Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1006

 

Ч.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор У.Дэндэвдорж,

хохирогч “М” ХХК-ийн төлөөлөгч Х.С, түүний өмгөөлөгч Х.М,

хохирогч Н.Б,

            яллагдагч Ч.Агийн өмгөөлөгч Ц.Д,  Р.П,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2217 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Дэлгэрмөнхийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлээр Ч.Ад холбогдох 1702001990083 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч.А, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................./;

Ч.А нь “М” ХХК-ийн Нарантуул захын бөөний борлуулагчаар ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу хүлээн авч байсан тамхины борлуулалтаас 477.170.000 төгрөгийг завшиж “М” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Тамхины татвар нэмэгдэх гэж байна, хямд үнэтэй тамхи авч өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Бөмбөгөр” Хаан банкны салбараар дамжуулан Н.Бын 172.700.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Ч.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг прокурорт буцаах хүсэлтүүд үндэслэлтэй байна.

Ч.А нь “М” ХХК-тай иргэний эрх зүйн ямар харилцааны үндсэн дээр харилцаатай байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, тухайн компанийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах ямар эрх зүйн үндэс байсан эсэх талаар шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг бодитоор тогтоох шаардлагатай байна. “М” ХХК-ийн нягтлан Б.Лийн дансаар төлж байсан гэх төлөлт хохиролд орж тооцогдсон эсэх, “Авера аудит” ХХК-ийн дүгнэлтэд энэ талаар яагаад орхигдуулсан болох нь тодорхойгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсний дараа яллагдагч, хохирогч ...тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэлд “хэргийн материалтай танилцах боломж нөхцлийг бүрдүүлнэ” гэж заасныг зөрчиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон яллагдагчийн өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулаагүй, өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр Ч.Ад холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Ч.Ад авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Дэлгэрмөнх бичсэн эсэргүүцэлдээ: Хэрэгт цугларсан баримтаар яллагдагч Ч.А нь “М” ХХК-тай анх гэрээ байгуулж, шагнал урамшуулал авч байсан болох нь тогтоогдсон.

Шагнал урамшуулал авсан талаарх дансны хуулгууд хэрэгт авагдсан байгаа. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүд хэрэгт бүрэн шалгагдсан. Шалгагдсан материалаас иш татан хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэх санал тавиад байна. Урьдчилсан хэлэлцүүлэг нь гэм буруугийн талаарх нотлох баримтыг шинжлэн судалж хэлэлцэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ бүх баримтуудыг нотлох баримтаасаа иш татан, гэмт хэргийн шинжгүй гэх асуудлыг ярьж байгааг шүүгч таслан зогсоогоогүй. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

Өмгөөлөгч болон хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцах боломжийг хангасан ба өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцаж, хэргийн материалаас авсан баримтууд дээр тулгуурлан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийсэн.

Өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг зөрчиж, өмгөөлөгч нарын хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтүүд үндэслэлтэй байна гэх нийтлэг дүгнэлт гаргасан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ...хянан хэлэлцэж шийдвэр гаргана... гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2217 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч Ч.Агийн хувийн байдалтай холбоотой дараах ажиллагааг хийсэн. Ч.А нь “М” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг. Анх ажилд орохдоо өөрийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан, гэрээт борлуулагчийн ажилд орж, тамхи борлуулсныхаа дараа мөнгийг нь төлдөг байсан. Үүнээсээ тодорхой хэмжээний ашиг, урамшуулал авч байсан. Тухайн ажилд орсон гэрээ, ажиллахтай холбогдолтой бусад баримт хэрэгт авагдсан. Энэ талаар “М” ХХК-ийн төлөөлөгч, яллагдагч Ч.А өөрсдөө оролцож байгаа учраас ямар харилцаатай байсныг тодруулах бүрэн боломжтой. Анхан шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч нь Ч.Атай холбоотой баримтууд гаргаж өгсөн.

Хохиролтой холбоотойгоор яллагдагчийн өмгөөлөгч нараас “Хохирол төлбөрийг хасаж тооцсонгүй, Түвшинжаргалын дансаар орсон мөнгийг аудитын дүгнэлтэд оруулж тооцсонгүй” гэх мэт гомдол гаргасан. Хохирол төлбөртэй холбоотой мэргэжлийн байгууллагын хоёр дүгнэлт гарсан. Дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авсан. Шүүх шинжилгээний дүгнэлт гарах үед яллагдагч өмгөөлөгчтэйгөө оролцоод явж байсан. Улмаар өмгөөлөгч нар нэмж материал гаргаж өгөөд, аудитын дүгнэлт гарсан. Уг дүгнэлттэй танилцсан. Гэнэт шүүх хуралдааны үед баримт гаргаж ирээд, үүнийг нь хасч тооцсонгүй, шалгуулмаар байна гэдэг зүйл ярьдаг. Шаардлагатай бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаад, ямар материалуудад үндэслэсэн, тухайн гаргаж өгөөд байгаа материалууд ямар учиртай талаар тодруулаад, үнэхээр хасах шаардлагатай бол хасаж, тооцоод явах бүрэн боломжтой. Аудитын дүгнэлт тодорхой гарсан, нэмж тодруулах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Хэргийн материалтай танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэдэг боловч хэргийн материалтай танилцах боломжоор хангасан. Яллагдагч, өмгөөлөгч нар өөрсдөө танилцсан баримт хэрэгт авагдсан. Өмгөөлөгч нар урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтдээ “М” ХХК-ийн ажилчид болох гэрч С , Г , Б , Э , О нараас дахин гэрчээр мэдүүлэг авах талаар хэлдэг боловч эдгээр хүмүүс бүгд мэдүүлэг өгсөн байдаг. Юу асууж, тодруулах гэж байгаагаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр эдгээр хүмүүсийг оролцуулаад тодруулсан байгаа. Тамхи худалдан авсан баримт дээр О гарын үсэг зурсан гэх асуудал яригддаг боловч шинжээчийн дүгнэлтээр Б-ын гарын үсгийн хэв байна гэж гарсан. Тийм учраас дахин шалгах үндэслэл байхгүй. Сиди шалгуулах хүсэлт гаргасан. Уг Сидид ярианы бичлэг байх шиг байгаа юм. Гүйцэтгэх ажиллагааны журмаар яаж авсан нь тодорхойгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлээгүй баримтыг нотлох баримт гэж үзээд, юу ярьсан талаар шалгуулах боломжгүй. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэргийн мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулах шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзэж байна. ...” гэв.

Хохирогч “М” ХХК-ийн төлөөлөгч Х.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйл байхгүй ...” гэв.

Хохирогч “М” ХХК-ийн төлөөлөгч Х.Сэлэнгийн өмгөөлөгч Х.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйлгүй ...” гэв.

Яллагдагч Ч.Агийн өмгөөлөгч Р.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”, мөн хуулийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр”, мөн хуулийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, мөн хуулийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих асуудлууд огт нотлогдоогүй. Ч.Агийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй юу. Хохирол тодорхойгүй гэдэг гомдлыг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан. Харин прокурорын хэлж байгаа шиг “энэ хэдхэн төгрөг, 170.000.000 төгрөгийг хасуулъя, үүнийг хасчих” гэдэг асуудал огт ярьдаггүй. Энэ нь хасагдаад ороод ирэх ёстой тооцоо байтал хасалгүйгээр оруулж ирсэн байна. Хэрэгт авагдсан хамгийн гол баримт нь Ч.А гэж хүнтэй зээлийн болон барьцааны гэрээ, худалдах, худалдан авах гэрээ гэх мэт олон гэрээнүүдийг 2012 оноос хойш байгуулсан. Энэ барьцаалагдсан эд хөрөнгө нь өөрөө зах зээлийн ханшаар бараг тэрбум гаран төгрөгийн үнэтэй байхад 17.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэн биднийг хохироосон гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн Ц.Д өмгөөлөгч бид хоёрын зүгээс хүсэлт гаргахдаа гэрч Г, Б, О нарыг дахин асуулгая гэж хэлээгүй. Харин энэ хүмүүс их хэмжээний мөнгө авсан байна. Гэтэл энэ хүмүүстэй холбоотой нотлох баримт болох дансны хуулгыг нь авахдаа “Хаан банк”-ний хуулгыг огт аваагүй тул тус банкны дансны хуулгыг гаргуулах шаардлагатай. Мөн “М” ХХК-ийн нярав Л нь “Хаан банк”-ний 5029430809 тоот өөрийн дансанд 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 529.870.300 төгрөгийг авсан байдаг. Энэ мөнгөтэй холбоотой баримтаа аудитын компани дүгнэлт гаргахад өгөөгүй. Энэ дансаар Лид ийм мөнгө өгчихлөө. Энэ мөнгийг хохирлоос хасаж тооцох ёстой гээд удаа дараа хэлсээр байхад үүнийг санаатайгаар оруулж ирээгүй, Л гэдэг хүнтэй холбоотой асуудлаар ярихыг огт хүсдэггүй. Гэтэл Лийн дансанд хийсэн 500.000.000 гаран төгрөгийг гаргаад өгчихвөл нөгөө Ч.А гэдэг хүн “М” ХХК-д хохирол учруулах биш, авлага авах нөхцөл байдал бүрдчихээд байгаа. Иймд бид энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатанд шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Энэ хүний хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудыг гаргаад ирдэг. Улсын яллагч эсэргүүцэлдээ энэ хүн чинь шагнал, урамшуулал авсан гэж бичээд байгаа. Үнэхээр шагнал урамшууллын мөнгө авах ёстой байсан. Гэвч зарим тохиолдолд өгдөггүй байсан нөхцөл байдлууд зөндөө байна гээд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маш нарийн тодорхой хэлсэн. Түүнээс биш прокурорын яриад байгаа шиг мөнгө авсан бол хөдөлмөрийн гэрээ байгаа эсэх, барьцаа хөрөнгө байгаа эсэх нь ерөөсөө хамаагүй, “М” ХХК хохирсон гэдэг зүйл ярьж болохгүй. Энэ гэмт хэрэг нь өөрөө бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг. Завшсан эсэх нь тооцоогоор нэг бүрчлэн гарч ирнэ. “М” ХХК яагаад бусдын буюу нярав болон ажилтныхаа дансаар мөнгө аваад байгаа юм. Энэ нь “М” ХХК-ийн татвар төлөхтэй холбоотой нөхцөл байдал харагдаад байгаа. Тэгэхээр дээрх нөхцөлүүдийг зайлшгүй шалган тогтоох ёстой. Прокурор нь шинжээчийн дүгнэлтийн асуудлаар шинжээчийг асуухад болно гэж байна. Шинжээчийн дүгнэлт гэдэг нь тусгай мэдлэг бүхий хүн орж ирээд энэ гарын үсэг мөн эсэх асуудлыг шийдэх асуудал яригдах ёстой байсан. Гэвч энэ чиний гарын үсэг мөн юм уу гэж асуугаад нөгөөх нь биш байсан гэж хэлээд, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзээд шийдчих боломжтой гэдэг нь үндэслэлгүй. Биднийг хэргийн материал, болон шинжээчийн дүгнэлттэй нэг бүрчлэн танилцуулаагүй. Хэргийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгчөөс маш олон хүсэлт удаа дараа гаргасан боловч яаж шийдсэн нь хэрэгт байдаггүй. Мөрдөн байцаагч нь уг асуудлыг дараад, чимээгүй өнгөрөөсөн. Бид шүүхийн шатанд хэргийн материалтай танилцсан. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх ямар ч боломжгүй. Мөн хэрэгт огноог нь засварласан таван ширхэг падаан байдаг. Энэ нь мөн л Л гэдэг хүнтэй холбоотой байсан. Тэр хүн энэ асуудлынхаа талаар нэг бүрчлэн хэлсэн Сиди бичлэг байгаа. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг удаа дараа өгсөн боловч цагдаа, шүүх нь хүлээж авахгүй, шийдэж өгөхгүй байна. Тийм учраас үүнийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ч.Агийн өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бид “М” ХХК-ийн байранд очиж уулзалт хийсэн. “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, түүний өмгөөлөгч Х.М, яллагдагч Ч.А, тухайн компанийн эрх мэдэл бүхий санхүүгийн албаны захирал гэх нэг хүн, тэгээд Лхагвасүрэн гэх хүмүүстэй уулзалт хийсэн. Уулзалтаар барьцаанд тавьсан, доороо хоёр ширхэг зогсоолтой орон сууц, гоо сайхны салонууд байснаас Маршал тауны орон сууцыг, гаражийн хамтаар үнэлж авъя гэсэн тохиролцоонд хүрсэн. 178.000.000 төгрөгийн хохирлын хувьд анхнаасаа гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр манай үйлчлүүлэгчийн гарын үсэг биш байсан учраас уг тохиролцоог хийсэн. Ингээд нотариатын газарт очоод уг орон сууцыг гаражийн хамт шилжүүлж өгсөн. Уг хохирлоос 178.000.000 төгрөгийг огт тооцохгүйгээр 300.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцоо хийсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Ч.Ад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ч.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна.

Анхан шатны шүүхээс Ч.А нь “М” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаатай байсан эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, тухайн компанийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах ямар эрх зүйн үндэс байсан эсэх талаар шалгах, гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг бодитоор тогтоох, “М” ХХК-ийн нягтлан Б.Лийн дансаар төлж байсан гэх төлөлт хохиролд орж тооцогдсон эсэх, “Авера аудит” ХХК-ийн дүгнэлтэд энэ талаар яагаад тусгаагүй байгааг дахин тодруулах, өмгөөлөгч нарын эрхийг хязгаарлаж, хэргийн материал танилцуулаагүй гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэргийг прокурорт буцаасан эдгээр үндэслэлүүдээс заримыг нь тодруулах шаардлагатай гэж үзлээ.   

Тухайлбал, Ч.Агийн “М” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, тус компанийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрхтэй этгээд мөн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй зөвхөн зээлийн болон барьцааны гэрээнүүд авагдсан байх тул дээрх байдлыг нотлох баримтууд болох гэрээ, ажилд авсан тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, холбогдох байгууллагын тодорхойлолт зэргийг гаргуулж, Ч.А нь тус компаниас цалин хөлс авч байсан эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай.

 Мөн “Авера аудит” ХХК-ийн дүгнэлтэд /1хх-220/ дурдагдсан захирлын тушаалууд хэрэгт бүрэн эхээр авагдаагүй байх тул уг баримтуудыг хавсаргах нь зүйтэй бөгөөд эдгээр баримт нь хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгөхөд зохих ач холбогдолтой гэж үзнэ.

 Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолно гэж заасны дагуу Ч.Ад холбогдох хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг бодитоор тогтоох шаардлагатай.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай дүгнэлтэд “2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Ч.Агийн ХААН банкны 5039444888, 5039479399, 5013103788 тоот даснаас “М” ХХК-ийн нягтлан Б.Лийн 5029430809 тоот дансанд нийт 631.779.900 төгрөгийн гүйлгээ хийгдсэн” талаар дурдагдсан боловч “Авера аудит” ХХК-ийн дүгнэлтэд дээрх гүйлгээний талаар огт тусгагдаагүй байх тул энэ талаар нарийвчлан, хохирлын тооцоонд орж тооцогдож байгаа эсэхийг тодоруулах нь зүйтэй.

Дээрх ажиллагаанаас гадна дараах ажиллагааг нэмж хийх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2978 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “28” гэж дугаарласан “2017.03.01” гэсэн огноотой “М” ХХК, 178.450.000 төгрөгийн “Зарлагын падаан” гэх баримтын баруун доод хэсэгт “хүлээн авсан” гэсний ард зурсан “Од...”, “Энхтуяа” гэх гарын үсгүүд нь Ж.Батжаргалын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна” гэх дүгнэлт гарсан боловч хэргийн нөхцөл байдал, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд ноцтой зөрүүтэй байж болох нөхцөл байдал харагдаж байх тул энэ талаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна.

Түүнчлэн Ч.А нь “М” ХХК-д 2012 оноос хойш Нарантуул захын бөөний борлуулагчаар ажилласан байхад яллах дүгнэлтэд “Яллагдагч Ч.А нь “М” ХХК-ийн Нарантуул захын бөөний борлуулагчаар 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа ...” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг тодорхой заахгүйгээр холбогдсон хэргийн талаар ойлгомжгүй бичиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “... гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа ...”-г яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана гэснийг зөрчсөн байгааг анхаарах нь зүйтэй.  

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч ...тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэлд “хэргийн материалтай танилцах боломж нөхцлийг бүрдүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч болон яллагдагчийн өмгөөлөгч нар нь шүүхийн шатанд хэргийн материалтай танилцсан байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд прокурор А.Дэлгэрмөнхийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч Ч.Ад холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 2217 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 2217 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Дэлгэрмөнхийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН