Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0182

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

“О” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Н.Б, хариуцагч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 004 дүгээр шийдвэртэй, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Х.Б нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагчийн 0003874 тоот актыг манай компани хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бидний гаргаж өгсөн санхүүгийн тайлан, баланс, кассын орлого, зарлагын баримт, худалдан, худалдан авах гэрээ, шүүхийн тогтоол шийдвэр зэрэг зайлшгүй судалж, шалгах ёстой материалыг шалгалгүй хөнгөн хийсвэр нэг талыг барьсан акт гаргасан гэж үзэж байна. Татварын улсын байцаагчийн 0003874 тоот акт нь манай компанийг 5 зүйлээр буруутгасан бөгөөд дараах тайлбараар бид тус актыг хүчингүй гэж үзэж байна.

Зөрчил-1 1.2011 онд 61,210,000.00 төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийг, 2012 онд 10,000,000,000.00 төгрөгийн тайлангаар гарсан алдагдлыг, 2013 онд 6,052,082,070.30 төгрөгийн тайлангаар гарсан алдагдал нийт 16,113,292,070.30 төгрөгийн зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд бичиж татвар ногдох орлого бууруулсан,

2. 2010 онд 233,796,666.80 төгрөгийн, 2011онд 7,488,962,727.80 төгрөгийн нийт 8,722,759,394.60 төгрөгийг үндсэн баримтгүйгээр хөрөнгө оруулагч "Жаст" групп-д шилжүүлж зээлийн хүүгийн зардал дансанд бичиж татвар ногдох орлогоос хассан нь: ААНОАТ тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй”,15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал" гэх заалтаар зөрчил гэж үзсэн. Тайлбарлах нь: 1. 2011 онд нэг талаас "Ж" ХХК-ийг төлөөлж "Э" ХХК /гүйцэтгэгч/ нөгөө талаас "О" ХХК /захиалагч/ гэх талууд харилцан тохиролцож "Орон сууцны захиалгын гэрээ" байгуулсан. Гэрээний агуулга нь гүйцэтгэгч тал нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт дэх орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь уг орон сууцыг хүлээн авах, гэрээнд дурдсан нөхцөлөөр үнийг төлөх. 2011 онд "О" ХХК нь өөрийн нэр бүхий 38 ажилтандаа ажиллах хугацаа, мэргэжлээс нь хамаарч 50-70%-ийн хөнгөлөлтэй үнээр 1.1.1-дэх заасан байрнаас ажилчдадаа гэрээ хийж орон сууц олгосон. ААНОАТ-ын хуулийн 12-р зүйлийн Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал, 12.1.4. ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт; Дээрх хуулийн заалтуудыг баримтлан 2011 онд 61,210,000.00 төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийг зардалд буюу өртөгт хийсэн. 1.1.2. ААНОАТ-ын хуулийн 20 дугаар зүйлд “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох”, 20.1-д Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасаж илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ. Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна. 20.3.Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно. 20.4-д Энэ хуулийн 20.1-т заасан алдагдалд 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх татварын жилийн татварын тайлангаар гарсан алдагдал хамаарахгүй. Дээрх хуулийн заалтуудыг баримтлан 2012 онд 10,000,000,000.00 төгрөгийн тайлангаар гарсан алдагдлыг, 2013 онд 6,052,082,070.30 төгрөгийн тайлангаар гарсан алдагдал нийт 16,113,292,070.30 төгрөгийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт хийсэн. 1.2.1 "О" ХХК нь "Хадгаламж банк"-с 2009-2012 оны хооронд зээлийн гэрээ хийж өнөөдрийн байдлаар үндсэн өр хүүгийн хамт нийт 68,213,832,500.00 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Дээрх авсан зээлийн төгрөг, долларын төрлөөс хамаарч 1.5-1.9% хүүг "Хадгаламж банк" төлөх үүрэгтэй байсан. Энэ хугацаанд тус компани хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд санхүүгийн хүндрэлийн улмаас төлөх боломжгүй байсан бөгөөд "Ж" ХХК нь манай өмнөөс дээрх үүргийг хүлээж "Хадгаламж банк"-д хүүг төлдөг байсан.

Иймд 2010 онд 1,233,796,666.80 төгрөгийн, 2011 онд 7,488,962,727.80 төгрөгийн нийт 8,722,759,394.60 төгрөгийг "Ж" групп-д өглөг үүсгэж зээлийн хүүгийн зардал дансанд бичсэн.

Зөрчил-2 2011 онд 2,579,560,979.4 төгрөгийн , 2012 онд 2,689,539,726.1 төгрөгийн нийт 5,269,100,705.5 төгрөгийн хүүгийн орлого БНСУ-ын Самсунг корпорацад олгохдоо албан татвар ногдуулан авч төсөвт төлөөгүй нь ААНОАТ хуулийн 17-р зүйлийн 17.2.9,Татварын Ерөнхий хуулийн 2-р зүйлийн 2.2, 1992-4-17-ний МУ болон БНСУ-ын засгийн газрын хооронд байгуулсан давхар татварын заалтыг зөрчсөн гэх. Тайлбарлах нь: "Samsung G and T" корпорац нь МУ-ын ААНОАТ-ын хуулийн 5-р зүйлийн 5.4-д заасан заалтыг хангасан гадаадын аж ахуй нэгж юм. МУ-ын ААНОАТ-ын хуулийн 7.2-д Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж олсон орлогод албан татвар ногдоно. МУ-ын ААНОАТ-ын хуулийн 21.5-Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж заасан байдаг. Иймд "Samsung G and T " корпорац-д шилжүүлсэн орлогоос албан татвар ногдуулан авч төсөвт төлөх эрхгүй болно.

Зөрчил-3 3.1. 2009-оны 1,018,539,730.00 төгрөгийн "Зарим бүтээгдэхүүний өсөлтийн албан татвар"-ын өрийг төлөөгүй нь ТЕХуулийн 43-р зүйлийн 43.5."Татварын тайлан тушаах төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Тайлбарлах нь: 3.1.1. 2006-2008-оны хооронд манай компани үйл ажиллагаа явуулаагүй 9 онд 29,6 кг олборлон, тушааж түүнд ногдох ЗБҮӨАТатвар болох 220,289,200.00 төгрөгийг төлсөн байдаг. Дээрх зөрчилд дурдсан ЗБҮАХТатвар болох 2009-оны 1,018,539,730.00 төгрөгийн татвар нь манай компанийн төлөх татвар биш болно. ТЕГ-ын УТОХГ-ын ХШХ-ийн татварын улсын байцаагч Н.Ц 2007-2009-оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаж 2011-02-28-ний өдөр №210051 тоот акт үйлдсэн байдаг дээрх актад мөн манай борлуулалт, тушаасан алтны хэмжээ түүнд ногдох ЗБҮӨАТатварыг тодорхойлсон байдаг.

Зөрчил-4 4.1. 2010 онд 289,468,982.00 төгрөгийн, 2011 онд 194,972,115.00 төгрөгийн, 2012 онд 31,922573.00 төгрөгийн, 2013 онд 14,397,014.00 төгрөгийн, нийт 406,831,963.00 төгрөгийн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн Албан татвар төлөгч 5.1 "тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуй нэгж нь албан татвар төлөгч байна", 7-дугаар зүйл “Албан татвар ногдох орлого” 7.3 “албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1 “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйл “ажиллагааны орлого”, 8.1 “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1 "үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн

Тайлбарлах нь: 4.1. "О" ХХК-ний алтны уурхай нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу бригадын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 570 км зайд оршдог. 2010-онд 466, 2011 онд 294, 2012-онд 160 гаруй ажиллагсадтай байсан. Суурин газраас хол ажиллаж байгаа ажилчдын хэрэгцээт бараа болох тамхи, ариун цэврийн хэрэгсэл гэх мэт барааг компанийн зүгээс үнэ төлбөргүй хангах боломжгүй бөгөөд төв газраас худалдан авч ажилчдад худалдан авсан үнээр нь өгч цалингаас нь суутган авдаг байсан. Өөрөөр хэлбэл үнэ төлбөргүй зуучлалын үүрэг гүйцэтгэсэн.

Мөн ААНОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал, 12.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1.түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал; Өртөг үнээр нь цалингаас суутгадаг тул татвар ногдох орлого нь "0" тул ногдох татвар байхгүй болно.

Зөрчил-5 5.1. 2010 онд 289,468,982.00 төгрөгийн, 2011 онд 60,000,000,000.00 төгрөгийн орлогыг Аж Ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хөрөнгө борлуулсан орлого, мөн 2011 онд 5,313,658,959.00 төгрөгийн, 2012 онд 31,922,573.00 төгрөгийн, 2013 онд 14,397,014.00 төгрөгийн нийт 65,663,095,281.00 төгрөгийн орлогод Нэмэгдсэн өртгийн татвар ногдуулан төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10. "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг", 5 дугаар зүйлийн 5.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна.", 6 дугаар зүйлийн 6.1. ”Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана." 7 дугаар зүйлийн 7.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна" 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”. Дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдлоо гэж тухайн актад тусгажээ. Тайлбарлах нь: 5.1.1 2010-оны 289,468,982.00 төгрөг, 2012 онд 31,922,573.00 төгрөг, 2013 онд 14,397,014.00 төгрөгийн борлуулалтын орлогыг Зөрчил-4-ийн тайлбараар тайлбарлагдах бөгөөд худалдааны зуучлалыг үнэ төлбөргүй хийсэн болно. 2011-онд 5,313,658,959.00 төгрөгийн НӨАТ ногдох борлуулалт хийгээгүй. 2011-оны 12-сард 60,000,000,000.00 төгрөгийн Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх, техник, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл лиценз техникийн мэдээллийг өөрийн охин компани болох "С" ХХК-д шилжүүлж гадаадын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож "О"-ын алтны төслийг санхүүжүүлэх зорилготой байсан. Гэвч өмнөх "О" ХХК-ний удирдлага,хувьцаа эзэмшигчид нь компанийн дээрх хөрөнгүүдийг 2009-оноос эхлэн Монгол банк, Хадгаламж банк, Зоос банк, Голомт банк, Анод банк болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын битүүмжлэл болон барьцаанд байдаг байсныг 2012 онд компанийн шинэ удирдлага мэдэж санхүүгийн гүйлгээ хийгдэх боломжгүй мэдэж дээрх гүйлгээг цуцалсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, 7 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ 7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа; НӨАТ-хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгөөр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгөөр гүйцэтгэхийг. 2011-12 сард хийгдсэн 60,000,000,00.00 төгрөгийн гүйлгээний төлбөрийг "С" ХХК нь "О" ХХК -д өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр тооцоо хийгээгүй болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйл. Худалдах-худалдан авах гэрээ, 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 248.2.Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. 249.1. Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно. Иргэний хуулийн дээрх заалтууд дээр үндэслэн "О" ХХК нь "С" ХХК-тай хийх Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, техник тоног төхөөрөмж тусгай зөвшөөрөл лиценз, техникийн мэдээллийг худалдах, худалдан авах гэрээг хийхийг цуцалсан болно.

Иймд УТОХГ-ын ТУБ-ын 2014-11-27-ны өдрийн Татварын улсын байцаагчийн №0003874 тоот актыг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УТОХГ-ын татварын улсын байцаагч О.Б, Х.Б бид “О” ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт төлөлтөд хяналт шалгалт хийхэд:

Зөрчил 1. 1.1.2011 онд 61,210,000 төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийг борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд бичиж татвар ногдох орлого бууруулсан нь ААНОАТТухай хуулийн 12 дугаар зүйлд ажилчдад олгосон байр, орон сууцны үнийг хасахаар тусгасан боловч ААОАТТухай хуулийн 26 дугаар зүйлд орлого олж байгаа хувь хүнээс орлогын албан татвар суутган авч төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй тул нөхөн татвар ногдуулсан. Мөн тайлангаар гарсан алдагдлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд бичиж борлуулсан барааны өртөг өндөржүүлсэн нь хасагдах зардалд орохгүй татвар ногдуулах орлогоос хасагдах ёстой тул тооцооллыг зөв болгож дараагийн жилүүдийн татвар ногдуулах орлогоос шилжүүлэн тооцож хасаж өгсөн болно. /ТУБ/-ийн актын хавсралтад тодорхой байгаа

1.2. “О” ХХК-аас зээлийн хүүгийн зардал маш ихээр гардаг боловч 2010 онд 1,233,796,666 төгрөгийн, 2011 онд 7,488,962,727 төгрөгийн бөөн дүнгээр шилжүүлсэн зардлын үндсэн зээлийн гэрээ болон хүүгийн зардал нь баримтаар нотлогдохгүй байгаа нь ААНОАТТухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Зөрчил 2. Самсунг корпорацад 2011 онд 2,579,560,979 төгрөгийн 2011 онд 2,689,539,726 төгрөгийн нийт 5,269,100,705 төгрөгийн хүүгийн орлого олгохдоо албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй тул татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан нь давхар татварын гэрээний заалтыг зөрчөөгүй болно.

Зөрчил 3. 2009 онд 1,018,539,730 төгрөгийн Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг төлөөгүй хэтрүүлсэн хоногт ТЕХ-ийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хугацааны алданги тооцсон. Татвар төлөгч манай компанийн төлөх татвар биш гэж үзэж байгаа боловч компанийн хууль ёсны өмчлөгч өөрчлөгдсөн нь хуулийн этгээдийн төлөх татварыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Зөрчил 4. “О” ХХК нь 2010-2013 онд 406,831,963 төгрөгийн дэлгүүрийн борлуулалтыг орлогыг тайланд тусгаагүй нь ААНОАТТухай хуулиар тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогод тооцогдоно. Тухайн зөрчил нь худалдан авсан үнээрээ зардаг тул ААНОАТТухай хуулиар хариуцлага тооцоогүй боловч НӨАТ ногдуулан суутган авах ёстой байсан тул НӨАТТухай хуулийн 17 дугаар зүйлээр хариуцлага ногдуулсан.

Зөрчил 5. “О” ХХК-ийн алтнаас бусад борлуулалтын орлого нь 10.0 саяас дээш болсон тул НӨАТ төлөгчөөр бүртгүүлэн борлуулалтдаа НӨАТ ногдуулан төсөвт төлөх үүрэгтэй байсан. Тиймээс алтнаас бусад борлуулалт болон хөдлөх хөрөнгө борлуулсан борлуулалтын орлогуудыг түүж тэдгээр борлуулалдан НӨАТ ногдуулсан. “С” ХХК-д борлуулалт хийгдээгүй гэх 60,000,000,000 төгрөгийн борлуулалтын орлого нь татвар төлөгчийн өөрийн тайлагнасан 2011 оны санхүү, татварын тайлангаар нотлогдож байгаа болно” гэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 004 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.7, 47 дугаар зүйлийн 47.3.1, 47.3.2-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Х.Б нарын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн татварын улсын байцаагчийн 210003874 тоот актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх шийдвэрээрээ 0003874 тоот актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн гол үндэслэл нь “хариуцагч татварын улсын байцаагч О.Б, Х.Б нар нь санхүүгийн анхан шатны баримтыг нэг бүрчлэн шалгаагүй” гэж үзсэн байдаг. Гэтэл шүүхээс маргаж буй актыг хүчингүй болгох бус, түдгэлзүүлж шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна.

Анахн шатны шүүхээс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн татварын улсын байцаагч нарын 210003874 тоот актыг хүчингүй болгох хэмжээний нөхцөл байдлыг тогтоосон байдаг. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс актаар тогтоосон зөрчил бүрийг үндэслэлгүй болохыг тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар210003874 тоот актыг баталгаажуулах эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, өөр хэн нэгний гарын үсгээр баталгаажсан байдаг. Энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад хяналт шалгалтын хэлтсийн даргын гарын үсэг биш бөгөөд хэлтсийн даргыг түр орлосон буюу бүрэн шилжүүлсэн тушаал байхгүй нь тогтоогдсон. Шүүхээс энэ талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлээгүй байдаг.

Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Б давж заалдах гомдолдоо: “Гомдлын үндэслэл:

1.Шүүгч С.Т нь актаар тавигдсан төлбөрийн шалтгаан болон тайлбарыг ойлгоогүй, хэт нэг талыг барьснаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.

2.Мөн нэхэмжлэл гаргагч талын илт худлаа тайлбарыг үндэслэж, нотлогдож болох гүтгэсэн тайлбарт нотлох боломж олгохгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Х.Б нар нэхэмжлэгч “О” ХХК-ийн 2010-2013 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн нийт 97.179.971.391.4 төгрөгийн зөрчилд 6.828.399.788.1 төгрөгийн нөхөн татвар, 3.733.275.888.6 төгрөгийн торгууль, 185.912.399.4 төгрөгийн алданги, 19.694.834.3 төгрөгийн хүү, нийт 10.767.282.910.4 төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагчийн акт тавьжээ. Маргаж буй актад тавигдсан зөрчил тус бүрээр дүгнэвэл:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт” нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор заасан бөгөөд 2011 онд 61.210.000 төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийг борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд бичсэн, 2012 онд 10.000.000.000.00 төгрөгийн, 2013 онд 6.052.082.070.3 төгрөгийн тайлангаар гарсан алдагдал нийт 16.113.292.070.3 төгрөгийн зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд бичиж татвар ногдох орлого бууруулсан, мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар албан татвар төлөгчийн олсон орлогод энэ хуульд заасны дагуу албан татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөх үүргээ нэхэмжлэгч хуулийн этгээд биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбар болон хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул энэ зөрчилд татвар ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн 2010, 2011 онд нийт 8.722.759.394.6 төгрөгийг үндсэн баримтгүйгээр хөрөнгө оруулагч Жаст группт шилжүүлж, зээлийн хүүгийн зардал дансанд бичиж, татвар ногдох орлогоос хассан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д дараах зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй, мөн зүйлийн 15.1.2-т албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал нь хасагдах зардалд орохгүй гэж заасныг зөрчсөн байх тул энэ зөрчилд холбогдуулан тавьсан улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.

2. 2011 онд 2.579.560.979.4 төгрөг, 2012 онд 2.689.539.726.1 төгрөг нийт 5.269.100.705.5 төгрөгийн хүүгийн орлогыг БНСУ-ын “Самсунг” корпорацад шилжүүлэхдээ албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 263.455.035.3 төгрөгийн нөхөн татвар, 79.036.510.6 төгрөгийн торгууль, 104.495.426.1 төгрөгийн алданги ногдуулжээ.                                                         Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, мөн зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол Улсад олсон дараах орлогод 20 хувиар”, 17.2.9 “б”-д “зээлийн хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр”-т албан татвар ногдуулахаар тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч болох “Samsung G and T” корпорацад шилжүүлсэн орлого нь тус компанийн Монгол Улсад олсон зээлийн хүүгийн орлого байх бөгөөд энэ үйлчилгээг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар “Samsung G and T” корпорац нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч учраас тухайн татварын жилд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж олсон орлогод албан татвар ногдоно. Суутгагч нь тус корпорацад шилжүүлсэн орлогоос албан татвар ногдуулан авч төсөвт төлөх эрхгүй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.                          Монгол Улс зарим улстай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” олон улсын хэлэлцээрийг байгуулан мөрдөж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээрийг БНСУ-тай байгуулсан байх ба хэлэлцээрийн Арван нэгдүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар татвар ногдуулан тооцохоор байна.

Иймд нэхэмжлэгчээс “Samsung G and T” корпорацад шилжүүлсэн орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд татвар ногдуулсныг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс Хадгаламж банкаар дамжуулан “Samsung G and T” корпорацад шилжүүлсэн орлогын дүнд маргаагүй болно.

3.Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын өрийг төлөөгүй 2009 оны 1.018.539.730.00 төгрөгийн зөрчилд нь 371.767.001.5 төгрөгийн торгууль, 81.416.973.3 төгрөгийн алданги ногдуулжээ.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн /энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/  8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуульд заасан бүтээгдэхүүн борлуулсан этгээд нь албан татвар төлсөн тайланг татварын хууль тогтоомжид заасан хугацаанд гаргаж, татварын албанд ирүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд уг татварын өрийг хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон тул Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасныг баримтлан төлөөгүй үнийн өсөлтийн албан татварт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс өмнөх актаар шийдэгдсэн гэж маргаж байгаа ч хяналт шалгалтаар 2009 оны тайланд тусгагдсан төлөгдөх ёстой татварын өр төлөгдөөгүй нь тогтоогдсон тул 2011 онд хууль хүчингүй болох хүртэл хугацааны алданги тооцсоныг хууль бус гэж үзэх боломжгүй байна. 

4. Нэхэмжлэгчийн 2010 онд 165.540.251 төгрөгийн, 2011 онд 194.972.115 төгрөгийн, 2012 онд 31.922.573 төгрөгийн, 2013 онд 14.397.014 төгрөгийн нийт 406.831.963.0 төгрөгийн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчлийн тухайд:

Хариуцагч улсын байцаагчид “О” ХХК нь дэлгүүрийн борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй, тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогод тооцогдоно. Тухайн зөрчил нь худалдан авсан үнээрээ зардаг байсан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хариуцлага тооцоогүй, харин нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутган авах ёстой байсан гэж үзэж татвар ногдуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй биш байна.  

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд албан татвар ногдох орлогыг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 7.3-т албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулахаар байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар төв газраас ажилчдын хэрэгцээт бараа болох тамхи, ариун цэврийн хэрэгсэл гэх мэт жижиг барааг компанийн зүгээс худалдан авч ирж, авсан үнээр нь ажилчдадаа өгч, цалингаас нь суутган авдаг байсан, ашиг олох зорилгогүй байсан нь тогтоогдож байх ба хариуцагчаас энэ талаар үгүйсгээгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн татвар төлөгч хуулийн этгээдийг борлуулалт хийсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Үүнийг нэхэмжлэгч компанийн хувьд татвар ногдох орлого биш хэмээн тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, мөн цалингаас суутгасан борлуулалтын орлого нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх болзол хангасан байсан учраас борлуулалт хийсэн гэж үзэж, уг худалдан авалтад нэмэгдсэн өртгийн татвар ногдуулан төсөвт төлөөгүй гэсэн үндэслэлээр татвар ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон уг зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгов.

5. 2010 онд 289.468.982.0 төгрөгийн, 2011 онд 60.000.000.000.0 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хөрөнгө борлуулсан орлого гэж тусгасан орлого, мөн 2011, 2012, 2013 онуудад нийт 65.663.095.281.0 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчлийн тухайд:

2010 оны 289.468.982 төгрөгийн, 2012 онд 31.922.573 төгрөгийн, 2013 онд 14.397.014 төгрөгийг борлуулалтын орлого хэмээн үзсэн нь 4 дэх зөрчилтэй холбогдож байгаа бөгөөд энэ зөрчлийн тухайд нийт 65.663.095.281 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэж үзэж акт тавьжээ.

Үүнээс 2011 онд 60.000.000.000 төгрөгийг орлого гэж үзсэн үнийн дүн нь үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, техник тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл, техникийн мэдээлэл зэргийг нэхэмжлэгч компанийн охин компани болох “С” ХХК-д шилжүүлж, хөрөнгө босгох зорилготой хийгдсэн худалдан авалтын орлого гэж тайлагнасан хэдий ч нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар дээрх худалдан авалт бодит байдалд хийгдээгүй, хийгдэх боломжгүйд хүрсэн, “С” ХХК-аас “О” ХХК-д ямар ч төлбөр тооцоо хийгдээгүй, гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч татварын улсын байцаагч хяналт шалгалтын явцад дээрх гүйлгээ хийгдээгүй болохыг ч шүүх хуралдаанд үгүйсгээгүй, нэгэнт санхүүгийн тайланд тусгагдсан байсан тул татвар ногдуулсан гэж тайлбарлажээ.

Хэдийгээр энэ тохиолдолд тухайн үед худалдан авахаар талууд тохиролцож, борлуулалтын дүнг тайлагнасан боловч бодит байдалд худалдан авалт хийгдээгүй нь нотлогдсон байхад борлуулалт хийгдээгүй орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй гэж үзэж, татвар ногдуулсан нь үндэслэлгүй байх тул энэ зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210003874 дүгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 9.867.111.963.6 төгрөгөөр багасгаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу актаар тогтоосон үндэслэлтэй гэж үзсэн зөрчилд холбогдох торгууль, алдангийг өршөөлд хамруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 004 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 18 дугаар зүйлийн 18.1.6, 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.3, 12 дугаар зүйлийн 12.1.4, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.9 “б”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 210003874 дүгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 9.867.111.963.6 төгрөгөөр багасгаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан 210003874 дүгээр актаар тогтоосон үндэслэлтэй гэж үзсэн зөрчилд ногдуулсан 450.803.512.1 төгрөгийн торгууль, 185.912.399.4 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн давж заалдах гомдлын заримыг хангасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ