад, тэр хүнийг барьж авсан. ... Тэр залуугаас гэрэл, купод хоёрыг худалдаж авсан мөнгийг буцааж авсан. Надад одоо хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 132-р хуудас/

 

  - Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хавтаст хэргийн 4-6, 87-91-р хуудас/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18, 107-р хуудас/

            - Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 19, 103-р хуудас/

            - “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний хуудас /хавтаст хэргийн 20-р хуудас/

            - Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 106-р хуудас/

            - Шүүгдэгч Д.Очирхуягийн ял шалгах хуудас /хавтаст хэргийн 51-р хуудас/

- Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 52, 54-55, 140-р хуудас/

  - Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 139-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Очирхуяг нь давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир хорооллын урд талын авто машины зогсоолд байсан иргэн М.Лувсангийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 21-85 УНҮ улсын дугаартай машины хаалганы цонхыг хагалан нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, урд копуд, баруун урд их гэрэл зэргийн хулгайлж 850,000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна байсан иргэн Б.Амуударийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 28-34 УБҮ улсын дугаартай автомашины хаалганы цонхыг хагалан нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 2 ширхэг толийг хулгайлж 300,000 төгрөгийн хохирол, нийт 1,150,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгчийн “... 2016 оны 4 дүгээр 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Орчлон хорооллын урдаас приус-20 маркийн автомашины урд нэг их гэрэл, копуд хоёрыг аваад, гэр рүүгээ явсан. Гэртээ очоод авсан гэрлээ тавчихаад, өглөө нь ажилдаа явсан. Орой нь ажлаа тарж ирээд “цайз захын” хажууд байсан авто кузов засвар нэртэй газар өгсөн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөний 01 цагийн үед ажлаа тараад, гэр рүүгээ харих замдаа хорооллын эцэс дээр буугаад, замын урд талаас приус-20 маркийн автомашины 2 ширхэг толыг нь аваад гэр лүүгээ явсан. ... Би автомашины цонхыг хагалж ороод, отверкоор толийг тайлж авсан ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч  Б.Амуударийн “... 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн 28-34 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота пруис 20 маркийн автомашинтайгаа гадуур ажилтай явж байгаад өөрийнхөө гэрийнхээ гадаа болох 12-р байрны ертөнцийн зүгээр урд талд нь тавиад 23 цагийн үед гэртээ орсон. Ингээд өглөө нь 7 цаг 30 минутын үед гэрийнхээ цонхоор машинаа хартал машины 2 ширхэг толь байхгүй болсон байхаар нь гадаа гараад хартал машины зүүн хойд талын цонх хагарсан байдалтай, 2 толыг нь суурьтай нь дотор талаас нь боолтоор нь тайлсан байсан. Өөр алдагдсан эд зүйл байгаагүй. Толио буцаагаад авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Машиныхаа хагарсан шилийг даатгалаа дуудаад янзлуулсан учир хагарсан шилээ үнэлүүлэхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх,

хохирогч М.Лувсангийн “... 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө 7 цагийн үед гэрээсээ гараад машинаа харсан чинь жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг хагалаад, урд копуд болон жолоочийн талын 1 ширхэг гэрлийг хулгайч авсан байсан. Уг хэргийн газар цагдаа нар үзлэг хийж байгаад миний машины ойролцоо байсан улаан өнгийн иштэй отверкийг хурааж авсан ...” гэх, 

иргэний нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн “... Би Цайз захын тэнд байрлалтай Маахуур  толгойн тэнд байдаг веьтнам засварт машинаа янзлуулах гээд өгсөн байсан ба тэнд нэг залуу пруис автомашины копуд их гэрэл барьчихсан, би засварын газар ажилладаг хүн байгаа юм, үүнийг хямдхан зарна гэж хэлээд явж байхаар нь ... 220,000 төгрөг л байна гэхэд за ав даа гээд л өгсөн. Тэгээд би копудыг нь машиндаа тавьчихсан байж байсан. Харин гэрэл нь таарахгүй болохоор нь техникийн зах руу очиж солиулах гээд очтол Мөнхсүлд гээд цагдаа бариад авахаар нь би үүнийг худалдаж авсан гээд нөгөө надад зарсан хүний тухай яриад, тэр хүнийг барьж авсан. ... Тэр залуугаас гэрэл, копуд хоёрыг худалдаж авсан мөнгийг буцааж авсан. Надад одоо хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Очирхуягийг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 1,150,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Очирхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Очирхуяг болон түүний өмгөөлөгч Т.Чинбат нар нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хэргээн хүлээн мэдүүлсэн, мөн хохирогч нар болон шүүгдэгч Д.Очирхуяг нь эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Очирхуягт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Дагвадоржийн Очирхуягыг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Очирхуягийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 / нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Очирхуягт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Д.Очирхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Д.Очирхуягт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан иш бүхий отвёркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Очирхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Очирхуягт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ