Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/342

 

 

 

 

 

 

  2022          03          31                                  2022/ШЦТ/342

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Хохирогч Ц.А,

Шүүгдэгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

Улсын яллагч: Ц.Төгөлдөр нар оролцсон эрүүгийн 2109015620288 дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 31-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 9 дүгээр гудамжны 216 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хас овогт Б.А, регистрийн дугаар:

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “tod oims” төвд байрлах” “Хаан” банкны бэлэн мөнгөний автомашиныг гараараа цохих, өшиглөх зэргээр уг бэлэн мөнгөний автомашины ковер (М7627567А Skimming sensor cover), нүүр (МР1Р018137D F-PNL-U АSSY) зэргийг гэмтээж, 2.550.160 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2109015620288 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Таван богд Солюншс” ХХК-ий Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Тод оймс” төвд байрлах Хаан банкны АТМ-ны гэмтлийн талаар гаргасан дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,

“Дамно” ХХК-иас гэмтэлтэй эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-44 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар тал/ зэрэг болно.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “tod oims” төвд байрлах” “Хаан” банкны бэлэн мөнгөний автомашиныг гараараа цохих, өшиглөх зэргээр уг бэлэн мөнгөний автомашины ковер (М7627567А Skimming sensor cover), нүүр (МР1Р018137D F-PNL-U АSSY) зэргийг гэмтээж, 2,550,160 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Н.А-ын “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байхад манай ажил руу “Юуби Секурити” ХХК-с залгаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Тод оймс” төвийн хашаанд байрлах “Хаан” банкны АТМ-д хүн халдаж, эвдээд байна гэж хэлсэн. Үүний дагуу би хамгаалалтын албаны захиралтай утсаар холбогдоод хамт очтол уг АТМ-ны дэлгэц цаашаагаа чихэгдсэн, дэлгэцний товчлуур чихэгдсэн, АТМ-ын нүүрэн талын зарим хэсэг хагарч цуурсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээ 2.550.160 төгрөг гэх тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “tod oims” төвд байрлах” “Хаан” банкны бэлэн мөнгөний автомашиныг гараараа цохих, өшиглөх зэргээр уг бэлэн мөнгөний автомашины ковер (М7627567А Skimming sensor cover), нүүр (МР1Р018137D F-PNL-U АSSY) зэргийг гэмтээж, 2.550.160 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэл нь хохирогч Ц.А-ын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын тайлан бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба шүүгдэгч Б.А-ийн үйлдлийн улмаас 2.550.160 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр тогтоогдсон эд зүйлийн үнэлгээ болох 2.550.160 /хоёр сая таван зуун тавин мянга нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ат олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.А-т бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцон,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-т 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                           ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Хас овогт Б.А-ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас 2.550.160 /хоёр сая таван зуун тавин мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулж хохирогч Н.Ат олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН