Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/713

 

 

 

 

 

 

 

 

2021        10            26                                   2021/ШЦТ/713

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 187/2020/0585/Э/220/2021/0567

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Баянзүрх дүүргийн ПГ-ын хяналтын прокурор К.Чимгээ,

хохирогч: Ц.Д, Г.У, Э.Б, С.Н,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 2006027050073 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уул 17 дугаар гудамжны 28 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Б.Ц

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 09-ний хооронд “БНСУ”-ын виз гаргуулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Э.Б, Ц.Д, А.А, Г.У нараас тус бүр 5.000.000 төгрөгийг, хохирогч С.Н-гоос 6.000.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад үлэмж хэмжээний хохирол буюу нийт 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “...Би 5 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тус бүрд нь хохирогч С.Н-д 200.000 төгрөг, Ц.Д-т 2.340.550 төгрөг, Г.У-д 1.466.850 төгрөг, Э.Б-д 800.000 төгрөг, А-д 1.960.900 төгрөг, нийт 6.768.300 төгрөгийг тус тус одоогийн байдлаар төлсөн байгаа. Үлдэгдэл 19.452.700 төгрөг байгаа. Би 2000 онд “МТС Жанчивлан” компанийг үүсгэн байгуулаад 2001 оноос 2019 оны 07 дугаар сарыг хүртэл БНСУ руу визний бичиг баримтын бүрдүүлэлт хийх ажлыг эрхэлсэн. Энэ хугацаанд олон хүний виз гаргаж, олон хүнд эдийн засгийн хувьд амьдралаа авч явахад нь тусалсан. Энэ хүмүүсийг өмнө нь би нэгийг нь ч таньдаггүй байсан. Өөрсдийн танилын хүрээгээр надтай ирж уулзсан. Тэгээд би материалыг нь хүлээж авсан. Гэхдээ материалыг нь авахдаа энэ хүмүүсийг залилах зорилготой байгаагүй. Өөрсдийнх нь гадаад явах зорилгод нь туслах, биелүүлэх боломжтой гэж үзсэн. Яагаад гэвэл визний бүрдүүлэлтийг үндсэн гурван чиглэлээр хийдэг. Нэгдүгээрт өөрөө суурь бичиг баримттай хүмүүсийг дутуу зүйлийг нь гүйцээж очих хаяггүй хүнийг хил дээрээс буцаахгүй, явах зорилгыг нь тодорхойлох гэх мэт ажлыг хийдэг. Хоёрдугаарт үндсэн суурь бичиг баримттай болгох ажиллагааг хийдэг. Жишээлбэл Ц.Д, С.Н нартай холбоотой энэхүү ажиллагааг хийсэн. Энэ нь улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийнх нь нэр дээр компанийн 100 хувийн хувьцааг бүртгэх, татварын нэгдсэн сан, улсын нэгдсэн мэдээллийн санд суулгах, нийгмийн даатгалд бүртгэлтэй болгож өгдөг. Өөрөөр хэлбэл хэн ч харсан энэ компани Ц.Д гэх захиралтай компани мөн байна гэж таних суурь бичиг баримтыг бүрдүүлдэг гэсэн үг. Үүнээс хойш 2 жил өнгөрсөн байна. Цаг хугацаа бол мөнгө. Үүнийг энэ хүмүүс зөв ашиглавал мөнгөө буцааж авч болно. Эсхүл визэндээ ч орж болно. С.Н-д 5.800.000 төгрөг, Ц.Д-т 2.659.450 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Энэхүү хоёр хүний нийлбэр үлдэгдэл 8.459.450 төгрөг байгаа. Энэхүү мөнгийг хэрхэн төлөх асуудал дээр би зовохгүй байгаа. Учир нь энэ хоёр хүнд компанийн 100 хувийн хувьцаа байгаа учраас мөнгө нь карманд нь байгаа гэсэн үг. Үүнийг яаж барагдуулах вэ? гэвэл Ц.Д надтай 2-3 хоногийн өмнө яриад над руу татвараас ярьж байна, та энэ компаниа буцааж аваарай, худалдах худалдан авах гэрээгээр нотариат дээр очоод аваарай гэсэн. Тэгэхээр нь би та хүлээж бай хурлын дараа болцгооё гэж хэлсэн. Хурлын дараа гэж хэлсэн шалтгаан нь худалдах худалдан авах гэрээгээр компанийг шилжүүлж болохгүй. Учир нь одоогийн журмаар татварын өргүй компани нэгээс нөгөөдөө шилжих ёстой. Тэгвэл С.Н Ц.Д хоёрыг хоёуланг нь визэнд оруулах гээд шилжүүлсэн хугацаанаас хойш манай нягтлан ажиллаад тодорхой хэмжээний татварын өр гарсан байгаа. Ц.Д-т тоог нь өөрт нь хэлсэн. С.Н-гийн хувьд 1.613.280 төгрөгийн татварын нэхэмжлэх ирсэн байгаа. Энэ мөнгөнөөс төлөөд эхэлсэн. Тэгэхээр худалдах худалдан авах гэрээгээр биш. Эдгээр хоёр хүн нэгэнт гадаад явахгүй гэж шийдсэн учраас нэг гаргалгаа байгаа. Тэр нь юу вэ гэвэл тус компанийн 100 хувийн хувьцааг надад шилжүүлээд олголоо гэсэн итгэмжлэлийг бичиж өгвөл машин зардаг шиг хувьцааг нь худалдах боломжтой. Иймд энэ хоёр хүний хохирлыг ийм байдлаар төлөх боломжтой байгаа юм. Энэ хоёр хүний мөнгийг энэ ондоо багтаж төлөх үндэслэлтэй байна. Харин Г.Уд 3.763.150 төгрөг, Э.Б-д 4.200.000 төгрөг, А.Ад 3.030.100 төгрөгийг өгөөгүй байгаа. Тэгэхээр энэ гурван  хүний мөнгийг 100 хувь би төлнө. Яагаад гэвэл би виз гаргадаг Солонгос хүнд энэ гурван хүний визийг зуучилсан. Гэтэл тухайн хүн 2 жилийн өмнө Солонгос руу яваад би олохгүй байгаа. Би тэр хүнийг эргээд олж чадахгүй байгаа. Иймд би гэм буруутай үйлдэл хийсэн тул хохирлыг бүрэн төлнө. Би гэм буруу дээр маргахгүй. Энэ гурван хүний мөнгийг би өөрийн мөнгөөр төлөөд дээрх 2 хүний мөнгийг өөрсдийнх нь компанийг зарж хохирлыг төлнө. Тэгэхээр Э.Б, Г.У, А.А гурвын нийт үлдэгдэл 10.993.250 төгрөг байна. Миний баталгаат орлого сард 1.060.000 /нэг сая жаран мянга/ төгрөг байдаг. Энэ нь тэтгэврийн мөнгө. Үүн дээр нэмээд ээж маань 350.000 төгрөгийн тэтгэвэртэй,  асаргааны мөнгө 80.000 төгрөг, эмний мөнгө 60.000 төгрөг, нийт бид хоёрын баталгаат орлого 1.500.000 төгрөг байдаг. Би өмнө нь тэтгэврийн зээлтэй байж байгаад чөлөөлөгдсөн. Ингээд мөнгө орж эхэлснээс хойш Э.Б-д мөнгө төлөөгүй байсан тул түүнд 800.000 төгрөг төлөөд, мөн татварт тодорхой хэмжээний мөнгийг төлөөд эхэлсэн. Иймд эдгээр гурван хүний хохирол миний 10 сарын баталгаат орлого болж байгаа юм. Өөрийн орлогоор Ц.Д С.Н хоёрын хохирлыг давхар төлөх боломжтой. Мөн манайх хоёр хүүгийнхээ нэр дээр, гэрийн хаяган дээр манай хашаанд үйлдвэрлэлийн зориулалттай байр байсан. Хүүхдүүд маань Солонгост ажиллаж байсан тул би өмнө нь цар  тахлын 2 жилийн хугацаанд хүмүүс ажилгүй хил гааль хаагдсан үед мах боловсруулалтын гэрээт ажил хийж байгаад тэрнээс олсон орлогоор одоо төлсөн байгаа хохирлыг барагдуулсан. Энэ хугацаанд надад нэг боломж гарч ирсэн. Энэ нь махыг түүхий эд чигээр нь зарахад ашиг гарч байгаа юм чинь махыг хагас боловсруулсан нэмэлт бүтээгдэхүүн болгож худалдаалсан тохиолдолд илүү ашигтай байж хохирлоо хурдан төлж, идэх хоолоо олох юм байна гээд бусад хүмүүсийн хүчийг дайчлаад үйлдвэрийн байраа мах махан бүтээгдэхүүн, бууз баншны үйлдвэр болгон тохижуулаад одоогоор 15-20 хоногийн дараагаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад ирэхэд бид 11 сардаа багтаагаад ажлаа эхлэх боломжтой байгаа. Түүнчлэн өмнөх Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд миний өгсөн мэдүүлэгт визний материал өгсөн хүмүүст төлөх ёстой өр миний буруутай үйлдлийн улмаас хийгдсэн тул зөвхөн өөрийн зүгээс хохирлыг төлөх зорилготой гэж хэлсэн байдаг. Иймд Ц.Д, С.Н хоёр над руу компанийн хувьцааг шилжүүлмээр байна. Мөн нэмж хэлэхэд Э.Б-ын ээж хохиролд гэр ахуйн цахилгаан бараа өгч болно гэсэн. Тэгэхээр нь би гэр ахуйн цахилгаан бараа лизингээр авч өгөх боломжтой байх тул цахилгаан бараа хурдан авч өгнө. С.Н-гийн хувьд тухайн компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч тул орлогын 3/1 хувийг авах эрхтэй. Ингээд энэ ондоо багтааж өөрийн шинэ ажлыг ажиллуулна. Баталгаатай биш гэж үзвэл би өөрийн тэтгэврийг өгөөд байвал 2022 ондоо багтаад бүх хохирлыг бүрэн төлнө гэж үзэж байна…” гэв.

Хохирогч Ц.Д мэдүүлэхдээ: "...Би БНСУ явна гээд 2018 онд Э.Ц-д мөнгө өгсөн. Одоо мөнгөө хагас дутуу авсан. Энэ хүнд арга хэмжээ авч хүмүүсийг хохиролгүй болгох хэрэгтэй. Надад өгөөгүй мөнгө 2.659.450 төгрөг байгаа. Энэ мөнгийг яаралтай авмаар байна. Компанийн асуудлыг Э. Ц өөрөө хурдан шийдмээр байна ..." гэв.

Хохирогч Г.У мэдүүлэхдээ: "...Би 2019 онд Б.Ц-д 5.000.000 төгрөг өгсөн. Үүний дараа материалаа бүрдүүлээд 230.000 төгрөгийг нэмж өгөөд нийт 5.230.000 төгрөгийг Б.Ц-д өгсөн. Үүнээс өмнө Сонгинохайрхан дүүрэг дээр болсон шүүх хурлын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэл яваад тэндээс надад 5 дугаар сарын 31-ний өдөр 36.700 төгрөг шилжиж орж ирсэн. Үүнээс хойш 6 дугаар сард 530.150 төгрөг орж ирсэн. Нийт 1.466.850 төгрөг өгсөн. Харин одоо 3.763.150 төгрөг үлдсэн. Хэрэв би Солонгос явсан байсан бол миний амьдрал өөр болох байсан. Энэ хүн утсаа авахгүй хаана байгаа нь мэдэгддэггүй. Иймд мөнгөө хурдан авмаар байна..." гэв.

Хохирогч С.Н мэдүүлэхдээ: "...Би Б.Ц-тэй анх 2018 онд танилцсан. Солонгос улсын виз гаргана гэж байсан. Намайг компанийн захирал болгоод дараагаар нь Солонгос улс руу гаргана гэж байсан. Үүний тулд компанийн татварыг төлнө гээд 6.000.000 төгрөгийг надаас авна гэхээр нь би материалын хамт мөнгөө Б.Ц-д өгсөн. Үүнээс хойш Б.Ц дандаа худлаа ярьсан. Ээж шиг минь хүн гэж би маш их итгэж байсан. Намайг компанийн эзэмшигч гэсэн ямар ч баримт надад байхгүй. Юунд итгэж хувьцаа өгөх эсэхийг бүр ч мэдэхгүй байна. Би энэ хүнийг аргадаж бас гуйж үзсэн. Гэтэл Б.Ц-гийн хүүхдүүдээс ээжийг нь асуухаар намайг хүүхдүүд нь загнадаг байсан. Тиймээс би маш их гомдолтой байна. Энэ ондоо багтаж мөнгөө авмаар байна..." гэв.

Хохирогч Э.Б мэдүүлэхдээ: "...2019 оны 03 дугаар сард БНСУ-д сурах чиглэлээр виз гаргана гэхээр нь материалын хамт 5.000.000 төгрөгийг Б.Ц-д өгсөн. Ажлын 90 хоногт виз гаргаж өгнө гээд алга болсон. Ингээд алга болохоор нь араас нь хөөцөлдөхөд миний виз гараагүй байсан. Тэгээд би Б.Ц-гээс эхлээд паспортоо авсан. Харин Б.Ц дараа нь мөнгийг нь хийе гэсэн. Тэр нь бас худлаа байсан. Өнөөдөр мөн адил маш их зүйлийг худлаа ярьж байна. Хүнийг итгэх хэмжээний гоё зүйл их ярьдаг. Би эхэндээ учирлаж эцэстээ уурлаж хүртэл үзсэн. Намайг хүн гэж тоодоггүй байсан. Яриад байгаа өөрийнх нь компани дээр нь очиход цоожтой, ямар ч үйл ажиллагаа явуулсан шинжгүй байсан. Мөн өмнөх 7 хоногийн хурлын өмнө над руу яарсан байдалтай залгаад 800.000 төгрөг шилжүүлсэн. Түүнчлэн цахилгаан бараа өгнө гэж хэлээд бас алга болсон. Ярьсан бүх зүйл нь худлаа байдаг. Одоо надад 4.200.000 төгрөгийг өгөх ёстой байгаа. Миний материал визэнд огтхон ч ороогүй байсан. Тамга тэмдэг байгаагүй..." гэв.

Эрүүгийн 2006027050073 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Б-ын “...2019 оны 03 дугаар сард БНСУ-д очиж ажиллахаар виз хөөцөлдөж эхэлсэн ба Б.Ц гэгчтэй танилцсан. Б.Ц нь виз гаргахдаа сургахаар гаргана, би өмнө нь олон хүн гаргаж байсан тул асуудалгүй зохицуулаад гаргана гэж хэлсэн. Тэгээд надаас 2 хувь цээж зураг болон гадаад паспортыг авч иргэний үнэмлэхийг канондож авсан. Өөрийн талаар анкет бөглүүлж Солонгос улс руу гаргахад 5.000.000 төгрөг шүү хэрэв виз чинь гарвал энэ мөнгийг чинь эргүүлж өгөхгүй, урсгал зардал гээд явчихдаг юм. харин гарахгүй бол буцааж өгнө гэж хэлж байсан. Тэгээд надад өөрийнхөө Хаан банкны 5024439594  дугаартай данс руу Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас бэлнээр шилжүүлж авсан. Б.Ц нь надад хэлэхдээ 3-4 сая төгрөг нь бол наана цаана хүн амьтантай уулзахад хэрэглэгдээд үлдсэн мөнгө нь миний ашиг болж байгаа шүү гэж хэлж байсан. Гэвч Б.Ц нь виз гаргах ямар нэг оролдлого хийгээгүй ба мөнгөө буцаагаад авъя гэхээр өнөөдөр эсхүл маргааш өгнө гэж хэлдэг байсан. Би Пак гэдэг хүнийг танихгүй. Б.Ц надад Пак гэх солонгос хүний талаар ярьж байгаагүй. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Б.Ц-тэй арай гэж холбогдож Арслантай гүүрнээс уруудахад байрладаг “Эм плаза” гэх газар уулзаж байсан бөгөөд мөнгө яасан бэ гэхээр Пак гэх солонгос хүнээс мөнгө аваад мах нийлүүлэх гэж байгаа юм. Тэр хүнээс их хэмжээний мөнгө орж ирэх байх, тэр мөнгөнөөс чиний мөнгийг гаргаж өгнө л гэж хэлсэн, тэгээд ахиж холбогдолгүй алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/

Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 50/9466 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52 дугаар хуудас/

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Э.Б, Б.Ц нарын байгуулсан 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ /1 хх-ийн 78 дугаар хуудас/

Хохирогч С.Н-гийн “...Би 2018 онд БНСУ-руу гарах гээд виз хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд виз гаргадаг хүн байгаа эсэх талаар өөрийн ойр дотны хүмүүсээс сураглаж байхад манай нагац ах Жаргал надад таньдаг Б.Ц гэх виз гаргадаг хүн байгаа гэж хэлээд 2018 оны 08 дугаар сард уг эмэгтэйтэй Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янмал” оймсны оффис дээр Б.Ц, Жаргал ах бид гурав уулзсан. Тэгээд би БНСУ-руу найдвартай виз гаргаж өгч чадах уу гэж асуухад боломжтой, хамгийн хурдан гарахыг хүсвэл надад нэг компани байгаа. Чамайг тэр компанийн захирал болгоод БНСУ-руу гаргана. Харин тус компанийн захирал болохын тулд татварыг нь төлөх хэрэгтэй болоод байна. Уг компани нь улсад 2 жил татвар төлөлт хийгээгүй байгаа тул татварын мөнгөө хурдан өгвөл виз чинь хурдан гарна гэхээр нь өөрийн төрсөн ах С.Сүхбаяраас 6.000.000 төгрөгийг зээлж аваад Б.Ц-д бэлнээр өгсөн. Б.Ц тэр өдрөөс хойш сураггүй болсон. 2019 оны 05 дугаар сард утасны дугаарыг нь олж холбогдоход мөнгийг маань бөөн өгөх боломжгүй сар болгоны 20-нд 450.000 төгрөг төлж мөнгийг чинь төлж дуусгана гэж надад хэлээд бид 2 нотариат орж зээлийн гэрээ хийсэн. Тэрнээс хойш нэг ч төгрөг өгч байгаагүй. Дараа нь тус компаниа миний нэр дээр шилжүүлсэн гэж надад хэлж байсан. Би тэр компанийг нь ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/

2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн баталсан С.Н Б.Ц нарын хооронд байгуулсан 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /1 хх-ийн 97 дугаар хуудас/

Хохирогч Ц.Д-ын “...2018 онд хамт таксинд явдаг Ариунболд гэдэг залуугаас Солонгосын виз гаргадаг хүн байна уу гэж асуухад найдвартай гаргадаг нэг хүн мэднэ гээд утасны дугаар өгсөн. Уг утсаар холбогдоод 13 дугаар хороололд Оюун ухааны музейн хажууд байх хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх төв бас Солонгосын виз мэдүүлнэ гэсэн хаягтай газар ороход Б.Ц гуай болон бэр нь гээд охин байсан. Бэр нь хүмүүсийн визний материалыг Солонгос хэл рүү баталгаат орчуулга хийдэг байсан. Б.Ц гуай Солонгосын виз асуудалгүй гаргаад өгнө 5.000.000 төгрөг өгчих, хамгийн хурдан хугацаанд виз гаргаад өгнө гээд цаасан дээр данс бичиж өгсөн. Уг данс руу нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр би эхнэрийн Голомт банкны данснаас 5.000.000 төгрөг бэлнээр аваад Нисэхэд байдаг Хас банкнаас Б.Ц-гийн бичиж өгсөн Хас банкны данс руу нь шилжүүлсэн юм. 2019 оны эхээр би Б.Ц гуай дээр очиж юу болж байна гэхэд чиний материал элчин дээр очсон байгаа, чи хүлээж бай, элчинд таньдаг хүн байгаа асуудалгүй удахгүй гарчихна гэсэн. Удаад байхаар нь дахиад 2019 оны 08 дугаар сард очиж уулзахад өмнөх шигээ тайлбар тавьсан. Тэгэхээр нь жил шахуу болчихлоо мөнгөө авъя гэхэд чиний нэр дээр компани шилжүүлсэн байгаа тэрийг зарж байж мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд би ядаж бичиг баримтаа буцааж авъя гэхэд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 227 дугаар хуудас/

Хохирогч Г.У-гийн “...Манай ангийн хүүхэд Хурцбаатар би Солонгос явдаг, би хүүхдийнхээ визийг Б.Ц гэдэг хүнээр гаргуулж байсан гэж хэлээд би түүгээр дамжуулж Б.Ц-гийн ажлын газар болох 13 дугаар хороололд нэг оффисын өрөөнд очиж уулзсан. Ингээд Б.Ц надад 5.000.000 төгрөг өгчих, жилд 2-3 удаа чөлөөтэй явж болдог виз гаргаж өгнө гээд байхаар нь надад нэг удаагийн виз хэрэгтэй байна гэж хэлтэл “за тэгвэл надад бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай гээд надаас 230.000 төгрөг авсан. Хурцбаатар надад чи байршуулах 5.000.000 төгрөгөө өөрийнхөө нэр дээр данс нээгээд байршуулаад Солонгос явж ирээд буцаагаад аваарай гэж сануулж байсан боловч Б.Ц эгч надад 5.000.000 төгрөгөө өгчих гэхээр нь би таны данс руу хийчихээр сүүлд нь янз бүрийн юм болох юм биш биз гэж хэлтэл Б.Ц гуай үгүй ээ ямар ч асуудал байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг Солонгос улсын виз гаргуулахаар Б.Ц-гийн данс руу өөрийн Хаан банкны 5429321669 дугаарын данснаас интернэт банк ашиглаж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 104-105 дугаар хуудас/

Хохирогч А.Агийн “...Миний бие 2019 оны 04 дүгээр сарын үед эгч Урнаагаар дамжуулан Б.Ц гэх эгчтэй танилцсан. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байсан оффист нь очиж уулзахад Солонгос руу явах 3 сарын аялалын виз найдвартай гаргана. Төлбөр нь 5.000.000 төгрөг гээд надад өөрийн Хаан банкны 5021439594 гэсэн дугаарын дансыг өгсөн. Тэгэхээр нь тухайн үед хуучин ажлынхаа хажууд буюу 11 дүгээр хорооллын Н-гийн урд талын Хаан банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гадаад паспорт, төрсний гэрчилгээ, оршин суух хаягийн лавлагаа, цагдаагийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа зэргийг бүрдүүлж өгсөн. Тэгээд Б.Ц надад 2019 оны дундуур виз гарна гэсэн бөгөөд утас руу нь визээ асууж лавлахад одоохондоо гараагүй байна, жоохон хүлээж бай гэх зэргээр хугацаа аваад байхаар нь аргаа бараад очиж уулзаж, буцаагаад гадаад паспортоо авахад гадаад паспортод ямар нэг тэмдэглэгээ бичигдээгүй болон тамга дарагдаагүй байсан. Тэгээд мөнгөө буцаагаад нэхэхэд эгчид нь мөнгө байхгүй байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 178 дугаар хуудас/

Хохирогч Ц.Д-ын Гантөмөрийн Ганнамчингийн “Хас банк”-ны 5002023124 дугаартай дансанд 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 5.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын маягт /1 хх-ийн 240 дүгээр хуудас/

Б.Ц-гийн өөрийн гараар дансны дугаар бичиж өгсөн гэх баримт /1хх-ийн 241 дүгээр хуудас/

Гантөмөрийн Ганнамчингийн Хас банкны хугацаагүй хадгаламжийн 5002023124 дугаартай дансны хуулга /2 хх-ийн 2-3 дугаар хуудас/

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Д-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө хавсаргасан “Баталгаа” 2019-08-24 Ц.Д-т өгөх 5.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг 2019-08-24-нд багтааж өгнө. Үлдэгдлийг 9 дүгээр сард багтааж өгнө. Б.Ц гээд гарын үсгээ зурсан баталгааны хуулбар /хх-ийн 241 дүгээр хуудас/

Гэрч Ч.Хурцбаатарын “...Манай 10 жилийн найз Г.У намайг Солонгос улсад байхад чатаар холбогдоод Солонгос улс руу яаж гарах вэ визэнд орох гэсэн юм гэсэн. Тэгээд би тухайн үедээ ярилцаж байгаад өөрийн найз Алтангэрэлийн 99074785 гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд манай найз Г.У Алтангэрэлтэй ярьсан чинь өөрөө байхгүй байна. Манай оффис дээр очоорой хүн байгаа гэхээр нь яваад очтол Алтангэрэлийн ээж  Б.Ц байсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь өөрөө виз гаргаж өгнө гээд өөрийнхөө данс руу 5.000.000 төгрөг авсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 111 дүгээр хуудас/

Хохирогч Г.Угийн Хаан банкны хугацаагүй хадгаламжийн 5429321669 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 125-128 дугаар хуудас/

Хохирогч А.Агийн Б.Ц-гийн эзэмшлийн Хаан банкны 5021439594 дугаарын данс руу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны  өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөг тус тус  шилжүүлсэн баримтууд  /2хх-ийн 184 дүгээр хуудас/

Яллагдагч Б.Ц-гийн Хаан банкны 5021439594 дугаарын хугацаагүй хадгаламжийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 8-17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ц-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2000 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын элчингийн газарт визний бичиг баримт бүрдүүлэх ажлыг нийт 19 жил хийсэн. Энэ хугацаанд 1000 гаруй хүмүүст үйлчилсэн, олон хүмүүс явж, ирж очдог. Тэр дундаа ямар нэгэн эрхэлсэн ажилгүй, орлогогүй, гадаад паспортноос өөр зүйл байхгүй хүмүүст виз гаргаж өгдөг Пак гэх хүнд зуучилж өгөөд одоо гомдол, гаргаж байгаа энэ хүмүүс надаас мөнгөө нэхэхээр нь би төлж барагдуулж чадахгүй байгаагаас энэ асуудалд холбогдсон юм. Гэхдээ нэгэнт энэ ажлыг би өөрөө хариуцсан учраас гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй ээ. Тэгээд төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулна, цаашид бүх хохирлыг төлж барагдуулна. Би хохирогч нарт нийт 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Гэхдээ би Хан-Уул дүүргийн шүүхээр орохоос өмнө тодорхой хэмжээний хохирлыг барагдуулсан бөгөөд шүүхийн шийдвэрээр Ц.Д-т 4.048.000 /952.000 төгрөг төлсөн/, Б.Ад 4.435.800 /564.200 төгрөг төлсөн/, Г.Уд 5.230.000 төгрөгийг төлж  барагдуулахаар шийдвэрлэсэн юм. Мөн С.Н-д 200.000 төгрөгийг би өөрийнхөө дансаар шилжүүлсэн. Харин Э.Б-д ямар нэгэн байдлаар хохирлын мөнгийг төлж барагдуулаагүй юм. Тэгэхээр одоо миний хохирол хэдэн төгрөг төлөх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан ёсоор тодорхойлолт гарч ирж байж нийт хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа нь тодорхой болно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86, 2хх-ийн 60-61, 119-120, 168, 196 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

 Шүүгдэгч Тайж овогт Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр            2018 оны 08 дугаар сараас 2019 оны 07 дугаар саруудад Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргуулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Эрдэнэбатын Б, Цээдоржийн Д, Амарсанаагийн А, Ганзоригийн У нараас тус бүр 5.000.000 /таван сая/ төгрөгийг, хохирогч Санжаагийн Н-гоос 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг тус тус залилан авч, бусдад үлэмж хэмжээний хохирол буюу нийт 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан Залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц-гийн үргэлжилсэн үйлдлээр 2018-2019 онуудад бусдыг залилсан дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжүүд бүрэн агуулагдаж байх тул шүүгдэгчийг Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч  Т.Мөнхтуяа нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Ц-гийн хувьд хүмүүсээс амар хялбар аргаар мөнгө төгрөг, ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй бөгөөд шууд санаатай, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т: Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно....2.5 дугаар зүйлийн 5-д: шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заажээ.

Шүүгдэгч Б.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Уд учруулсан 5.230.000 төгрөгөөс 1.466.850 төгрөгийг, хохирогч Ц.Д-т учруулсан 5.000.000 төгрөгөөс 2.340.550 төгрөгийг, хохирогч С.Н-д учруулсан 6.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг, хохирогч Э.Б-д учруулсан 5.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг, хохирогч А.А-д учруулсан 5.000.000 төгрөгөөс 1.960.900 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

Одоо үлдэж байгаа хохирол төлбөрийн тухайд нэр бүхий 5 хохирогчид нийт  19.452.700 /арван есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун/ төгрөгийг шүүгдэгч Б. Ц нь төлж барагдуулбал зохино.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-гээс 3.763.150 /гурван сая долоон зуун жаран гурван мянга нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-д, 2.659.450 /хоёр сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д-т, 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Н-д, 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, 3.030.100 /гурван сая гучин мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д тус тус олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд ял эрүүгийн хариуцлагын асуудлаар Улсын яллагчаас дүгнэлт гаргахдаа шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүнд холбогдох хэргийг Монгол улсын  Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох саналыг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  шүүгдэгчийн нас, эхтэйгээ хоёул амьдардаг хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирлын заримыг төлж барагдуулсан, үлдэх хохирол төлбөрийг төлж барагдуулахаар амлалт өгч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэрэгт оногдуулж болохоор заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял зэргээс Зорчих эрх хязгаарлах ялыг сонгон хэрэглэхээр тогтож 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож үйлдсэн энэ төрлийн гэмт хэрэгт нь ял шийтгэлийг биечлэн оногдуулах хууль зүйн үндэслэлтэй боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021.07.02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай         4 дүгээр зүйлийн 4.1-т заасан: энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэсэн Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх заалтад хамрагдаж байх тул шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж гэж шүүх үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Тайж овогт Б.Ц-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Б.Ц-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

         3. Монгол Улсын Их Хурлаас 2021.07.02-ны өдөр батлан гаргасан               Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

       4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар  шүүгдэгч Б.Ц-гээс 3.763.150 /гурван сая долоон зуун жаран гурван мянга нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Уд, 2.659.450 /хоёр сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д-т, 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Н-д, 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, 3.030.100 /гурван сая гучин мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Ад тус тус олгосугай.

         5. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

     7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

  

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.БОЛДБААТАР