| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/0259/и |
| Дугаар | 102/ШШ2017/02040 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/02040
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 15 дугаар байр, 31 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лхамжавын Баяраа /РД:ТЯ48022304/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хөгжил хотхон 25-3 дугаар байр, 401 тоот хаягт оршин суух, Номхон гаваа овогт Энхээгийн Хажидмаа /РД:ИЭ81012000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25-3-401 тоот 46.29 м.кв 2 өрөө орон сууцыг 2005 оны 8 дугаар сарын 05-ны өдөр анх ашиглалтанд ороход нь өөрсдийнхөө 19.052 ам.доллараар худалдан “Мон-Элдорадо” ХХК-иас авч, охин Б.Туяаг хргэн Б.Далайжаргал, хүү Бат-Оргил нарыг оруулж суулгасан. 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Тамирыг түүний дагуулж ирсэн Э.Хажидмаагийн хамт байрандаа оруулан суулгаж, 8.000.000 төгрөгөөр авсан машины хамт өгч, айл гэр болгосон. Энэ хугацаанд Б.Тамир ШУТИС-д багшлахын зэрэгцээ 3-4 газар ажиллаж сардаа 10.000.000 төгрөгийн орлоготой, өглөө 8:00 цагаас шөнө 24 цаг хүртэл өдөр шөнтйг ялгахгүй ажиллаж, олсон бүх мөнгөө Э.Хажидмаад өгч амьдарч байсан. Э.Хажидмаа нь хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ согтуу ирж агсам тавьж эрүүлжүүлэгдэж байсан. Хажидмаа нь архидан согтуурч явахдаа олсон шархаа хүчирхийлэлд байдаг мэтээр ярьж, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэсэгт эрүү үүсгүүлж, эцэг байх эрхийг нь хязгаарлуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг нь бид мэдээгүй бөгөөд тухайн үед эцэг Бямбасүрэн өвдөж, эмнэлэгт хэвтсэн, эгч Батхишиг нас барж, охин Туяагийн хүү Бат-Оргил эмнэлэгт хэвтэж, манай гэр бүлд хүндхэн үе тохиогоод байсан боловч Хажидмаа нь бараа сураггүй байсан. Э.Хажидмаа нь миний хүү Б.Тамирт эрүү үүсгүүлж, байрыг миний нэр дээр байлгахгүй бол шүүх, цагдаагаар бариулна, ажлын газарт чинь очиж ажлаас чинь халуулна, шоронд хатаана гэх мэтээр заналхийлж байсан учир бид 2 хүүхдийг нь өрөвдөж арга буюу байрны гэрчилгээнд нэрийг нь оруулахыг зөвшөөрсөн. Иймд Э.Хажидмааг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25-3-401 тоот 46.29 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасч өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25-3-401 тоот 46.29 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс нэрээ хасуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Баяраа нь Э.Хажидмаад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25-3-401 тоот 46.29 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Баяраагийн нэхэмжилсэн Ү-2205024318 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны 25-3-401 тоот 46.29 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Хажидмаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь болох 35.100 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ