Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0137

 

Иргэн Ш.Б, П.Т, Б.Б,

Г.И, Э.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгч Э.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгч Г.Иы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Н, Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н-Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ш.Б, П.Т, Б.Б, Г.И, Э.Э нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөн баталгаажуулах тухай захирамжийн хавсралтын 9-д заасан Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 18655307702751 нэгж талбарын дугаар бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр захирамжаар Л.Хд олгосон гэх 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн хавсралтын 7-д заасан Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын газар хүссэн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартааШ.Б, П.Т, Б.Б, Г.И, Э.Э нарын 5 айл 2007 оноос өдий хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчооны зүүн талд Хөлийн голын 3-25 гэсэн хаягтай газарт амьдарч ирсэн бөгөөд биднийг анх ирж буухад ямар ч хашаа хороо хатгасан зүйл байгаагүй байсан гэх тухайд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 48-41 тоотод оршин суух Л.Хд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг Хөлийн голд 18655307702751 нэгж талбарын дугаартай 9228 кв.м газрыг 5 жилийн хугацаатай ногооны газрын зориулалтаар олгосон.

Ш.Б, П.Т, Б.Б, Г.И, Э.Э нарын 5 айл 2007 онд тус газарт нүүж ирэхээс 5 жилийн өмнө иргэн Л.Хд газар эзэмших эрх үүссэн. Бид 2007 онд энэ газрын талаар Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Б болон Газрын албанд хандахад Голын сав газар, цэвэр усны байгууламж, шугам явж өнгөрөх газар тул хэнд ч эзэмшүүлэхгүй гэдэг байсан гэх тухайд:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг заасан бөгөөд 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг тус тус зөрчиж дүүргийн 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, бусдын эзэмшиж буй газартай давхцаж тухайн үед газар эзэмшихээр дүүргийн Засаг даргад хандсан байх боломжтой.

Гэвч дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өргөдөл гомдлын 2007 оны дэвтрүүдийг шүүж үзэхэд нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт ирүүлж байгаагүй байна. Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хандаж өргөдөл гомдол гаргахад зуслангийн зориулалтаар тухайн газарт иргэдэд газар эзэмшүүлэх боломжтой гэж дүгнэлт гарсан гэх тухайд:

Нэхэмжлэлд дурдсан Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал, дүгнэлт өгөх, гаргах эрхгүй байна.

Ц.Б өөрийн эзэмшлийн газраа 8 жил шахам ашиглаагүй байхад дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Б 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/113 дугаар захирамж гарган Ц.Бгийн газрын эзэмших эрхийг дахин сунгасан гэх тухайд:

Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолоор ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан байх ба бусдын хууль бус газар ашиглалтаас шалтгаалан иргэн газраа эзэмших бололцоогоор хангагдаагүй байна.

Иймээс Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор бусдын эзэмшил газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас мэдэгдсэн болно.

Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн 2012 оны А/113 дугаар захирамжийн Ц.Бгийн Газар эзэмших эрхийн хугацааг сунгасан талаар:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгодог бөгөөд дээрх нөхцөл байдал үүсээгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газар хүссэн өргөдлөө дүүргийн Өмч, газрын харилцааны албаны бичиг хэрэгт өгсөн. талаар:

Өмч, газрын харилцааны бичиг хэргийн бүртгэлээс нэхэмжлэгч нарын нэрээр нэхэмжлэлд заасан хугацаанд ирүүлсэн өргөдлөөс шүүж үзэхэд байхгүй байна. Хэрэв нэхэмжлэгч нар нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн газар хүссэн өргөдлийг шийдвэрлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол тухайн эс үйлдэхүйг дээд шатны Засаг даргад хандан урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл нэхэмжпэгч нар энэхүү урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангалгүй нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

2. дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Л.Х нь тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа буюу 5 жилийн турш зориулалтаар нь огт ашиглаагүй, газрын төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, эзэмших эрхийн хугацаа нь дуусгавар болсон байхад дүүргийн Засаг дарга 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар дугаар Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар Ц.Бд шилжүүлэн өгсөн нь хууль бус байна гэж дурджээ.

Л.Х нь газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдөлдөө гадаад улсад элчин сайдын яамны ажлын онцлогоос шалтгаалж газраа ашиглах боломжгүй байсан, түүнчлэн газрын төлбөрийг 2011 он хүртэл тушааж, уг газартаа амины хашаа, зуслангийн сууц барин кадастрын зургаа хийлгэсэн тухай дурдаж 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, хугацааг сунгаж, эзэмших эрхийн нэр шилжүүлсэн байдаг. Иймд уг шилжүүлсэн захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх талаар:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дахь заалтад анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус. болохыг нь хүлээн зөвшөөрөх шийдвэрийг гаргана гэж заасан.

Захиргааны актын үндсэн шинж нь нийтийн эрх зүйн хүрээнд, захиргааны байгууллагаас гарсан, захирамжилсан шинжтэй, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн, гадагш чиглэсэн байх шинжийг агуулж байдаг. Гэтэл нэхэмжлэгч нарын шаардлагад дурдсан 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ нь эрх зүйн үр дагавар буюу зохицуулалт агуулаагүй байна.

2. Дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн талд мод үржүүлгийн зориулалтаар 2 жилийн хугацаатай 9228 м.кв газрыг Л.Хгаас Ц.Бд шилжүүлсэн ба захирамжийн 3 дахь хэсэгт Л.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул 2003 оны захирамжаар газар эзэмших эрх үүссэнийг баталгаажуулсан гэрчилгээ нь захиргааны актыг дагаж хүчингүй болсон байна. Иймд илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй.

3. Захирамж, гэрчилгээ 2-т дурдсан байгаа захирамжийн дугаарыг өөр өөр байна гэж нэхэмжлэлийн агуулгад дурджээ. Л.Хгаас Ц.Бд эрх шилжсэн хувийн хэрэгт дээрх дугаарууд нь ижил байх тул нэхэмжлэлийн агуулгад дурдсан зүйл үндэслэлгүй байна.

4. Дүүргийн Засаг даргын 2003 оны 241 дүгээр захирамжийн хавсралт дүүргийн архивт хадгалагдаж үлдээгүй боловч энэ нь Л.Хд газар эзэмших эрх үүсээгүй гэж үндэслэл болохгүй юм. Учир нь Л.Хд захирамжийг үндэслэж гарсан гэрчилгээ, эрх шилжүүлэх 2010 оны 56 дугаар захирамж зэрэгт дурдагдсан байдлаас харахад Л.Хд газар эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хэргийн материалд нотлох баримтаар авагдсан Л.Хн иргэний үнэмлэхийн хуулбарыг дээд талд нь байрлуулсан газрын гэрчилгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр шийдвэр гэж, дангаар авагдсан газрын гэрчилгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр шийдвэр гэж газар эзэмшүүлэх үндэслэл болсон захирамжийн дугаар өөр өөр байгаа гэдэгт уг газар эзэмшүүлэх захирамж нь өөр өөр дугаартай бус нэг ижил дугаартай бөгөөд хувилах явцад нэг нь тод нөгөө нь бүдэг хэвлэгдсэн байдаг. Үүнд 841 тоот гэсэн захирамж огт үгүй болно. Л.Хд 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр шийдвэрээр газар эзэмшүүлсэн гэх боловч нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн 241 дүгээр шийдвэрийн захирамж нь 2003 оны 12 дугаар сарын 25-ны огноотой гэдэгт иргэн Л.Хд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул зөрлөг Хөлийн голд 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр шийдвэрээр газар эзэмших эрх олгогдсон байдаг. 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захирамж нь гарсан байдаг. Шийдвэр гарсны дараа захирамж гардаг.

Кадастрын зураг нь 2010 оны 3 гэх огноотой гэдэгт 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хийхдээ гаргуулж авсан кадастрын зураг байдаг. Кадастрын зураг нь тухайн өдөр гаргуулж авч байгаагаараа он, сар нь гардаг. Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ ор үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Б, П.Т, Б.Б, Г.И, Э.Э нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөн баталгаажуулах тухай тус захирамжийн хавсралтын 9-д заасан Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 18655307702751 нэгж талбарын дугаар бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр захирамжаар Л.Хд олгосон гэх 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн хавсралтын 7-д заасан Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нэхэмжлэгч нарын газар хүссэн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Д давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж, дүгнэх хуулийн шаардлагыг баримтлаагүй, эргэлзээ бүхий баримтуудыг шалгахгүйгээр хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй болсон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж заасан.

Нэг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанчлан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг баримтлаагүй талаар.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх Л.Х болон Ц.Б нарт газар эзэмших эрх олгосон нотлох баримтууд бүрдэл дутуу, засвартай, өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий байхад эдгээр баримтуудыг шалгахгүйгээр шууд үнэлж .Хангай болон Ц.Б нарт газар эзэмшүүлсэн актыг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн дүгнэсэн асуудал учир дутагдалтай байна. Тухайлбал:

1. Нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр захирамжаар Л.Хд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн тухай хариуцагч шүүхэд хүргүүлсэн тайлбартаа дурдсан атлаа нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн Хангайд газар эзэмшүүлсэн 2 хувь гэрчилгээний хуулбарын нэгэнд нь 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241, нөгөөд нь 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрчилгээ олгосноор тэмдэглэгдсэн байдаг.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр захирамжаар Л.Хд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын Зөрлөг Хөлийн голд 9228 км.м газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн тухай хариуцагч шүүхэд тайлбар хүргүүлсэн атлаа нотлох баримтаар хүргүүлсэн Хангайд газар эзэмшүүлсэн гэх 2003 оны 12 дугаар сарын 25-ны огноотой, захирамжийн дугаар 241 гэж уншигдахааргүй, 3 оронтой тооны сүүлийн тоо засвартай, хавсралтгүй захирамж байдаг. Ийнхүү Л.Хд газар эзэмшүүлсэн гэх Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн огноо зөрүүтэй, дугаар 2 өөр бөгөөд нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн 2003 оны 12 сарын 25-ны өдрийн захирамжийн дугаарын сүүлийн тоо тодорхой уншигдахааргүй, захирамж хавсралтгүй учраас уг захирамжаар Л.Хд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн үзэхэд эргэлзээтэй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус байна.

3. Л.Хн газар эзэмших гэрчилгээний дугаар засвартай өөрөөр хэлбэл дугаарын 9 оронтой тооны сүүлийн 3 гэсэн тоог 5 болгож зассан нь энгийн нүдээр харахад мэдэгдэж байхад шүүх 0012-11-003, 0012-11-005 гэсэн дугаар бүхий газар эзэмших гэрчилгээний бүртгэлийг шалгахгүйгээр шууд Л.Х нь 0012-11-005 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй байсан хэмээн дүгнэх боломжгүй.

4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 841, 241 дүгээр захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ хийгдээгүй, 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон засвартай дугаар бүхий гэрчилгээтэй Л.Хн эзэмшиж байсан гэх 18655307702751 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг 2010 оны 3 сар гэсэн огноотой байдаг.

Л.Х 2003 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасанчлан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу өргөдөл гаргаж, эзэмшихийг хүссэн газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан зураг хавсаргасан болох нь баримтаар нотлогдоогүй байхад шүүх Л.Хд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн засаг даргын захирамж хууль зөрчөөгүй хэмээн дүгнэж болохгүй.

Хоёр. Шүүх маргаан бүхий захиргааны актын хуульзүйн үндэслэлийг тодорхойлохдоо алдаа гаргасан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй талаар.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт газар эзэмших гэж: газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах хэмээн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг...гэрээний үндсэн дээр зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших гэрээ байгуулснаар талуудад эрх үүрэг бий болж газар эзэмших эрх үүсэх үндсэн нөхцөл бүрдэх ба энэхүү гэрээнд үндэслэн гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэснээр газар эзэмших эрх баталгаажих тул гэрээ хуулийн дагуу бүртгэгдсэн гэрчилгээ хамт байж газар эзэмших эрхтэй гэж үзэх болно.

1. Хэргийн материалд цугларсан баримтаар Л.Хд газар эзэмшүүлсэн нь захирамжийн хавсралтаар тогтоогдоогүй, тэрээр газар эзэмших гэрээ байгуулсан нь нотлогдоогүй, бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, зөрүүтэй огноо, дугаар бүхий шийдвэрээр олгогдсон засвартай дугаартай гэрчилгээтэй зэрэг байдлаас Л.Х газар эзэмших эрхтэй байсан нь эргэлзээ бүхий байхад шүүх маргаан бүхий газрыг Л.Х хууль ёсоор эзэмшиж байсан гэж, түүнд газар эзэмшүүлсэн гэх хавсралтгүй, огноо дугаар зөрүүтэй захирамж хуульд нийцсэн захиргааны акт гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ хуулийн тодорхой зохицуулалтад үндэслээгүй байна.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол мөн хуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт бий. Хэргийн материалд авагдсан газар эзэмших, ашиглах, гэрээ дүгнэж газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт гэх баримтаас харахад 2004-2009 оны хооронд буюу маргаан бүхий газрыг Л.Х эзэмшиж байсан гэх хугацаанд газрын төлбөрийг огт төлөөгүй байдаг ба уг газарт ямар нэг ногоо тарьж ашиглаагүй байсан талаар одоо уг газарт суурьшин амьдарч байгаа нэхэмжлэгч нар мэдүүлдэг. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2010 онд уг газрыг эзэмших эрхийг Ц.Бд шилжүүлэх үед дээр дурдсанчлан эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульзүйн үндэслэл бий болсон байхад 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамж гарган Л.Хгаас Ц.Бд шилжүүлэн өгсөн нь хууль бус байдаг.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхдээ уг газрын төлбөр төлсөн байдал болон эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа эсэхийг тодруулан шалгасны үндсэн дээр шийдвэрлэхээр заасан. Гэтэл Л.Х нь газрын төлбөр төлөөгүй, эзэмших эрхийн хугацаа дуусаад 4 сар орчим болсон байхад Ц.Бд тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийг шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн үндэслэлээ шийдвэрийн Үндэслэх хэсэгт тодорхой заагаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байна.

3. Л.Хгаас Ц.Бд газар эзэмших эрх шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг дээр дурдсанчлан хууль бус байхад уг захирамжаар олгогдсон Ц.Бгийн газар эзэмших эрхийг сунгасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн А/113 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг хууль ёсны байх боломжгүй.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны засаг даргад гаргана гэж, 37.2 дахь хэсэгт Засаг дарга хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж хангасан тохиолдолд сунгаж шийдвэр гаргана гэж заасан.

Гэтэл Ц.Б нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдөл 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь дээр дурдсан өргөдөл гаргах хуулийн хугацааг зөрчсөн байгаа бөгөөд эзэмшиж буй гэх газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй нь эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл бий болж байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/113 дугаар захирамжийн хавсралтаар Ц.Бгийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байдаг. Шүүх Ц.Бгийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нь дээрх захирамж холбогдох хууль журамд нийцсэн гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ дурдаагүй, хууль зөрчсөн гэж маргаж буйг хуулийн ямар нэг зохицуулалтаар няцааж үгүйсгээгүй байна.

Гурав. Шүүх нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байгаа талаар.

Нэхэмжлэгч нарыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын Зөрлөг Хөлийн гол гэх газар нүүж ирж суурьшихад тухайн газарт ямар тэмдэг, тэмдэглэгээ байхгүй хэн нэгний эзэмшилд байдаг шинж байгаагүй ба дүүргийн засаг дарга, газрын албанд хандаж асуухад давхцал байхгүй боловч усны сав газар гээд өргөдөл авахгүй байсан болохоос урьд өмнө тухайн газрыг Л.Х гэдэг хүн эзэмшиж байсан, одоо Ц.Б эзэмшдэг талаар огт хэлж байгаагүй.

Ш.Бынх 2007 оны 6 сард, П.Тынх 2010 онд, Б.Б, Г.И, Э.Э нар 2011 онд тухайн газарт тус тус ирж суурьшиж, хашаа хатгасан үеэс бүгд газраа авах талаар өргөдлөө өгөх гээд хүлээж авахгүй байсаар 2013 онд Ш.Б, Лхагважаргал нар өгөөд хариу аваагүй 2014 он гарсан ба 11 сард нэг хүн (Мөнхсайхан) ..би Базаррагчаа гэдэг хүн байна. Энэ бол миний газар. Та нар 150 сая төгрөг өгөөд ав тэгэхгүй бол газар чөлөөлж өг гэж шаардах болсон. Бид 2015 оны 01 дүгээр сарын 20-ны үед Баянзүрх дүүргийн Засаг дарга Пүрэвдаваа иргэдтэй уулзах өдөр нь уулзаж бидний газар хүссэн өргөдлийг хүлээн авахгүй олон жил болсон учрыг хэлэхэд өргөдлөө өг гэхэд та нарын тэнд амьдардаг эсэхийг шалгана тэгээд газрын албаны дарга н.Батсүхээр дамжуулан хариу өгнө гэхээр нь өргөдлөө өгөөд хүлээсэн боловч хариу ирээгүй.

Ингээд бид 2015 оны 4 дүгээр сард дахин өргөдлөө бичээд дүүргийн Газрын албаны дарга н.Батсүхтэй хэл ам хийн байж уулзахад тус тусдаа бичсэн өргөдлүүдийг үзээд бичиг хэрэгт өг гэсний дагуу өгөхөд Газрын албаны бичиг хэргийн ажилтан та нартай зууралдаж байж чадахгүй, тус тусдаа бичсэн өргөдлөө нэгтгэж бичээд гарын үсэг зураад өгвөл өг, өгөхгүй бол авахгүй гэсэн тул арга буюу нэг өргөдөл бичиж гарын үсгээ зурж өгсөн ба уг өргөдөлд хариу өгөөгүй.

Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын алба маш том хэмжээний газрыг Л.ХЦ.Б нарт эзэмшүүлэх захирамж гаргасан атлаа бидэнд усны сав газар гэж худлаа мэдээлэл өгдөг, эзэмшиж буй гэх Ц.Б нь үнэн хэрэгтээ огт ашиглах санаа зорилгогүй өндөр үнээр зарж ашиг олох гэж тэнд хүн суурьшиж байшин барилга барихыг хүлээж үзэгдэж харагдахгүй байж байгаад гэнэт их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь газраар бизнес хийдэг хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан гэдэг нь ойлгомжтой болсон.

Учир нь биднийг уг газар дээр суурьшин энэ олон жил болоход төрийн байгууллага болон ямар ч хувь хүн байгууллага хориглож, хөөж тууж байгаагүй ба Базаррагчаагийн нэхсэн их хэмжээний мөнгийг өгч чадахгүй гэхээр гэнэт олж харсан мэт шаардах хуудас өгч байгаа болно. Бид оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхээ эдэлж хэн ч ашиглаж, хэрэглээгүй байсан газарт гэр, хашаа, байшин барьж суурьшиж ихээхэн зардал гаргасан. Уг газар хүний эзэмшилд байсан юм бол биднийг анх ирээд өргөдөл өгөхөд төрийн захиргааны байгууллага хүлээн аваад татгалзсан хариу өгөхгүй элдэв шалтаг хэлж хүлээлт үүсгэж, давхцалгүй гэж горьдлого төрүүлж, онлайн бүртгэлийн дараа, төдийд өдийд ир гэж буцааж, цаанаа бүртгэхгүй байж өргөдөл хүлээн авсан бичиг өгч хариу өгөхгүй хүлээлгэж байсны учир нь айлууд тохижиж томоохон обьект барихыг хүлээж байгаад холдож нүүх боломжгүй болохоор нь газар чөлөөлөхийг шаардан ихээхэн мөнгө нэхэж газраар бизнес хийх гэсэн хүний явуулга байсан байх талтай байна.

Нэхэмжлэгч нар бид ийнхүү ямар нэг хүний эзэмшилд байдгийг мэдэхгүй уг газар дээр суурьшиж амьдарсан ба газар хүссэн өргөдлөө өгч чадахгүй байсаар 2013-2015 онд өргөдөл өгсөн баримтаа шүүхэд гаргаж өгч хариу аваагүй одоог хүрсэн тухайгаа тайлбарласаар байтал энэ асуудлыг бүрэн шалгахгүй, одоо хүртэл маргаантай байгаа асуудлыг шийдэхдээ шүүх 2007-2013 оныг таслан авч, зөвхөн 2007 оны өргөдлийн дэвтэрт шүүж үзэхэд газар хүссэн өргөдөл өгч байгаагүй хэмээх хариуцагчийн тайлбарт үндэслэсэн, шүүх бидний өргөдөл өгсөн оны бүртгэлийн дэвтэрт үзлэг хийгээгүй, уг газарт бид одоо амьдарч байгаа болохыг харуулсан зураг, хорооны тодорхойлолт, шүүхээс үзлэг хийсэн баримт зэргийг харгалзахгүй нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй хэмээн үзсэн нь хариуцагчийн талд үйлчилж хэт нэг талыг баримталсан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд, эргэлзээ бүхий нотлох баримтыг шалгаж, үнэн зөв эсэхийг тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлага хангаагүй Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээний эргэлзээтэй асуудлуудыг нягтлан шалгасны эцэст шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөг, Хөлийн голд ногооны газрын зориулалтаар 9828 ам дөрвөлжин метр газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр дүүргийн Засаг даргаас 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 0012-11-005 дугаар гэрчилгээг[1] олгосон тухайн гэрчилгээнд дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 241 дүгээр захирамжийг үндэслэсэн талаар тусгагдсан бөгөөд энэ үеэс иргэн Л.Хд газар эзэмших эрх үүсчээ.

Тухайн газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болохоос өмнө Л.Хгаас Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт[2] гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ болон бусад баримтыг хүргүүлснээр дүүргийн Засаг дарга 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай 56 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-д заасныг үндэслэн иргэн Ц.Бд газар эзэмших эрхийг мод үржүүлгийн зориулалтаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нар 2007 оноос хойш маргаан бүхий газрын зарим хэсэгт суурьшин амьдарсан, газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан гэх боловч энэ нь ямар нэг баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн Нийслэлийн кадастрын мэдээллийн санд байгаа зургийг Улаанбаатар хотын агаарын зурагтай давхцуулан авч ирүүлсэн зургаар үгүйсгэгджээ.

Тухайн зургуудаас уг газарт 2009 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ямар нэг суурьшил үүсээгүй, 2011 оны 09 дүгээр сарын 22 гэхэд зарим иргэд суурьшсан байсан нь харагдаж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч нэр бүхий иргэдийг суурьшихаас өмнө гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмших эрх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хууль ёсоор үүссэн гэдгийг нотолж байна.

Нэхэмжлэгч нарын тухайд Газрын тухай хуулийн газар эзэмшихтэй холбоотой заалтуудыг зөрчиж, бусдын газарт дур мэдэн бууж, үүнийхээ дараа тэдгээрийг суурьшихаас өмнө нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003, 2010 оны захирамж болон газар эзэмших эрхийн 2004 оны гэрчилгээг хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Л.Х болон Ц.Бд газар эзэмших эрх үүсгэсэн дээрх маргаан бүхий актуудаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэг байдлаар хөндөгдөөгүй байна.

Тиймээс газрыг хууль ёсны дагуу эзэмшигч иргэн Ц.Бгаас хугацаа сунгуулах тухай хүсэлтийг 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасныг хүлээн авч 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/113 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь 5 жилээр сунгасан хариуцагч албан тушаалтны үйл ажиллагаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд нийцжээ.

Нэгэнт газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй учраас тухайн газарт суурьшсантай холбоотой ашиг сонирхлыг хууль ёсны гэж үзэх боломжгүй тохиолдолд гуравдагч этгээд Ц.Бд газар эзэмших эрх олгосон болон эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлуудыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин шүүх хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн бичээгүй зэрэг алдаа гаргасан тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримталж гэж, мөн заалтын тус гэснийг А/113 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР