Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2124

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 19 өдөр

   Дугаар 101/ШШ2017/02124

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, П.Эы /РД: ........./ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............ тоотод оршин суух, Г.Яд /РД: .........../ холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 44.290.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Э миний бие хариуцагч Г.Ягийн гаргасан хүсэлтийнх нь дагуу түүнд нийт 3 удаагийн зээлийн гэрээгээр бүгд 22.500.000 төгрөгийг тодорхой хугацаатай хүүтэй зээлсэн. Үүнд:

1. 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Ятэй зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба мөнгийг тэр өдөр нь Г.Яд бэлнээр нь хүлээлгэн өгсөн.

2. 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Г.Я нь өөрийн компанийн нягтлан бодогч С.Оюунбатаар дамжуулан зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд мөнгийг мөн өдөр нь хүлээлгэн өгсөн. Г.Я энэ мөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй.

3. 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мөн Г.Ятэй зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 2.500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн ба уг өдрөө мөнгийг  түүнд хүлээлгэн өгсөн.

Г.Я нь зээлийн гэрээнүүдийн хугацаанд зээлийн хүүг тодорхой хэмжээгээр төлж байсан бөгөөд уг гэрээнүүдийн хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй. Зээл болон зээлийн хүүг бүрэн төлж дуусгахыг удаа дараа утсаар мэдэгдсэн бөгөөд Г.Я нь өөрийн ажил болоод санхүүгийн нөхцөл байдлын улмаас төлж чадахгүй байна гэх шалтгааныг хэлдэг байсан.

Ингээд Г.Ятэй дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүрэг хоцорч байгааг ярилцаж, төлөх төлбөрийнх нь талаар тооцоо нийлэн бид 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулж зээлийн гэрээнүүдийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгаж, гэрээний үүргийг дүгнэсэн тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Уг актаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 22.500.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 10.450.000 төгрөг, /2016 оны 2 дугаар сарын дуусталх байдлаар/ буюу зээлдэгчийн төлөх ёстой нийт төлбөр 32.950.000 төгрөг болохыг баталгаажуулсан.

Гэвч энэ хугацаанд Г.Я нь ямар нэгэн төлбөр төлөөгүй. Зээлийн нэмэлт гэрээний 3 дахь заалтын дагуу Г.Я нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс 6 хувийн хүү төлөх үүргийг хүлээсэн. Мөн тус нэмэлт гэрээний 5 дахь заалтын дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөх ёстой зээлийн үндсэн төбөрөөс 0.2 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн.

Иймд Г.Ягээс үндсэн зээл 22.500.000 төгрөг, зээлийн хүү 14.500.000 төгрөг, алданги 7.290.000 төгрөг, нийт 44.290.000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан бөгөөд Г.Ягийн байдлыг харгалзаад алдангиас 3.290.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, 3.290.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Одоо Г.Ягээс үндсэн зээл 22.500.000 төгрөг, зээлийн хүү 14.500.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 41.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э хариуцагч Г.Яд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 44.290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн зээл 22.500.000 төгрөг, зээлийн хүү 14.500.000 төгрөг, алданги 7.290.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч П.Э нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3.290.000 төгрөгөөр багасгаж хариуцагч Г.Ягээс үндсэн зээл 22.500.000 төгрөг, зээлийн хүү 14.500.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 41.000.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

 

П.Э нь Г.Ятэй  харилцан тохиролцож, түүнд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, уг өдөр нь мөнгийг Г.Яд хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 4, 7 дугаар тал/

 

Мөн П.Э нь Г.Ягийн хүссэний дагуу түүний ажил хэрэгт зориулан 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 5.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэн, гэрээг Г.Ягийн ажилтан гэх С.Оюунбаттай байгуулан мөнгийг уг өдрөө хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 5, 7 дугаар тал/

 

Зээлдүүлэгч буюу П.Э нь зээлдэгч буюу Г.Яд 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргээр нотлогдлоо.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

Дээрхи гэрээний талууд буюу зээлдүүлэгч П.Э, зээлдэгч Г.Я нар нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулан 2013 оны 11 дүгээр сарын 27, 2013 оны 12 дугаар сарын 3, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний төлбөрт зээлдэгч Г.Я мөн өдрийн байдлаар хэдэн төгрөг төлөх талаар тооцоо нийлэн гэрээнүүдийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунган, сарын 6 хувийн хүү төлөхөөр тохирчээ.

Уг тооцоо нийлсэн акт ёсоор Г.Я нь

-үндсэн зээл 22.500.000  /15.000.000+5.000.000+2.500.000/,

-зээлийн хүү 10.450.000 төгрөг, /нийт хүү 28.650.000 төгрөг-18.200.000 төлсөн төгрөг/

Бүгд 32.950.000 төгрөгийг төлөх талаар харилцан тооцоо нийлэн баталгаажуулж хэн аль нь гарын үсгээ зурсан байна.

/ХХ-ийн 8-9 дүгээр тал/

 

2013 оны 11 дүгээр сарын 27, 2013 оны 12 дугаар сарын 3, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу зээлдүүлэгч П.Эаас зээлдэгч Г.Я нь нийт 22.500.000 төгрөгийг авсан, мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн ба талууд дээрх гэрээнүүдээд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон хэн аль нь гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

            Хариуцагч Г.Я нь зээлийн хүүгийн төлбөрт 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 18.200.000 төгрөг төлсөн талаар талууд 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлжээ.

            /ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”,

282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”,

232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.

 

Зээлдэгч Г.Я нь удаа дараагийн зээлийн гэрээнүүдийн дагуу зээлсэн мөнгөөбуцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч П.Э түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн гэрээг С.Оюунбаттай байгуулсан, 5.000.000 төгрөг С.Оюунбат хүлээн авсан баримт байх боловч хариуцагч Г.Я  2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээгээр уг мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч харилцан тооцоо нийлсэн, мөн уг гэрээний дагуу хүү төлж байсан тул гэрээний дагуу мөнгө төлөх үүрэгтэй. 

 

2013 оны 11 дүгээр сарын 27, 2013 оны 12 дугаар сарын 3, 2014 оны 1 дүгээр сарын 15, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ ёсоор хариуцагч Г.Ягийн гүйцэтгэх ёстой үүрэг талуудын тохиролцсоноор болон хуульд зааснаар:

-Үндсэн зээл-22.500.000 төгрөг,  /15.000.000+5.000.000+2.500.000/

-Хүү-10.450.000 төгрөг /2016.02.17-ны байдлаар/

-2016.03.01-2016.06.01-ний өдрийг хүртэлх хүү 4.050.000 төгрөг, Нийт хүү 14.500.000 төгрөг,

-Алданги 7.290.000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад алдангид 4.000.000 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Иймд хариуцагч Г.Ягээс үндсэн зээл 22.500.000 төгрөг, хүү 14.500.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 41.000.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.Я нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 13-14 дүгээр тал/

 

Хариуцагч Г.Ягийн хүсэлтийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан ба түүнд 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагт шүүх хуралдаан болохыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон        

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Ягээс 41.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Эы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ягээс 362.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                          

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.САРАНГҮН